Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/01452

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/01452

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороололд оршин суух, Х овогт Ч-ы Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, регистр 5368138, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06732 дугаартай захирамжаар Ч.Б-ээс 561.499.250 төгрөг гаргуулж, У ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах гомдол Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлын хариуг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх 18251018/02 дугаар тогтоол, мөн өдрийн Эд хөрөнгө хураах тухай 18251018/03 дугаар тогтоол, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаар Шинжээч томилох тухай тогтоол гаргасан. Шинжээч М ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 25/Ш дугаар шинжээчийн дүгнэлт ирүүлснийг 2019 оны 3 дугаар сар 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх баримт бичигтэй танилцаж, шүүхэд уг хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, 3 шатны шүүхээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаа зарласан бөгөөд уг дуудлага худалдааны зарын 73 дугаарт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоотод байрлах 380 м2 талбайтай 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, өргөтгөлийн 96 м2 талбайтай үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө, 948 м2 талбайтай газрын хамт дуудлага худалдаанд оруулахаар зарласан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч, төлбөр төлөгч Ч.Б надад анхны албадан дуудлага худалдааг мэдэгдэлгүй явуулжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасны дагуу ...төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулна... гэснийг зөрчсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлд болон 76 дугаар зүйлд заасан бусад ажиллагаа хийгээд анхны албадан дуудлага худалдаа хийх байжээ. Мөн үнэлгээний тайлангаар 460.150.000 төгрөгөөр үнэлсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээг буруулсан нь ойлгомжгүй болжээ. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Б-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Аюушийн 1/1 заасан 380 м.кв үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м.кв агуулах, 948 м.кв газрын 2021 оны 01-р сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч, төлбөр төлөгч Ч.Б надад анхны албадан дуудлага худалдааг мэдэгдэлгүй явуулсан, үнэлгээний тайлангаар 460.150.000 төгрөгөөр үнэлсэн байхад үнэлгээг буруулсан нь ойлгомжгүй болжээ гэсэн гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байхад төлбөр төлөгч, өмчлөгч Ч.Бадамгэрэл надад мэдэгдэлгүй, 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан болохыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдлээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг 2021 оны 02-р сарын 26-ны өдөр гаргасан, гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг 2021 оны 03-р сарын 09-ний өдөр шуудангаар авсан. Мөн өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2021 оны 03-р сарын 15-ны өдрийн албан хариуг шуудангаас 2021 оны 03-р сарын 24-ний өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Б-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Аюушийн 1/1 заасан 380 м.кв үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м.кв агуулах, 948 м.кв газрын 2021 оны 01-р сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ч.Б-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт байрлах 380 м.квадрат нэг давхар үйлчилгээний зориулалттай барилга, 96 м.квадрат агуулах 948 м.квадрат газрыг 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр албадан дуудлага худалдаагаар оруулахаар болсон. Дуудлага худалдаагаар тухайн үл хөдлөх хөрөнгүүд зарагдаагүй тул 2 дахь дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр явуулахаар болсон. Энэ тухайгаа нэхэмжлэгч Ч.Б-д мэдэгдсэн, мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан. Гэтэл корона вирусын цар тахлын тархалтаас болж Засгийн газраас хөл хорио тогтоож 2 дахь албадан дуудлага худалдаа явагдах боломжгүй болсон гэдгийг мэдэгдсэн. Харин шийдвэр гүйцэтгэх газар 2 дахь дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явуулна гэдгээ нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дуудлага худалдаагаар Ч.Б-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах болсныг нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн гэдэг боловч бид энэхүү дуудлага худалдаа явагдаад дууссаныг 10-аад хоногийн дараа мэдсэн. Албадан дуудлага худалдааг цаг тухайд нь мэдээд оролцсон бол Ч.Б-ийн зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг боломжийн үнээр худалдаж авах хүнтэй ярилцаж тохиролцсон байсан. Иймд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/Ш32018/06732 дугаар шийдвэрээр Ч-ийн Б-ээс 561.499.250 төгрөгийг гаргуулж У ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ч.Б-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюуш-1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-09 дугаарт бүртгэлтэй 380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 1 давхар үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-02 дугаарт бүртгэлтэй 96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Л.А-1, 100 тоот хаягт байрлах 948 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 460.150.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч Ч.Б-д 2019 оны 4/6738 дүгаартай албан бичгээр мэдэгдэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргасан. Төлбөр төлөгч Ч.Б-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлыг хянаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/00555 тоот тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг хянаж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6/4546 тоот албан бичгээр Монгол улсын дээд шүүхийн тамгын газраас өмгөөлөгч Б.Б-д хариуг хүргүүлсэн байна. Иймд төлбөр төлөгч Ч.Б нь хөрөнгө албадан борлуулах ажиллагааны талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаж 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Ч.Б-тэй 2017 оноос хойш энэ өр авлагыг барагдуулах талаар яригдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр 2018 онд гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Нэхэмжлэгчийн хувьд 2018 онд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаж 3 шатны шүүхээр 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ба тус шүүхийн Тамгын газраас хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхээр шийдвэрлүүлсэн бол хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой гомдол гаргах эрхгүй гэж заасан байдаг. Ч.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д тухайн хэрэг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн бол тухайн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/Ш32018/06732 дугаар шийдвэрээр Ч-ийн Б-ээс 561.499.250 төгрөгийг гаргуулж Улаанбаатар гурил ХХК-нд олгохоор /хх 47-48/ шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч Ч.Б-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюуш-1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-09 дугаарт бүртгэлтэй 380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 1 давхар үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-02 дугаарт бүртгэлтэй 96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Л.А-1, 100 тоот хаягт байрлах 948 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг 460.150.000 төгрөгөөр үнэлсэн байх ба үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж, улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/00555 тоот тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр /хх 9-24, 49-67/ байна.

 

Төлбөр төлөгч Ч.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний талаарх гомдол-оо шүүхэд гаргаж шийдвэрлүүлжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгохыг хүссэн гомдлын шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй, өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тайлбарлажээ.

 

Хуулийн энэ заалтаар төлбөр төлөгч нь нэгэнт үнэлгээний талаар гомдол гаргаж шийдвэрлүүлсэн тул энэ асуудлаар хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны шатанд дахин гомдол гаргахгүй гэж ойлгоно.

 

Харин талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлээгүй бөгөөд хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 177-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тогтоож болох ба тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцдог.

 

Өөрөөр хэлбэл, албадан дуудлага худалдааг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тогтоохгүйгээр явуулах боломжгүйг хуулиар тогтоосон байна.

 

Шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 1-р сарын 22-ны өдөр явуулахаар тогтоосон, дуудлага худалдааны талаар төлбөр төлөгчид мэдэгдэж дуудлага худалдаа явуулсан боловч Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.1.2-т заасан анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй үндэслэлээр анхны дуудлага худалдааг хүчингүй болгосон нь Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.2 дахь заалттай /хх 79-81/ нийцжээ.

 

Харин шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 2-р сарын 5-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/46 тоот тогтоолын 2 дахь заалтаар дуудлага худалдааг 2021 оны 2-р сарын 24-ний өдрийн 10.00 цагт явуулахаар тогтоож, тогтоолыг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэхийг шийдвэр гүйцэтгэгчид /хх 79/ даалгажээ.

 

Төлбөр төлөгч Ч.Б-д дээрх тогтоолыг 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн 4-149/2377 тоот мэдэгдлийн хамт баталгаат шуудангаар хүргүүлсэн, илгээмжийг 2021 оны 2-р сарын 25-ны өдрийн 11 цаг 42 минутад төлбөр төлөгчийн нөхөр Б хүлээн авч гарын үсгээ зурсан нь Монгол шуудан ХК-ний 2021 оны 5-р сарын 31-ний өдрийн 05/401 тоот албан бичиг, хүлээн авсан баримтаар тогтоогдсон /хх 110-111/ байна.

 

Гагцхүү шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2021 оны 2-р сарын 5-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/46 тоот тогтоолыг 2021 оны 2-р сарын 18-ны өдөр шуудангаар явуулсан нь төлбөр төлөгчид дуудлага худалдаа явагдахаас өмнө хүргэгдэх боломжийг алдагдуулсан байна.

 

Үүгээр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70-р зүйлийн 70.2 дахь хэсэгт дуудлага худалдаанд талуудаас гадна дараах этгээд оролцож болно, Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэснийг тус тус зөрчжээ.

 

Нөгөө талаас, энэ дуудлага худалдааны талаар 2021 оны 2-р сарын 19-ний өдөр нийтэд мэдээлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна төлбөр авагч Улаанбаатар гурил ХХК-ний эрх ашиг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд хөндөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.3 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Ч.Б-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг, Аюуш-1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-09 дугаарт бүртгэгдсэн 380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 1 давхар үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-02 дугаарт бүртгэгдсэн 96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Л.А-1, 100 тоот хаягт байрлах 948 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг худалдсан 2021 оны 2-р сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан 2021 оны 1-р сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохыг хүссэн Ч.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА