Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/02148

 

                                      

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 08 өдөр                  Дугаар 183/ШШ2021/02148                                Улаанбаатар хот 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... дүүрэг, ..... дугаар хороо, үйлдвэрийн гудамж, ..... тоотод оршин суух, д.Х/РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... дүүрэг,....дугаар хороо,..... байрны ...... тоотод оршин суух, Э.Б /РД:/-д холбогдох,

 

гэрлэлт цуцлах үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд танилцсан. 10 гаруй жил хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Б.А төрсөн. Одоо охин маань 7 настай. Бид бага наснаасаа эхлэн үерхэж ирсэн ч цаашдаа хамт амьдрах гэхэд нэг нэгнээ гэсэн хайр сэтгэл байхгүй болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охиноо эцгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв

 

Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид багаасаа үерхэж, нэг сургуульд сурч, хамт ажиллаж, улмаар гэр бүл болж, хамтран амьдарч эхэлсэн. Бид 10 жил хамт амьдарсан. Бидний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Б.А төрсөн. Нэг нэгнээ ойлгодог, сайн мэддэг. Тусдаа амьдраад 2 жил болж байна. Охин  Б.А миний асрамжид надтай хамт амьдардаг. Нэгэнт сэтгэл хөрсөн хүнийг хүчлээд яахав, гэрлэлтээ цуцлуулахыг дэмжиж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Аг миний асрамжид үлдээж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие  охинтойгоо хамт сүүлийн хоёр жил шахам хамт амьдарч байгаа. Охиноо өөрийн асрамжид авч, өсгөн хүмүүжүүлэхэд санхүүгийн хувьд боломжтой. Охин минь миний асрамжид үлдсэн ч, бидний гэрлэлт цуцлагдсан ч ээж нь охинтойгоо уулзаж, боловсрол хүмүүжилд нь анхаараад явбал миний хувьд болон охины хувьд аз жаргалтай байна. Б.Хгээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Иймд Охин Б.Аг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Х сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Охин маань бидний хэнийх нь ч асрамжид үлдсэн хамтдаа өсгөнө. Б нисгэгчээр ажилладаг болохоор охиноо асрах илүү боломжтой. Миний хувьд ээлжийн ажилтай гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Д.Х нь Э.Бэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлийг, Э.Б нь хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг шаардлагыг Д.Хд холбогдуулан гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд Д.Х, Э.Б нар нь 2008 онд танилцаж 2009 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн байх  бөгөөд 2018.11.02-ны өдөр гэр бүл болсныг 2018.11.02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ....дугаарт бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон нь гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний дундаас 2014.09.30-ны өдөр охин Б.А төрсөн болох нь ..... дугаартай төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020.10.09-ний өдрийн ..... дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд “...уригдсан тал Э.Б эвлэрүүлэн зуучлах уулзалтад оролцохоос татгалзсан” гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, тус шүүхийн 2021.05.18-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн боловч талууд эвлэрээгүй болно.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021.08.27-ны өдрийн 265 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд “...зохигчидтой 2 удаа улзаж ярилцсан боловч уулзалт ярилцлага үр дүнд хүрээгүй, хэн аль нь эвлэрч амьдрах боломжгүй гэсэн” үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана. 

 

Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар талууд маргаагүй, гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд тусдаа амьдарсан, энэ хугацаанд охин Б.А эцгийн асрамжид байсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж талууд үзсэн, нэхэмжлэгч Д.Х сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар  тэдний гэрлэлтийг цуцалж, охин Б.Аг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчид хамтран хүлээхээр байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Х, Э.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014.09.30-ны өдөр төрсөн охин Б.А /РД:....../-г эцэг Э.Бийн  асрамжид үлдээсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ