| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01751/И |
| Дугаар | 102/шш2021/01976 |
| Огноо | 2021-08-18 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 102/шш2021/01976
| 2021 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2021/01976 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д овогт Б-ийн О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2381 дугаартай шийдвэрээр Мщ ХК-ийн хувьцаа эзэмшигч Б.О, Б.С нараас 220 804 617 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар зээлийн төлбөрөөс 25 сая төлсөн боловч зах зээлийн нөхцөл байдлаас болж үйл ажиллагаа зогсож хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрсэн. Ингээд төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдэж эхэлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Файн эстимент ХХК-ийг шинжээчээр томилж барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Үнэлгээчин н.Цолмонгэрэл барьцаа хөрөнгийг газар нь очиж үзэж шалгаагүй байж үнэлгээг тогтоосон тул төлбөр төлөгчийн зүгээс эс зөвшөөрч шүүхэд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/00829 дугаартай шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай, 18 дугаар барилгын 5 давхарт байрлах 191 м.квадрат офисын зориулалттай барилгыг 840,000,000 төгрөгөөр үнэлсэн Файн эстимент ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчин төгөлдөр болсон. Үнэлгээг хүчингүй болгосон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилж үнэлгээ хийх ажиллагааг дахин эхнээс нь явуулах ёстой байсан. Зээлийн барьцаанд барьцаалсан Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай, 18 дугаар барилгын 5 давхарт байрлах 191 м.квадрат оффисын зориулалттай барилгыг Мөнх оргил трейд ХХК нь 1,004,325,800 төгрөгөөр үнэлсэн тухай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар барьцаалсан хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлэх ёстой. Зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө нь хотын А бүсэд төв зам дагуу байршилтай, төвийн шугамд холбогдсон, чанартай тул зах зээлийн үнэлгээ нь одоо ч гэсэн өндөр байгаа. Тус барилгын 1, 2, 3, 7 давхар нь 1,500,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлөгч нарт мэдэгдээгүй, үнийн санал аваагүйгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоолгох боломжгүй юм. Иймд Мөнх оргил трейд ХХК-ийн барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол гэр хужирт ХХК-ийн захирал Б.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2381 дугаартай шийдвэрээр М ХХК, Б.О, Б.С нараас 220,804,617 төгрөгийг гаргуулж Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр эхлүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийн дагуу барьцаалсан Х.О-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай, 18 дугаар барилгын 5 давхарт байрлах 191 м.квадрат үл хөдлөх хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжилж хураах ажиллагааг хийж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр Файн эстимент ХХК-ийг томилж 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мөн шинжээч томилох тогтоол гарган тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 840,000,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгдэх ажиллагааг хийсэн байдаг. Файн эстимент ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгч Б.О нь эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Ингээд тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 829 дугаартай шийдвэрээр Файн эстимент ХХК-ийн 840,000,000 үнэлгээг хүчингүй болгосон. Манай байгууллагаас үнэлгээний 5 компанийг тойргийн хэлбэрээр томилсон ба үнэлгээчин н.Цолмонгэрэл нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь байхгүй түлхүүрээ авч ирээгүй гэхэд нь дээд болон доод талын давхартай дүйцүүлж үнэлгээ хийсэн. Бодит байдлаар орж үзээгүй, шинжлээгүй гэх үндэслэлээр шүүхээс хүчингүй болгосон. Харин шүүхээс бүхэлд нь хэргийг хянасан учир шинжээч томилсон ажиллагаанд ямар нэг алдаа гараагүй гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч төлбөр төлөгч талаас үнийн санал аваагүй гэлээ. Шүүхээс үнэлгээг хүчингүй болгосон тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Мөнх оргил трейд ХХК-ийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тогтоол гарган дахин шинжээчээр томилж барьцааны үл хөдлөх хөрөнгийг 1,004,325,800 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг талуудад хуульд заасан хугацаанд мэдэгдсэн байгаа. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9-р сарын 12-ны өдрийн 2381 дугаартай шийдвэрээр М ХХК, Б.О, Б.С нараас 220 804 617 төгрөг гаргуулж Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Х.Оюунцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай, 18 дугаар барилгын 5 давхарт байрлах 191 м.квадрат үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар /хх 20, 21/ шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх ба хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байна.
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11-р сарын 20-ны өдрийн 14886 тоот албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцааны зүйл болох Х.О-ийн өмчлөлийн, өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай, 18 дугаар барилгын 5 давхарт байрлах 191 м.квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн, улмаар төлбөр төлөгч нарт үнийн саналаа ирүүлэхийг /хх 25, 29-30/ мэдэгджээ.
Төлбөр төлөгч нар болон өмчлөгч Х.О нар нь үл хөдлөх эд хөрөнгөө 1 500 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн /хх 31-34/, төлбөр авагч нь үнийн саналыг зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлт /хх 35/ гаргажээ.
Шинжээч Файн эстимент ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 840 000 000 төгрөгөөр тогтоосон дүгнэлтийг төлбөр төлөгч эс зөвшөөрсөн байх ба тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 829 дугаартай шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон, шийдвэр хүчин төгөлдөр /хх 8-9, 40-41/ байна.
Харин шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05-р сарын 13-ны өдрийн 5/65 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр /хх 42/ томилжээ.
Шинжээч 2021 оны 05-р сарын 24-ний өдрийн дүгнэлтээр тухайн хөрөнгийг 1. 004.8 мянган төгрөгөөр үнэлэхдээ /хх 48-76/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хэрэглэн, Үнэгүй.мн сайтын үнэтэй харьцуулан жишиж стандартын дагуу үнэлсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...зах зээлийн үнээр 1 тэрбум 500 сая төгрөгөөр зарагдсан, ийм үнэтэй, төлбөр авагчаас үнийн санал аваагүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж тодорхойлсон боловч тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь үнийн санал хэвээрээ гэдгээ тайлбарласан, шинжээч тухай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлсэн нь Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж дүгнэлээ.
Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний талаар төлбөр төлөгч нарт 2021 оны 5-р сарын 24-нд мэдэгдсэн /хх 7/, улмаар үнэлэгдсэн үнээс багагүй үнээр орон сууцаа 1 сарын дотор худалдан борлуулах саналыг бичгээр мэдэгджээ.
Энэ хугацаанд төлбөр төлөгч орон сууцаа худалдах, төлбөр авагчид төлбөрийг төлөх ямар нэг арга хэмжээ авсан нь нотлогдоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-25 дугаарт бүртгэгдсэн Х.О-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай, 18 дугаар барилгын 5 давхарт байрлах 191 м.квадрат үл хөдлөх хөрөнгийг 1 004 325 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Б.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА