| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01554/И |
| Дугаар | 102/ШШ2021/02043 |
| Огноо | 2021-08-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/02043
| 2021 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2021/02043 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Э ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С овогт Б-ийн А-т холбогдох орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 00916 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1058 тоот магадлалаар иргэн Б.А-ээс 83,583,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 575,855 төгрөг нийт 84,158,855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ББСБ-т олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж ажиллагаа явагдсан. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.А нь шүүхийн шийдвэрт дурдсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 48в байр, 12 тоот хаягт бүртгэлтэй 61,57 м.кв хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 84,158, 855 төгрөгт тооцон шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх газраас ажиллагааг дуусгавар болгож, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхээр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн хэлтэст албан тоот бичиг хүргүүлсэн. Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс дээрх барьцаа хөрөнгийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Б.А хүсэлт гаргаж өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч одоог хүртэл тус байрандаа амьдарч чөлөөлж өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Б.А-ийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн суудлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь Б.А-т холбогдох орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3-р сарын 23-ны өдрийн 00916 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5-р сарын 07-ны өдрийн 1058 тоот магадлалаар иргэн Б.А-ээс 84 158 855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ББСБ-т олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 48б байрны 12 тоот сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар /хх 9-13/ шийдвэрлэжээ.
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч Б.А нь барьцааны хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг гаргаж, улмаар Э ББСБ-т 2019 оны 06-р сарын 17-ны өдөр өмчлөх эрхийн 00071471 дугаартай гэрчилгээ олгогдсон, өмчлөгч /хх 6-8/ байна.
Хариуцагч Б.А нь өмчлөх эрхээ шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон боловч тухайн сууцыг чөлөөлөөгүй, амьдарч байгаа нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн, хууль бус эзэмшил гэж үзнэ.
Хариуцагч Б.А нь нэхэмжлэлийг хувийг 2021 оны 07-р сарын 22-ны өдөр хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, 2021 оны 8-р сарын 25-ны өдрийн 11 цагт зарласан шүүх хуралдааны мэдэгдлийг түүний 0 дугаарын утсаар мэдэгдсэн, түүнчлэн мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлийн 71.1 дэхь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ББСБ ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205018703 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 48б байрны 12 тоот 61.67 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг Б-ийн А, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Б.А-гээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА