| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01054/И |
| Дугаар | 102/ШШ2021/01394 |
| Огноо | 2021-05-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2021/01394
| 2021 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2021/01394 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4-р хороонд оршин суух Б овогт Б-ийн У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороонд байрлах, Б ХХК-д холбогдох ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6 349 948 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.У нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г /үнэмлэх 0/, Г. /үнэмлэх 1/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б ХХК-д 2011 оноос худалдааны зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сараас Б ХХК-д шилжин ажилласан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5529/20/01 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан Худалдааны зөвлөх-кассчин-аар ажилласан. Энэ хугацаанд миний ажил үүрэгтэй холбоотой ямар нэгэн зөрчил дутагдал гарч байгаагүй, хууль журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл компанийн захирал Б.Ж 2021 оны 03-р сарын 02-ны өдөр Мб/017 дугаар тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 11 дүгээр зүйлийн 11.13.6, 11.13.7, 11. 13.8, Хөдөлмөрийн гэрээний 5.3-ын 7, 8, 9. ба 18 дугаар заалтыг тус тус үндэслэн 23 нэр төрлийн 29 ширхэг 30 022 425 төгрөгийн бараа дутааж хохирол учруулсан гэж 2021 оны 02-р сарын 26-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан. Үүнийг зөвшөөрөхгүй. 2020 оны 11-р сард хатуу хөл хорио тогтоосны улмаас дэлгүүр огт ажиллаагүй, сар бүр хийгддэг дэлгүүрийн тооллого ч хийгдээгүй, харин 12-р сард жилийн эцсийн тооллого хийсэн бөгөөд энэ үед миний хариуцдаг 2 давхар дахь тавилгыг менежер А тоолуулсан. Тооллогын комисст Мебелийн хэлтсийн мэргэжилтэн М, комиссын ахлагчаар Б компанийн дотоод аудитор Б нар ажиллаж, дэлгүүрийн менежер А.А, худапдааны зөвлөх Л.А нар дэлгүүрийн бүх тасагаа хуваан тоолуулсан. Тооллогоор ямар ч зөрчил илрээгүй. Мөн 2021 оны 1-р сарын тооллогоор ч зөрчил илрээгүй. Харин 2021 оны 2-р сарын 10-ны өдөр манай дэлгүүрийн кассанд Банзрагч аудитортой гэнэтийн тооллого орсон ба энэ үед ээжийн маань бие муудаж чөлөө авсан байсан тул менежер А.А тоолуулсан. Ингээд Дотоод аудитын шалгалтаар зөрчил илэрч 2-р сарын 25-ны өдөр биднийг нэг бүрчлэн дуудаж байцаалт авч, худалдааны зөвлөх тус бүр дээр илэрсэн зөрчлүүдтэй холбоотой баримтуудыг танилцуулсан. Надад төлбөрийн хэлбэрүүдийг санаатайгаар зөрүүлж, асуудалтай борлуулалтууд бүртгэсэн нийт 20 гаруй борлуулалтын түүх, баримтууд-ыг үзүүлсэн. Энэ гүйлгээний баримтууд нь миний бүртгэсэн борлуулалт биш байсан тул холбогдох тайлбаруудыг бичиж өгсөн. Ингээд 2021 оны 2-р сарын 25-ны орой 8 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс дэлгүүрт дахин бүх барааг тоолоход нийт 90 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий бараа дутсан нь илэрсэн. Намайг амарсан, эсвэл худалдан авагчид бараа тайлбарлаж зарах гээд завгүй үед орлон ажилладаг албан ёсны эрхтэй хүн бол дэлгүүрийн менежер А.А юм. 2020 оны 11-р сард хатуу хөл хорио тогтоосноос хойш 2021 оны 1-р сарын 18-ны өдрийг хүртэл би дэлгүүр дээр очоогүй, энэ хугацаанд менежер А.А онлайнаар гэрээсээ болон дэлгүүрээс миний кассын эрхээр нэвтэрч энэ үйлдлүүдийг хийснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ 90 сая гаруй төгрөгийн бараанаас 2-р давхарын бараанд хамаарах нь 30 022 425 төгрөгийн бараа байсан бөгөөд энэ давхарыг Б.М бид 2 хариуцан ажилладаг ээлжийн худалдааны зөвлөх юм. Гэтэл зөвхөн надад энэ бүхнийг хариуцуулж, тухайн барааг хэзээ, хэрхэн, хэн дутаасныг тогтоогоогүй атлаа намайг буруутгаж ажлас халсныг зөвшөөрөхгүй. Нөгөөтэйгүүр, менежер А.А энэ бүх барааг өөрөө зээлээр бусдад өгсөнөө, төлбөр тооцооны хэлбэрийг өөрчлөн данс бүртгэлийг зохицуулж байсан тухайгаа, худалдааны зөвлөх, касс, ажилчид үүнд хамааралгүй гэдгээ компанийн удирдлагууд болон шалгалтын комиссынхонд мэдүүлсэн. Мөн дээрх тушаалд дурдсан 10 гаруй төрлийн зөрчлөөс чухам алийг нь намайг гаргасан гэж үзэж ажлаас халсан нь тодорхойгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журам, аудит хийхтэй холбоотой дүрэм, журамаа баримтлалгүй дэлгүүрийн менежерийн гаргасан зөрчлийг бүгдэд хамаатуулах байдлаар хомроглон ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.У намайг Б ХХК-ийн худалдааны зөвлөх-кассчины ажилд эгүүлэн тогтоож, 1-р сарын шагналт цалин 604 800 төгрөг, 2021 оны 2-р сарын 1-нээс 26-ныг хүртэлх хугацааны цалин 1 157 945 төгрөгөөс шимтгэл, татвар, урьдчилгааг хасаад 800 308 төгрөг, ажилгүй байсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин 4 945 148 төгрөг нийт 6 349 948 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Б ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь манай Б ХХК-д 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 10 сар хүртэл худалдааны зөвлөх, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс худалдааны зөвлөх кассчин-аар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мб/017 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Б гэрийн мебелийн дэлгүүрийн ажилчид нь компанийн холбогдох дүрэм журмыг зөрчиж, борлуулалтын төлөвлөгөөт зорилтын шагнал авахын тулд хуурамч борлуулалт бүртгэх, харилцагч, худалдан авагчийн бэлнээр төлсөн барааны мөнгийг сар дотор болон сар дамнуулан хувьдаа ашиглах, үүнийгээ далдлахын тулд будлиулах зорилгоор борлуулалт бүртгэхдээ санаатайгаар төлбөрийн хэлбэр болон төлбөр төлөгчийн мэдээллийг өөрчлөх, дараа нь өөрийн болон хамаатан садан төрлийн хүмүүсийн төлбөрийн картаар тооцоог хийх, барааны мөнгөө урьдчилж төлсөн худалдан авагчийн борлуулалтыг бүртгэхгүй байх, худалдан авагчид И-баримтыг цаг тухайд нь өгөхгүй байх, тусгай эрхээр ордог программ, компьютерийн сүлжээнд бусдын нэр эрхээр орох, өөрийн эрхийг бусдад ашиглуулах, кассын бэлэн мөнгөний тооцоог цаг тухайд нь хийхгүй байх, сэжигтэй үйлдэл, эс үйлдэхүйг мэдсээр байж нуун дарагдуулсан, үл мэдээлсэн, удирдлагаа хуурсан зэрэг ноцтой зөрчил гаргасан. Шалгалтаар нийт 90 421 215 төгрөгийн дутагдал, борлуулалтыг бүртгээгүй худалдан авагчаас тушаасан 5 669 800 төгрөгийг завшсан нийт 96 091 015 төгрөгийн хохирол учруулсан нь илэрсэн. Эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Иймд Б.У-ийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1.1. дэх заалтуудыг тус тус үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.У нь нэхэмжлэлийн шаардлагаа ажиллаж байсан хугацааны цалин гэж 1 157 945 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын шагнал 604 800 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 1 157 945 төгрөг нь 2-р сарын цалин бөгөөд үүнээс урьдчилгаанд 137 447 төгрөгийг 2021 оны 02-р сарын 19-нд Б.У-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Ажлаас халсан тушаал гаргахдаа холбогдох тооцоог бодож Нийгмийн даатгалд тайлагнасан дүн нь 1 157 945 төгрөг болно. Шагналын хувьд төлөвлөгөө биелүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг зөрчилгүй хийж дүгнүүлсэн нөхцөлд Удирдах зөвлөлийн хурлаас олгох эсэхийг шийдвэрлэдэг гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь Б ХХК-д холбогдох худалдааны зөвлөх, кассчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин 6 349 948 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Б.У нь Б ХХК-д худалданы зөвлөх-кассчинаар ажиллаж байгаад тус компаний захирлын 2021 оны 03-р сарын 02-ны өдөр Мб/017 дугаар тушаалаар Хөдөдмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 11 дүгээр зүйлийн 11.13.6, 11.13.7, 11. 13.8, Хөдөлмөрийн гэрээний 5.3-ын 7, 8, 9. ба 18 дугаар заалтыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 2-р сарын 26-ны өдрөөс цуцалж ажлаас нь халжээ.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан тушаалд ...Б.У нар нь ...компаний холбогдох дүрэм журмыг зөрчиж, хуурамч борлуулалт бүртгэх, худалдан авагчийн төлсөн мөнгийг сар болон сар думжуулан хувьдаа ашиглах, борлуулалтыг бүртгэхдээ төлбөрийн хэлбэр болон төлбөр төлөгчийн мэдээллийг өөрчлөх, өөрийн болон хамаатан садны хүмүүсийн төлбөрийн картаар тооцоо хийх, худалдан авагчид И баримтыг цаг тухайд нь өгөхгүй байх, тусгай эрхээр ордог компьютерийн сүлжээнд бусдын эрхээр орох, өөрийн эрхийг бусдад ашиглуулах, бэлэн мөнгөний тооцоог хийхгүй байх, сэжигтэй үйлдэл, эс үйлдэхүйг мэдсээр байж нуун дарагдуулах, удирдлагаа хуурсан, Б.У-ийн хариуцсан бараанаас 23 нэр төрлийн 29 ширхэг 30 022 425 төгрөгийн барааг дутаасан зөрчлийг, өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан, 40.1.5 дах ь хэсэгт заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзжээ.
Тухайн компаний Б гэрийн мебелийн дэлгүүрт 2021 оны 2-р сарын 26-ны өдөр шалгалтын комисс ажиллаж бараа материалын үлдэгдэл, кассын тооллого, бэлэн бус борлуулалтын баримтад шалгалт хийж, танилцуулга хийсэн байх ба 545 652 546 төгрөгийн өртөг бүхий 1 509 ш бараа байхаас 95 056 445 төгрөгийн үнэ бүхий 78 ширхэг бараа дутаж /үүнээс 93 ш даавуун тор хассан/ буюу 90 411 215 төгрөгийн бараа дутсан..., мөн илүү бараа, модель зөрүүтэй, гэмтэлтэй бараа, дүрэм, журам заавар тушаалын зөрчил, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгасан байна. Шалгалтаар дэлгүүрийн менежер А.А барааны хөдөлгөөний гүйлгээг 2021 оны 2-р сарын 25-ныг дуустал хийснийг тогтоож, хавсралтаар түүний нэр дээр 90 421 215 төгрөгийн барааны дутагдсан жагсаалт үйлдсэн /хх 21-24/ байна.
Харин үүнээс 30 022 425 төгрөгийн бараа нь худалдагч Б.М, Б.У, А.Анарын хариуцсан хэсгээс дутсан, өөрөөр хэлбэл, дутсан гэх бараа материалын нэр, тоо ширхэгээр А.А-ын дутаасан гэх 90 411 215 төгрөгийн бараанд багтсан гэжээ.
Менежер А.А нь тухайн эд хөрөнгийг өөрөө бусдад зээлээр өгсөн, хохирлоо 2021.4.30-ны дотор барагдуулна гэсэн тайлбарыг компанидаа гаргасан /хх 9/, цагдаагийн байгууллагат өгсөн гэрчийн мэдүүлэгтээ энэ талаараа мэдүүлсэн нь /хх 71-73/ нь баримтаар тогтоогджээ.
Б.У эдгээр барааг дутагдуулсан нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна 3 хүнд холбогдох дутагдлаас ямар нэр төрлийн, үнэ, тоо ширхэг бүхий барааг дутагдуулсан нь тодорхойгүй, эдгээрээс Б.У-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, ажлаас халсан тушаалд заасан зөрчлүүдийг гаргасан гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчлийг, өөрөөр хэлбэл, гэрээний 5.3-ын 7, 8, 9. ба 18-р зүйлд заасан зөрчил, Дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 11 дүгээр зүйлийн 11.13.6, 11.13.7, 11. 13.8 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчөөгүй /хх 34-43/ гэж дүгнэлээ.
Нөгөө талаас, ажлаас үндэслэлгүй халсан тухай маргааныг шүүх харъяалан шийдвэрлэх ба эд хөрөнгө дутагдуулсан, ашигласан талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй.
Б.У-гийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар сүүлийн 3 сарын авсан цалингаас 1 сарын дундаж хөлсийг тооцвол 1 633 234 төгрөг байна.
Түүний ажилгүй байсан 2021 оны 2-р сарын 26-наас 5-р сарын 28-ныг хүртэлх хугацаанд 4 899 702 төгрөг тооцогдох ба ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлд зааснаар ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх шаардлагатай.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас ажилласан хугацааны цалин олгоогүй гэх 1 404 800 төгрөгийн шаардлага нь энэ хуулийн 128р зүйлд заасан шүүх шийдвэрлэх харъяалалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх, 116, 118, 160-р зүйлийн 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б-ийн У-ийг Б ХХК-ний худалдааны зөвлөх-кассчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 899 702 /дөрвөн сая найман зуун ерэн есөн мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулж олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 49-р зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК-иас ажилласан хугацааны цалин 1 404 800 /нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга найман зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн Б.У-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.У-т олгох олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Б ХХК-д даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БСБ мебель ХХК-иас 93 345 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА