| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01556/И |
| Дугаар | 102/ШШ2021/01977 |
| Огноо | 2021-08-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2021/01977
| 2021 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2021/01977 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Ж.Кульдана, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д овогт С-ын О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г ХХК-д холбогдох гэм хор учруулсны хохирол 12 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д хариуцагч Г ХХК-ний захирал Ш.А, иргэдийн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх гэр бүлийн хамт 2013 оны 10-р сард иргэн Ж.Ц-ээс Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэгийн баруун талд байрлах 73 тоот гражийг 10 000 000 төгрөгөөр худалдаж авч худалдах, худалдан авах гэрээгээ нотариатаар баталгаажуулан охин Б.Ж-ийн нэр дээр шилжүүлсэн. Бид 2013 оноос гражаа ашиглаж эхэлсэн ба 2015 оны 6-р сараас гаражийн газар дээр олон давхар гражийн барилга барина гэж яригдаж эхэлсэн. Тэгээд нөхөртэйгээ Г ХХК-ийн менежер Б-тай уулзаж /манай нөхөр амьд байсан/ гаражаа зааж өгөөд, бидэнд 2 дугаар давхарт зогсоолын дугаар өгч барилгын план зургаа үзүүлсэн. Тухайн үед зогсоолоо сонгох боломжтой, гаражийн гэрчилгээтэйгээ ирээд гэрээ байгуул гэсэн. 2015 оны 8 дугаар сараас эхэлж гаражийн барилгыг буулгах болсон, гэрээгээ байгуулъя гэхэд захиралтай ярьж байгаад хариу өгнө гээд хойшлуулсан. 2015 оны 11 дүгээр сараас нөхрийн бие муудаад бид хүүгийндээ хотын төвд амьдарч байгаад нөхөр маань 2016 оны 8 дугаар сард нас барсан. 2016 оны 10 дугаар сараас гаражуудыг буулгасан, гэхдээ манай гаражийг буулгаагүй юм. Барилгын газар шорооны ажил эхэлсэн, барилгаа бариад урд нь маш их хог овоолоод 3-4 жил болсон юм. Манай гаражийг ажлын хүн түрээслэе гэдэг байсан боловч урд нь хог овоолсон тул ашиглах боломжгүй байсан. Гэтэл 2019 оны 6-р сард гаражаасаа тавиур авах гээд дүүгээ явуулсан чинь танай гаражийг буулгасан байна гэж хэлсэн. Ингээд Г ХХК-ийн захиралтай утсаар ярьж 2-3 удаа очсон, Ш.А нь гаражийг Баянгол дүүргээс буулга гэсэн тул буулгасан гэдэг. Баянгол дүүргийн Газрын алба болон Баянгол дүүргийн Засаг даргад өргөдөл гаргахад Г ХХК-д гараж буулгах үүрэг өгөөгүй, тус компанид иргэний хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн байдаг. Одоо миний хувьд гараж худалдаж авсан 10 000 000 төгрөг, мөн би гаражаа 3-4 жил түрээслээд ашиглах боломжтой байсан зардал 1 800 000 төгрөг, бусад зардал 200 000 төгрөг нийт 12 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г ХХК-ний захирал Ш.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оноос хойш тус гаражийг барьж эхэлсэн ба үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө 2012 онд авсан. Тус гараж байсан газар 2013 оноос хойш манай эзэмшлийнх болсон гэж ойлгож байна. Нийт 74 айлын гараж байсан ба тухайн айлуудад хийх гэж буй ажлынхаа талаар хэлэхэд зарим нь эсэргүүцсэн. Ингээд Баянгол дүүргийн Газрын албанд хандахад та нар өөрсдөө тохиролц гэсэн хариуг өгсөн. Бид айлуудтай тохиролцоод заримд нь 8 000 000 төгрөг, заримд нь зогсоол өгөхөөр болсон. Гэтэл 2-3 гаражийн эзэн нь олдоогүй газар дээр нь дулааны систем барих ёстой байсан юм. С.О нь тухайн үед бид нартай холбогдоогүй. Хэрвээ уулзсан бол бусад айлын адил 8 000 000 төгрөг, эсвэл зогсоол өгч тохиролцох боломжтой байсан. Тухайн газрыг С.О эзэмшдэг гэх гэрчилгээ байдаггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г ХХК нь гаражийг нурааж оронд нь зогсоол олгох талаар ярилцаж тохирсноосоо буцсан. Иргэн С.О нь гараж эзэмших төлбөрийг сар бүр газрын албанд төлж байсан. Г ХХК нь гараж нураах талаар иргэн С.О-д мэдэгдсэн эсэх нь нотлогдохгүй, гаражийг нураасан нь Г ХХК-ний буруу байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь Г ХХК-д холбогдох гэм хор учруулсны хохиролд 12 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б.Ж нь Ж.Ц-тэй 2013 оны 10-р сарын 12-ны өдөр Автомашины гараж худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 6-р хороо, 98-р цэцэрлэгийн баруун талд байрлах 73 тоот гаражийг 10 000 000 төгрөгөөр худалдан /хх 8-9/ авчээ.
Улмаар 2014 оны 2-р сарын 18-ны өдрийн Газрын төлбөрийг тодорхойлох тухай 6/98 ц/б-73 тоот актаар газрын төлбөр төлж байсан нь төлбөр төлсөн баримт, төлбөрийн акт зэрэг баримтаар /хх 10-11/ тогтоогдсон байна.
Г ХХК нь тухайн гараж байсан газрыг чөлөөлж олон давхар автомашины зогсоол барих төсөл хэрэгжүүлсэн, газраа чөлөөлсөн иргэдэд авто зогсоол, эсхүл 8 000 000 төгрөг олгосон гэх ба 73 тоот гаражийн эзэн олдоогүй, ямар нэг байдлаар тохиролцоогүй, газрын гэрчилгээгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч С.О нь 73 тоот гараж нь манай гэр бүлийн өмч, Г компани 12 000 000 төгрөгний хохирол учруулсан гэж гаргуулахаар шаардсан байх ба Б.Ж нь түүнд шаардах эрхээ шилжүүлсэн, эсхүл түүнийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байна.
Шүүх хуралдааны шатанд буюу 2021 оны 8-р сарын 17-ны өдөр олгосон Б.Ж-ийн итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийг солих, хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргаагүй байх ба С.О нь гараж нурааж эд хөрөнгийн хохирол учруулсан талаар шаардах эрхгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говийн заяа ХХК-иас 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүссэн С.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД Ж.КУЛЬДАНА
А.САРАНТУЯА