| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/04108/И |
| Дугаар | 102/ШШ2021/01896 |
| Огноо | 2021-08-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/01896
| 2021 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2021/01896 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д овогт Л-ийн У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У нийгэмлэгт /регистр 2076675/ холбогдох илүү цагийн хөлс 8 421 262 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би У нийгэмлэгт 2017 оноос вагон депоны үйлчлэгчээр ажиллаж байна. У нийгэмлэгээс илүү цагийн хөлс, цалингийн зөрүү, шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг тус тус гаргуулж, Хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллах, ажил амралтын горимтой болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж 9 455 932 төгрөг гаргуулахыг хүссэн. Хэрэгт авагдсан баримтуудтай тулгаж үзээд шөнийн цагийн ажлын хөлс нэхэмжилснээ хасаж, илүү цагийн хөлс олгогдоогүй байгаа 8 421 262 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Миний ажлын онцлог байнга томилолтоор ажилладаг бөгөөд 2020 оны 1-р сараас томилолтоор ажилласан. Томилолтын хугацаанд Хөдөлмөрийн хуулийн дагуу 5 хоног 40 цагаар ажиллах байтал би ажлын байран дээрээ 24 цагаар маш урт хугацаагаар ажилласан. Амралтын өдрийн ажлыг ажлын хоногт тооцдоггүй. Хөдөлмөрийн хуулийн дагуу илүү цагийн нэмэгдэл олгогддоггүй байсан. Тухайн асуудлаар удаа дараа удирдлагуудад мэдэгдэж байсан боловч тодорхой хариу өгөөгүй. Ийм учраас шат дараатай хандах газар нь хандаж Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор асуудлаа шийдүүлэхэд миний хохирлыг барагдуулж өгнө гэсэн шийдвэр гарсан. Гэвч тухайн шийдвэр биелэгдээгүй. Иймд 2020 оны 03-р сарын 30-ны өдрөөс 04-р сарын 13-ны өдрийн хооронд хойноос урд чиглэлд томилолтоор ажилласан. Үүнээс 10 хоног нь ажлын өдөр, 4 хоног нь амралтын өдөр байсан. Илүү цаг нь 84 цаг буюу 821 016 төгрөг, 4-р сарын 30-ны өдрөөс 5 сарын 29-ний хооронд Зүүнбаянд томилолтоор байрлаж ажилласан. Ажлын 21, амралтын 8 хоногт нийт 180 илүү цаг ажилласны хөлс 1 843 200 төгрөг, 6-р сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 өдөр томилолтоор ажилласан. Ажлын 2 өдөр илүү 8 цагийн хөлс 90 542 төгрөг, 7-р сарын 01-нээс 08-ны өдөр хүртэл, 7-р сарын 19-нөөс 7-р сарын 30-ны өдөр хүртэл ажлын 20 хоногийн илүү 152 цагийн хөлс 1 634 604 төгрөг, 8-р сарын 01-нээс 12-ны өдөр хүртэл Зүүнбаянд, 8-р сарын 14-нөөс 31-нийг хүртэл гал тэрэгний бригадад хойноос урагшаа явах чиглэлд нийт 224 илүү цагийн хөлс 2 293 760 төгрөг, 9-р сарын 01-нээс 31-ний өдөр хүртэл гал тэрэгний бригадад ажиллахад илүү 184 цагийн хөлснөөс 64 цагийн хөлс олгосон, 120 цагийн хөлс 1 290 240 төгрөг, 11-р сарын 01-нээс 31-ний өдрийг дуустал Зүүнбаян гал тэрэгний бригадад байрлаж ажилласан, 208 цаг илүү ажилласнаас дутуу олгосон 36 цагийн хөлс 48 200 төгрөг нийт 804 цаг илүү ажиллаж 8 421 262 төгрөгийн хөлсөө аваагүй байна. Энэ нь байнгын ажлын байранд томилолтоор ажилласан хөлс юм. Замын даргын тушаалаар 12 цагаар ээлжилж ажиллах ёстой боловч би ээлжгүй ажилласан тул илүү цагийн хөлс 8 421 262 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч 2020 оны 10-р сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ одоо болтол тодорхой болгоогүй байна. Нэхэмжлэлд дурдсан 11 зүйл бүхий шаардлагыг харахаар илүү цагийн хөлс, илүү цагийн зарим хэсгийг биеэр эдлэх, ажил амралын горимтой болох тухай шаардлага гаргасан байдаг. Энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээс хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна. Илүү цагийн хөлс, илүү цагаа биеэр эдлэх эсэх асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комисс шийдвэрлэх маргаан байна. Л.У нь 2020 оны 06-р сарын 15-ны өдөр У-ын дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан бөгөөд комисс 2020 оны 07-р сарын 09-ний өдөр Л.У-ыг байлцуулан хурал хийсэн. Гомдлоор 2020 оны 1-5 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлсний маргааныг шийдвэрлүүлсэн. Шийдвэрээр Л.У-д галлагааны нэмэгдэл хөлс олгогдсон, шөнийн цагаар ажилласны буюу 2020 оны 5-р сар хүртэлх хугацаанд илүү цагаар цагаар ажилласныг нөхөн амарсан, ажлын цагийг үнэн зөв бүртгэх асуудлыг хөдөлмөр зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч нь 2020 оны 10-р сарын 07-ны гардаж авсан байдаг. Шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан 10 хоногийн дотор гомдол гаргах хугацаа хэтэрсэн тул хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 4-12 сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрлэснээс хойшхи асуудлаа мөн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлэх хуулийн заалттай. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.У нь У нийгэмлэгт холбогдох шөнийн болон илүү цагийн хөлс 9 277 590 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллах, ажил, амралтын горимтой болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж илүү цагийн хөлс 8 421 262 төгрөг гаргуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
У нийгэмлэгийн Зам засварын машинт станцын вагоны үйлчлэгч Л.У нь шөнийн болон илүү цагаар ажиллуулсны хөлс гаргуулах, ажил, амралтын горимыг мөрдөн ажиллуулах тухай өргөдлийг 2020 оны 6-р сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж, гомдлыг 2020 оны 07-р сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж 03 тоот шийдвэр /хх 89-95/ гарчээ.
Түүний гомдлын шаардлагаас ажил амралтын горимтой холбоотой шаардлагын хүрээнд хөдөлмөр зохион байгуулалтын асуудлыг сайжруулах үүргийг Зам засварын машинт станцын даргад үүрэг болгосон, Л.У-д галлагааны нэмэгдэл хөлс олгогдсон, шөнийн цагаар ажилласны буюу 2020 оны 05-р сар хүртэлх хугацаанд илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласныг тус тус нөхөн амруулж, биеэр эдлүүлсэн тул тухайн шаардлагатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн, Хөдөлмөрийн маргаан таслах комиссийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
Маргаан таслах комиссын шийдвэрийг Л.У нь 2020 оны 10-р сарын 07-ний өдөр гардаж авсан нь зохигчийн тайлбар, явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрээр /хх 97/ тус тус тогтоогджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127-р зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Маргаан таслах комиссийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг 2020 оны 10-р сарын 17-ны дотор гаргах байжээ.
Нэхэмжлэгч нь 2020 оны 10-р сарын 15-нд ажлаас буусан гэх ба энэ нь гомдлоо гаргахад саад болохгүй, давж заалдах гомдол гаргаагүй байна.
Маргаан таслах комисс Хөдөлмөрийн тухай хуулийн 53, 54, 73-р зүйлд зааснаар маргааныг шийдвэрлэсэн байх ба шүүхэд гаргасан нэхэмжлэлээ энэ хуулийн 53-р зүйлд зааснаар буюу илүү цагийн хөлс гаргуулахаар шаарджээ.
Өөрөөр хэлбэл, 2020 оны 1-р сараас 5-р сар хүртэлх илүү цагийн хөлс буюу 2 664 216 төгрөгийн шаардлагыг Маргаан таслах комисс шийдвэрлэсэн байна.
Л.У нь ажил олгогчтой холбоотой хөдөлмөрийн нөхцөл, ажлын цагийн бүртгэл, илүү цагаар болон шөнийн цагаар ажиллуулсны хөлс олголтын талаар У нийгэмлэгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг эрх бүхий байгууллагат гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн /хх 9-20/ нь Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргахад саад болохгүй.
Нөгөө талаас, 2020 оны 5-р сараас 12-р сар хүртэлх хугацааны 5 757 045 төгрөгийн илүү цагийн хөлс нэхэмжилсэн хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126-р зүйлийн 126.1-д зааснаар шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэх маргаан байна.
Ажил олгогчоос 2020 оны 10-р сард ажилтан Д.У-д илүү цагийн хөлс 1 516 510 төгрөг олгосон /хх 84/, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, ажлын цагийн бүртгэл нь /хх 214-233/ ирц бүртгэлийн дэвтэрт /эх хувиар/ бүртгэгдсэн, өөрөөр хэлбэл, ажилтан гарын үсэг зурж баталгаажуулсан бүртгэлүүд хоорондоо зөрүүгүйг дурьдаж, эдгээр 10 дэвтрийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц ажил олгогчид буцаан олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь 2020 оны 12-р сарын 23-ны өдөр хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан гэх боловч гомдол гаргасан, түүнийг хүлээн авсан, шалгаж байгаа, эсхүл шийдвэрлэсэн нь баримтаар тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 178 342 төгрөг төлсөн байх ба гомдлоор үүсэх хэрэгт хураамж төлөхгүй тул буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 53-р зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан У нийгэмлэгээс илүү цагийн хөлс 8 421 262 төгрөг гаргуулахыг хүссэн Л.У-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Л.У-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 342 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА