Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00952

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00952

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Р сумын 01 дүгээр багт оршин суух, Ш овогт Гын Б (РИ000000)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Р сумын 1 дүгээр багт оршин суух, Ц овогт Бын Д (РИ000000)-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 13.320.000 (арван гурван сая гурван зуун хорин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 155/2021/00830/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Б нь нөхөр Б.Дтэй 2007 онд танилцаж үерхэж байгаад 2008 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж үүнээс хойш хамт амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 16- ны өдөр хүү Д.М, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр охин Д.М нарыг төрүүлсэн. 2009 оноос хойш нөхөр маань намайг зодох, цохих, хэл амаар доромжлох болсон. Архи уух дуртай, архи уусан ч, уугаагүй ч намайг гуйлгачин арчаагүй гэх мэтээр доромжилдог болсон. 2016 оноос гэр бүлийн хүчирхийлэл улам даамжирч архи уух бүртээ намайг зодож, хэл амаар доромжилж, гэрээс хөөнө, гэр орондоо ирэхгүй олон хоногоор алга болдог. Мөн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, өөр эмэгтэйтэй нийлээд гэрээсээ яваад өгдөг. Өнгөрсөн хугацаанд үр хүүхдээ бодоод дээрх байдлуудыг нь өөрт нь хэлж засаж хамт амьдрахыг маш их хичээсэн боловч ямар ч үгийг хүлээж авдаггүй.

Нөхрийн маань дээрх байдлаас болж хүүхдүүд маань аавтайгаа хамт байх дургүй болсон. Хүүхдүүдийнхээ хажууд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг зэрэг байдал нь цаашид хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай ба хүүхдүүд маань айдас түгшүүр, шаналал ихтэй байх болсон.

Иймд 2008 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Д.М, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Д.М нарыг өөрийн асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 25-06 тоотод байрлах 6x8 харьцаатай палкаар барьсан хашаа байшин, газрын хамт 10.000.000 төгрөг,

Адуу нийт 8 толгой

Азарга 1 толгой - тус бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 800.000 төгрөг,

Унага 1 толгой - тус бүрийн үнэ 200.000 төгрөг, нийт 200.000 төгрөг,

Гүү 1 толгой - тус бүрийн үнэ 700.000 төгрөг, нийт 700.000 төгрөг,

Шүдлэн адуу 1 толгой - тус бүрийн үнэ 500.000 төгрөг, нийт 500.000 төгрөг,

Даага 1 толгой - тус бүрийн үнэ 300.000 төгрөг, нийт 300.000 төгрөг,

Үхэр нийт 11 толгой,

Тугалтай үнээ 3 толгой - тусбүрийн үнэ 700.000 төгрөг, нийт 2.100.000 төгрөг,

Бяруу 3 толгой - тус бүрийн үнэ 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөг,

Хязаалан үхэр 1 толгой - тус бүрийн үнэ 600.000 төгрөг, нийт 600.000 төгрөг,

Хонь нийт 18 толгой,

Хургатай хонь 4 толгой - тус бүрийн үнэ 70.000 төгрөг, нийт 280.000 төгрөг,

Эм хонь 7 толгой - тус бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 420.000 төгрөг,

Төлөг 2 толгой - тус бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 100.000 төгрөг,

Соёолон хонь 1 толгой - тус бүрийн үнэ 70.000 төгрөг, нийт 70.000 төгрөг,

Ямаа нийт 20 толгой,

Ишигтэй ямаа 4 толгой - тус бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 240.000 төгрөг,

Эм ямаа 4 толгой - тус бүрийн үнэ 60.000 төгрөг, нийт 240.000 төгрөг,

Шүдлэн ямаа 5 толгой - тус бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 250.000 төгрөг,

Соёолон ямаа 3 толгой - тус бүрийн үнэ 70.000 төгрөг, нийт 210.000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа ба бид нийт 17.760.000 төгрөгийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй ба үүнийг гэр бүлийн дөрвөн гишүүнд хуваахад нэг хүнд оногдох хувь нь 4.440.000 төгрөг болж байна. Үүнээс надад болон 2 хүүхдэд оногдох хувь болох 13.320.000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр болох М.Дтэй 2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлээ батлуулаад 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр том хүү болох Д.Мг төрүүлсэн. 2014 онд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Амьдрах хугацаандаа М.Д байнгын архи уудаг үүнээс болж байнгын хэрүүл маргаан үүсдэг байсан. Цаашдаа нөхөр М.Дтэй эвлэрэх боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Гэрлэлцээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 13.320.000 төгрөгийн эд хөрөнгө авах бодолтой байгаа. Хашаа байшин, мал авна. Өдөр шөнөгүй архи уудаггүй ч гэсэн хүүхдүүдийн хажууд архи ууж, хэрүүл хийх нь хэцүү байдаг.Бид хоёр цаашдаа эвлэрээд хамтран амьдрах боломжгүй. Цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа хандсан. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд өнгөрсөн намар дуудлага өгч байсан бас өвөл 1 сард 108-д очиж байсан. Гэртээ согтуу орж ирээд сандал ширээ шийдээд байхаар нь дуудлага өгсөн. 5 тооны адуу, 10 тооны үхэр, 18 тооны хонь, 20 тооны ямаа зэргээс ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаарлагаа тодруулж байна. Энэ малыг манай аав ээж хардаг гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Д би Бийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийг шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Бид 2008 онд гэр бүл болсон, 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний хувьд байнга архи уугаад байдаггүй, хааяа архи уудаг ч гэсэн эхнэрээ зодоод хүнд байдалд оруулаад байсан удаагүй. Эхнэр ер нь л ялихгүй зүйлээр шалтаглан байнга хэрүүл маргаан үүсгэдэг, би гэр бүлээ тэжээх гэж өөрийн гэсэн мэргэжил боловсролгүй хүн хөдөө гадаа явж ажил хийдэг, олдсон ажил болгоныг хийж гэр бүлээ тэжээх гэж хичээхийн хэрээр эхнэрийн ааш авир хэрээс хэтэрч, тэвчихийн аргагүй байдалд оруулдаг. Би аль л өндөр үнэлгээтэй ажил олж хийх гэж хөдөөгүүр явж ажилладаг гэр орондоо байнга байгаад байдаггүй байдлаас болж намайг хардаж байнга хэрүүл үүсгэдэг. Би аймгийн төвд гэрээсээ ажил хийх гээд амьдрах гэхээр тийм ажил олдохгүй хөдөө гадаа явж ажиллах ажил л олддог бөгөөд энэ нөхцөл байдлыг эхнэр маань огт ойлгодоггүй. Би ажиллаж хөдөлмөрлөж байж эхнэртээ 2021 онд 13.000.000 сая төгрөгөөр ХӨҮ1610 дугаартай машин авч өгсөн, мен өмнө нь эхнэртээ авч өгсөн приус машиныг сайжруулж 2 жилийн өмнө жижиг суудлын машин авч өгсөн. Энэ мэт байдлаар би гэр бүлийн амьдралаа сайжруулах гэж хүнээс дутахааргүй амьдрах гэж гэр бүлээсээ хол хөдөлмөрлөж гүрийж, хичээж зүтгэж байхад эхнэр энэ байдлыг огт ойлгохгүй зүгээр дэргэд нь ажилгүй сахиад суулгах гэсэн санаатай байдаг.

Нэгэнт эхнэр гэр бүлээ цуцлуулахаар хандсан байгааг би ойлгож байна, би гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрнө, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн хувьд маргахгүй нэхэмжлэлд дурдсанаар шийдвэрлүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгөөс би ногдох хэсгээ авахгүй бүх хөрөнгөө эхнэр болон хүүхдүүддээ өгье гэж бодож байна. Бидний хувьд таарч тохирохгүй байгаа учраас гэрлэлтээ цуцлуулна. Хашааны газар болон байшингийн гэрчилгээ миний нэр дээр байдаг. Би шилжүүлж өгнө гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 13.320.000 (арван гурван сая гурван зуун хорин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Д нар нь 2007 онд танилцан улмаар 2008 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл тайлбар, хэрэгт авагдсан №0043832/01 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр, хамтын амьдарлын явцад 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүү Дийн М, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр охин Дийн М нар төрсөн болох нь №0367359/39, №6728000117 дугаар төрсний гэрчилгээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдлоо.

Хүү Д.М, охин Д.М нар нь эрүүл өсөж бойжиж байгаа болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрөлжсөн сургалттай Авьяас сургуульд суралцаж байгаа талаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүд хэрэгт авагджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,

Мөн зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч Г.Буянхишиг нь нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус тусдаа амьдарч байгаа, мөн гэрлэгчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Б нь хүү Д.М, охин Д.М нарыг өөрийн асрамжинд авах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тэдний төрсөн цагаасаа эхлэн ээжтэйгээ амьдарч байгаа, хүүхдүүдийн ээждээ ээнэгшин дассан байдал, ээж нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой зэрэг байдлыг харгалзан хариуцагч Б.Дэлгэр нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй байх тул охин хүү Д.М, охин Д.М нарыг эх Г.Буянхишигийн асрамжинд үлдээж эцэг Б.Дээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Д нарын гэрлэлтийг цуцалж 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Ц овогт Дийн М, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Ц овогт Дийн М нарт эцэг Бын Дээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 13.320.000 (арван гурван сая гурван зуун хорин мянга) төгрөгийн эд хөрөнгө буюу 5 тооны адуу, 10 тооны үхэр, 18 тооны хонь, 20 тооны ямаа, Хөвсгөл аймгийн М сумын 13 дугаар багийн 06 тоотод байрлалтай газар, хашаа, 6х8м хэмжээтэй өвлийн зориулалтай байшин (арван сая төгрөгийн үнэлгээ)-гаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Б.Д эд хөрөнгийн тал дээр маргахгүй, өөрийн ногдох хэсгийг ч эхнэр хүүхдүүддээ үлдээнэ, нэхэмжлэгч хариуцагч нэгэнт бүх эд хөрөнгийг шилжүүлнэ гэсэн учир энэ тал дээр харилцан эвлэрч байна гэсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392.987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дээс 392.987 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Ц овогт Бын Д (РИ000000), Ш овогт Гын Б (РИ000000) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Ц овогт Дийн М (РИ00000), охин Ц овогт Дийн М (РИ00000) нарыг эх Гын Бийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Ц овогт Дэлгэрийн М (РИ00000)-ыг 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, хүү Ц овогт Дийн М (РИ00000), охин Ц овогт Дийн М (РИ00000) нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг  Ц овогт Бын Д (РИ00000)-ээс хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 5 тооны адуу, 10 тооны үхэр, 18 тооны хонь, 20 тооны ямаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн  06 тоотод байрлалтай газар, хашаа, 6х8м хэмжээтэй өвлийн зориулалтай байшин (арван сая төгрөгийн үнэлгээ)-гаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Б.Д өөрт ногдох хэсгийг авахгүй, дээрхи эд хөрөнгийг бүгдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг, нэхэмжлэгч Г.Б хариуцагчийн саналыг зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392.987 (гурван зуун ерэн хоёр мянга есөн зуун наян долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дс 392.987 (гурван зуун ерэн хоёр мянга есөн зуун наян долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Дэлгэр, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Буянхишиг нарт тус тус даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА