| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2024/0145/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/153 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/153
|
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч А.Д
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, И аы ургийн овогтой Мн Мэд холбогдох 2313001870158 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эмч зүйч мэргэжилтэй, “Монос Баян-Өлгий” ХХК-ийн захирал ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ..дугаар багийн ... дугаар байрны... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, И а ургийн овогтой Мн М, регистрийн дугаар...,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хоорондох хугацаанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах, түгээх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “...Миний бие аймгийн тусгай зөвшөөрлийн зөвлөлд хүсэлтээ өгсөн. Төслийг маань дэмжсэн байгаа. Орон байраа эмийн сангийн баримтлах стандартын дагуу бэлтгэж, эрүүл мэндийн газрын холбогдох хүмүүст үзүүлсэн. Тайлбарыг бичгийн хэлбэрээр өгөөгүй тул тухайн эмийг санг ажиллуулж байсан. Стандартад заасны дагуу хүсэлт өгснийг хүлээж авсан. Хэрэгтэй холбоотой бүх баримтуудаа гаргаж өгсөн байгаа. Эмийг зээлээр авч борлуулдаг байсан. Одоо 30 сая төгрөгийн зээлтэй байгаа. Битүүмжилсэн эд хөрөнгийг буцааж надад гаргаж өгөхийг хүсэж байна. Монос ХХК-д 30 сая төгрөгийн зээлтэй. Хуулийн дагуу тэнцэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэв.
2. 2313001870158 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Эмийн санд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 65-73 дахь тал),
2.2. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 75-87 дахь тал),
2.3. Гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус суманд үйл ажиллагаа явуулж буй Буянтфарм нэртэй эмийн сан нь Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар тохойтын Сагсайн гол-2 гудамжны 212 тоотод үйл ажиллагаа явуулдаг. Уг үйл ажиллагаа явуулж буй газар нь Буянт сумын Засаг даргын тамгын газарт бүртгэлтэй 000000009 дугаарын төрийн байгууллагын газар эзэмших гэрчилгээтэй бөгөөд уг газрыг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Буянт сумын засаг даргын А/16 дугаартай захирамжаар 21 м.кв газрын нийтийн халуун усны байр барих зориулалтай олгосон байна. Одоогоор тус газрын Буянт сумын 4 дүгээр багийн иргэн Ж.Айжулдыз нь нийтийн халуун усны үйл ажиллагаа явуулах болон түрээсийн байр ажиллуулах чиглэлээр түр эзэмших гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа. Би Буянт сумын Засаг даргын тамгын газрын даамал ажлаар 2022 оны 07 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд өмнө нь тус суманд амьдарч байгаагүй. Надад Буянтфарм эмийн сан нь хэзээнээс эхэлж үйл ажиллагаа явуулж байгаа мөн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл байгаа эсэх талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал),
2.4. Гэрч Ж.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Буянт сумын Засаг даргын тамгын газрын дарга X.Баянбаатартай 01 дугаартай "Халуун ус түрээсээр ашиглаж, үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан бөгөөд уг өдрөөс эхлэн Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар тохойтын Сагсайн гол-2 гудамжны 212 тоотыг 3 жилийн хугацаатай түр эзэмших эрхтэй байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Уг гэрээг дахин 3 жилийн хугацаагаар сунгах талаар хэлэлцэж байгаа. Уг гэрээг байгуулахаас өмнө нийтийн халуун усны байгууламж ашиглалтад орсон байсан. Урд талдаа халуун ус, хойд хэсгийн 3 өрөөг оффис болгон түрээсэлдэг бөгөөд "Ахмадын өрөө” нь миний хамаарлын бус Засаг даргын тамгын газарт хамааралтай байдаг. Харин үлдсэн хоёр өрөөг миний бие Буянт сумын төрийн банк болон Буянтфарм эмийн санд түрээслүүлж байгаа. Буянтфарм эмийн санд 2021 оны 10 дугаар сараас эхлэн өрөөгөө тус эмийн сангийн захирал М.Мт түрээслүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-20 дахь тал),
2.5. Гэрч Б.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Буянт сумын 4 дүгээр багт байрлах Буянтфарм нэртэй эмийн санд жор баригчаар ажилладаг бөгөөд тус 2021 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаа билээ. Би Буянтфармын жор баригч буюу эмийн санч бөгөөд иргэд эмчийн олгосон жор болон жоргүйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулдаг. Манай Буянтфарм нь 2021 оны 11 дүгээр сараас эхлэн Буянт сумын иргэдэд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа. Манай Буянтфарм хувийн хэвшлийн эмийн сан бөгөөд манай эмийн сангийн захирал М.М гэх хүн байгаа. Надад Буянтфарм эмийн санд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл одоогоор байхгүй байгаа. Харин манай захирал М.М нь тусгай зөвшөөрөл олгох хүсэлт илгээсэн боловч хариу ирээгүй байгаа талаар хэлж байсан. Манай Буянтфарм эмийн сан нь эм, эмнэлгийн хэрэгслээ Баян-Өлгий аймаг дахь Монос ХХК-ийн эмийн сангийн салбараас худалдан авдаг. Манай захирал М.М нь Баян-Өлгий аймаг дахь Монос ХХК-ийн эмийн сангийн салбарын захирлын ажил давхар хийдэг. Худалдан авах гэрээтэй өөр байгууллага байхгүй байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23-25 дахь тал),
2.6. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ажилтай бөгөөд Баян-Өлгий аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг комиссын нарийн бичгийн даргын ажлыг хийдэг. Миний бие Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй /эмнэлэг, эмийн сан гэх мэт/ байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт, холбогдох материалуудыг хүлээн авч эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хуралдааныг зохион байгуулдаг. Уг хуралдаанаар эмийн сангуудад эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох эсэхийг хуралдан шийдвэрлэдэг. Уг М.М гэх хүн нь 2020 оны 03 дугаар сард Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисст Буянт суманд эмийн сан ажиллуулах төсөл ирүүлсэн ба уг төслийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн комиссын хуралдаанаар дэмжсэн шийдвэр гарсан. Дээрх төслийг комисс нь Буянт суманд эмийн сангийн үйл ажиллагаа хэрэгцээтэй байгаа гэх асуудлаар дэмжсэн. Дараа нь буюу 2020 оны сүүлээр М.Мийн хүсэлтийн дагуу Комиссын ажлын албаны гишүүд Буянт суманд шинээр нээх гэж буй эмийн сангийн орон байрны үнэлгээ хийж дүгнэлтийг комиссын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанд оруулсан бөгөөд Буянт фарм эмийн санд орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах эм зүйчтэй болох хүртэл тусгай зөвшөөрлийн эрх олгохгүй байх гэсэн шийдвэр гарсан. М.М нь 2021 оны сүүлээр дахин тусгай зөвшөөрлийн эрх олгох хүсэлт тавьсан бөгөөд уг хүсэлтийн дагуу комисс хуралдаж 2022 оны 01 дүгээр сарын 19- ний өдрийн комиссын хуралдаанаар Буянт фарм эмийн сангийн эмч зүйч нь тус суманд оршин суудаггүй, Монос эмийн санд давхар ажилтай учраас тусгай зөвшөөрөл олгохгүй гэх шийдвэр гаргасан. М.М нь удаа дараа тусгай зөвшөөрөл олгох хүсэлт тавьсан боловч комиссын хуралдаанаар Буянт фарм эмийн санд тусгай зөвшөөрөл олгохыг татгалзаж шийдвэрлэж байсан.
...Манай Эрүүл мэндийн газраас М.Мт эмийн сангийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулж болохгүй талаар амаар буюу утсаар мэдэгдсэн. Харин М.М нь манай байгууллагаас тавьсан шаардлагыг эсэргүүцэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан. Гэвч манай байгууллагаас үйл ажиллагааг зогсоох чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хуулийн байгууллагад мөн адил мэдэгдээгүй. Бидэнд эмийн санг битүүмжлэх, үйл ажиллагааг явуулахгүй байхыг хориглох эрх байхгүй тул зогсоох арга хэмжээ аваагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал),
2.7. Гэрч Б.Алын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.Мийн хувьд "Монос" ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарыг хариуцсан захирал бөгөөд түүнийг захирал гэдгээр нь танина. Түүнтэй ямар нэгэн хувийн харилцаа холбоо хамаарал байхгүй тул хувийн байдлаар талаар мэдэхгүй. "Буянт фарм" эмийн сан нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, үндсэндээ ажлыг нь Ауган гэх жор баригч хариуцан ажиллаж байгаа болохоор Ауганаас дээрх асуудлын талаар тодруулбал танд мэдээллийг бүрэн өгнө. Миний зүгээс эрхлэгчийн ажлыг эрхэлж байгаа болохоос гол юмнуудыг нь Ауган хариуцаж ажилладаг юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал),
2.8. Гэрч М.Алийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 онд сарын 10 сарын үед миний эзэмшлийн "Фарфат" ХХК-ийн нэр дээр манай хадам дүү болох М.М нь "Буянт фарм" нэртэй эмийн сан байгуулсан. Би тухайн үед үүсгэн байгуулах тушаалыг нь батлаад эмийн сангийн эрхлэгчээр Б.Ахмарал, жор баригчаар Б.Ауган, үйлэгчээр А.Жулдыз нарыг томилсон. Мөн аймгийн Эрүүл мэндийн газарт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан. Би хадам дүү М.Мт эмийн сан байгуулахад шаардагдах баримт бичгүүдийг гаргаж өгсөн бөгөөд бусад ажлыг М.М мэдэж байгаа. Миний мэдэх зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл М.М надад хүсэлт тавьсны дагуу би эмийн сан байгуулах ажилд нь тусалж өөрийн "Фарфат" ХХК-ийн нэр дээр байгуулж, баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал),
2.9. Гэрч Д.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн Буянт фарм эмийн сан нь миний мэдэхээр өмнө нь 2 удаа эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгохоор оруулж байсан. Дээрх хоёр хуралдаанд би комиссын гишүүнээр ажилласан ба комиссын даргаар нь Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен ажиллаж байсан. Бид Буянт фарм нэртэй эмийн сангаас тусгай зөвшөөрөл олгох тухай төсөл, хүсэлттэй танилцаад газар дээр нь ажлын байрны үнэлгээ хийж ажиллахад тухайн үед ажлын байрны чийгшил ихтэй, эм эмнэлгийн хэрэгсэл хадгалах, худалдах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл халуун усны байранд өөр хаалгаар орох буюу нэг байгууламжид байрлалтай байсан. Дараагаар шалтгаан нь эм зүйч нь давхар ажилтай буюу Буянт суманд байрлаж ажилладаггүй байсан. Дээрх хоёр шалтгааны улмаас Буянт фарм эмийн санд тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэж байсан. Уг эмийн сан нь Монгол Улсын Эмийн сан ажиллуулах стандартыг зөрчиж байсан тул тусгай зөвшөөрөл олгоогүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал),
2.10. Гэрч Х.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай Монос Баян-Өлгий ХХК-ийн захирал М.М нь Буянт фарм эмийн санг тус аймгийн Буянт суманд ажиллуулдаг талаар мэднэ. Уг эмийн сан нь анх манай Монос Баян-Өлгий ХХК-иас анх хэзээ авсныг хэлж мэдэхгүй байна. Буянт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа М.Мийн эмийн сан нь манай Баян-Өлгий аймгийн Монос ХХК-аас татан авалт хийдэг байсан. ...Уг баримтуудыг үзлээ. Тухайн баримт манай Монос эм ханган нийлүүлэх төвөөс намайг ажиллаж байх үед гаргасан баримтууд байна. Уг баримтуудад миний гарын үсэг зурагдсан байна. Тухайн үед Буянт фарм эмийн санд бараа, бүтээгдэхүүн олгож байх үед зурагдсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57 дахь тал),
2.11. Гэрч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай Монос Баян-Өлгий ХХК-ны захирал М.М нь Буянт фарм эмийн санг тус аймгийн Буянт суманд ажиллуулдаг талаар мэднэ. Уг эмийн сан нь анх манай Монос Баян-Өлгий ХХК-иас анх хэзээ авсныг хэлж мэдэхгүй байна. Би 2021 онд ажилд орсон ба тухайн үед эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авдаг байсан буюу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан зээлийн үлдэгдэлтэй байсан. Би анх авсан цагаас хойш эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан талаарх тайланг гаргаж өгнө. 2022 оны тайланг харахад 112 удаагийн татан авалтаар 61,068,663 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 2023 оны тайланг харахад 86 удаагийн татан авалтаар 39,430,296 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59 дэх тал),
2.12. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хуралдааны тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 96-107 дахь тал),
2.13. Яллагдагч М.Мээс гаргаж өгсөн гэх “Буянт фарм” эмийн сангийн дотоод журам, Фарфат ХХК-ийн захирлын тушаалууд, эмийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас, баримтууд (1 дэх хавтаст хэргийн 108-123 дахь тал),
2.14. Бараа материалын зарлагын баримтууд (1 дэх хавтаст хэргийн 124-250, 2 дахь хавтаст хэргийн 01-122 дахь тал),
2.15. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, бакалаврын дипломын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 125-126 дахь тал),
2.16. Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, тооцоо нийлсэн акт (2 дахь хавтаст хэргийн 132-140 дэх тал),
2.17. Хаан банкны 5197032543 дугаартай дансыг эзэмшигч 5029619852 данс эзэмшдэг. .... регистрийн дугаартай А овогтой Ж 5194160261 тоот данс эзэмшдэг. .. регистрийн дугаартай Му овогтой А 5194004392 тоот данснууд эзэмшдэг. ...регистрийн дугаартай М. овогтой Ж.л 5197196342 тоот данснууд эзэмшдэг. Уг данснуудын 2019 оноос хойших 2024.02.07-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй дансны хуулга” гэх албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дахь хавтаст хэргийн 150-250 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 01-102 дахь тал),
2.18. Монос Баян-Өлгий ХХК-иас Буянт фарм эмийн санд нийлүүлсэн бараа материалын зарлагын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 103-105 дахь тал),
2.19. Яллагдагч М.Мийн эзэмшлийн ХААН банкны 5197032543 тоот, А.Ж...ын эзэмшлийн Хаан банкны 5194160261, М.А.ийн эзэмшлийн Хаан банкны 5194004392, М.Ж.....ийн эзэмшлийн Хаан банкны 5197196342 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 106-174 дэх тал),
2.20. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 625 дугаартай “Хуулийн этгээдийн цахим санд “Буянт фарм” нэртэй хуулийн этгээд бүртгэлгүй байна” гэсэн албан бичиг, Фарфат ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 175-176 дахь тал),
2.21. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 419 дугаартай “Аймгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комисс нь Буянт сумын 4 дүгээр багт байрлалтай “Буянт фарм” эмийн санд тусгай зөвшөөрөл олгоогүй болно.” гэсэн албан тоот (3 дахь хавтаст хэргийн 119 дахь тал),
2.22. Яллагдагч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “.... Эмийн сангийн үйл ажиллагааг явуулахын тулд заавал хуулийн этгээдтэй байх шаардлагатай байдаг юм. Би Буянт фарм эмийн сангийн үйл ажиллагааг явуулахын тулд надад хуулийн этгээд шаардлагатай байсан тул хүргэн ах болох М.Аийн эзэмшлийн Фарфат ХХК-ийн харьяа гэж бүртгүүлэн үйл ажиллагаа явуулдаг байсан. Уг Фарфат ХХК-ийг анх Буянт фарм эмийн санг үүсгэн байгуулсан тушаал болон ажилчдын хөдөлмөрийн гэрээ зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн бөгөөд эмийн сангийн үйл ажиллагаанаас олсон орлого, зарлага болон уг эмийн сангийн үйл ажиллагаатай холбоотой бүх асуудлыг би шийддэг байсан. Үүнд Фарфат ХХК-ийн оролцоо байхгүй. Мөн би Фарфат ХХК-нд болон хүргэх ах М.Аид орсон орлогоосоо өгдөггүй. Ажилчдын цалинг би хувийн дансаараа дамжуулан хийж нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг байсан. Уг Буянт фарм эмийн сан нь зөвхөн баримт бичгийн хувьд Фарфат ХХК-ийн харьяа гэж явдаг бөгөөд бусдаар бусад бүх үйл ажиллагааг би удирдан зохион байгуулж хийдэг. Уг эмийн сан нь Фарфат ХХК ашгийн төлөө үйл ажиллагаа явуулаагүй. Буянт сумын нутаг дэвсгэрт Буянт фарм эмийн сангаас өөр үйл ажиллагаа явуулдаг эмийн сан байхгүй.
Манай сумын 3000 иргэнд аймгийн төвөөс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч ирэн хэрэглэдэг тохиолдол урьд нь байсан бөгөөд би нутгийн ард иргэдийн хүсэлтээр уг Буянт фарм эмийн санг байгуулсан. Харин би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт Буянт фарм эмийн санд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл авах хүсэлт өгсөн боловч удаа дараа тодорхой үндэслэлгүйгээр миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байсан. Энэ талаар би тусад нь гомдол гаргаж шалгуулна. Уг миний хүсэлтийг хүлээн аваагүй шалтгаанаас болж би уг Буянт фарм эмийн санг хаах бодолтой байсан боловч нутгийн ард минь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх эмийн сан, аж ахуйн нэгж байхгүй тул ялангуяа өвчтэй иргэдэд маш хүндрэл тулгарч байсан тул ард иргэдийн сайн сайхан, эрүүл мэндийн төлөө уг эмийн санг ажиллуулсан. Би хуулийн ямар ч шийдвэр гарсан хүлээн зөвшөөрнө. Уг хэргийн зөвхөн намайг ашиг олохын төлөө биш ард иргэдийн төлөө ажиллуулж байсан гэх нүдээр харж шалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
Буянт фарм эмийн сангийн эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой бүх санхүүгийн баримтуудыг гаргаж өгсөн билээ. Дээрх эм, эмнэлгийн хэрэгслүүдийг Монос Баян-Өлгий ХХК-аас зээлээр авч, ханган нийлүүлдэг байсан. Харин бэлэн худалдан авсан буюу газар дээр нь тооцоог нь хийж эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан зүйл байхгүй. Нийт 140 орчим сая төгрөгийн барааг зээлээр худалдан авсан байх ба одоогоор 30,599,367 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл Монос Баян-Өлгий ХХК-д байгаа.
...Нэгэнт хуулийн этгээдийн бүртгэлгүй тул өөрийн дансыг ашиглах болсон. Уг Хаан банкны 5197032543 дансыг би өмнө нь ашиглаж байсан боловч хэрэглэгдэхгүй данс байсан тул Буянт фарм эмийн сангийн орлогыг авахаар шийдсэн. Уг данснаас өөр ямар нэгэн дансыг ашигласан зүйл байхгүй. Учир нь нэг дансыг ашиглан тооцоо хийх нь санхүүгийн хувьд амар байдаг бөгөөд Буянт фарм эмийн сангийн орлогууд нь миний хувийн бусад дансанд дахь орлого зарлагатай огт холилдоогүй. Мөн би Буянт фарм эмийн сангийн орлогоор хувийн хэрэглээндээ эд зүйл худалдан авах, бусдад шилжүүлгээ хийх байдлаар ашиглаагүй зөвхөн уг эмийн сангийн санхүү, төлбөр тооцоонд ашигласан. Үүнийг дансны хуулганаас үзэж болно. Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл авахын тулд төсөл орлуулах шаардлагатай байдаг ба тухайн төсөлд зайлшгүй хуулийн этгээд байх ёстой гэх хуулийн заалт байдаг. Би тиймээс өөрийн нэр дээр хуулийн этгээд бүртгүүлэхгүйгээр бэлэн байгаа хүргэх ах болох М.Айн Фарфат ХХК-ийг нэрээр Буянт фарм эмийн санг байгуулахыг санаачилсан. Цаас, баримт бичиг дээр М.Ал нь үүсгэж байгуулж, ажилчдыг томилсон байх боловч би санаачлан эмийн эрхлэгч болон жор баригчийг албан тушаалд томилуулах шийдвэрийг гаргасан. Харин зөвхөн хүргэх ах М.А нь миний гаргасан шийдвэрийг баталгаажуулсан гэж ойлгож болно.иБи өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. .” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 224-225 дахь тал) зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.
2.23. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 192-194 дэх тал),
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 228 дахь тал),
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 229 дэх тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 233 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.24. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
-Эмийн санд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 65-73 дахь тал),
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 75-87 дахь тал),
-Гэрч Ц.Номингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус суманд үйл ажиллагаа явуулж буй Буянтфарм нэртэй эмийн сан нь Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар тохойтын Сагсайн гол-2 гудамжны 212 тоотод үйл ажиллагаа явуулдаг....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал),
-Гэрч Ж.Айжулдызын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Буянтфарм эмийн санд 2021 оны 10 дугаар сараас эхлэн өрөөгөө тус эмийн сангийн захирал М.Мт түрээслүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-20 дахь тал),
-Гэрч Б.Ауганы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай Буянтфарм хувийн хэвшлийн эмийн сан бөгөөд манай эмийн сангийн захирал М.М гэх хүн байгаа. Надад Буянтфарм эмийн санд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл одоогоор байхгүй байгаа. Харин манай захирал М.М нь тусгай зөвшөөрөл олгох хүсэлт илгээсэн боловч хариу ирээгүй байгаа талаар хэлж байсан....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23-25 дахь тал),
-Гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М.М нь удаа дараа тусгай зөвшөөрөл олгох хүсэлт тавьсан боловч комиссын хуралдаанаар Буянт фарм эмийн санд тусгай зөвшөөрөл олгохыг татгалзаж шийдвэрлэж байсан. ...Манай Эрүүл мэндийн газраас М.Мт эмийн сангийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулж болохгүй талаар амаар буюу утсаар мэдэгдсэн. Харин М.М нь манай байгууллагаас тавьсан шаардлагыг эсэргүүцэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал),
-Гэрч Б.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний зүгээс эрхлэгчийн ажлыг эрхэлж байгаа болохоос гол юмнуудыг нь Ауган хариуцаж ажилладаг юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал),
-Гэрч М.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өөрөөр хэлбэл М.М надад хүсэлт тавьсны дагуу би эмийн сан байгуулах ажилд нь тусалж өөрийн "Фарфат" ХХК-ийн нэр дээр байгуулж, баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал),
-Гэрч Д.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Дээрх хоёр шалтгааны улмаас Буянт фарм эмийн санд тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэж байсан. Уг эмийн сан нь Монгол Улсын Эмийн сан ажиллуулах стандартыг зөрчиж байсан тул тусгай зөвшөөрөл олгоогүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал),
-Гэрч Х.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Буянт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа М.Мийн эмийн сан нь манай Баян-Өлгий аймгийн Монос ХХК-иас татан авалт хийдэг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57 дахь тал),
-Гэрч А.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай Монос Баян-Өлгий ХХК-ны захирал М.М нь Буянт фарм эмийн санг тус аймгийн Буянт суманд ажиллуулдаг талаар мэднэ. Уг эмийн сан нь анх манай Монос Баян-Өлгий ХХК-аас анх хэзээ авсныг хэлж мэдэхгүй байна. ...2022 оны тайланг харахад 112 удаагийн татан авалтаар 61,068,663 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 2023 оны тайланг харахад 86 удаагийн татан авалтаар 39,430,296 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59 дэх тал),
- Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хуралдааны тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 96-107 дахь тал),
-Фарфат ХХК-ийн захирлын тушаалууд, эмийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас (1 дэх хавтаст хэргийн 108-123 дахь тал),
-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 625 дугаартай, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 419 дугаартай албан бичгүүд (3 дахь хавтаст хэргийн 175-176, 419 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М нь иргэн М.Айн /хүргэн ах / эзэмшлийн “Фарфат” ХХК-ийн нэрээр “Буянт фарм” нэртэй эмийн сан байгуулж, тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах эмийн сангаар дамжуулан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдсан үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байна.
3.2. Хэрэгт цугларсан бараа материалын зарлагын баримтууд (1 дэх хавтаст хэргийн 124-250, 2 дахь хавтаст хэргийн 01-122 дахь тал), эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, тооцоо нийлсэн акт (2 дахь хавтаст хэргийн 132-140 дэх тал), Монос Баян-Өлгий ХХК-иас “Буянт фарм” эмийн санд нийлүүлсэн бараа материалын зарлагын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 103-105 дахь тал), М.Мийн эзэмшлийн ХААН банкны 5197032543 тоот, иргэн А.Жулдызын эзэмшлийн Хаан банкны 5194160261 тоот, иргэн М.Аийн эзэмшлийн Хаан банкны 5194004392 тоот, М.Жайнагүлийн эзэмшлийн Хаан банкны 5197196342 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 106-174 дэх тал), гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.М нь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монос ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын буюу “Монос Баян-Өлгий” ХХК-ийн захирлаар ажиллаж, тухайн компаниас өөрийнхөө нэрээр эм, эмнэлгийн хэрэгслийг зээлээр худалдан авч “Буянт фарм” эмийн сангаар дамжуулан жижиглэнгээр худалдсан байх бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаж олсон орлогыг тэрээр өөрийнхөө Хаан банкны 5197032543 тоот дансаар шилжүүлэн авдаг нөхцөл байдал тогтоогджээ.
3.2. Дээрх үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.М нь Фарфат ХХК-ийн нэрээр тусгай зөвшөөрөл авахын тулд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлсэн хэдий ч хуулийн этгээдийн нэрийн өмнөөс буюу тухайн компаниар дамжуулан эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаж, орлого олсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
3.3. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох, экспортлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан бол 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн аймгийн Эрүүл мэндийн газраас олгохоор хуульчилжээ.
4.2. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24 дэх заалтад "эмийн сан" гэж эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” гэж зааж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдахыг хоригложээ.
4.3. Дээрх хууль, тогтоомжоос үзэхэд эмийн сан нь Эрүүл мэндийн газраас олгосон хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэхээр хуульчилжээ.
4.4. Шүүгдэгч М.Мийн байгуулсан гэх “Буянт фарм” нэртэй эмийн сан нь эрх бүхий байгууллагаас хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй аваагүй буюу эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр худалдан борлуулах эрхгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
4.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол” гэж хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
4.6. Шүүдэгч М.М нь өөрөө эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх компанид захиалга өгч, гэрээ байгуулан зээлээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаж авч, эмийн сангаар дамжуулан борлуулж борлуулалтын орлогыг өөрөө захиран зарцуулсан байх ба хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө буюу Фарфат ХХК-ийн нэрийн өмнөөс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдсан, орлого олсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4.7. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч М.Мийн хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тус аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт “Буянт фарм” нэртэй эмийн санг ажиллуулж, эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр худалдан борлуулсан хэргийн нөхцөл байдал нь хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах гэмт хэргийн “эм, эмийн түүхий эд, биобэлдмэл худалдах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан бол” гэх хүндрүүлэх шинжийг агуулсан гэж үзлээ.
4.8. Шүүгдэгч М.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.9. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, дээрх байдлаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл худалдан борлуулсан тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.10. Иймд шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эм, эмийн түүхий эд, биобэлдмэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулж” хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.
5.2. Шүүгдэгч М.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол, хор уршиг учирсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч М.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч М.Мийг хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах, түгээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч бусдад төлөх хохирол, төлбөргүй, хууль бусаар олсон орлогын улсын орлого болгох, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлгүй, хохирол төлбөр гаргуулаагүй учраас “Буянт фарм” эмийн сангийн эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг, шүүгдэгчээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Ковид цар тахлын үед Буянт сумын ард иргэдийг хэрэгцээт эмээр хангаж ажилласан учраас тэнсэж өгнө үү” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.
2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.М нь хувийн байдлын хувьд дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “Монос Баян-Өлгий” ХХК-ийн захирал ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогджээ. (3 дахь хавтаст хэргийн 20-34 дэх тал),
2.5. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.6. Шүүгдэгч М.Мийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож, 6200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6200000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч М.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Хэрэгт цугларсан шүүгдэгч М.Мийн дансанд үзлэг хийсэн “...Хаан банкны 5197032543 тоот дансанд 134374853 төгрөгийн орлого орж, 128881370 төгрөгийн зарлага гарсан” гэх тэмдэглэл, дансны хуулга, гэрч А.Ггийн мэдүүлэг, эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Монос Баян-Өлгий ХХК-тай тооцоо нийлсэн акт (1 дэх хавтаст хэргийн 59, 2 дахь хавтаст хэргийн 132-140 дэх тал) зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь Монос Баян-Өлгий ХХК-нд 30599667 төгрөгийн өглөгтэй нөхцөл байдал тогтоогдсон байх ба түүний дансанд орсон гэх 134374853 төгрөг буюу борлуулалтын орлогоос хэчнээн хэмжээний ашиг олсон нь тодорхойгүй, бодиттой олсон орлогын /цэвэр ашгийг/ хэмжээг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоох боломжгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй учраас хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглээгүйг дурдах нь зүйтэй.
3.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах “Буянт фарм” эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан өрөөг эм, эмнэлгийн хэрэгсэл, эд зүйлийн хамт мөрдөгч битүүмжилсэн байх ба прокуророос тухайн эд хөрөнгийг битүүмжлээгүй, мөн шүүгдэгч бусдад төлөх хохирол, төлбөргүй учраас улсын яллагчийн гаргасан “мөрдөгчийн эд зүйл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох саналтай” гэсэн саналыг хүлээн авч, мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
3.4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд, зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И а овогт Мйн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эм, эмийн түүхий эд, биобэлдмэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулж” хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг 6200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6200000 (зургаан сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэд оногдуулсан 6200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6200000 төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Мэд сануулсугай.
5. Шүүгдэгч М.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. 2313001870158 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд, зүйлгүй, шүүгдэгч М.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт фарм” эмийн санг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б