Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/00127

 

 

Л гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138/ШШ2024/00103 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 201/МА2024/00014 дүгээр магадлалтай,           

Л гийн нэхэмжлэлтэй,

“Д” МСҮТ-д холбогдох

Нөхөн олговор 45,380,133 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг            

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л , түүний өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л  нь хариуцагч “Д” МСҮТ-д холбогдуулан нөхөн олговор 45,380,133 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138/ШШ2024/00103 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л гийн, хариуцагч Д-д холбогдох нөхөн олговор 45,380,133 төгрөг 14 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 201/МА2024/00014 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 138/ШШ2024/00103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.16-ны өдрийн 00103 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.11-ний өдрийн 00014 дүгээр магадлалыг үл зөвшөөрч, гомдолтой байна. Шүүх хуулийг, бас мэргэжлийн эмнэлгийн байгууллага, мэргэжлийн шинжилгээний байгууллагын дүгнэлтийг хэрэг маргааныг бодитой шийдвэрлэх ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж чадаагүй буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Миний нөхөр О  нь Д д тасралтгүй 16 жил ажиллаж байгаад 2022.07.06-нд байгууллагын удирдлагын шийдвэрээр сургуулийн туслах аж ахуйгаас ажилчдын хүнс 30 ширхэг хонь авчрах ажилд томилогдон явж очоод хонь хөлдөж татаж авч, машин дээр ачиж өгч байгаад гэнэт толгой нь эргэж эвгүй болж сүүдэрт хэвтээд тэр чигтээ харвалт өгч эмнэлэгт хүргэгдэн ирж 3 хоног ухаангүй байсны дараа буюу 2022.07.09-нд нас барсан. Үүнийг миний бие албаны ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаараа хохирсон гэж үздэг. Гэтэл байгууллага шалтгааныг нь хүлээн зөвшөөрөгдсөн ердийн өвчин буюу цус харвах өвчнөөр нас барсан учир үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй гэдэг. Ингээд маргаан үүсч цагдаагийн газар шалгасан боловч ажилтанд нөхөн олговор олгох эсэх асуудлыг иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой шалтгаанаар хаасан. Гэтэл ...ийнхөн Захиргааны хэргийн шүүхэд хандан мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулсан байсан. Учир нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хувьд гол үндэслэсэн бичиг баримтууд нь ганцхан задлан шинжилгээний эмнэл зүйн протокол байсан. Зөвхөн эмнэл зүйн протоколыг үндэслэж хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон байдаг. Ийм учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь бүрэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй. Хэт нэг талыг баримталсан шийдвэр гарсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч намайг гуравдагч этгээдээр хөндлөнгөөс дуудаж оролцуулаагүй. Мөн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч Ц ын ...д гаргаж өгсөн дүгнэлт нь он, сар, өдөргүй албажаагүй болохоос биш хууль бус дүгнэлт биш тамга тэмдэг дарагдсан байсан бөгөөд ... нь уг дүгнэлтийг гарын үсгээ зурж баталгаажуулж авсан байхад дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох нь хэтэрхий өрөөсгөл юм. Ийм учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Хамгийн гол нь үндэслэлгүй гаргасан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Иргэний хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдсэн. Дунд нь бидний эрх ашиг зөрчигдөж хохирсоор байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхэд хүсэлт гарган Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдээр дүгнэлт гаргуулахад цус харвалтаар нас барсан онош нь зөв байна. Гэхдээ харвалт болоход “Хүчдэх хөдөлгөөн хийх хүнд зүйл өргөх нь цус харвалтын эрсдэлт хүчин зүйлд хамаарах буюу нас барсан шалтгаанд нөлөөлсөн” гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл шүүх энэ дүгнэлтийг өчүүхэн ч үнэлж үзсэнгүй. Ингэж Монгол Улсын иргэн хүний амь нас, цаас үзгээр шийдэгдэж бодит нөхцөл байдал, үйл явдал хор уршиг хоёрын шалтгаант холбоо зэрэг нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хийсвэрлэн дүгнэж хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын үндэсний статистикийн хорооны даргын 2019.12.24-ний өдрийн ... тоот тушаалаар батлагдсан хавсралтын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалд: Гэмтсэн эрхтний ангилалд тархи, гавлын мэдрэлийн болон судасны гэсэн 1.1 дэх хэсэг, мөн үйлдвэрлэлийн ослын шалтгаан тооцох аргачлалын 5 дахь хэсэгт хүчилсэн болон хүчтэй хөдөлгөөнд эд зүйл өргөхдөө хүчилсэн, эд зүйл түлхэх, татахдаа хүчилсэн, эд зүйл ачих, буулгахдаа хүчилсэн, хүчтэй хөдөлгөөн гэх мэт хөдөлгөөн хийсний улмаас үйлдвэрлэлийн осол үүсэж болно гэж заасан байдаг зэргийг буруу тайлбарлаж хэрэглэх ёстой хуулийг зөв ойлгож хэрэглээгүй гэж үзэж байна. Намайг Захиргааны хэргийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй, оролцогч биш гээд байгаа учир Захиргааны хэргийн 2022.12.09-ний өдрийн 116\ШШ2022\0029 тоот шийдвэрийг хөндөж асуудал тавих эрх байхгүй байна. Гэтэл Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Захиргааны хэргийн шийдвэрийг үндэслэж, мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болсон гэж үзэж шийдвэрийнхээ үндэс болгосон. Захиргааны хэргийн шүүх эрх хэмжээнийхээ дотор үхлийн буюу цус харвалтын шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа хийлгэж дүгнэлт гаргаагүй. Зөвхөн задлангийн онош буюу эмнэл зүйн протокол гэх тэмдэглэлийг үндэслэн шийдвэр гаргасныг Иргэний хэргийн анхан шатны шүүх анхаарсангүй. Тиймээс шүүхийн шийдвэр нь ИХШХШТХуулийн 40-р зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.05.30-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00697 тогтоолоор нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Л  нь хариуцагч Дорнод аймаг дахь  Д /.../-д холбогдуулан нөхөн олговор 45,380,133.14 төгрөг  гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...түүний нөхөр О  2022.07.06-ны өдөр байгууллагын удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу хөдөө явж хонь “хөлдөж” машинд ачих явцдаа тархинд цус харвалт өгч улмаар эмнэлгийн тусламж бүрэн авч чадалгүйгээр нас барсан, ... үйлдвэрлэлийн осол эсэх талаар байгууллагын зүгээс акт үйлдээгүй байсан учир мэргэжлийн хяналтын байцаагч үйлдвэрлэлийн осол гэж үзэж дүгнэлт гаргасан.  Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа үйлдвэрлэлийн осолд өртөж  улмаар гэмтэл авч нас барсан учир байгууллага сарын дундаж цалинг 36 дахин нэмэгдүүлсэн хэмжээний нөхөн төлбөрийг олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуульд  заасны дагуу талийгаач О ын сүүлийн 6 сарын цалингийн дунджаар тодорхойлж шаардлага гаргасан” гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр ердийн өвчний оношинд хамаарч байгаа. Мэргэжлийн хяналтын байцаагчийн актыг Захиргааны шүүхээс хүчингүй болгосон шийдвэр хүчинтэй байна. Манай байгууллагын хувьд төсвийн байгууллага, төсвийг хамаагүй зарцуулж болохгүй. Мөн нэхэмжлэгч нь манай нөхөр даралт ихсэх, зүрх өвдлөө гэх ямар ч өвчин зовуурь хэлж байгаагүй гэх боловч  Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, “...” өрхийн эмнэлгүүдээс шүүхээр дамжуулан хүсэлт гаргаж лавлагаа гаргуулсан байгаа. Тус лавлагаануудаас харахад Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2021.07.20, 11 сарын 20, 12 сарын 02, 12 сарын 09-ний өдрүүдэд үзүүлж, дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэж байсан тухай баримтууд өгсөн...” гэж татгалзжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  “...О  нь Дорнод аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2006 оны 9 сараас эхлэн өрөгч, угсрагчийн багшаар ажиллаж байгаад 2022.07.06-ны өдөр удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилчдад өгөх хонийг малчныхаас авчрахаар явж машинд хонь “хөлдөж” ачих явцдаа тархинд цус харваж улмаар төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан үйл баримт болсон,  ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2022.09.23-ны өдрийн ...тоот Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.09-ны өдрийн 116/ШШ2022/0029 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон байна. Түүнчлэн 2022.09.26-ны өдрийн ... дугаартай Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтийн ... 4.Хүчдэх хөдөлгөөн хийх хүнд зүйл өргөх нь цус харвалтын эрсдэлт хүчин зүйлд хамаарах буюу  нас барсан шалтгаанд нөлөөлнө” гэснийг үндэслэж байгаа боловч үйлдвэрлэлийн ослын талаар мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүйгээс гадна  хариуцагчийн төлөөлөгчийн ...шинжээчийн дүгнэлтийн ... цус харвалтын шалтгаан нь артерийн даралт ихсэх өвчин болно...ердийн өвчний оношинд хамаарч байна” гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж буйг няцааж чадаагүй” гэсэн дүгнэлт хийжээ.

8. Давж заалдах шатны шүүх  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ... Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц ын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар гаргасан дүгнэлт”- ийг хүчингүй болгосон байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, ...үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэдгийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй зэргээс нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т заасан нөхөн төлбөрийг олгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн” гэж үзжээ.

9. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах үндэслэлтэй байна.  

10. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд О нь удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу хонийг малчныхаас авчрахаар явж, машинд хонь хөлдөж ачих явцдаа тархинд цус харваж, улмаар төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан үйл баримт болсон үйл баримтын талаар маргаагүй, харин энэ нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх, ажил олгогч хуульд зааснаар нөхөн олговор төлөх үүрэгтэй эсэх талаар маргасан байна.  Анхан болон давж заалдах шатны шүүх 2022.09.23-ны өдрийн ...тоот “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт”-ийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.09-ны өдрийн 116/ШШ2022/0029 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосныг шийдвэр, магадлалынхаа гол үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

11. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.09-ны өдрийн 116/ШШ2022/0029 дугаартай шийдвэр хэрэгт авагдсанаас үзэхэд нэхэмжлэгчээр энэ хэргийн хариуцагч байгууллага, хариуцагчаар мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц  нар тус тус оролцож, “...Ц ын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар гаргасан дүгнэлт”-ийг хүчингүй болгох” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан  байх бөгөөд хариуцагч талаас давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү захиргааны хэргийн шүүх хуралдаанаар О  агсныг үйлдвэрлэлийн ослоор нас барсан гэсэн хөдөлмөрийн улсын байцаагчийн  дүгнэлтийг эс зөвшөөрсөн ажил олгогчийн нэхэмжлэлийг хянан хэлэлцэхэд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь шууд хөндөгдсөн этгээд болох талийгаач О ын талаас ямар нэгэн төлөөлөл оролцоогүй, ийм хэрэг хянан хэлэлцэж байгаа талаараа мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэрээр Дорнод аймаг дахь ... /тухайн үеийн нэрээр/ болон Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн байна.  

Харин энэ маргааны тухайд нэхэмжлэгч Л гаас “Д” МСҮТ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг байхад хоёр шатны шүүх хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зарчмын хувьд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д нийцсэнгүй. Тухайлбал, нэхэмжлэгч   шаардлагынхаа үндэслэлийг  “үйлдвэрлэлийн осол” гэж үзсэн ба хариуцагч эс зөвшөөрч маргасан үед шүүх энэ талаар дүгнэлт хийх үүрэгтэй.

12. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт хангасан хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангах үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.20-д “хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол” гэж тодорхойлсон байх бөгөөд Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.2-д “ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед, 2.1.3-д “ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед” 2.1.4-д “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгсэл эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед амь насаа алдсан бол тус тус үйлдвэрлэлийн осол”  гэж үзэхээр тус тус  заажээ.

 12.1. Хариуцагч байгууллагын 2022.08.29-ний өдрийн ... тоот  албан бичгээр “...үйлдвэрлэлийн осол гэж үзэн тэтгэмж олгох боломжгүй, ...үл зөвшөөрвөл хууль, шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлж болно” гэсэн хариуг иргэн Л д олгосон байна.  

12.2. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022.10.03-ны өдрийн ...тоот албан бичигт  ..хяналт шалгалтын хүрээнд “...О  нь ...амь насаа алдсан нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.3 дахь заалтад хамаарч байгаа тул үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хянан баталгаажуулж улсын байцаагчийн дүгнэлтийн хамт хүргүүлсэн” тухай хариуг Л д өгсөн ба тус газраас хариуцагч байгууллагад хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тайлан болон дүгнэлт хэрэгт авагджээ.

12.3 Дорнод аймаг дахь Сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.01-ний өдрийн 128/ШЗ2023/02443 захирамжаар Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилж, 2023.09.26-ны өдөр №... дүгнэлт гарчээ. Уг дүгнэлтэд “...О ын нас барсан шалтгаан болох тархины баруун тал бөмбөлгийн духны чамархай, баруун ховдол гүүр, уртавтар тархины хэсгүүдийг хамарсан том хэмжээний цус харвалт нь тархины судасны өвчний бүлгийн тархины эдийн цус харвалт болох ердийн өвчний оношид хамаарч байна. О ын цус харвалтын шалтгаан нь артерийн даралт ихсэх өвчин болно. Хүчдэх хөдөлгөөн хийх, хүнд зүйл өргөх нь цус харвалтын эрсдэлт хүчин зүйлд хамаарах буюу нас барсан шалтгаанд нөлөөлнө” гэжээ.

12.4.  Монгол Улсын үндэсний статистикийн хорооны даргын 2019.12.24-ний өдрийн ...тоот тушаалаар батлагдсан хавсралтын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалд: Гэмтсэн эрхтний ангилалд тархи, гавлын мэдрэлийн болон судасны гэсэн 1.1 дэх хэсэг, мөн үйлдвэрлэлийн ослын шалтгаан тооцох аргачлалын 5 дахь хэсэгт хүчилсэн болон хүчтэй хөдөлгөөнд эд зүйл өргөхдөө хүчилсэн, эд зүйл түлхэх, татахдаа хүчилсэн, эд зүйл ачих, буулгахдаа хүчилсэн, хүчтэй хөдөлгөөн гэх мэт хөдөлгөөн хийсний улмаас үйлдвэрлэлийн осол үүсэж болно” гэжээ.

12.5. Дээрх баримтыг харьцуулан үзэхэд талийгаач О ын 2022.07.06-ны өдөр удирдлагын өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилчдад өгөх хонийг малчныхаас авчрахаар явж машинд хонь “хөлдөж” ачиж явцдаа тархинд цус харваж, улмаар төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан үйл баримтыг үйлдвэрлэлийн осол гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ. Иймээс ажил олгогчийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1, 125.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Л д нөхөн төлбөр төлөх үүрэгтэй гэж үзэх бөгөөд хариуцагч байгууллагын зүгээс талийгаач О ын дундаж цалин хөлсийг 36 сараар тооцож гаргасан 45,380,133.14 төгрөгийн тооцооллын талаар  маргаагүй байх тул  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 201/МА2024/00014 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138/ШШ2024/00103 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар хариуцагч Д оос 45,380,133.14 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч Л д олгосугай” гэж,  шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Д оос 384,851 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 394,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД 

                        ШҮҮГЧИД                                               Н.БАТЗОРИГ

                 Н.БАТЧИМЭГ

                                                                                                    Н.БАЯРМАА

                                                                                         Д.ЦОЛМОН