| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00845/И |
| Дугаар | 155/ШШ2021/00951 |
| Огноо | 2021-10-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2021/00951
| 2021 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2021/00951 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт Тын М (РЭ0000000)-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн У сумын 0 дугаар багийн 1-1 тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хотын С дүүргийн 00 дүгээр хорооны 00 дүгээр хороолол, 000 тоотод түр оршин суух, Ш овогт Нийн М (РН0000000)-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 155/2021/00845/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгч Т.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.М нь Н.Мтэй 2012 онд танилцан, үерхэн дотносож байгаад хамтын амьдралаа эхлүүлсэн. Бид хоёр тухайн үед гэрлэлтээ батлуулж амжаагүй. Учир нь миний хувьд урьд өөр хүнтэй албан ёсны гэр бүл болж, гэрлэлтээ цуцлуулаагүй байсантай холбоотой. Ингээд бидний хамтын амьдралын явцад буюу 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин М.Т мэндэлсэн. Бид энэ үед Улаан-Уул суманд ажиллаж, амьдарч байсан бөгөөд Мийн хувьд хүүхдээ төрснөөс хойш хань ижил, үр хүүхэддээ анхаарал халамж сул болж, учир шалтгаангүйгээр Улаанбаатар хот руу байсхийгээд явдаг болчихсон. Энэ мэт шалтгаанаар бид хоёр байнгын хэрүүл маргаантай байх болж, улмаар тэрээр эрүүл, согтуу аль ч үедээ догшин хэрцгий авир ааш гаргах нь ихсэн, эцэс сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэл тогтмол үйлддэг болсон. Тодруулбал эхнэр болох намайг хэлэх, хэлэхгүй муу муухай үгээр гутаан доромжилж, сэтгэл санааны хувьд байнгын шаналгаа, зовиуртай байдлыг үүсгэхээс гадна бие махбодид минь халдаж эрүүл мэндэд минь гэмтэл хүртэл учруулах болсон. Түүний энэ мэт бусармаг байдал нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвдэх болсон учир өөрийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийнхээ цаашдын эрүүл, аюулгүй орчинд өсөж хүмүүжихэд ноцтой эрсдэл учирж байна гэж үзэж, түүнээс тусдаа амьдрахаар шийдсэн.
Одоо миний хувьд түүнээс тусдаа амьдарсанаас хойш 6 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Мийн хувьд үр хүүхдээ огтхон ч хайхарч байгаагүй гэхэд болно. Одоо М нь Улаанбаатар хотод өөр хүнтэй гэр бүл болж, 2 хүүхэдтэй болсон гэж дуулдсан.
Иймд цаашид Мтэй дахин гэр бүл болж амьдрах боломжгүй болсон учир 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.Тд хуульд заасны дагуу эцэг болох Н.Мээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Н.Мт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т.М, хариуцагч Н.М нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Т.М нь жирэмсэлж тэдний дундаас охин М.Т төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Ш овогт Мийн Тийн бүртгэлийн 6743000000 дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Охин М.Т нь эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан эмч Ч.Бийн тодорхойлолтоор нотлогдлоо.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ. гэж,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно. гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Иймд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Шарнууд овогт Мэндбилэгийн Тэнгэрин /РН13290627/-д эцэг Ш овогт Нийн М (РН0000000)-ээс хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:
40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;
40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр гэж заажээ.
Хариуцагч Н.Мт 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлэг танилцуулан, хариу тайлбарыг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ирүүлэх учиртайг мэдэгдсэн боловч хариуцагч Н.М нь хариу тайлбарыг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч Н.Мийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
Мөн хариуцагч Н.Мт шүүх хуралдааны товыг түүний 88000000 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагч Н.Мийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Т.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.537 төгрөгөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мээс 35.337 төгрөгийг, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Ш овогт Мийн Т /РН0000/-д эцэг Ш овогт Нийн М (РН83091773)-ээс 11-н настай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Т.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгөөс 35.337(гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Н.Мс 35.337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА