Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/162

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч Д.А,

шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т к овгийн Сийн Ат холбогдох 2413000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр,  хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр багийн .. дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т к овгийн Сйн А, регистрийн дугаар ...

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч С.А нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс ховор амьтан болох “Алтайн хойлог” шувууг үл таних хүнээс 200000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А  мэдүүлэхдээ:  “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.

2. 24130000000187 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 03-07 дахь тал),

2.2. Гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу 77-73 БӨА улсын дугаартай “Ланд-200” маркийн автомашинтай танихгүй 4 хүний хамт 5-лаа явж байгаа. Би ээлжийн амралтаа аваад Баян-Өлгий аймагт аав, ээж дээрээ ирээд буцаад Улаанбаатар хот руу явж байна. Өчигдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот явна гэсэн зарын дагуу энэ А гэх хүнтэй 90909700 утсаар холбоо бариад өнөөдөр өдөр гараад Улаанбаатар хот руу явж байна. Би шар өнгийн аранзтай л явж байгаа. Намайг ирж суухад жолооч Асхар, настай эмэгтэй хоёр хүн л байсан. Би ганц аранз аваад суусан. Миний дараа Казахстан улсын 2 иргэн жижиг хоёр цүнхтэй суусан. Тэгээд бид нар Ховд аймагт ирэхэд автомашин дотроос шувуу гарч ирсэн. Сүүлд суусан бид гурвын юм бол биш жолооч болон настай эмэгтэй хоёрын аль нэгнийх нь юм байх гэж бодож байна. Энэ талаар жолооч сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14 дэх тал),

2.3. Гэрч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...миний бие 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Өлгий Улаанбаатар чиглэлд 77-73 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Ховд аймгийн шалган нэвтрүүлэх постод хойлог шувууны мах тээвэрлэж яваад цагдаа нарт баригдсан нь үнэн гэхдээ би тухайн үед хойлог шувууны мах тээвэрлэж яваагаа өөрөө ч мэдээгүй, хүний дайвар ачааг авч явж байсан. Би тухайн дайвар ачаа өгч явуулсан хүнийг тухайн үед санаагүй, зүс таних хүн байсан. Тэрний талаар Ховд аймгийн цагдаа нарт мэдүүлэг өгсөн. Дараа нь тухайн ачаа өгсөн хүний талаар санаад тухайн хүнд очиж уулзахад надад “харин би тухайн үед танд хэлээгүй байсан. Миний буруу гэж надаас уучлалт гуйсан”. Миний бие тухайн үед Улаанбаатар хот явах талаар зар тавьж байсан. Тэрний дараа надад ууттай зүйл өгөхөөр нь би авч явсан. Би тухайн үед хойлог шувууны мах байгааг мэдээгүй. Би хойлог шувууг хориотой гэдгийг мэддэг учир тухайн үед мэдсэн бол авч явахгүй байсан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 19-20 дахь тал),

2.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Г.Зын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн амтнууд нь амьтан судлалын анхдагч судалгаанд тэнцэнэ. Уг шинжилгээнд ирүүлсэн амьтан нь Тахиатан багийн Гургуулынхан овгийн Алтайн хойлог байна. Уг Алтайн хойлог нь Монгол Алтай, Говь-Алтай уулс Цамбагарав, Хархираа, Түргэн, Асгат, Хөх сэрх, Мөнхсарьдаг, Султай, Хүрэн хайрхан, Жинст хайрхан, Хонгор хайрхан, Алаг хайрхан, Жаргалант хайрхан, Сагил болон Хангай, Хан Хөхий, Хөвсгөлийн уулын ойт хээрийн бүслүүрээр тархаж амьдарна. Тухайн амьтны хэдийд алсан хугацааг тогтоох боломжгүй. Уг шувууны нурууны хэсэг нь 6см*4см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Алтайн хойлог ховор амьтан мөн болно. Алтайн хойлгыг Экологи эдийн засгийн үнэлгээг 217,000 төгрөгөөр тогтоосон байна. Уг шинжилгээнд ирүүлсэн амьтан нь хадгалагдаж байгаа орчныхоо температураас хамаарч хурдан муудаж болзошгүй тул хурдан муудаж чанараа алдах зүйл мөн болно. Уг шинжилгээнд ирүүлсэн амьтад нь байгаа орчны температураас хамаарч түргэн муудаж болзошгүй тул (-) температурт хадгална.” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 30-34 дэх тал),

2.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Яллагдагчийн үйлдсэн хэргийн улмаас тус сумын Засаг даргын тамгын газарт хохирол учирсан байна. Иймд зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг төлж барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 128 дахь тал),

2.6. Яллагдагч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 3 сарын сүүлээр гэж санагдаж байна. Улаанбаатар хотод байдаг миний танил БНХАУ-ын иргэн 86600429 нь хойлог шувууны мах хэрэгтэй байна гэж захиалсны дагуу би 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зах дээр очиж үл таних хүнээс 200,000 төгрөгөөр худалдаж аваад, мөнгийг нь бэлнээр өгсөн. Тухайн өдрийн орой Ө.Аын Улаанбаатар хот руу явна гэсэн зарыг хараад хойлог шувууг цагаан өнгийн гялгар уутанд хийгээд “Улаанбаатар хотод очиж нэг хүн авна” гээд 86600429 дугаарыг өгсөн. Би тухай үед Ө.Ат хойлог шувуу байгаа талаар хэлээгүй. Мөн би хойлог шувууг худалдаж авахдаа агнахыг хориглосон амьтан гэдгийг мэдээгүй. Би учруулсан хохирлыг төлж барагдуулах болно. Тухайн Хятад хүнийг одоо Монол Улсад байгаа талаар мэдэхгүй байна. Учир нь утасны дугаар нь холбогдохгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.7. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 03-07 дахь тал),

- Гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний дараа Казахстаны 2 иргэн жижиг хоёр цүнхтэй суусан. Тэгээд бид нар Ховд аймагт ирэхэд автомашин дотроос шувуу гарч ирсэн....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14 дэх тал),

- Гэрч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... Миний бие тухайн үед Улаанбаатар хот явах талаар зар тавьж байсан. Тэрний дараа надад ууттай зүйл өгөхөөр нь би авч явсан. Би тухайн үед хойлог шувууны мах байгааг мэдээгүй. Би хойлог шувууг хориотой гэдгийг мэддэг учир тухайн үед мэдсэн бол авч явахгүй байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Г.Злын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 30-34 дэх тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Яллагдагчийн үйлдсэн хэргийн улмаас тус сумын Засаг даргын тамгын газарт хохирол учирсан байна. Иймд зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг төлж барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 128 дахь тал),

- Шүүгдэгч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улаанбаатар хотод байдаг миний танил БНХАУ-ын иргэн  нь хойлог шувууны мах хэрэгтэй байна гэж захиалсны дагуу би 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зах дээр очиж үл таних хүнээс 200,000 төгрөгөөр худалдаж аваад, мөнгийг нь бэлнээр өгсөн. Тухайн өдрийн орой Ө.Аын Улаанбаатар хот руу явна гэсэн зарыг хараад хойлог шувууг цагаан өнгийн гялгар уутанд хийгээд “Улаанбаатар хотод очиж нэг хүн авна” гээд 86600429 дугаарыг өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч С.А нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс ховор амьтан болох  1 ширхэг “Алтайн хойлог” шувууг үл таних хүнээс 200000 төгрөгөөр худалдан авч, улмаар Улаанбаатар хот рүү явж байсан жолооч Ө.Ааар өгч явуулж, амьтны аймагт 217000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна. 

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т  “амьтан” гэдэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж,  Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан”-д тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устгаж болзошгүй амьтныг эсхүл ихэнх хэсэгт тоо толгой цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хамааруулахаар хуульчилж, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр ангах, агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хоригложээ.

4.2. Шүүгдэгч С.Аын хүнээс худалдаж авсан гэх шувуу нь “Алтайн хойлог “шувуу болох нь шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд  “Алтайн хойлог” шувууг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад оруулсан байна.

 

4.3. Хууль, тогтоомжоор ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон байхад шүүгдэгч С.А нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт’’-д багтсан 1 тооны “Алтайн хойлог” шувууг худалдаж авсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгчийг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.4. Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.5. Шүүгдэгч өөрийнхөө үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж ховор амьтны жагсаалтад орсон амьтныг зарж борлуулах зорилгоор худалдан авсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Иймд шүүгдэгч С.Аыг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Алтайн хойлог” шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 217000 төгрөгөөр  тогтоосныг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт 217000 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.

5.2. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасныг баримтлан, “Алтайн хойлог” шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх нийт 434000 төгрөгийг амьтны аймагт учирсан хохиролд тооцон, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Аоос гаргуулан Байгал орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч  С.Аыг шүүхээс “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.4. Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

2.5.  Шүүгдэгч С.Аын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг  тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож, 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2.6. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Ат сануулав.

          Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч С.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2.  Шүүгдэгч С.Аоос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг “Алтайн хойлог” шувууг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн эзэмшлийн таблет 1 ширхгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т к ургийн овогтой Сйн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч” хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5600000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5600000 төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Ат сануулсугай.

5. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус  баримтлан шүүгдэгч С.Аоос 434000 (дөрвөн зуун гучин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

          6. Шүүгдэгч С.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Алтайн хойлог” шувууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч С.Аын эзэмшлийн 1 ширхэг таблетыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

          8. Шүүгдэгч С.Аоос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ө.Б