Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01526

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01526

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 

Хариуцагч: М нийгэмлэгт холбогдох 28 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК нь 2018 оны 9-р сард У-ын Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрт ТТ-4 маркийн тракторыг 38 000 000 төгрөгөөр үнэлж худалдсан. Мод боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Н тракторыг үзээд мэргэжлийн хүмүүс оролцуулсан комисс явуулж шаардлага хангавал авна гэж хэлээд явсан. 2018 оны 9-р сарын 30-нд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй комисс ирээд тракторыг эд анги болгоноор нь шалгаж, тракторыг ажиллах боломжтой гээд Мод боловсруулах үйлдвэрийн уулын бригад руугаа асаагаад аваад явсан. Ингээд гэрээний дагуу 9 600 000 төгрөгийн шилжүүлсэн боловч үлдэгдэл мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй болно. Дээрх ТТ-4 тракторыг авснаас хойш дарга нь солигдоод бид удаа дараа шаардлага тавьж мөнгөө нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгийг өгөөгүй байгаа тул Мод боловсруулах үйлдвэрээс ТТ-4 тракторын үлдэгдэл 28 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У-ын Мод боловсруулах үйлдвэрийн комисс 2018 оны 09-р сарын 30-нд ТТ-4 маркийн тракторыг иргэн Н.Г-ээс акт үйлдэн хүлээж авсан байдаг. Актаар тракторын эд анги бүрийг нэг бүрчлэн үнэлж 38 000 000 төгрөгийн үнэ бүхий ТТ-4 тракторыг хүлээн авсан боловч гэрээ байгуулаагүй байдаг. Мод боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Н нь Т ХХК-аас тракторын сэлбэг нэрээр кробка, туслах кробка, редукторыг 4 800 000 төгрөгөөр худалдан авахаар 2019 оны 12-р сарын 13-ны өдөр ХХГ/18/419 дугаартай гэрээг байгуулж, төлбөрийг 2018 оны 12 сарын 19-ний өдөр ХААН банкны 54 тоот тус компанийн дансанд төлсөн, мөн Ц ХХК-аас ХХГ/19/105 дугаартай ТТ-4 тракторын сэлбэг нэрээр 4 800 000 төгрөгийн гэрээг тус тус байгуулан, төлбөрийг 2019 оны 04-р сарын 23-ны өдрийн 219 дугаар төлбөрийн даалгавраар шилжүүлсэн байдаг. Дээрх гэрээ нь Ц ХХК-с худалдан авсан тракторын төлбөрийг төлөхийн тулд 2 аж ахуйн нэгжтэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан байх ба бодитоор сэлбэг нэмж худалдан аваагүй байдаг. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн байх тул хүчин төгөлдөр бус юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл ТТ-4 тракторыг хүлээлгэн өгөхдөө тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өгөөгүй тул байгууллагын үндсэн хөрөнгөөр бүртгэхэд асуудал үүссэн байдаг. Ц ХХК-ийн худалдсан ТТ-4 трактор нь эрхийн доголдолтой бараа байсан тул хэлцэл, У-ын Мод боловсруулах үйлдвэрийн Ц ХХК-тай байгуулсан ХХ/19/105 гэрээ, Т ХХК-тай байгуулсан ХХГ/18/419 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь М нийгэмлэгт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Ц ХХК нь 2018 оны 9-р сард У-ын Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэртэй ТТ-4 маркийн тракторын сэлбэг, эд ангийг 38 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2018 оны 9-р сарын 30-ны өдөр Тракторын сэлбэг хүлээн авах акт-аар хүлээлгэн /хх 3/ өгчээ.

 

Хэдийгээр энэ актын эх баримт хэрэгт авагдаагүй боловч хүлээн авсан Т.Х, Д.Г, Ц.Ба, Т.Ч М.Э, хүлээлгэн өгсөн Н.Г нарын мэдүүлгээр ...ашиглагдаж байсан ТТ-4 тракторыг шилжүүлж өгсөн, худалдан авагч тракторыг мод бэлтгэхдээ ашиглаж байгаа нь, талуудын тайлбараар тус тус /хх 30-40, 43-44/ байна.

 

Харин шилжүүлж өгсөн ТТ-4 трактор нь улсын дугааргүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй байсан, өөрөөр хэлбэл, эрхийн доголдолтой байсныг худалдан авагч мэдэж байсан, улмаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Зүүн хараа дахь Мод боловсруулах үйлдвэр нь Т ХХК-тай 2019 оны 12-р сарын 13-ны өдөр ХХГ/18/419 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж тракторын кробка, туслах кробка, редуктор-ыг 4 800 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2019 оны 12-р сарын 19-ний өдөр төлбөрийг төлсөн, Ц ХХК-тай 2019 оны 2-р сарын 28-ны өдөр ХХГ/19/105 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж ТТ-4 тракторын сэлбэг худалдан авахаар тохирч, 2019 оны 04-р сарын 23-ны өдөр төлбөрийг төлсөн, Т ХХК-иас 4 800 000 төгрөгийг шилжүүлж авсан нь тус тус баримтаар /хх 59-61, 63-84/ тогтоогдсон, өөрөөр хэлбэл, 9 600 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

У-ын Мод боловсруулах үйлдвэрийн Ц ХХК болон Т ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлгүй, харин хүчин төгөлдөр гэрээний үүргээ худалдан авагч тал биелүүлж төлбөрөө төлжээ.

 

Харин ТТ-4 тракторыг худалдан авсан гэх 38 000 000 төгрөгт кробка, туслах кробка, редукторын үнийг 6 200 000 төгрөгөөр тооцсон боловч /хх 3/ Т ХХК-тай 2019 оны 12-р сарын 13-ны өдөр ХХГ/18/419 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр тракторын кробка, туслах кробка, редуктор-ыг 4 800 000 өөр тохирч үнийг шилжүүлсэн байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үнийг 36 400 000 төгрөгөөр тооцож, төлсөн 9 600 000 төгрөгийг хасч үлдэх 26 800 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М нийгэмлэгээс 26 800 000 /хорин зургаан сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 600 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 750 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М нийгэмлэгээс 291 950 төгрөг гаргуулж Ц ХХК-д олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА