| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01013/И |
| Дугаар | 102/ШШ2021/01370 |
| Огноо | 2021-05-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2021/01370
| 2021 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2021/01370 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3-р хороонд оршин суух О овогт Ч-ийн Ү-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороонд оршин суух Д овогт Ш-ын О-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 онд Ш.О-тэй гэр бүл болсон. Гэр бүл болохоос өмнө охин О.Д-г 2004 онд төрүүлсэн байсан. Гэр бүл болсноос хойш 2008 онд дунд охин О.М-г, 2013 онд бага охин О.Үжинг төрүүлсэн. Ш.Оч нь гзр бүлээс гадуур Г.О гэгч хүүхэнтэй холбоотой болж, гэр бүлтэй нь танилцсан байсныг миний бие 2020 оны 10-р сарын 02-ны өдөр мэдсэн, одоо ч энэ харилцаа нь хэвээр байна. Ш.О-ийн энэ харилцааг охин О.М 2020 оны 08-р сард мэдсэн байсан. Ш.О нь олон хоногоор, бүтэн сараар гэртээ ирэхээ байсан. Энэ харилцааг нь мэдсэнээс хойш манай гэр бүлийн амьдрал, уур амьсгал цаашид нэг гэрт амьдрах боломжгүй болоод байна. Хэд хэдэн удаа архи ууж ирж намайг болон том охиныг маань доромжилж, сэтгэлзүйн хувьд гэр бүлийн харилцааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байдалд хүргээд байна. Архи ууж агсам тавьсан учраас 2020.12.03-ны өдөр, 2021.03.01 -ны өдрүүдэд тус тус цагдаагийн дуудлага өгч явуулсан. Ш.О нь намайг эхнэр гэж харахаа болиод удаж байна. Мөн гэр бүлдээ ямар ч харилцаагүй, санхүүгийн хувьд туслалцаа үзүлдэггүй, үг дуугараад л уурлаж, хэрүүл хийх болсон. Энэ байдал нь хүүхдүүдийн зан аашинд сөргөөр нөлөөлж байна. Би энэ хүнтэй амьдарсан хугацаандаа Ш.О-г бүх л зүйл дээр нь дэмжиж ирсэн. Адуу мал авах, ажлын шаардлагаар хууль зүйн чиглэлээр сургуульд сурахад нь дэмжиж төлбөрийг нь төлж байсан. Бид гэр бүл болохдоо Толгойтод хашаа байшин зээлээр авч амьдралаа эхлүүлж байсан бөгөөд зээлээ төлж сайжруулж явсаар 2015 онд одоо амьдарч байгаа Баянгол дүүргийн 3-р хороо, 0 тоот 78.71 м.кв орон сууцыг ипотекийн зээлээр авсан. Мөн анх авч байсан Приус 11 маркийн машинаа цалингийн зээлээр авч байсан, 2019 оны 08-р сард 00 улсын дугаартай Харриер маркийн автомашиныг худалдан авсан. Цаашид Ш.О-тэй амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгоно. Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох байрны үнэ 181 033 000 төгрөгөөс 3 хүүхэд болон өөрт ногдох 144 826 400 төгрөг, машины үнэ 32 000 000 төгрөгөөс 26 000 000 төгрөг нийт 170 826 400 төгрөг болно. Би хүүхдүүдтэйгээ байрандаа үлдэнэ, Ш.О-д ногдох хэсгийг өгнө гэв.
Хариуцагч Ш.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Том охин маань намайг чи гэж хэлсэн учраас бухимдаад уурласан. Надаас ийм байдал үүссэн. Би том охиноо дагавар ч гэсэн ажлаасаа гарч хичээл сургуульд нь хүргэж өгч, авч байсан. Ү ганцаараа энэ амьдарлыг босгосон юм шиг ярьж байна, миний оролцоо энэ амьдралд байсан. Намайг найзтайгаа 2 пиво уугаад ирэхэд элдвээр хэлж, хэрүүл өдөж цагдаа дуудсан. Би одоо дахиад цагдаад очвол баривчлагдах байх. Төрийн албан хаагч бага цалинтай тул илүүчилж чаддаггүй, ажлаас тарж ирээд бөхөлзөж шал угааж байх ёстой юм шиг надтай харьцдаг. Машиныг тухайн үед 32 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо энэ үнэлгээнд хүрэхгүй. Эд хөрөнгийн хувьд байр, машиныг үлдээж, өөрт ногдох хэсгээ гаргуулна. Хүүхдийн асрамжийн хувьд маргаангүй, тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ү нь Ш.О-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ш.О, Ч.Ү нар нь 2008 онд гэрлэж, 2008 оны 9-р сарын 15-нд охин О.М, 2013 оны 12-р сарын 4-нд охин О.Ү нарыг төрүүлж өсгөжээ. Харин О-ийн Д нь тэднийг гэр бүл болохоос өмнө буюу 2004 оны 7-р сарын 17-нд төрсөн боловч Ш.О түүнийг өөрийн нэрээр бүртгүүлсэн байна.
Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардлагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд нөхөр Ш.О нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаатай болж гэр бүлдээ үнэнч байх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. Улмаар гэрлэгчид хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч Ш.О нь хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаагүй тул хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хуульд зааснаар тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын бүртгэлийн Ү-29 дугаарт бүртгэгдсэн, Ч.Ү, Ш.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 3-р хороо, 0 тоот 78.71 м.кв талбай бүхий 3 өрөө сууц, Toyota Harrier маркийн 00 дугаартай автомашин нь гэрлэснээс хойш бий болгосон гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө бөгөөд орон сууцны худалдан авсан үнэ 181 033 000 төгрөг, автомашины худалдан авсан үнэ 32 000 000 төгрөг нийт 213 533 000 төгрөгөөс гэр бүлийн 5 гишүүнд хувааж 1 хүнд ногдох хэсгийг 42 706 600 төгрөгөөр тооцлоо.
Үүнээс Ч.Ү, охин О.Д, О.М, О.Ү нарт 3 өрөө орон сууцыг, Ш.О-д Toyota Harrier маркийн автамшиныг тус тус үлдээж, зөрүү 10 206 600 төгрөгийг Ч.Ү-аас гаргуулж Ш.О-д олгох нь зүйтэй.
Харин Ч.Ү, Ш.О нар нь Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 2-р сарын 13-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаны гэрээ байгуулж 118 000 000 төгрөгийг 15 жилийн хугацаатай зээлсэн, барьцааны гэрээгээр тухайн сууцыг барьцаалсан байна. Зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч нар гүйцэтгэх ба гэрлэгчийн гэрлэлтийг цуцалсан нь зээлийн гэрээний үүргийг хувааж хариуцуулах үндэслэл болохгүй.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2021 оны 3-р сарын 12-ны өдөр дуусгавар болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ш-ын О, Ч-ийн Ү нарын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 7-р сарын 17-нд төрсөн охин О.Д, 2008 оны 9-р сарын 15-нд төрсөн охин О.М, 2013 оны 12-р сарын 4-нд төрсөн охин О.Ү нарыг эх Ч.Ү-ын асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин О.Ү-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, О.Ү, О.М, О.Д нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүрт, сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ш.О-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороолол, 11-р байрны 200 тоот 78.71 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг Ч.Ү О.Д, О.М, О.Ү нарт, Toyota Harrier маркийн 00 дугаартай автомашиныг Ш.О нарт тус тус үлдээж, Ч.Ү-аас 10 206 600 /арван сая хоёр зуун зургаан мянга зургаан зуу/ төгрөг гаруулж Ш.Очирсүрэнд олгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 228 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ш.О-ээс 70 200 төгрөг гаргуулж Ч.Ү-д олгосугай.
Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА