Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1802

 

 

 

 

 

 

 

 

 

 

СББайгууллага нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 104/ШШ2018/00263 дугаар шийдвэртэй

 

НэхэмжлэгчСББайгууллага нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Ат холбогдох

 

Гэрээ цуцалснаас хохиролд 4 390 825 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

НэхэмжлэгчСБшашны байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нинжхорол, өмгөөлөгч Г.Мандахсайхан нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Г.А нь манай хийдийн харьяа “Чандмань-Эрдэнэ” сургуульд 2007 оноос 2014 он хүртэл суралцаж ерөнхий боловсрол эзэмшиж, хийдэд шавилан суудаг байсан. Манай байгууллага Энэтхэг улсын “Гоман дацан”-д үнэ төлбөргүй хүүхэд суралцуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 13 дугаар гэрээ байгуулан анх 4 сурагч явуулсаны нэг нь Г.А юм. Г.Аыг сургахаар 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Гоман дацан”-тай шавь сургах гэрээ байгуулж, 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр түүний сургалтын төлбөрт 162 500 рупитэй тэнцэх хэмжээний 2500 ам.долларыг төлсөн. Ингэхдээ манай хийд гэрээнд заасны дагуу сурагч нарын сургалтын төлбөр, хоол, орон байрны зардлыг хариуцах байсан ч “Гоман дацан” өөрөө орон байр, хоол ундаар хангасан тул манайх хамтын ажиллагаагаа дэмжих зорилгоор 4 379 025 төгрөгийн хандив өгснийг 2016 онд 2 500 ам.доллар болгон “Гоман дацан”-д тушаасан. Ингээд суралцаж байхад нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хийд болон “Чандмань-Эрдэнэ” шашны сургуулийн захиргаа Г.Атай “гадаадад сурагч суралцуулах гэрээ” байгуулж, үүгээр сурагч нь 2 хийдийн болон сургуулийн дотоод дүрэм журмыг сахин хичээнгүй сайн суралцах, ноцтой зөрчил гаргавал суралцах эрхийг нь түдгэлзүүлэх, суралцаж ирээд “Сайн номуун” хийдэд тогтвор суурьшилтай ажиллах, хэрэв тус хийдийн дэмжлэгтэйгээр суралцаж ирээд тогтвортой ажиллахгүй бол суралцах хугацаанд зарцуулсан зардал төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн.

Г.Аыг төгсөөд ирсэний дараа хийдийн их гэсгүй Д.Гансүхийн батлан даалтад ажиллуулсан ба өөрөө ч тогтвортой ажиллахаа батлан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж хурлын ламаар ажилласан. Гэвч лам Г.А нь 2018 оны 02 дугаар сарын эхээр буюу сар шинийн хурлын үеэр ажлаа хаяж явсан. Иймд Г.Ааас 2500 ам.доллар буюу 4 379 025 төгрөг, нотариатын зардалд төлсөн 11 800 төгрөг, нийт 4 390 825 төгрөгийг гаргуулж, хийдийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхдаш тайлбарлахдаа: Г.А Энэтхэг улсын “Гоман дацан” болон “Сайн номуун” хийдийн хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар гэрээний дагуу “Гоман дацан”-д үнэ төлбөргүй 3 жил 3 сар суралцсан. Энэ хугацаанд “Гоман дацан” хоол, байрны мөнгийг дааж, сүсэгтэн олны өргөл, барьцаас гарын мөнгө өгч байсан. ХаринСБшашны байгууллага 2 500 ам.долларыг ямар зорилгоор өгснийг мэдэхгүй. Уг мөнгийг ганц Г.А эсхүл суралцаж байсан 12 монгол сурагчид зарцуулсан нь тодорхойгүй. Г.А Энэтхэг улсаас ирээд Сайн номуун хийдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан боловч дарамт шахалт их, цалин хөлс маш бага сарын 100 000 төгрөгөөр амьдрах хэцүү байсан. Мөн хийд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг Г.Атай нөхөж хийсэн. Энэ гэрээнд 5 000 000 төгрөгийг буцаан төлнө гэсэн ч Г.Аын эцэг, эх “Чандмань-Эрдэнэ” дунд сургуульд тодорхой хэмжээний мөнгө төлдөг байсан. Мөн хөдөлмөрийн гэрээнд дэмжлэг үзүүлж зарцуулсан гэх 8 000 000 төгрөг юу болох нь тодорхойгүй. “Гоман дацан” хийд ямар ч сургалтын төлбөр авч байгаагүй гэдэг албан бичгийг и-мэйлээр явуулсан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй. Гэвч нэхэмжлэгч өөрөө сургалтын төлбөргүй байсан гэдгийг зөвшөөрсөн. Хэрвээ 2016 онд нэг удаа “Гоман дацан”-д өгсөн 2500 ам.долларыг хоол, байранд өгсөн гэж байгаа бол тухайн үед 12 хүүхэд суралцсан тул дан ганц Г.А хариуцах ёсгүй. Мөн “Гоман дацан” уг мөнгийг энд, юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Иймээс нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ааас хөдөлмөрийн харилцааг цуцалснаас учирсан хохирол 4 379 025 төгрөг, нотариатын зардалд төлсөн 11 800 төгрөг нийт 4 390 825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчСББайгууллага нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчСББайгууллага улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 203 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

НэхэмжлэгчСБшашны байгууллага давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэлтэй зөв дүгнээгүй. Хийдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нинжхоролын хариуцлагагүйгээс болж сургалтын төлбөрт тушаасан мөнгийг хандив гэж буруу тайлбарласнаас шүүх маргааныг буруу ойлгосон. Учир нь Сайн номуун хийд, Энэтхэг улсын Гоман дацан нарын хооронд шавь сургах гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээний 4.7-д зааснаар Сайн номуун хийд нь ...суралцагчийн суралцах хугацааны сургалт болон байр хоолны зардлын тодорхой хувийг бүрдүүлэх, төгссөн суралцагчийг ажлын байраар хангах... зэрэг үүрэг хүлээсний дагуу нэг хүүхдэд нэг жилийн 500 ам.доллараар тооцон нийт 5 жил суралцах гэрээтэй учир 2 500 ам.доллар шилжүүлсэн бөгөөд 5 жилээ дуусгалгүй ирэхэд нь хийд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт .... хариуцагч Г.Адьяабазар 3 жилийн турш тогтвортой ажиллах үүргээ биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Сайн номуун хийд" шашны байгууллагад төлөх үүрэг үүссэн. Харин шүүх хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т "гэрээнд заасан үүргээ зөрчсөн... тохиолдолд ... тухайн ажилтантай холбоотой дэмжлэг үзүүлж гаргасан зардал 8 000 000 төгрөгийг... хийдэд нөхөн төлүүлнэ" гэсэн заалтаас дэмжлэг үзүүлж гаргасан 8 000 000 төгрөгт ямар зардал хамаарч байгаа нь тодорхойгүй... талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө гаргасан зардлын талаар тохиролцсон. Иймд 8 000 000 төгрөгийн зардал гэсэн агуулгад нэхэмжлэгчийн шаардаж байгаа Г.Адьяабазарын сургалтанд төлсөн төлбөр хамаарч байна... гэсэн атлаа Энэтхэгийн Гоман дацанд сургалтын төлбөр төлсөнөө нотлох үүрэгтэй гэсэн байна. Хэргийн материалд Энэтхэгийн Гоман дацанд сурагч Г.Аын нэр дээр 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 162 500 рупитэй тэнцэх 2 500 ам.долларыг төлсөн талаарх баримт авагдсан байхад шүүх анхаарч үзээгүй, буруу дүгнэсэн. Хэдийгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч "хандив" гэж хэлсэн боловч нотлох баримт нь сургалтын зардлаар байгаа, мөн хуралд оролцсон өмгөөлөгч “хандив биш, сургалтын төлбөр зардал" шүү гэж хэд хэдэн удаа баримттай тайлбарласныг хүлээн авсангүй. Хариуцагч 8-9 настайгаасаа тус хийдэд шавилан сууж, 15 настайд нь 2 хийдийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу Энэтхэгт сургахаар 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тохирч 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр сургалтын төлбөрийг нь шилжүүлсэн. Бага наснаасаа "Чандмань эрдэнэ" шашны бага сургуульд сурч байхад нь эцэг эхээс нь 50 000-150 000 төгрөгийн сургалтын зардал авч байсан боловч хоол, дотуур байр, тог цахилгаан, багш нарын цалин, бусад зардал зэргийг манай хийд гаргасаар ирсэн.

Хариуцагч Г.Адьяабазар нь манай 2 хийдийн хоорондын гэрээний талаар мэдэхгүй. Бээжин эсхүл Энэтхэгт хүүхэд сургахад хамтран ажиллах гэрээний үндсэн дээр сургадаг ба ямарч тохироо гэрээгүйгээр хүүхэд сургах боломжгүй. Гэвч энэ талаар бага насны хүүхдүүд мэдээгүй учир биднээс сургууль төлбөр аваагүй гэж бодоод шүүхэд тийм тайлбар өгсөн байна. Бид энэ хүүхдийг 10 гаран жил суралцуулахад гаргасан зардлынхаа багахан хэсгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

НэхэмжлэгчСБшашны байгууллага нь хариуцагч Г.Ат холбогдуулан хөдөлмөрийн харилцааг цуцалснаас учирсан хохиролд 4 379 025 төгрөг, нотариатын зардалд төлсөн 11 800 төгрөг, нийт 4 390 825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Энэтхэг улсын “Гоман дацан”-д үнэ төлбөргүй суралцсан тул төлбөрийг хариуцахгүй гэж маргажээ.

Хэрэгт Энэтхэг улсын “Гоман дацан”, Монгол улсын “Сайн номуун хийд”-ийн хооронд 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Шавь сургах гэрээ”, “Чандмань-Эрдэнэ” шашны бүрэн дунд сургууль, “Сайн номуун хийд”, Г.А нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Гадаадад сурагч суралцуулах гэрээ”, зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ тус тус авагдсан байх ба дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус заасан талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бичгээр хийх хэлцлийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх 6-10/

Хариуцагч Д.Адъяабазар нь дээрх гэрээнүүдийн үндсэн дээр 2014-2017 онд Энэтхэг улсын “Гоман дацан”-д суралцсан, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний дагуу “Сайн номуун хийд”-д хурлын ламаар ажиллаж байгаад 2018 оны 02 дугаар сараас ажлаа орхиж явсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг үйл баримтын талаар маргаагүй. /хх 1-2, 41-43/

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг ...үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтад нийцээгүй байна.         

“Сайн номуун хийд”-ийн санхүүд Г.Аын төлбөрт 2 500 ам.доллартай тэнцэх мөнгө болох 4 379 025 төгрөг олгохыг хүссэн өргөдлийг үндэслэн уг мөнгийг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зарлагадсан баримт үйлдэж, “Шавь сургах гэрээ”-ний 4.7 дахь хэсэгт тохиролцсоноорСБнь суралцагчдын суралцах хугацаанд сургалт болон байр, хоолны зардлын тодорхой хувийг бүрдүүлэх үүрэг хүлээсний дагуу нэхэмжлэгч дээрх 2 500 ам.долларыг Г.Аын төлбөрт зориулан Энэтхэг улсын “Гоман дацан”-д 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тушаасан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх 13-17/ 

“Гадаадад сурагч суралцуулах гэрээ”-ний 2.1 дэх заалтандСБшашны байгууллага нь ...суралцагч нь Энэтхэг улсаас хүрэлцэн ирээд тус хийддээ тогтвор суурьшилтай ажиллахгүй бол сургалтын төлбөр болох 5 000 000 төгрөгийг гаргуулан авах эрхтэй”, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 5 дугаар зүйлийн 5.5, 5.6-д “...ажилтан хийдийн зардлаар сургалтанд хамрагдсан бол 3-аас доошгүй жилийн хугацаанд үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай ажиллах үүрэгтэй”, 5.4-д “суралцагч /ажилтан/ гэрээнд заасан үүргээ зөрчсөн...тохиолдолд хийдийн захиргаанаас тухайн ажилтантай /суралцагч/ холбоотой дэмжлэг үзүүлж гаргасан зардал болох 8 000 000 төгрөгийг 100 хүртэл хувиар нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь Г.Аын төлбөрт бодитоор төлсөн 2500 ам.доллар буюу 4 379 025 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Уг мөнгөн хөрөнгийн хэмжээ нь нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн “Гоман дацан”-д суралцагчдын сургалт, байр, хоолны зардлын тодорхой хувийг бүрдүүлэх, суралцагчдад дэмжлэг үзүүлэх үүргийн хүрээнд гаргасан зардалд багтаж буй тул хариуцагчийн “...Энэтхэг улсын “Гоман дацан”-д үнэ төлбөргүй суралцсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилтэй холбоотой өөрт учирсан хохирол болох нотариатын зардалд төлсөн 11 800 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Хариуцагч Г.А нь “Гадаадад сурагч суралцуулах гэрээ”-ний 2.1, хөдөлмөрийн гэрээний 3.5, 5.4-5.6-д тус тус заасныг зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нь “Гоман дацан”-д суралцагчдад дэмжлэг үзүүлэх үүргийн хүрээнд хийдээс гаргасан зардлаа Иргэний хууулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй юм.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 104/ШШ2018/00263 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Ааас гэрээ цуцалснаас хохиролд 4 390 825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчСБшашны байгууллагад олгосугай” гэж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “болгосугай” гэснийг “болгож, хариуцагч Г.Ааас 85 203 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчСБшашны байгууллагад олгосугай” тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчСБшашны байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 203 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

                            ШҮҮГЧИД                                        Ш.ОЮУНХАНД

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН