| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0136/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/130 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/130
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ... овогт Д.Г-д холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .. дүгээр сарын ...-ний өдөр Увс аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн .... ............................ ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт Д.Г, (Регистрийн дугаар: .................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг ............. иргэн Ш.Н-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Н үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, үүдэн 2 шүдийг нь гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн ....сумын .. дугаар багийн нутаг ...................... иргэн Ш.Н-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.-Н-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, үүдэн 2 шүдийг унагааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 231 дугаартай “...Үзүүлэгч С.Н-ын биед үүдэн дээд 2 шүдний булгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинэ гэмтлүүд байна. Үүдэн дээд 2 шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Үүдэн дээд 2 шүдний булгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.11.52.5-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал);
3. Хохирогч С.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчимд Ө нь над руу ажил дээр юм хийж байна гэж намайг дуудахаар нь би дулаан дээр яваад очиход Н.Ө, Д.Г, Н.С, Д.А нар дулааны хог цэвэрлэж байхаар нь хамт хог цэвэрлэж дуусгаад, Гурван нуурын бэлчир лүү Н.Ө, Д.Г, Н.С, Д., Н.Э бид нар гараад хоол унд идэж 2,5 граммын пиво хувааж уугаад, сумын төв бүгд ороод С-ын эгчийнх нь гэрт очоод арван гурав тоглож сууж байгаад Д.Г-г би хоёулаа нэг арван гурав тоглох уу? гэхэд Д.Г нь санасандаа тоглох уу гэхээр нь би зөвшөөрч тоглоод Д.Г хожиж намайг яваад нэг шил архи аваад ир гэхээр нь би за хөгшин дараа болох уу гэхэд Д.Г нь чи тэгээд хүнтэй тоглочхоод авч ирж өгөөч гэхээр нь би дараа аваад өгнө гээд толгойг нь илэхэд Д.Г миний толгойд гар битгий хүрээрэй гэхээр нь би хүрэхээр яадаг юм гэж хэлээд дахин толгойд нь хүрэхэд Д.Г нь миний тэргүүнд хүрдэг чи хэн юм бэ? гэж хэлээд баруун гараараа нэг удаа миний баруун хацар руу цохиж, дахин зүүн гараараа ам руу 1 удаа цохих үед миний үүдэн 2 шүд хугарсан. Тэгээд би уг айлаас явсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-7 дахь тал);
4. Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 15-ны орой Н гэх хүний гэрт орох үед Н.Ө, С.Н, С, Д.Г нар хоорондоо зодолдсон байдалтай байхаар нь ороод сууж байтал С.Н-ын ээж нь орж ирээд аваад явсан. Үүний дараа С нь С.Н, Н.Ө, Д.Г бид нар арван гурав тоглож байтал С.Н нь хожигдож С.Н нь Д.Г-ын толгойд гурван удаа хүрэхээр нь Д.Г нь миний толгойд битгий хүрээд байгаарай гээд хоорондоо маргалдаж С.Н-ын шүдийг Д.Г нь цохиж хугалсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал);
5. Гэрч Н.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 15-ны орой С, Д.Г бид 3 арван гурав тоглож байтал гаднаас С.Н орж ирээд арван гурав тоглож байгаад С.Н гараад явсан бөгөөд хэсэг хугацааны дараа буюу 1 цагийн дараа С.Н нь халамцуу гэрт орж ирээд тоглож Д.Г нь хожсон бөгөөд С.Н нь Д.Г-ын толгой руу гараараа 2-3 удаа чичихээр нь Д.Г нь С.Н-д хандан хөгшин миний толгойд битгий хүрээрэй гэж хэлээд сууж байтал С.Н нь Д.Г-д хандан сарьсан багваахайг гутлынхаа улд нааж ирээд 10 саяар үзье, чиний хүүхэд 14 хоногийн дараа юу болохыг чинь чи хараарай гэж хэлэхээр нь Д.Г нь уурлаад С.Н-г гараараа нүүр орчимд нь нэг удаа цохитол шүд нь хугарсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал);
6. Шүүгдэгч Д.Г-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Н-ын эрүүл мэндэд “Үүдэн дээд 2 шүдний булгаралт ” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон ба уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 231 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Д.Г-ын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч С.Н нь өөрийн өмгөөлөгч Д.Б-ийн хамт мөрдөн байцаалтын шатанд “...Д.Г нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул цаашид нэхэмжлэх хохиролгүй болно. Гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 47 дахь талд, шүүгдэгч Д.Г-ын Төрийн банкны харилцах данснаас хохирогчийн ............ дугаарын данс руу нийт 3.500.000 төгрөг шилжүүлсэн гэх харилцах дансны хуулга баримт хавтаст хэргийн 49 дэх талд тус тус авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Г-ээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 33 дахь тал);
Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Д.Г-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Д.Г-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Д.Г-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн хор уршигт 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүйг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА