Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

 Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ..... овогт Б.Г холбогдох эрүүгийн 243500000... дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны 06 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын .. дүгээр багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, .... овогт Б.Г, (Регистрийн дугаар:...........0......);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн ..... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн .... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаартай “...Үзүүлэгч Б.Б-ийн биед  баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, дээд уруулын салстад зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн  хэсэг, зүүн хацрын төвгөр, доод уруулын зүүн, баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, дээд уруулын салстад зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал);

3. Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр... гэртээ амарч байтал манайд миний баз болох С.Б болон миний танил Б.Г нар манай хашаанд мотоциклтой орж ирсэн юм. Тухайн үед С.Б, Б.Г нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан. ...С.Б, Г-ийн охидууд ер нь яадаг юм, чи эхнэрээсээ айдаг юм уу гөлөг болдог юм уу гэх зэргээр хэлсэн. Би хариултыг нь хэлээд хэвтэж байтал Б.Г шууд миний нүүрний баруун талын шанаа тус газар гараараа нэг удаа цохисон юм. Тэр үед би босох хооронд Б.Г миний дух тус газар толгойгоороо мөргөсөн. Тэр үед С.Б, Б.Г-ийг надаас холдуулах оролдлого хийх үед би босоод ирэхэд С.Б, Б.Г-ийг тавьчихсан юм. ...гэнэт араас миний толгой тус газар Б.Г цохиод авсан... дахин Б.Г намайг араас хоолой бооход миний ухаан, санаа балартах шиг болсон бөгөөд  миний нүүр хэсэг рүү өшиглөсөн юм. Тэр үед миний амнаас цус гарч урд талын шүд унасан байсан, сүүлд газарт цус гоожсон газраас нь манай хажуу айлын хөрш эмэгтэй болох Г миний амнаас гарсан цуснаас олж авсан байдаг. ...Миний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу үүдэн нэг шүд унасан бөгөөд шүд хийлгэх болон бусад зардлыг бүрэн барагдуулсан, надад бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн, мөн үлдэгдэл 4000.000 төгрөгийг өгөхөөр тохирсон тул тухайн журамд заасан сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохгүй, өөр мөнгө нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 5-8 дахь тал);

4. Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би 2024 оны 06 дугаар сарын 04-ний орой 15 цагийн үед хөдөө гэртээ байж байтал миний хамаатны дүү болох Б.Г манай гэрт ирсэн. Б.Г манайд ирэхдээ 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авчихсан ирсэн юм. Тэр архийг Б.Г бид хоёр манай гэрийн ойролцоо малын бэлчээрийн хажууд ууж дуусгасан. ...сумын төв орж миний баз болох Б.Б ахын гэрт очихоор Б.Б-ийн хашаан дотор мотоциклтой орж зогсоод Б.Г бид хоёр Б.Б ахын гэрт орсон. Би тэгээд Б.Б ахтай мэнд ус мэдээд... би Б.Б ахыг нэг шил архи хуваагаад уучихъя гэх зэргээр хэлэхэд Б.Б ах өглөө эрт боссон, ажил хийж яваад ирсэн, архи ууж чадахгүй гэж хэлсэн. Тэр үед Б.Г шууд Б.Б ахын нүүр тус газар гараараа нэг удаа цохисон юм...гэрийн гадна Б.Г, Б.Б ахын араас цохиод газар унагаасан...дахин Б.Б ахын нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн юм. Б.Б-ийн нүүр ам хэсгээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал);

5. Гэрч Г.Ө-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Манай нөхөр Б.Б-ийн нүд хавдаж, урд үүдэн шүд унасан байсан...." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал);

6. Гэрч П.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр...Б.Б, Б.Г нар гэрээс барьцалдаад гараад ирсэн. Тэр үед Б.Б-ийг газарт унагааж байгаад Б.Г цохиж байсан...би тэгээд тэр хоёрыг салахгүй болохоор тэдний хашаанд ороод Б.Б, Б.Г хоёрыг цагдаа дуудлаа шүү гэж хэлээд салгасан юм. Тухайн үед Б.Б-ийн нүүр нь шалбарчихсан, хамраас нь бага зэрэг цус гарч байсан. Мөн урд үүдэн дээд шүд нь байхгүй байсан. Би Б.Б ахад хандаж таны шүд уначихсан байна гээд гэрийн үүдэн хэсэгт цус болсон байхаар модоор шалгаж үзэхэд 1 ширхэг шүд байхаар нь Б.Б-д хэлэхэд Б.Б өөрөө ирж авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал)”

7. Шүүгдэгч Б.Г-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд “Баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, дээд уруулын салстад зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлүүд учирсан нь тогтоогдсон ба уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Б.Г-ийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Г-ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

 Шүүгдэгч Б.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...Б.Г нь надад эмчилгээний зардалд 7.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож, бэлнээр 3.000.000 (гурван сая) төгрөг өгсөн болно. Үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тул хохирогч надад гомдолгүй байхгүй болно” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 79 дэх талд авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г-оос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Г нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлаар хүндрүүлэн үзэх үндэслэлгүй гэж дүгнэв. (хавтаст хэргийн 69 дэх тал);

Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 3.000.000 (гурван сая) төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Б.Г-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Г-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.Г-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн хор уршигт 3.000.000 (гурван сая) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор нотлох баримтаар гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА