Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/648

 

 

 

 

 

 

 

 

     2024           6           04                                           2024/ШЦТ/648     

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч М.Анхбаяр, хохирогч Б.***,

шүүгдэгч Э.***, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205 02231 0890 дугаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** зах дээр тэрэгчин хийдэг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

  *** /РД:***/;

  

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.*** нь бусадтай бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний их сургуулийн орчимд хохирогч Б.***ын согтуурсан байдлыг далимдуулан хүч хэрэглэн 750.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.***ыг бүлэглэн зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э.***:

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.*** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, түүний өмгөөлөгч  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.  

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэв.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн авч үзвэл: Шүүгдэгч Э.*** нь бусадтай бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний их сургуулийн орчимд хохирогч Б.***ын согтуурсан байдлыг далимдуулан хүч хэрэглэн зодож, 750.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн нь дараах баримтуудаар тогтоогдож байна.  

Энэ нь хохирогч Б.***ын “...Лазер нэртэй бааранд орж согтууруулах ундааны зүйл хэрэглэж бүжиглэж байтал 03 цаг 30 минутын орчим тухайн баар хаалаа гээд байхаар нь бид 3 “Лазер” баараас гараад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны буудлын хажууд байдаг “Минтер” нэртэй баар луу орж дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би ганцаараа 04 цаг өнгөрч байхад /яг цагаа сайн санахгүй байна/ тамхи татахаар тухайн баарнаас гараад ертөнцийн зүгээр зүүн талаар нь МҮИС-н хажуугаар эргээд тамхи татах гээд зогсож байтал үл таних 2 залуу над руу ирээд юу ч дугарахгүй нэг үл таних залуу нь миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохиж унагаад би газарт хэвтэж байхад нэг нь /аль нь гэдгийг нь мэдэхгүй байна/ миний зүүн бугуйнд байсан шаргал өнгийн Rolex брэндийн бугуйн цагийг гараас мулталж аваад харин нөгөө залуу нь миний өмсөж явсан шортны халааснуудыг тэмтэрч үзээд баруун урд талын халаасанд байсан миний хар өнгөтэй Самсунг Галакси Эс 9 Плас маркийн гар утас, бэлэн 80.000 орчим /яг хэдэн төгрөг байсныг нь сайн санахгүй байна/ төгрөгийг халааснаас минь аваад бас миний өмсөж явсан хар өнгийн Найки брэндийн логотой, цагаан өнгийн Найки Блайзер загварын пүүзийг 2 хөлөөс сугалж аваад тухайн баарны хойд талд байдаг гудамж руу чиглээд гүйгээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх44-51/,

“бусдад дээрэмдүүлсэн” тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх11/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1хх13-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “04 цаг 23 минут 30 секундэд ертөнцийн зүгээр урд талаас Минтер баарны талаас хохирогч Б.*** ирж байгаа, 04 цаг 26 минут 45 секундэд тус гудамжны ертөнцийн дүгээр баруун тал буюу МҮИС талаас үл таних 2 эрэгтэй хүн гүйж байгаа, гүйж байсан 2 эрэгтэй хүний нэг нь газар тогтсон байсан усанд гараа угааж байгаа, гүйж байсан 2 эрэгтэй хүний урд талд нь алхаж байгаа эрэгтэй нь гартаа цагаан өнгөтэй гутал мэт зүйл барьсан алхаж байгааг...” тусгасан, холбогдох гэрэл зургууд /1хх32-37/, мөн хохирогч Б.*** болон яллагдагчаар А.*** нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч Б.***ын “...би баарнаас гараад баруун тийшээ яваад булангаар хойшоо эргээд тамхи татаад байж байхад хоёр залуу байсан тэгээд намайг махлаг залуу нь цохиж унагаад намайг нүүр нүдгүй дэвсэн, махлаг залуу нь миний халаасанд байсан утас, цаг хоёрыг аваад, туранхай залуу нь миний гутлыг тайлж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх86-87/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9104 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.***ын биед хоншоор яс, хамар ясны баруун хажуу ханын хугарал, хамрын баруун хажуу хана, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, баруун нүдний дотор булан, дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн доод араа шүдэнд эмтрэл, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. 4. 5. 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. 7. 8. Хоншоор яс хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, хамар ясны баруун хажуу ханын хугарал, хамрын баруун хажуу хана, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, баруун нүдний дотор булан, дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн доод араа шүдэнд эмтрэл, хамарт зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 9. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /1хх62-63/,

Мөн “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 922/4070 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.***ын “Samsung S9 Plus” загварын гар утсыг 350.000 төгрөгөөр, “Nike” загварын гутлыг 200.000 төгрөгөөр, “Rolex” загварын бугуйн цагийг 200.000 төгрөгөөр тус тус тогтоожээ. /1хх55-57/,

5. Хохирогч Б.*** нь болсон үйл явдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Э.***г түрүүлж цохиж унагаасан, улмаар бүлэглэн зодож, гар утас, бугуйн цаг, гутлыг авч зугтаасан...манай найз ирээд цагдаагийн хөдөлгөөнт эргүүлд очиж цагдаад хандсан...” талаар тодорхой эх сурвалжаа заан мэдүүлсэн, түүний мэдүүлэг холбогдох хяналтын камерын бичлэгээр нотлогдон тогтоогдсон. Тодруулбал, шүүгдэгч Э.*** нар нь хохирогчийн эд зүйлийг аваад зугтааж байгаа, зам дээр тогтсон усанд нэг гараа угааж байгаа үйл баримт тогтоогджээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Шүүгдэгчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан, мөн хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан тэдний мэдүүлгээр тогтоогдсон ба урьдаас төлөвлөж дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй харин тухайн үед үүссэн гэмт санаагаар үйлдлээрээ нэгдэж хохирогчийг зодон, эд зүйлийг нь хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эд зүйлийг нь авахаар довтолсон үйлдэл хийснээр төгсдөг, хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг санаатай гэмт үйлдэл юм. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба энэхүү эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч Э.*** гэм буруугийн санаатай хэлбэрээр бусадтай бүлэглэн учруулсан нь нотлогдон тогтоогдсон.   

Улсын яллагчаас шүүгдэгч Э.***г бусадтай /А.***тай/ бүлэглэн хохирогч Б.***ын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн, хүч хэрэглэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

            6. Иймд шүүгдэгч Э.***г бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн гэмт хэргийг үйлдэх явцдаа бүлэглэн хохирогчийг зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

7. Шүүхийн шатнаас шүүгдэгч А.*** нь оргон зайлсан ба шүүхээс холбогдох эрэн сурвалжлах ажиллагааг холбогдох байгууллагад даалгасан. Энэхүү оргон зайсан шүүгдэгчийг эрэн сурвалжилж, олох ажиллагаа ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн хэрэгт холбоотой бусад шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ” гээд 1.1 дэх заалтад “шүүгдэгч оргон зайлсан бол түүнийг олж ирүүлэх хүртэл” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Оргон зайлсан, хүндээр өвчилсөн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж заасан.

Шүүхээс оргон зайлсан шүүгдэгчийг олж ирүүлэх хүртэл түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгаарлан түдгэлзүүлж, харин шүүгдэгч Э.***д холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахгүй гэж дүгнэсэн болохыг дурдав.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгах талаар заасан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

9. Хохирогч Б.***ын хохиролд шүүгдэгч Э.*** нь 445.000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч Б.*** нь шүүгдэгч Э.***гээс нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Хохирогч Б.*** нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.   

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10.1. Улсын яллагчаас шүүгдэгч Э.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сар хорих ял тус тус оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан бол, хохирогчоос эрүүгийн хариуцлагатай холбоотой санал гаргаагүй болно.

10.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, хохирлын өөрт ногдох хэсгийг төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан.  

11. Шүүгдэгч Э.*** нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, харин хохирогч Б.***т хохирол төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай байна.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. 

13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх хэрэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял”-аас сонгон оногдуулахаар заасан.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулах боломжийг буюу эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг хуульчилсан. Гэхдээ тус зохицуулалтыг хэрэг болгонд хэрэглэх үндэслэлгүй бөгөөд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан” хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр заасан.

Шүүгдэгч Э.***гийн хувьд 2019 онд хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж /1хх107-112/, шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх энэхүү нөхцөл журмыг хэрэглэн ял оногдуулж байжээ. Гэтэл шүүгдэгч нь хувийн байдлын хувьд өөрийн үйлдэлд дүн шинжилгээ хийхгүй, дахин хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байх тул хэдий гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн.

15. Иймд шүүгдэгч Э.***гийн гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн байдлыг харгалзан дээрэмдэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, мөн түүний урьд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хугацааг тогтоох журмыг хуульчилсан.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Э.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, хорих ялын хугацааг 2 жил 6 сараар тогтоов.

17. Мөн шүүгдэгч Э.***гийн гэм бураагаа хүлээсэн, хохирол төлсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

18. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Э.*** цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Э.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.*** цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.*** нь гэм хорын хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч А.***д холбогдох хэргийг тусгаарлан, түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.***д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР