Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/02140

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/02140

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч:  Б овогт Га-ын Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Т ХХК-д холбогдох 23 146 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь 2019 оны 09-р сарын 05-ны өдөр Т ХХК-тай Төв аймгийн, Зуун мод сумын нутаг, 100 айлын урд талд баригдаж буй 2019 оны 12 дугаар сард ашиглалтад орох 5 давхар орон сууцны 1 давхрын 2 өрөө 49.7 м.кв орон сууцыг захиалж, урьдчилгаа төлбөрт 17 146 500 төгрөгийг Хаан банкны 58 дансанд шилжүүлсэн. Гэрээнд заасны дагуу 12 дугаар сард ашиглалтад орно гэсэн боловч ашиглалтад ороогүй. Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сард Төв аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 124 тоот Прокурорын тогтоолоор иргэн, хуулийн этгээд хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх тул иргэний журмаар шийдвэрлүүлж хохирлоо арилгуулах нь зүйтэй гэх хариу ирүүлсэн. Нэхэмжлэгч нь Т ХХК-ний төлөөлөгчтэй удаа дараа биечлэн уулзаж шаардаж байсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17 146 500 төгрөг, хохирол гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байрны түрээсийн төлбөрт төлсөн 3 000 000 төгрөг, гэрээний 5.6-д заасны дагуу алданги 3 000 000 төгрөг нийт 23 146 500 төгрөгийг Т ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ...Г овогтой Б-ын орон сууцны захиалгын унэд төлсөн 17 146 500 төгрөг, 6 000 000 төгрөгийн алдангийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг хүргэж байна. Т ХХК нь Төв аймгийн Зуунмод хотын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Манзушир 1000 айл" төслийн 2 дугаар ээлжийн 90 айлын орон сууцыг барих ажлыг Төв аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр, өөрийн хөрөнгөө оруулан 2019 онд барьж эхэлсэн. Барилгын ажил ид явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч нар орон сууц захиалж, гэрээ байгуулан зарим төлбөр тооцоогоо хийсэн байсан. Тус захиалгын орлогыг барилгаа хурдан барихын тулд барилгын ажилд зарцуулсан юм. Барилгын ажлыг туслан гүйцэтгэгч "Ц" ХХК-иар бариулж эхэлсэн ба тус компани нь барилгын ажлыг удаашруулснаас барилгын ажил өвөлтэй золгож удааширсан. Мөн үүний улмаас зээлээр авах санхүүжилт маань бүтэлгүй болсон бөгөөд тус туслан гүйцэтгэгч компанитай маргаантай байдал үүссэн. 2020 оны хавар барилгын ажил эхлэх улирал буюу 3 дугаар сард туслан гүйцэтгэгчтэй үүссэн маргаантай асуудалд Төв аймгийн Засаг даргын тамгын газраас оролцож, манай компанийн тус барилгын ажилд оруулсан нийт хөрөнгийг манай компанид гарган өгч, тус орон сууцыг үргэлжлүүлэн барих өөр этгээд/"Ц" ХХК/-тэй гэрээ байгуулахаар тогтож шийдвэрлэсэн билээ. Дээрх нөхцөл байдлын улмаас манай компани орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Ингээд манай компанийн зүгээс оруулсан хөрөнгөө /үүнд орон сууц захиалагч нарын орон сууц захиалгын төлбөр багтсан болно/ гаргаж авахаар хүлээж эхэлсэн ч одоог хүртэл Төв аймгийн ЗДТГ-аас барилгыг үргэлжлүүлэн барих этгээдтэй гэрээ байгуулаагүй гэх бөгөөд манай оруулсан нийт хөрөнгө оруулалт санхүүжилтийг шийдвэрлээгүй байна. Төв аймгийн Засаг даргын тамгын газраас манай компанийн дээрх асуудлыг шийдвэрлэмэгц нэхэмжлэгч нараас орон сууц захиалгын үнэд авсан төлбөрүүдийг "Т" ХХК нь төлж дуусгах болно. Харин дээр дурдсан манай компанид үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмж нэхэмжилж буй нийт 22,000,000 төгрөгийн алдангиас чөлөөлж өгөхийг хүсье. Дээрх нөхцөл байдлын улмаас манай компани орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Ингээд манай компанийн зүгээс оруулсан хөрөнгөө /үүнд орон сууц захиалагч нарын орон сууц захиалгын төлбөр багтсан болно/ гаргаж авахаар хүлээж эхэлсэн ч одоог хүртэл Төв аймгийн ЗДТГ-аас барилгыг үргэлжлүүлэн барих этгээдтэй гэрээ байгуулаагүй гэх бөгөөд манай оруулсан нийт хөрөнгө оруулалт санхүүжилтийг шийдвэрлээгүй байна. Төв аймгийн Засаг даргын тамгын газраас манай компанийн дээрх асуудлыг шийдвэрлэмэгц нэхэмжлэгч нараас орон сууц захиалгын үнэд авсан төлбөрүүдийг Т ХХК нь төлж дуусгах болно. Харин дээр дурдсан манай компанид үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмж нэхэмжилж буй нийт алдангиас чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Г.Б нь Т ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас учирсан хохирол 23 146 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь Т ХХК-тай 2019 оны 09-р сарын 05-ны өдөр Төв аймгийн, Зуун мод сумын нутаг, Манзушир 1000 төслийн хүрээнд баригдаж байгаа Манзушир-Өргөө хотхоны 2-р ээлжийн 90 айлын орон сууцны 5.11 дүгээр байрны 1-р орцны 1-р давхрын 2 тоот 49.7 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг 57 155 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож Орон сууц захиалгын гэрээ /хх 5-7/ байгуулжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Гэрээний 3.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь орон сууцыг 2019 оны 4-р улиралд ашиглалтанд оруулах, 2.4-т зааснаар захиалагч нь төлбөрийн 30 хувь буюу 17 146 500 төгрөгийг төлж, бусад төлбөрийг хэсэгчлэн төлж дуусгахаар тохирчээ.

 

Харин захиалагч 30 хувийн төлбөр 17 146 500 төгрөгийг төлсөн /хх 9/ нь ХААН банкны дансны хуулгаар тогтоогдсон, гүйцэтгэгч нь сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд ашиглалтад оруулаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс талууд гэрээ цуцалсан, гүйцэтгэгч нь 17 146 500 төгрөгийг төлөхөд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас учирсан хохиролд алданги 3000 000 төгрөг, түрээсийн төлбөрт төлсөн 3000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба эдгээр шаардлага нь гэрээ цуцалснаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй.

 

Өөрөөр хэлбэл, алданги шаардаж байгаа нь гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотой, гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний улмаас үүргийн гүйцэтгэлийг хангах арга болдог.

 

Харин нэхэмжлэгч орон сууц түрээслэн амьдарсан, түүнд хөлс төлсөн нь ажил гүйцэтгэх гэрээтэй шалтгаант холбоогүй, түрээслэгч түрээслүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн баримт байна. Иймд энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Хариуцагчид шүүх хуралдааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 355-р зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-иас 17 146 500 /арван долоон сая нэг зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулж Г-ын Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 6000 000 /зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 683 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 243 682 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА