| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/157 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/157
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бдаргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч А.Д,
гэрч М.Н, Р.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, С.Н, Б.Д /цахимаар/
шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Хс н овогтой Мийн Алд холбогдох 2313003800370 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн ........ ажилтай, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х Н ургийн овогтой Мийн А, регистрийн дугаар ,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь тус аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.С нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсны улмаас гарсан сул орон тоонд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамжаар төрийн улс төрийн албанаас чөлөөлөгдөж ажилгүй байсан А.Нийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 5536267 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх 2023 оны 9 дүгээр сард Авлигатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авсан. Би тухайн үед Нийг ажилд томилоогүй байсан ба Авлигатай тэмцэх газраас надад дахиж ийм шийдвэр гаргаж болохгүй гэдгийг хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газраас намайг яаралтай хүрээд ирээрэй гэж утасдаад хэлсэн. Тухайн үед би юу ч мэдээгүй. Надад та зураг авхуулж өмгөөлөгчийн хамт ирээрэй гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад надад “та яллагдагчаар” татагдсан гэж хэлэхэд би шоконд орсон. Тухайн үед өмгөөлөгч олдохгүй байхаар нь Х.Бакен өмгөөлөгчид залгаж болсон зүйлийг тайлбарлаж өгч дуудсан. Төрийн ажлыг тасралтгүй явуулах зорилготой байсан ба тухайн хүнийг ажилд томилсон маань миний буруу. Сумд төр захиргааны ажилтан тамгын газарт л байдаг. Сургууль, цэцэрлэгт захиргааны албан тушаалтан байхгүй. “Хөх сэрхийн” тусгай хамгаалалттай гэх тусгай байгууллагад ажилладаг Етэй уулзаж байсан. Энэ талаар урьд нь мэдүүлэг өгөхдөө хэлэх боломж байгаагүй. Тухайн үед сандарсан байсан. А нь Тамгын газарт төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. А нь 5-6 жил ажилласан болохоор санал тавьсан. Хэрэв А ажиллахгүй гэж хэлээгүй бол би Нийг ажилд авна гэж бодоогүй. Тамгын газрын бүх ажилчдад зар тавьж, санал тавих үед би ажиллая гэж хэлсэн хүн байгаагүй. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд санал тавьж сэлгэнээр ажиллах хүн байгаа талаар тодруулахад надад сэлгэнээр ажиллах хүн санал болгоогүй. Төрийн албанд 20 жил ажиллахдаа бусдад давуу байдал бий болгож, төрийн мөнгийг дутааж, авлига, албан тушаалын хэрэг бусад зөрчилд холбогдож байгаагүй. Өөрийнхөө чадлаараа хувийн бизнесээ хийгээд явдаг байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсанд маш их харамсаж байна. Өөртөө ямар нэгэн байдлаар ашиг олох зорилгоор хийгээгүй. Цагаатгаж өгөхийг хүсэж байна...” гэв.
2. 2313003800370 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар түр томилогдсон. Би жинхэнэ албан тушаалтан биш сонгон шалгаруулалт зарлаж тус албан тушаалд хүн томилогдох хүртэл түр ажиллаж байгаа. Би эрүүгийн хуульд заасан хуурамч баримт бичиг ашигласан гээд 800,000 төгрөгөөр торгох ялаар 2022 оны 05 дугаар сард шийтгүүлсэн. Тус орон тоонд аймгийн Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж А гэж хүн сонгон шалгаруулалтад тэнцэж Авлигатай тэмцэх газарт материал хүргүүлсэн гэсэн. Тэгээд тэр хүн жинхэлж томилогдоод миний бие чөлөөлөгдөх болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
2.2. Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нь Төрийн захиргааны ахлах түшмэл буюу ТЗ-5 гэсэн ангилал зэрэгт хамаардаг. Төрийн захиргааны ахлах түшмэл учраас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэсэн үндсэн шалгуурыг хангасан байх ёстой. Мөн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, боловсролын тусгай шаардлагыг хангасан байх ёстойг шаарддаг. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалтан нас барсан энэ тохиолд тухайн албан тушаалыг сул орон тоо үүссэн гэж үзнэ.Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.10 дахь хэсэгт албан хаагч нас барсан бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэл болдог. Төрийн албаны тухайн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар түр орлон гүйцэтгүүлэх шийдвэрийг томилох эрх бүхий албан тушаалтан буюу сумын ИТХ-ын дарга, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаж түр орлон гүйцэтгүүлэх шийдвэр гаргана. Уг хуулийн 43.3.3 дахь хэсэгт зааснаар чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлнэ. Хурлын ажлын албанд хурлын мэргэжилтэн гэсэн орон тоог 2021.12.14-ний өдрийн Засгийн газрын 376 дугаар тогтоолын дагуу хурлын ажлын албаны мэргэжилтэн гэсэн төрийн захиргааны дэс түшмэлийн ТЗ-9 ангилал зэрэглэлийн шинэ орон тоо бий болгосон. Тэгэхээр энэ мэргэжилтэн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр хавсарч гүйцэтгэж болно. Хэрвээ хурлын ажлын албаны мэргэжилтэн байхгүй бол бусад байгууллагуудтай тохиролцож, төрийн захиргааны албан хаагчаар тухайн орон тоог сул орон тоог нөхөгдөх хүртэлх хугацаанд хавсарна гүйцэтгүүлж болно. Би дээр хэлснээр Хурлын ажлын албанд хурлын мэргэжилтэн гэсэн орон тоог 2021.12.14-ний өдрийн Засгийн газрын 376 дугаар тогтоолын дагуу хурлын ажлын албаны мэргэжилтэн гэсэн төрийн захиргааны дэс түшмэлийн ТЗ-9 ангилал зэрэглэлийн шинэ орон тоо бий болгосон. Тэгэхээр энэ мэргэжилтэн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр хавсарч гүйцэтгэж болно. Хэрвээ хурлын ажлын албаны мэргэжилтэн байхгүй бол бусад байгууллагуудтай тохиролцож, төрийн захиргааны албан хаагчаар сул орон тоог нөхөгдөх хүртэлх хугацаанд хавсран гүйцэтгүүлж болно. Харин гаднаас ажилгүй байсан иргэнийг тус албанд сонгон шалгаруулалтгүйгээр түр томилсныг Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хууль бус томилгоо гэж үзнэ...
...Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд ажилгүй боловч төрийн албаны шалгалт өгч нөөцөд орсон иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулсан байгаа юм шиг байна. Төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд байгаа ажилгүй иргэнийг тусгай шалгалтгүйгээр албан тушаалд томилох боломжгүй. Төрийн албаны тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төрийн албаны шалгалтыг ерөнхий болон тусгай шалгалт гэсэн 2 төрөлтэй байхаар заасан.
Ерөнхий шалгалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой. Тусгай шалгалт буюу тухайн албан тушаалын шалгалт нь албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагуудыг хангасан, ерөнхий шалгалтын нөөцөд байгаа иргэний өгөх шалгалтыг хэлнэ. Тиймээс нөөцөд байгаа ажилгүй иргэн нь заавал тусгай шалгалт өгч байж тухайн албан тушаалд томилогдоно. Төрийн захиргааны албан тушаалд томилогдсон төрийн жинхэнэ алба хаагч гэдэг нь ерөнхий болон тусгай шалгалтаа өгч, жинхлэн томилогдсон албан хаагчийг хэлнэ. Тэр утгаараа төрийн захиргааны сул орон тоог төрийн захиргааны алба хаагч орлон хавсарч хийж болно. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгээр зохицуулагддаг юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-41 дэх тал),
2.3. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Аийн 2023 олны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай А.Нийг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд түр томилох тухай захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 52 дахь тал),
2.4. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/13506 дугаартай иргэн А.Нийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан албан бичиг (хавтаст хэргийн 53 дахь тал),
2.6. Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/26 дугаартай “...Тус сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.С нь нас барсан учир уг ажлын байрны орон тоо сул болсон юм. Иймд зохих хууль журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж өгнө үү” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 54 дэх тал),
2.7. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/31 дугаартай, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/24 дугаартай албан бичгүүд (хавтаст хэргийн 53, 57 дахь тал),
2.8. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол”-ын хуулбар (хавтаст хэргийн 67 дахь тал),
2.9. Нас барсны бүртгэлийн “С С нас барсан он, сар, өдөр 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр...” гэсэн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал),
2.10. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 81-85 дахь тал),
2.11. Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай Мийн Аийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгож баталсан тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 86-87 дахь тал),
2.12. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай А.Нийг ажлаас чөлөөлсөн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 88 дахь тал),
2.13. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 531 дугаартай албан бичиг, А.Нийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 90-91 дэх тал),
2.14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга бол төрийн захиргааны албан тушаал бөгөөд яг энэ орон тоо сул байгаа бол заавал тусгай шалгалт зарласны үндсэн дээр шалгарсан хүнийг томилох ёстой. Төрийн жинхэнэ албаны сул орон тоонд адил болон тухайн албан тушаалд хамгийн ойр албан тушаалын хүнээр хавсран гүйцэтгүүлэх ёстой. Надад танилцуулсан хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоолоос харахад сул орон тоонд шууд түр орлон гүйцэтгэгч томилсон гэж ойлгогдохоор байна.Тэгэхээр энэ бол буруу юм. ...Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийг аймгаас батлаад сумдад хуваарилдаг. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Бусдад давуу байдал олгосон гэж байгаа бол түүнийг хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Таны тогтоолоос харахад 5,536,267 төгрөгийн хохирол учирсан гэж байна. Хэрэв М.А нь А.Нийг хууль бусаар томилсон болох нь шүүхийн байгууллагаар тогтоогдвол энэ мөнгийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөвт буцаан төвлөрүүлэх шаардлагатай гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дахь тал),
2.15. Гэрч М.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нь Төрийн захиргааны ахлах түшмэлийн ТЗ-5 ангилалд хамаардаг. Ахлах түшмэлийн ангилалд бол төрийн албанд 6 жил үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3 жил ажилласан байх шаардлагатай гэж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан байгаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нь нас барсан тохиолдолд дараагийн хүн томилогдох хүртэл түүний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болохгүй, энэ тохиолдолд заавал хавсран гүйцэтгүүлэх ёстой. Энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 42.1-д заасан "Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно" гэж заасан. Тэгэхээр энэ нь хавсран гүйцэтгүүлнэ л гэсэн үг юм. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Санатбек 2023 оны 06 дугаар сард нас барж түүний дараагаар 2023 оны 08 дугаар сарын 16-ны 01/26 дугаартай тоотоор сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулж өгөх захиалга ирүүлж байсан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхдээ Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байсан Нийг түр ажиллуулсан нь үндэслэлгүй. Энэ албан тушаалд зөвхөн төрийн захиргааны хамгийн ойр албан тушаалын хүнээр сонгон шалгаруулалтаар шалгаруулах хүртэл аль нэг хүнээр хавсруулж болох байсан. Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгэх албан тушаалтан байлгүй яах вэ хамгийн ойр гэвэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтэн байсан. Тэр хүн нь байхгүй тохиолдолд сумын Засаг даргын тамгын газрын төрийн захиргааны олон албан тушаалтан байгаа. Түүнээс Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт А, С нараас өөр олон хүн байгаа. Аын хувьд мөн л Нийн адил төрийн захиргааны албан тушаалтан байгаагүй. Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн нөөцөд байсан хүн байгаа юм. А нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрийн сангийн мэргэжилтний тусгай шалгалтад тэнцэж төрийн захиргааны жинхэнэ албан тушаалтан болсон байгаа. Тэгэхээр Аыг Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгүүлж болохгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123 дахь тал),
2.16. Яллагдагч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 06 дугаар сард Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Санатбек нас барсан. Ингээд 2023 оны 07 дугаар сард багийн Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгч нарт урамшуулал олгох шаардлага гарч төсвийн шууд захирагч буюу Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргыг томилох шаардлага гарсан. Нарийн бичгийн дарга төсвийг шууд захирах эрхтэй. Ингээд А гэдэг хүнийг 2023 оны 07 дугаар сард санал тавьж зөвшөөрсний дагуу Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Аыг хавсран гүйцэтгүүлж байтал А “би танай ажлыг хийж чадахгүй” гэсэн. Мөн дээрээс нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Аыг хавсран гүйцэтгүүлсэн нь үндэслэлгүй байна чөлөөл гэсний дагуу чөлөөлсөн. Тухайн үед би Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтнээр хавсруулж болох байсан боловч тэр хүн жирэмсний амралт аваад явчихсан байсан. Ингээд сумын хурлын байгууллага надаас өөр хүнгүй болсон. Би 2023 онд ээлжийн амралт аваагүй учраас ээлжийн амралт авах шаардлага гарч би 3 өрөөгөө түгжээд явахаар болсон. Тэгээд би сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Сд санал тавьсан боловч “манайд санхүү төрийн сангийн дарга байхгүй, би түүнийг хавсарч байгаа болохоор хийж чадахгүй” гэсэн. Тэгэхээр нь би Засаг даргын тамгын газрын үүдэнд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлыг хавсрах хүн хайж байна гээд бичсэн. Тэгтэл Н хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байсан Нийг томилсон. Томилохдоо “та шалгалт өгсөн үү гэхэд би төрийн албаны ерөнхий шалгалт бол өгсөн” гэж хэлсэн. Мөн өмнө нь засаг даргаар ажиллаж байсан болохоор би томилоод аймгийн Төрийн албаны зөвлөлд тусгай шалгалт явуулж өгөх албан бичиг хүргүүлсэн. Мөн сэлгэн ажиллах хүн байвал олж өгөхийг хүссэн боловч надад хүн ирүүлээгүй. Ингээд 2023 оны 09 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын тусгай шалгалт зарлагдаж Д.А гэдэг залуу шалгалтад тэнцэж одоо ажиллаж байна. Би Нийг хууль бусаар томилсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Нийг хууль бусаар томилсны улмаас учирсан хохирлыг төлөхөд бэлэн байна. Би ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Би уг нь өөртөө бага алдаа хийлээ гэж бодож байсан хэдий ч та эхлээд тогтоолтой танилцуулсны дараа өмгөөлөгч сонгох хугацаанд хууль харлаа, үнэхээр миний буруу байсан байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал),
2.17. Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт яллагдагч М.Аийн гаргасан хүсэлт, хүсэлтдээ хавсаргасан Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар,
-Удирдлагын академийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 08/295 дугаартай “Ахаан овогтой Н нь Удирдлагын академийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/502 тоот тушаалаар Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад элсэн суралцаж байна. А.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл суралцах тул уг тодорхойлолт энэ хугацаанд хүчинтэй болно.” гэсэн албан бичиг, төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас, Төрийн албаны зөвлөлийн Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцсон маягтын хуулбар,
-Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Аманкелд, тус сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн А.С, Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтан С.Н нарын тодорхойлолт,
-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5 дугаартай С.Нг мөн өдрөөс эхлэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтнээр томилсон тушаалын хуулбар,
-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд түр хугацаагаар хавсран гүйцэтгүүлэх тухай зарлал,
-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай А.Нийг ажлаас чөлөөлсөн захирамжийн хуулбар,
-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаартай иргэн Д.Аыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар томилсон захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 147-163 дахь тал),
2.18. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалыг Р.Ааар түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар,
-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02/04 дугаартай С.Сэд холбогдох ажлын хэсгийн дүгнэлт, холбогдох баримт бичгийг хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Р.Аын ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаартай С.Нг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтнээр томилсон тушаалын хуулбар, эмнэлгийн магадалгаа, Т.Бахбергений төрсний гэрчилгээний хуулбар,
-Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/2295 дугаартай тайлбар, баримт ирүүлэх тухай албан бичгийн хуулбар,
-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаартай Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог баталсан тушаалын хуулбар, хавсралтын хамт зэрэг нотлох баримтууд болно.
3. Хэргийн үйл баримтын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан шинжлэн судалж, үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
3.2. Шүүгдэгч М.А нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдож, мөн өдрөөс эхлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллажээ. (хавтаст хэргийн 87 дахь тал),
3.3. Хэрэгт цугларсан нас барсны бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), гэрч А.Н, яллагдагч М.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал), гэрч Р.Аын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.С 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барснаар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тоо гарч, улмаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А нь 2023 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай захирамжаар мөн өдрөөс эхлэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэгчээр тус сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Р.Аыг томилжээ.
Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Р.А нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй гэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түүнийг чөлөөлсөн болох нь гэрч М.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ Р.А нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн мэргэжилтний тусгай шалгалтад тэнцэж төрийн захиргааны жинхэнэ албан тушаалтан болсон байгаа. Тэгэхээр Аыг Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгүүлж болохгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123 дахь тал), яллагдагч М.Аийн “Аыг хавсран гүйцэтгүүлж байтал А “би танай ажлыг хийж чадахгүй” гэсэн, мөн дээрээс нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Аыг хавсран гүйцэтгүүлсэн нь үндэслэлгүй байна, чөлөөл гэсний дагуу чөлөөлсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал), Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.4. Гэрч А.Нийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар түр томилогдсон. Би жинхэнэ албан тушаалтан биш, сонгон шалгаруулалт зарлаж тус албан тушаалд хүн томилогдох хүртэл түр ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), яллагдагч М.Аийн “...Тухайн үед би Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтнээр хавсруулж болох байсан боловч тэр хүн жирэмсний амралт аваад явчихсан байсан. Ингээд сумын хурлын байгууллага надаас өөр хүнгүй болсон. Би 2023 онд ээлжийн амралт аваагүй учраас ээлжийн амралт авах шаардлага гарч би 3 өрөөгөө түгжээд явахаар болсон. Тэгээд би сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Сд санал тавьсан боловч “манайд санхүү төрийн сангийн дарга байхгүй байна би түүнийг хавсарч байгаа болохоор хийж чадахгүй” гэсэн. Тэгэхээр нь би Засаг даргын тамгын газрын үүдэнд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлыг хавсрах хүн хайж байна гээд бичсэн. Тэгтэл Н хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Дэлүүн сумын засаг даргаар ажиллаж байсан Нийг томилсон. Томилохдоо “та шалгалт өгсөн үү гэхэд би төрийн албаны ерөнхий шалгалт бол өгсөн” гэж хэлсэн. Мөн өмнө нь засаг даргаар ажиллаж байсан болохоор би томилоод аймгийн Төрийн албаны зөвлөлд тусгай шалгалт явуулж өгөх албан бичиг хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал) зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаж, сул орон тоо нөхөгдөх хүртэл тус сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Нээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх зорилгоор түүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулах албан бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байх бөгөөд Авлигатай тэмцэх газраас 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/13506 дугаартай иргэн А.Нийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан албан бичгийг Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлснээр (хавтаст хэргийн 53 дахь тал) шүүгдэгч М.А нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамжаар мөн өдрөөс эхлэн А.Нийг сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаж, нөхөгдөх хүртэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. (хавтаст хэргийн 52 дахь тал),
3.5. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А нь иргэн А.Нийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоосоо өмнө буюу 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж өгөхийг хүссэн албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлснээр (хавтаст хэргийн 54 дэх тал), Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах сонгон шалгаруулалтыг зарласан байна.
3.6. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад иргэн Д.А тэнссэнээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/31 дугаартай албан бичгээр (хавтаст хэргийн 56 дахь тал), иргэн Д.Аы хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай захирамжаар Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.Нийг чөлөөлж (хавтаст хэргийн 88 дахь тал), мөн өдрийн 08 дугаартай захирамжаар иргэн Д.Аыг Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилжээ. (хавтаст хэргийн 147-163 дахь тал),
3.7. Ийнхүү Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Аийн захирамжаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон иргэн А.Н нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс сул орон тоо нөхөгдөх хүртэл буюу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж, ажилласан хугацаандаа 5536267 төгрөгийн цалин, хөлс авсан үйл баримт хэрэгт цугларсан гэрч А.Н, яллагдагч М.А нарын мэдүүлэг, иргэн А.Нийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 90-91 дэх тал), Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаартай захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
3.8. Шүүгдэгч М.А, гэрч М.Н нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хурлын дарга, хурлын ажлын албаны дарга буюу нарийн бичгийн дарга, ажлын албаны мэргэжилтэн гэсэн батлагдсан 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.С нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5 дугаартай тушаалаар иргэн С.Нг мөн өдрөөс эхлэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтнээр томилж, (хавтаст хэргийн 159 дэх тал) улмаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэж байсан Р.А 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаартай тушаалаар С.Нег 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтнээр жинхлэн томилсон байх бөгөөд хурлын ажлын албаны мэргэжилтнээр томилогдсон С.Не нь албан үүргээ гүйцэтгэж байгаад жирэмсний болон амаржсаны амралт авч 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр амаржсан болох нь яллагдагч М.Аийн мэдүүлэг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын тушаалууд, Т.Бий төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
3.9. Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон А.Н нь урьд нь тус сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ. (хавтаст хэргийн 81-85 дахь тал),
Хэдийгээр иргэн А.Н нь шүүхээс гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн боловч Удирдлагын академийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 08/295 дугаартай албан бичиг, төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас, Төрийн албаны зөвлөлийн төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох тухай 2023 оны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн маягтын хуулбар (хавтаст хэргийн 150-153 дахь тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тэрээр төрийн албаны ерөнхий шалгалтыг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өгч тэнцсэн, Удирдлагын академийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/502 тоот тушаалаар төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад элсэн суралцаж байгаа,Төрийн албаны зөвлөлөөс түүний төрийн албанд ажилласан хугацааг 7 жил 9 сар 24 хоногоор, төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилалд 4 жил 11 сар 4 хоног ажилласнаар дүйцүүлэн тооцож байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдохоос гадна гэрч М.Нын /Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “А.Нийг хуульд заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзсэн, тэрээр Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалын сул орон тоонд зарлагдсан тусгай шалгалтад эхний байрт орсон, мөн дахин зарлагдсан Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалын сул орон тоонд 2 дугаар байранд орсон” гэх агуулгатай мэдүүлгээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул оронд тоонд зарлагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцэж байжээ.
3.10. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь Баян-Өлгий Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж байхдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд буюу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн А.Нийг томилсон, түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон А.Н нь сул орон тоо нөхөгдөх хүртэл хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж, 5536267 төгрөгийн цалин, хөлс авсан зэрэг нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.
4. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлын талаар:
4.1. Шүүгдэгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд улсын яллагчаас “шүүгдэгч М.А нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг зөрчиж А.Нийг Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж А.Нэд давуу байдал бий болгож улсын төсөвт 5536267 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн агуулгатай, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “шүүгдэгчийн үйлдэл нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зөрчилд хамаарна, гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргаж талууд мэтгэлцсэн болно.
4.2. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Харин Үндсэн хуульд баталгаажуулсан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.Аээс гэрчээр авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн нотлох баримт гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд Дэлүүн сумын Засаг даргын тамгын газрын дарга С.А, тус сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн А.С, Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтан С.Н нарын бичсэн гэх тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд түр хугацаагаар хавсран гүйцэтгүүлэх тухай зарлал зэрэг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн баримтуудыг хэрэг хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
4.3. Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 3 дугаар зүйлийн 3.1.4-т "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” ойлгоно гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 52.1.6-д хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх” гэж тус тус хуульчилсан.
4.4. Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалыг эрхэлж байсан С.С нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон тул түүний эрхэл байсан албан тушаалын орон тоо суларсан буюу сул орон тоо гарсан гэж үзэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар сул орон тоо гарсан талаар томилох эрх бүхий албан тушаалтан, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А нь сул орон тоо гарсан өдрөөс хойш сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан байхад тэрээр хуульд заасан хугацааг хэтрүүлж 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлжээ.
4.5. Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно”, 42.1.10-д “албан хаагч нас барсан” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана.”, 43.2 дахь хэсэгт “Түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол зарим бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана.” гэж тус тус зааж, 43.3 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмыг хуульчилж, 43.6 дахь хэсэгт хууль заасан журмыг зөрчиж төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглосон байна.
4.6. Гэтэл Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А нь Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын буюу төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу түр орлон гүйцэтгүүлэхдээ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн 43.3.3-т заасан “энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх” гэснийг зөрчиж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд хамгийн ойр хамааралтай албан хаагч болох хурлын ажлын албаны мэргэжилтэн С.Наар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх байтал сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Р.А, иргэн А.Н нарыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмыг зөрчсөн байна.
4.7. Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 30.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно”, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 32.2 дахь хэсэгт “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ”, 32.6 дахь хэсэгт “Улс төрийн албан тушаалтан энэ хуулийн 31.2, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд энэ нь тухайн этгээдийг огцруулах үндэслэл болно”, 32.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 32.1, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд тухайн эрх бүхий этгээдийг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, зөрчлийг тогтоох, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, хариуцлага тооцуулахаар мэдэгдэл хүргүүлэх зэрэг нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар хуульчилжээ.
4.8. Шүүгдэгч М.Аийн иргэн А.Нийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон асуудалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийхээр холбогдох, баримт, тайлбарыг авч байсан нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/2295 дугаартай албан бичиг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна. Гэрч М.Нын /Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбарын нарийн бичгийн дарга/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “иргэн А.Нийг түр орлон гүйцэтгэгчээр томилсонтой холбогдуулан хэн нэгнээс салбар зөвлөлд гомдол гаргаж байгаагүй” гэх агуулгатай мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хяналт шалгалтын мөрөөр Төрийн албаны зөвлөлөөс зөрчлийг тогтоосон, М.Ад зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгсөн, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн болон Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр иргэн А.Нийг томилсны улмаас түр орлон гүйцэтгэгчээр томилогдох ёстой байсан миний эрх ашиг зөрчигдсөн гэж хэн төрийн албан хаагчаас гомдол гаргаж байсан нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
4.9. Иргэн А.Н нь Дэлүүн сумын Засаг даргын албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдэж албан тушаалаасаа огцорсон хэдий ч түүний үйлдсэн хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг нь Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.3-т заасан “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэсэн заалтад хамаарахгүй бөгөөд тэрээр төрийн албаны ерөнхий шалгалтыг өгч, тэнцсэн, төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад элсэн суралцаж байгаа, төрийн албанд 7 жил 9 сар 24 хоног ажилласан, түүний улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилалд 4 жил 11 сар 4 хоног ажилласнаар дүйцүүлэн тооцсон зэргээс үзэхэд түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг хангагүй гэж үзэхээргүй байгаа ба гэрч М.Нын мэдүүлгээр иргэн А.Нийг /2024 онд/ Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг хангасан гэж Ногооннуур, Дэлүүн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэж байсан нь тогтоогдож байх тул шүүхээс ял шийтгүүлсэн, төрийн албанд ажиллах ёсгүй хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзлээ.
4.10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар төрийн улс төрийн албан хаагч буюу Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Аийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар иргэн А.Нийг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, сул орон тоо нөхөгдөх хүртэл буюу 2 сар 16 хоногийн хугацаагаар /2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл/ ажиллуулсан нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчийг Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлэхгүй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн 43.3.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмыг зөрчсөн буюу Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно.” гэх хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосныг болон мөн зүйлийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” 39.1.3-д заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”-ыг хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд хамаарч байна.
4.11. Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж, Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлүүдэд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан.
4.12. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилжээ.
4.13. Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаарах бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, албаны эрх нөлөө зэргийг хамааруулдаг байна.
4.14. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос аутентик тайлбар хийсэн бол Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж “энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор хуульчилсан.
4.15. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн яллах талын нотлох баримтаар шинжлэн судлуулсан, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, үнэлэхэд шүүгдэгч М.А иргэн А.Н нар нь нэг намын гишүүн, төрөл, садны холбоотой гэх мэт ашиг сонирхлын зөрчилтэй, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор, ажилдаа хувийн сонирхлоор хандаж иргэн А.Нийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, эдийн засгийн давуу байдал бий болгох гэсэн санаа, сэдэлт агуулсан байсан нь тус тус нотлогдон, тогтоогдохгүй байна.
4.16. Дээрх хууль тогтоом, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж, хурлын ажлын албаны хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд сул орон тоо нөхөгдөх хүртэл 2 сар 16 хоногийн хугацаагаар иргэн А.Нийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан шүүгдэгчийн үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжгүй, харин төрийн улс төрийн албан тушаалыг эрхэлж байхдаа төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлэхгүй, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг зөрчсөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах зөрчилд хамаарна гэж шүүх дүгнэлээ.
4.18. Шүүхээс М.Аийг цагаатгасан үндэслэлүүд түүнд сахилгын шийтгэл ногдуулахад саад болохгүй бөгөөд эрх бүхий этгээдээс түүнд Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл оногдуулах эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
4.19. Цагаатгагдсан этгээд М.А нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.
4.20. Шүүх М.Аийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аы нэхэмжилсэн 5536267 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
4.21. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй, цагаатгагдсан этгээд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирол учирсан гэж үзвэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Н ургийн овогтой Мийн Алд холбогдох 2313003800370 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, М.Аийг цагаатгасугай.
2. Цагаатгагдсан этгээд М.А нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 5536267 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
4. Цагаатгагдсан этгээд М.А нь хохирол, төлбөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан хүн, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б