| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0137/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/131 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/131
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч: З.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ... овогт З.У-д холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн ...суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэр авдаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн ... сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ... овогт З.У, (Регистрийн дугаар:.......................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.У нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ... сумын ... дүгээр багийн нутагт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ч.Э-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.У нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн .. сумын ... дүгээр багийн нутагт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Ч.Э-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-8 дахь тал);
3. Хохирогч Ч.Э-ийн амбулаторийн эмчлүүлэгчийн карт, рентген зураг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 9-19 дэх тал);
4. Хохирогч Ч.Э /1.58%/, яллагдагч З.У /0.26%/ нарын согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-21, 26-27 дахь тал);
5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаартай “...Үзүүлэгч Ч.Э-ийн биед хамар ясны хугарал, баруун нүдний эргэн тойронд, зүүн нүдний дотор булан, дээд зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цох, хамрын угт, баруун хөмсөг, эрүүний урд доод хэсэгт, толгойн ар дээд хэсгийн хуйханд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Хамар ясны хугарал, баруун нүдний эргэн тойронд, зүүн нүдний дотор булан, дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 91-92 дахь тал);
6. Хохирогч Ч.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед...би Ч.Л ахтай ярилцаад сууж байхад гаднаас зүс таних З.У ганцаараа орж ирсэн. Ч.Л ах би та хоёрт нэг шил архи задалж өгье гэж хэлээд дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч ирж задалсан ба тухайн архийг Ч.Л, З.У бид гурав хувааж уусан. Би Ч.Л ахад хандаж би танай гэрт хоосон ирсэн, би танд нэг шил архи авч өгье гэж хэлээд дэлгүүр явж 0.5 литрийн архи авч ирсэн. Уг архийг Ч.Л, З.У бид гурав хувааж уугаад дууссан... яг ямар шалтгаанаас болж З.У бид маргалдсаныг би санахгүй байна. ..3.У гэрийн гадна намайг газарт унагааж миний нүүр, толгой хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон ба Ч.Л ах З.У-г надаас салгасан... миний баруун нүд хавдаж хөхөрсөн, толгойн оройн ар хуйханд, дух, хамрын нуруу хэсэг шалбарсан ба өөр гэмтэл учраагүй...би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг хохирлыг нэхэмжлэхгүй...З.У нь согтуугаар миний биед халдаж зодож, гэмтэл учруулсандаа гэмшиж надаас уучлалт гуйж надад холбогдох эм тариа, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, одоо миний биед өвдөж, зовуурилж байгаа зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-71 дэх тал);
7. Гэрч Ч.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...З.У нь Ч.Э-ийг газарт унагааж дээр нь гарч суугаад гараараа түүнийг цохиж байсан....Тухайн үед Ч.Э-ийн хамраас цус гарч нүүр нь цус болсон байхаар нь би гэрээс ус авч ирж нүүрийг нь угаалгаж гэр рүү нь явуулсан...З.У нь гараа атгаж байгаад Ч.Э-ийн нүүр толгой хэсэгт цохиж байсан...уг үйл явдлын дараа Б.Э-ийн баруун нүд хөхөрсөн, хамраас нь цус гарсан байсан ба З.У-ийн биед ил харагдах ямар нэгэн гэмтэл байхгүй байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал);
8. Гэрч Ү.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг үйл явдал 2024 оны 05 дугаар сарын 13-ны орой Улаангом сумын 9 дүгээр багийн 14-16 тоотод болсон... Ч.Э нь хөзөр тоглож байгаад З.У-г булхай хийж тоглож байна гэснээс болж хоорондоо маргалдаж нэг нэгнээ цохисон... Ч.Л ах гэрээсээ гараад З.У, Ч.Э нарыг гэртээ оруулж ирэхэд Ч.Э-ийн хамраас цус гарсан, нүүр, нүд цус болсон байсан ба З.У-ийн биед ил харагдах ямар нэгэн гэмтэл байхгүй байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал);
9. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ... сумын ... дүгээр багт байх миний хадам ах Ч.Л гэрийн гадаа уг үйл явдал болсон.. З.У нь Ч.Э-ийг цохиж хамраас нь цус гаргасан, хамрын нуруу, нүүр хэсэг нь шалбарсан гэхээр харахад нийтдээ цус болсон байсан, харин З.У-ийн нүүр хэсэг болон биед илт харагдах гэмтэл байхгүй байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал);
10. Шүүгдэгч З.У-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч З.У-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Э-ийн эрүүл мэндэд “Хамар ясны хугарал, баруун нүдний эргэн тойронд, зүүн нүдний дотор булан, дээд зовхинд цус хуралт” бүхий гэмтлүүд учирсан нь тогтоогдсон ба уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 228 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч З.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос З.У-ийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч З.У-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч З.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч З.У-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Ч.Э нь мөрдөн байцаалтын шатанд “...миний хувьд гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 133 дахь талд авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.У-аас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хохирогч Ч.Э-ийн үйлдлийн улмаас шүүгдэгч З.У-ийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болохыг эрх бүхий шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 229 дугаартай дүгнэлтээр тогтоосон байх тул Ч.Э-ийн үйлдэлд гэмт хэргийн шинж үгүйсгэгдэнэ. (Хавтаст хэргийн 98-99 дэх тал);
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч З.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч З.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүгдэгч З.У нь урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлаар хүндрүүлэн үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч З.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч З.У-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч З.У-д болон түүний өмгөөлөгч нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч З.У-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч З.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт З.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.У нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч З.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч З.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА