Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01371

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01371

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 6 хороонд оршин суух Д овогт А-ийн З-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах, М Төрийн бус байгууллагад холбогдох түдгэлзүүлсэн эрх сэргээлгэж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээ тараасан, эдийн болон эдийн бус хохирлыг арилгуулж 10 660 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гэрч С.М, иргэдийн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.З шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд М төрийн бус байгуулллагад элссэн. Холбооны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолоор миний эрхийг түдгэлзүүлсэн. Удирдах зөвлөл нь тогтоол, шийдвэр гаргадаггүй байхад ийм шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. Шалтгаан нь намайг нохой хулгайлах гэмт хэрэгт холбогдсон гэж үзээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж надаас тайлбар авалгүй эрхийг маань түдгэлзүүлсэн юм. Миний хувьд тус холбооноос зохиосон тэмцээнд идэвхитэй оролцож хамгийн санал санаачлагатай гишүүн нь байсан. Цагдаагийн байгууллагад тухайн нохойг харсан талаараа 2-3 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Шүүх хүний гэм буруутайг тогтоох ёстой байхад М холбоо шийдвэр гарган олон нийтийн хэрэгслээр миний нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувь 660 000 төгрөг нь М холбоонд үзүүлсэн үйлчилгээний хөлс юм. М холбоо нь нохойны удмын бичгийг хэвлүүлэх болсон ба би өөрийн дүүгийн хэвлэлийн компаниар үнэт цаасан дээр хэвлүүлж өгсөн. Тиймээс түдгэлзүүлсэн эрхээ сэргээлгэж, нэр төрд халдсан хохирол 10 000 000 төгрөг, удмын бичиг хэвлүүлсэн ажлын хөлс 660 000 төгрөгийг нийт 10 660 000 төгрөгийг нэхэмжилж байна. Би нохойгоо бүртгүүлж чадахгүй, хөдөө орон нутгаар нохойнуудаа тараасан боловч худалдаж чадахгүй хохирч байна. Миний хувьд нохой судлалын хөгжилд нь анхаарч олон жилийн турш бүртгэлийн системд нь оролцож байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М төрийн бус байгууллага 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, 6000 гишүүнтэй. Манай байгууллагын гол зорилго гишүүдийн эрх ашиг болон гишүүдийн нохойтой холбоотой харилцааг зохицуулах үндсэн зорилготой. М холбоо 2016 онд Дэлхийн нохой судлалын холбоонд гишүүнээр элссэн. Гишүүнээр элссэн тул Монгол улсад төрсөн болон байгаа нохой дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болсон. Бид олон улсын байгууллагын нэг хэсэг нь болж амьтны эрхийг хамгаалах зорилготой. Үүний дагуу нохойтой холбоотой гэмт хэрэг болон тарчлаан зовоох үйлдлийн эсрэг байдаг. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай холбооны гишүүн нохойгоо хулгайд алдлаа, гишүүний хувьд эрхээ эдэлмээр байна, энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн. Ингээд Удирдах зөвлөлийн хурлыг зарлаж хуралдуулсан. Гэрчээр оролцож буй С.М нохой хулгайлаад машиндаа ачиж явсныг хохирогч цагдаагийн ажилтнуудтай газар дээр нь барьсан. Баригдсаныхаа дараа С.М нь А.З руу утсаар ярьж нөгөө нохойгоо авч яваад баригдчихлаа, одоо яах вэ гэж хэлсэн байдаг. А.З Удирдах зөвлөлийн дарга н.Ц нар нь дотно ойрын харьцаатай, энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж гуйсан. Удирдах зөвлөлийн хурал дээр энэ талаар яригдсан. А.З С.М нар нь нохой хулгайлаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. М холбоо гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага нь А.З, С.М нарын эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн. Нохойны эцгийг тодорхойлсон удмын бичиг гэж байдаг. Мөн А.З-ийн нэр дээр байгаа нохойнуудын шилжүүлгийг зогсооё, өөр хүнд хохиролтой гэж үзсэн. Хэрвээ А.З, С.М нарын хулгайлсан нохой бусдын эм нохойтой нийлээд гарсан гөлөгнүүд нь бүртгэлд хамрагдвал Олон улсын нохой судлалын холбооны бүртгэлийн систем алдаа гарна. Бид дээрх бүртгэлийн системийг маш өндөр үнээр ашигладаг. Өөрөөр хэлбэл, нохойны удам тодорхойгүй болж дэлхийд монгол банхар гэж бүртгүүлэх нохойгоо бүртгүүлэх хариуцлагатай ажил үгүй болно. Цэвэр цусны 7 удмын нохойны бүртгэлийн ажиллагаанд ноцтой хохирол учирна гэдгийг хэлмээр байна. Ингээд бид энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл А.З, С.М нарын эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Удирдах зөвлөлийн хурал 100 хувийн ирцтэй хуралдсан. Бид А.З-д эрхийг нь түдгэлзүүлж байгаа талаар хэлэх шаардлагагүй. Өмнө нь ч гэсэн ийм асуудлууд зөндөө гарч байсан. Өөрийнхөө нэр дээр байгаа нохойг шилжүүлдэг, худалддаг, эргээд хариуцлага тооцож чадахгүй байдалд хүрсэн. Бид фэйсбүүкт нохойн хулгайн хэрэг гарлаа, үүнд иргэн З, М нар оролцсон тул түр хугацаагаар эрхийг нь түдгэлзүүллээ гэж тавьсан болохоос бүтэн нэрийг нь бичээгүй. Нэр хүндэд нь халдсан зүйл байхгүй. Үүнээс хойш А.З-той олон удаа утсаар холбогдсон. Мөн манай байгууллага дээр нохойны генетикийн лабораториуд ажиллаж эхэлсэн ба гөлөгний эцэг, эхийг тодорхойлох боломжтой болсон. А.З, С.М нарын эрхийг сэргээж боломжтой гэхэд н.Ц өргөдлөө татаж авъя гэж манайд хандсан. Гэвч энэ хэрэг шийдэгдэхгүй байсан тул бид цагдаагийн байгууллагад ямар шатандаа яваа талаар хүсэлт гаргасан. Хэрвээ энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд гэм буруугүй нь тогтоогдвол эрхийг нь сэргээнэ. Харин гэм буруутай байвал дараа дараагийн арга хэмжээг нь авах болно. Цагдаагийн байгууллага өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул прокурорт хүсэлт гаргасан. Нэхэмжилж байгаа 660 000 төгрөгийн хувьд бид нохой судлалын удмын картыг Сэлэнгэ пресс хэвлэлийн компаниар хэвлүүлдэг байсан. Гэтэл А.З-ийн төрсөн дүү үнэт цаас хэвлэдэг компанитай болсон, хямд хэвлэх боломжтой гээд санал тавихаар нь бид мөнгөө хэмнэхийн тулд хэвлүүлэхээр болсон. Монголын нохой судлалын холбоо тухайн үед мөнгөгүй байсан тул бартерийн аргаар шилжүүлэхээр болж амаар тохиролцсон. Бартераар 1 200 000 төгрөгийн гэрээ байгуулж, мөнгөөр үндсэн хэвлэлтийн зардлыг төлж, үлдсэн 660 000 төгрөгийн төлбөрт нь А.З үйлчилгээ авахаар болсон. Үйлчилгээгээ аваад дуусчихсан гэж ойлгож байна. Тиймээс 660 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэр төрд халдсан гэх 10 000 000 төгрөгийн хувьд фэйсбүүкт хүмүүс нэгнийхээ постны дор хэрүүл хийх зэрэг олон асуудал байдаг. А.З-гийн нэр төрд яаж халдаж, 10 000 000 төгрөг нэхэмжлэх болсныг мэдэхгүй байна. А.З-гийн эрхийг сэргээх талаар ярилцаж байгаа. Энэ хэргийн талаар өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллага, прокуророос ямар нэг хариу өгөөгүй. Хохирогч гэж манай байгууллагад гомдол гаргасан хүн хэвээр байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.З нь М холбоо Төрийн бус байгууллагад холбогдох түдгэлзүүлсэн эрх сэргээлгэж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээ тараасан, эдийн болон эдийн бус хохирлыг арилгуулж 10 660 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас түдгэлзүүлсэн эрхийг сэргээлгэх хэсгийг хангаж, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

М Төрийн бус байгууллага нь 2009 онд байгуулагдсан, цэвэр үүлдрийн нохойг бүртгэлжүүлэх, бичиг баримтжуулах, нохой сонирхогчдыг мэдээллээр хангах үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг байна.

 

Тус холбооны гишүүн Ч.Ц нь 2019 оны 10-р сарын 15-ны өдөр холбоондоо ...2019 оны 10-р сарын 12-ны шөнө Дүнжингарав монгол нохой үржүүлдэг үржлийн газраас Чулуун арслан, Алтан овоон банхар дуудлагатай 2 нохойг А.З, С.М нар хулгайлсан байна. Одоогоор энэ хэрэг Налайх дүүргийн цагдаагийн эрүүгийн тасагт шалгаж байна. Үүнтэй холбогдуулан хоёр алдсан нохойнд тодорхойлолт болон дэмжих бичиг, үнэлгээ гаргуулах хүсэлтэй байна ...гэжээ.

 

Удирдах зөвлөлийн 2019 оны 10-р сарын 28-ны өдрийн хурлаар Ч.Ц-ийн өргөдлийг хэлэлцсэн байх ба удирдах зөвлөлийн ГХ19/031 тоот тогтоолоор гишүүн З, гишүүн М нарын эрхийг хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гартал түдгэлзүүлсэн /хх 26-33/ байна.

 

Түүнчлэн энэ асуудлаар холбооны гүйцэтгэх захирлын 2019 оны 10-р сарын 28-ны өдөр ГХ 19/034 тоот тушаалаар С овогтой М-ын гишүүний эрхийг түдгэлзүүлсэн тушаалыг /хх 26/ гаргасан, гэрч С.М шүүх хуралдаанд ...Холбоо нь гэм буруутай нь тогтоогдоогүй байхад Золбоо бид хоёрын эрхийг түдгэлзүүлсэн, би 2019 оны 10-р сард 2 нохой худалдаж авсан, 12-нд нохойгоо З-д үзүүлсэн, тэгэхэд танидаг хүний нохой байна гэсэн, гэтэл Ц хувийн мөрдлөг хийж 10-р хороололд хэсэг бүлэг хүмүүстэй зогсоогоод Налайхын цагдаа руу авч явсан талаар мэдүүлжээ.

 

Улмаар тус холбоо өөрийн цахим сүлжээндээ гишүүн З, М нарын эрхийг түдгэлзүүлсэн талаар мэдээлсэн байна.

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн байгууллагыг ойлгох ба Монголын нохой судлалын холбоо нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна.

 

Харин тус холбооны гишүүн Э.З нь нохой хулгайлсан, тухайн хэргийг Налайх дүүргийн цагдагийн хэлтэст шалгаж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна М холбооны Удирдах зөвлөл нь Ч.Ц-ийн өргөдөлд дурьдсан алдсан нохойнд тодорхойлолт болон дэмжих бичиг, үнэлгээ гаргуулах хүсэлтэй байна гэсэн хүсэлтээс өөрөөр, дүрмэнд заасан зорилго, үйл ажиллагаа, 3-р зүйлийн 3.2-т заасан Удирдах зөвлөлийн хэрэгжүүлэх эрхэд заагдаагүй, өөрөөр хэлбэл, гишүүнийхээ эрх ашгийг хохироож гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11-р зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж дүгнэлээ. Иймд гишүүний эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

 

Харин тус холбоо энэ шийдвэрээ цахим хуудсандаа тавьсан нь буруу боловч үүний улмаас Э.З-ийн нэр төр гутаагдсан, 10 сая төгрөгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдоогүй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 660 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэдийн төлөөлөгчийн Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, гишүүний эрхийг сэргээх саналтай гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

 

Хэргийн 43-64 дэх талд авагдсан Э.З-ийн нохойны удмын бичиг, гэрчилгээ, шагнал өргөмжлөлүүд нь түүний хувийн байдалтай нь холбоотой, 73-78 дахь талд авагдсан цахим захидал нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.2 дахь хэсэгт зааснаар А-ийн З-ийн М төрийн бус байгууллагын гишүүний эрхийг сэргээсүгэй.

 

2.Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.1, 497-р зүйлийн 497.1, 511-р зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монголын нохой судлалын холбоо Төрийн бус байгууллагаас алдар хүнд, нэр төр гутаасны хохирол 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан 660 000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн А.З-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 710 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧИД А.САРАНТУЯА

 

Х.ЭНХЗАЯА