| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/00728/И |
| Дугаар | 102/шш2021/01986 |
| Огноо | 2021-08-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 102/шш2021/01986
| 2021 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2021/01986 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б-ын овогт Э-ын М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н овогт Г-ийн Н-д холбогдох 14 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Г.Н, гэрч Э.Р, Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Н-ээс 2020 оны 01-р сарын 04-ний өдөр малын ногоон тэжээл өвс авна гэсэн зар тавьсны дагуу 1000 боодол өвсийг Төв аймгийн Борнуур сумаас 1 боодлыг нь 10 000 төгрөгөөр тооцож 10 000 000 төгрөгөөр утсаар яриад худалдаж авсан. Надад шинээрээ сайхан өвс байгаа гэж хэлсэн. Ингээд Улаанбаатар хотын Ачаа тээвэр группээс машин хөлсөлж нэг боодол өвсийг 4000 төгрөгөөр ачуулж Өмнөговь аймгийн Манлай суманд 2020 оны 01-р сарын 07-ны өдөр тээвэрлүүлж буулгасан. Тухайн үед би өвсийг Өмнөговь аймгийн Манлай сумын Өвс фонд хоршоонд нийлүүлэхээр тохиролцож худалдан авсан боловч чанаргүй, хөгцтэй байна гэж голсон. Би өвсөө найзынхаа хашаанд гуйж буулгасан ба одоог хүртэл зарагдаагүй. Өвс нь хөгцтэй чанаргүй, мал идэх боломжгүй, муу байсан тул гэрээнээс татгалзаж өвсний үнэ 10 000 000 төгрөг, тээврийн зардал 4 000 000 төгрөг нийт 14 000 000 төгрөгийг Г.Н-гээс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Э.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М жолооч явуулж өвсний чанарыг шалгаад ачна гэж хэлсэн. Тухайн үед Э.Р гэх хүн өвс ачих гээд ирсэн юм. Би тоглоод 3 боодол нь нэмэлтээр өгч байгаа шүү гэж хэлсэн. Ингээд Э.М миний 5009167181 данс руу 10,000,000 төгрөг шилжүүлж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Борнуур сумаас явсан. Э.М нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахиад өвс авмаар байна гэж чат бичсэн байсан. Өмнө надаас авсан өвс нь чанаргүй гэж голсон юм бол 17 хоногийн дараа дахин өвс авъя гэж чат бичихгүй байсан. 2020 оны 2 дугаар сард цагаан сар дууссаны дараа Э.М чамаас авсан өвс зарагдаагүй, чанаргүй байсан гэж хэлсэн. Би өөрөө ачилцаж өгсөн, овьёос толгойтой ногоон тэжээлийг тарьж ургуулж хураасан Ц.Д гуай сайн мэднэ. 2 сарын дахаа чанаргүй байсан гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь Г.Н-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний улмаас хохирсон хохиролд 14 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болж шийдвэрлэлээ.
Э.М нь малын ногоон тэжээл өвс авна гэсэн зар тавьж Г.Н-тэй фейсбүүк хаягаар нь харилцаж, улмаар 2020 оны 01-р сарын 04-ний өдөр Төв аймгийн Борнуур сумаас 1 боодлыг нь 10 000 төгрөгөөр тооцож 10 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ.
Худалдан авагч нь 2020 оны 01-р сарын 07-ны өдөр Төв аймгийн Борнуур сумаас Өмнөговь аймгийн Манлай сум руу 10 000 боодол өвсөө тээвэрлүүлсэн, өвсний үнийг худалдагчид төлсөн нь зохигчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч нь өвсийг Өмнөговь аймгийн Манлай сумын өвсний фондод нийлүүлэх байсан боловч чанаргүй, хөгцтэй, зарагдаагүй талаар маргаж, талуудын хооронд маргаан гарчээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь гэрээнээс татгалзаж хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч Иргэний хуулийн 249-р зүйлд заасан ...гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон үндэслэлээр нөгөө тал үүргээ биелүүлэхээс татгалзах нөхцөл үүсээгүй, өөрөөр хэлбэл, худалдагч өвсөө нийлүүлсэн, худалдан авагч мөнгөө төлж хэн аль нь үүргээ бүрэн биелүүлсэн байна.
Харин худалдан авсан өвс нь чанаргүй, хөгцтэй байсан гэх доголдлын улмаас гэрээг цуцлах, хохирлоо гаргуулахаар шаардсан гэж дүгнэлээ.
Талууд гэрээ байгуулахдаа өвсний тоо, үнийг тохирсон байх ба тоо, хэмжээ бүхий өвсийг нийлүүлсэн, харин чанарын талаар тодорхой тохироогүй тул зориулалтын дагуу ашиглах боломжтой өвс нийлүүлсэн, доголдолгүй гэж үзнэ.
Нөгөө талаас, худалдан авагч нь өвсийг тогтоосон газар хүргүүлэхээр тээвэрлүүлэхдээ өвсний чанар байдлын талаар мэдэж байсан, өөрөөр хэлбэл, гэрч Э.Р-ийн ...Борнуураас өвс ачих үед бага зэрэг хөгцтэй байсан, энэ талаар Э.М-д утсаар хэлсэн, тэгэхэд гайгүй ээ бид хоёр тохирсон гэсэн гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Д-ын ...би газар тариалангийн салбарт 40-өөд жил ажиллаж байна, ногоон тэжээл тариалдаг, өнгөрсөн жил 10 дугаар сард ногоогоо хураасан, өвсийг ачихад би хамт байсан, өвсний чанар муу байгаагүй, буруу хадгалж, хурааснаас өвс мууддаг гэсэн мэдүүлэг, хариуцагчийн ...өвс ачиж байхдаа зарим боодол өвсийг сольж өгсөн, нэмж бас өгсөн гэсэн тайлбараар ашиглах боломжтой өвсийг хүлээлгэн өгсөн гэж дүгнэлээ.
Түүнчлэн өвс бүхэлдээ ашиглах боломжгүй, доголдолтой нь баримтаар тогтоогдоогүй, түүнээс 150 боодол өвс зарсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч У.Б-ын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Эдгээрээр дүгнэвэл, доголдлын улмаас гэрээ цуцлах, хохирлоо шаардах эрх худалдан авагчид үүсээгүйгээс гадна өвсийг өөр газарт тээвэрлүүлэх зардлыг худалдан авагч хариуцна.
Талууд хоорондоо харилцсан зурваст хийсэн үзлэгийн талаар талууд маргаагүй, шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан бичлэг нь нотлох баримтын шаардлага хангаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, 256-р зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г-ийн Н-гээс 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Э-ын М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА