| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0146/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ... овогт Э.Б-д холбогдох эрүүгийн 2435000910... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр Увс аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, Увс аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт Э.Б, (Регистрийн дугаар: ............);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг “...” гэх газарт байрлах гэртээ иргэн Ц.Н-тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг “...” гэх газарт байрлах гэртээ иргэн Ц.Н-тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал);
2. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай “...Үзүүлэгч Ц.Н-ын биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу зүүн тал руу мурийлт, баруун нүдний дотор булан, дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний алимны салстад, зүүн шанаа, эрүүний урд доод хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, баруун, зүүн чамархайн хуйх орчимд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтэд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу зүүн тал руу мурийлт, баруун нүдний дотно булан, дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал);
3. Хохирогч Ц.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр...Би Т.Э-т хандаж хадлангаа усалмаар байна. Усны оочир болж байна уу ус авч хадлангаа усалъя гэж хэлэхэд Т.Э “чамд ус өгөхгүй” гэж хэлсэн. Би та ус өгөхгүй бол урд талаас ус боож аваад хадлангаа усална гэж хэлээд гэрийн зүүн талд сууж байтал гаднаас Т.Э-ийн төрсөн хүү болох Э.Б гэрт орж ирээд надад хандаж яагаад хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ гарч зайл гэж хэлээд надтай хэрүүл маргаан хийсэн бөгөөд миний хажууд ирээд суухад би гэрийн баруун талын орон дээр суухад Э.Б миний араас хүрч ирээд танд ус өгөхгүй гэж хэлээд миний толгой шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон бөгөөд би Э.Б-ийн хоёр гарыг бариад тэврээд автал Т.Э миний хоёр хөлийг тэврэхэд Э.Б намайг гэрийн баруун талын орон дээр унагааж миний дээр гаран миний хамар болон эрүү, шанаа, цээж хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон. Мөн миний хөл хэсэг рүү Т.Э хөл рүү гараараа цохиж байсан. Тэгтэл гаднаас Н, Б нар гэр лүү орж ирээд Э.Б бид хоёрыг салгаад гэрээс гарсан бөгөөд гэрээс гараад хэсэг зогсож байгаад Э.Б бид хоёр гэрээс зүүн урд зүг рүү эргээд алхаж байтал намайг хавирч газар унагаагаад миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөхөд Н, Б хоёр ирж салгасан бөгөөд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-38 дахь тал);
4. Гэрч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Н намайг хэл амаар доромжлоод зогсож байтал гаднаас миний төрсөн хүү Э.Б гэрт орж ирсэн бөгөөд Ц.Н-д хандаж та яагаад гэрт орж ирээд хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ гэрээс гарч зайл гэж хэлсэн. Тэгээд Ц.Н миний төрсөн хүү Э.Б-тэй маргалдаж эхэлсэн. Би гэртээ хэсэг чимээгүй сууж байгаад гэрээс гараад агаарлаад зогсож байтал гэрт Ц.Н, Э.Б нар гэрт чанга чанга орилолдож эхэлсэн. Тэгээд би буцаад гэр лүү ороход Ц.Н миний төрсөн хүү Э.Б нар гэрийн зүүн орон дээр нэг нэгэнтэйгээ барьцалдчихсан байсан. Би Ц.Н-д хандаж чи наад хүүхдээ аллаа яаж байгаа юм бэ гэж хэлээд салгах гэтэл Ц.Н, миний төрсөн хүү Э.Б хоёр нэг нэгэнтэйгээ зууралдаад салахгүй байсан бөгөөд би дийлэхгүй байсан. Тухайн үед манай гэрт Б, Н хоёр гэрт орж ирээд гарсан цай уугаад гаргасан бөгөөд Б, Н нараас тусламж хүсэхээр гэрээс гарсан юм. Мөн Н, Б хоёр тухайн газарт хадлан усалж явсан хүмүүс юм. Тэгээд би гэрээс гараад Н, Б нарыг дагуулаад буцаж гэр лүү орж ирэхэд миний төрсөн хүү Э.Б нь Ц.Н-ыг гэрийн баруун талын орон дээр унагаагаад дээр нь гарчихсан Ц.Н-ын нүүрэн хэсэгт цохиж байсан. Тэгээд Н, Б бид гурав Э.Б, Ц.Н нарыг салгаад гэрээс гарсан. Гэрээс гараад хэсэг зогсож байгаад Ц.Н, Э.Б эвлэрээд зогсож байгаад Ц.Н, Э.Б хоёр цааш эргээд явсан. Тэгтэл Ц.Н Э.Б-ийн араас тэвэрч автал миний хүү Э.Б Ц.Н-ыг хавираад газар унагаасан бөгөөд Н, Б бид гурав очиж салгасан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал);
6. Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр...Ц.Н Т.Э ахад хандаж би хадлангаа услах гэж байна, ус авах гэж ирлээ гэхэд Т.Э ах Ц.Н-д хандаж чи хүлээж бай, чиний ээлж болоогүй байна. Чиний өмнө Г гэх хүн байгаа түүний дараа аваарай гэж хэлэхэд Ц.Н та яагаад хүний талбай услаад байдаг юм бэ өөрийнхөө талбай услаад дуусчхаад, ижилхэн нэг багт байж байж хүний талбай услаад байх юм гэж хэлэхэд Т.Э би ус өгөхгүй гэж хэлээд хэрүүл маргаан болоод зогсож байтал гаднаас Т.Э ахын төрсөн хүү Б гэрт орж ирсэн бөгөөд Ц.Н та яагаад гэрт орж ирээд хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ гэрээс гарч зайл гэж хэлсэн. Тэгээд Ц.Н, Э.Б-тэй маргалдаж эхэлсэн бөгөөд тухайн хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь Б бид хоёр гэрээс гараад тамхилаад зогсож байтал Э араас гараад ирсэн. Н.Б, Т.Э бид гурав гэрийн гадна зогсож байтал гэрт чанга чанга орилолдож, хашхирч эхэлсэн. Тэгээд Т.Э буцаад гэр лүү орсон бөгөөд араас нь Н.Б бид хоёр гэр лүү нь ороход Б нь Ц.Н-ыг гэрийн баруун талын орон дээр унагаагаад дээр нь гарчихсан Ц.Н-ын нүүрэн хэсэгт гараараа цохиж байсан. Тэгээд Н.Б, Т.Э бид гурав Э.Б, Ц.Н нарыг салгаад гэрээс гарсан. ...Н.Б, Т.Э бид гурав араас нь хараад зогсож байтал Ц.Н, Э.Б-ийн араас тэврэхэд Э.Б, Ц.Н-ыг хавираад газар унагаасан. ...Э.Б нь буцаж эргээд Ц.Н-ын хамар луу гараараа цохисон бөгөөд Н-ын хамраас цус гарсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал);
7. Шүүгдэгч Э.Б-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-61 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Н-ын эрүүл мэндэд “Хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу зүүн тал руу мурийлт, баруун нүдний дотно булан, дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий гэмтлүүд учирсан нь тогтоогдсон ба уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Э.Б-ийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Э.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Э.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Ц.Н нь мөрдөн байцаалтын шатанд “...Э.Б нь миний эмчилгээний зардал 5.000.000 төгрөгийг 2024 он 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тул миний бие хүлээн зөвшөөрч, бид харилцан тохиролцсон. Иймд Э.Б-д гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 80 дахь талд авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Б-ээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 70 дахь тал);
Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Э.Б-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Э.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА