| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2021/00727/И |
| Дугаар | 155/ШШ2021/00816 |
| Огноо | 2021-07-26 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2021/00816
| 2021 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2021/00816 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын 0 дугаар багийн 0000 тоотод оршин суух, Х овогт Бын Б (РГ0000000)-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Б сумын 0 дугаар багт оршин суух, Ш овогт Жийн Д (Р00000)-д холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2021/0000727/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд Ж.Дтой танилцаж, цуг амьдрах болсон. Бидний дундаас 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин Д.Э мэндэлсэн. Цуг амьдрах хугацаанд элдэв үг хэлээр доромжилж, намайг дарамталдаг байсны улмаас 2018 оноос охин Д.Эний хамт тусдаа амьдрах болсон. Биднийг тусдаа байх хугацаанд буюу 2018 онд 1-2 сарын хугацаагаар, 2021 оны 2 дугаар сараас 6 дугаар сарыг хүртэл хугацаанд би охиноо аавтай нь хэсэг хугацаанд байлгаж байсан. Энэ хугацаанд охин маань ямар ч хараа хяналтгүй орхигдоод, Ж.Д нь архины хамааралтай байх болсон учраас би охин Д.Эийг өөрийнхөө асрамжинд авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний охин Э нь 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт мэндэлсэн. Охин Э нь 2 сартай байхад ээж Бийн хамт өөрийн төрсөн гэрт авч ирэн 3 нас хүртэл нь өөрийн төрүүлсэн аав, ээжтэйгээ цуг нэг дор байж өсгөлцсөн. 2019, 2020 оны 9 сараас 12 сар хүртэл ээж Б нь охиноо авдаг байсан. Энэхүү хугацаанд би С аймаг болон Улаанбаатар хот руу явж ажил хийдэг байсан. 2019, 2020 оны 12 сараас 9 сар хүртэл жилийн ихэнх хугацааг өөрийн төрсөн гэртээ охин Эийг авч ирэн хамт амьдарч, охиноо өсгөдөг байсан. 2021 оны 1 сараас 6 сарын 18-ны өдрийг хүртэл би охин Эний хамт өөрийн гэртээ амьдарч байсан. 2021 оны 6 сарын 18-ны өдөр ээж болох Б нь намайг эзгүй үед учир битүүгүй, үгийн зөрүүгүй охиноо аваад явсан байсан. Миний хувьд Бтай цуг амьдарч байх хугацаанд хэл ам, элдэв өнгөөр доромжилсон, дарамталсан юм байхгүй. Хүүхдийн эхийн хүсэлтийг зөвшөөрсөн гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.Дд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ж.Д нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин Д.Этөрснийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн 6701000000 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, хүүхдийн насны байдал, түүний өсөж дадсан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцөл болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан, 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д.Эийг эх Б.Бийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Д.Эийг эх Б.Бийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Ж.Дийг хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Хариуцагч Ж.Дд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Доос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д.Эийг эх Б.Бийн асрамжинд үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Доос 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН