Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/01951

 

 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/01951

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р.Д-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Б-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Д, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Р.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бтэй анх танилцаад 2008 онд гэр бүл болж 13 жил хамт амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009.01.29-ний өдөр том охин Б.М, 2014.10.28-ны өдөр бага охин Б.У нар төрсөн. Мөн бид 2014 оны 8 сард ипотекийн зээлд хамрагдаж ....... 0 хороололд 49.72 мкв талбай бүхий орон сууцыг авч амьдарч байсан. Б.Б нь намайг ор үндэслэлгүйгээр, учир шалтгаангүйгээр хардаж, бусадтай харилцахыг хязгаарлаж, найз нөхөд ажлын хамт олон, сүүлдээ ах дүүсээс хүртэл хөндийрүүлэн тусгаарлахыг оролдож, сэтгэл санааны хувьд байнга дарамтанд байлгадаг, бие махбодын хувьд ч хүчирхийлэл үйлдэж, гэнэт хоолойд хутга тулгаж, айлган сүрдүүлж байсан. Нөгөө талаар хүүхдүүддээ эцгийн хайр халамж үзүүлдэггүй, санаа тавьж анхаарал хандуулдаггүй, үл хайхардаг, загнаж зандардаг, биднийг олон удаа хөөж тууж байсан. Өнгөрсөн хугацаанд миний бие дээрх зүй бус байдлыг тэвчиж, амьдралаа бодон үр хүүхдээ бодон эргэж нийлдэг, хүрч ирдэг байсан боловч сүүлийн үед хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд ихээр давтагдах болсон тул цаашид энэ хүнд итгэх итгэл бүрмөсөн алдагдаж хамтран амьдрах боломжгүй болсон. Хамгийн сүүлд 2021.02.17-ны өдөр хэрүү маргаан гарч, биднийг дарамталсан тул би хүүхдүүдээ аван гарч, одоо өөрийн аав ээжийнд амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Дтай 2008 онд гэрлэж,2009 онд охин Б.М, 2014 онд охин Б.У нар төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд би өөрт байгаа бүх боломжоор гэр бүлийнхээ төлөө зүтгэсэн, өрөө хөдөө, гадаа явж ажил хийж, гэр бүлээ тэжээн тэтгэхийн зэрэгцээ өөрөөсөө хүртэл харамлан хэдэн төгрөг цуглуулж байрны урьдчилгаа өгч, ипотекийн зээл авч, гэр бүлээ чадлаараа тохилог орчинд амьдруулсан. Би одооч ажлаа хийгээд л энэ хүнийг ухаан суухаар хүрээд ирнэ гэж бодож явсан. Р.Д нь гэр бүлийн амьдралаа найз нөхдөөсөө доогуур тавьдаг, байнга хамт найз хүүхэн нь уруу татаж, бар, шөнийн клуб бүхэнд орж явдаг энийг нь хэлэхээр худлаа цагдаа дуудаж, намайг хорлоно, би архи ууж агсан согтуу тавьдаггүй. Бор амьдралын төлөө мөрөөрөө зүтгэдэг. Хүн амьдралаа бодъё гэхээр нөгөө найзруугаа ирэхээр шөнөжингөө шоудаад явчихдаг. Яагаад ч гэр бүлийн амьдралыг ойлгохгүй, энэ байдлыг нь засаж залруулах гэж хамаг чадлаараа тэмцсэн үр дүнд хүрээгүй. Би хүнд хутга тулгах нь битгий хэл архич уугаад байдаг хүн биш. Олон жил ханилсан байж ингэж хүн гүтгэж болохгүй. Тиймээс би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрнө. Одоо натай хамт амьдрах өөр бусад хүнтэй ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар амьдарч чадахгүй, шөнийн амьдралтай хүн. Байрны үлдэгдэл төлбөрөө өгч чадахгүй байж банкинд хураалгах гээгүй л бол байраар яах гээд байгааг ойлгохгүй байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Д хариуцагч Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Р.Д, Б.Б нар 2008 онд танилцаж, гэр бүл болж 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Б.М, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Б.У нарыг эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байх ба тус шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар авсан боловч гэрлэгчид нь эвлэрэхгүйгээр ажиллагааг дуусгавар болгосон байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. /хх-55/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид нь охин Б.М, Б.У нарыг эх Р.Дгийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг төлөхөөр харилцан зөвшөөрсөн байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр охин Б.М, Б.У нарыг эцэг Б.Бтэй уулзуулах нөхцлөөр хангахыг эх Р.Дд даалгаж, эцэг Б.Б нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хүрээнд дараах байдлаар харилцан тохиролцсон гэрээг бичгээр байгуулж, шүүхийн шийдвэрт тусгуулна гэжээ.

Үүнд: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хороолол, 000 байр, 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн 0-0000 дугаартай орон сууцны өмчлөгчөөр охин Б.М, Б.У нарыг нэмж бүртгүүлэх,

-тус орон сууцны Төрийн банкин дахь 10 жилийн хугацаатай зээлийг Б.Б төлж барагдуулах ба төлбөрийг төлж дууссаны дараа бага охин Б.Уын өмчлөлд бүрэн шилжүүлж, Б.Б өөрийн нэрийг уг байрны өмчлөгчөөс хасуулахаар тус тус харилцан тохиролцжээ./хх-ийн 113 /

 

Шүүх дээрх байдлуудаас болон зохигч талуудын тайлбар зэргээс дүгнэхэд гэрлэгчид нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, тусдаа амьдраад жил гаруй хугацаа өнгөрсөн, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Дээрхийг нэгтгээд охин Б.М, Б.У нарыг эх хариуцагч Р.Дгийн асрамжинд үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн байх зохигчид нь эд хөрөнгийн асуудлаар эвлэрсэн эвлэрлийг шүүхийн шийдвэрт тусгаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чонос овогт Р.Д, Боржигон овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Б.М, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Б.У нарыг эх Р.Дгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.М, Б.У нарыг эцэг Б.Бтэй уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Р.Дд даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Уыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Б.М, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Б.У нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бгээс сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хороолол, 000 байр, 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн 0-0000 дугаартай орон сууцны өмчлөгчөөр охин Б.М, Б.У нарыг нэмж бүртгүүлж, тус орон сууцны Төрийн банкин дахь 10 жилийн хугацаатай зээлийг Б.Б төлж барагдуулах ба төлбөрийг төлж дууссаны дараа бага охин Б.Уын өмчлөлд бүрэн шилжүүлж, Б.Б өөрийн нэрийг уг байрны өмчлөгчөөс хасуулахаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537 040 төгрөгөөс 268 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 000000000 данснаас 268 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Дд олгож, хариуцагч Б.Бгээс хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамж 101 910 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ