| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01752/И |
| Дугаар | 102/ШШ2021/02210 |
| Огноо | 2021-09-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/02210
| 2021 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2021/02210 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ж овогт г-ын М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А овогт Ч-ийн Э-т холбогдох нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.М /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эгч Г.Х өвчний улмаас нас барсан. Талийгаачийг нас барснаас хойш эгчийн маань хүүхдэд орон сууцыг шилжүүлсэн, энэ асуудлыг шийдэж өгнө гээд бичиг баримтыг авсан байсан. 2015 онд би ял эдэлж байсан учир ээжийн орон сууцыг өвлүүлсэн нотариатын шийдвэрийг мэдээгүй, хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М нь Г, Б нарын 7 дахь хүүхэд. Налай дүүргийн шүүхийн шийдвэрээр 2010 онд гэмт хэрэгт буруутгагдаж 12 жилийн ял эдэлсэн. Ял эдэлж байх хугацаанд нь 2013 онд ээж нь бурхан болсон байдаг. Ээж нь хавдраар өвдөж, байнгын асаргаа хэрэгтэй болсон тул Налайх дүүрэгт байсан өөрийн гал голомтоо болон амьжиргааны хэдэн малаа зарж, хүүхдүүд нь өөрсдийн чадлаар мөнгө нэмэрлэн, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 8-р хороо, Чингүүнжавын гудамжид байрлах 3 өрөө байрыг ээждээ авч өгсөн. Энэ байрыг ээжийг нь нас барсны дараа бусад ах, дүүс нь байхад талийгаач эгч Х дангаараа өвлөн авсан байсныг мэдээгүй. М нь айлын голомт залгах хүү, ээжийнх нь байр, Гунаажавын гэх айлын гал голомтод ээж, аавын шүтэж явсан бурхан тахил бүгд байгаа. Эгч дүү нар нь энэ байранд ээжийгээ асраад бүгд их бага хугацаагаар амьдарч байсан, М ч ял эдэлж ирээд энэ орон сууцанд амьдарч байсан. 2019 оны 10 сарын 09-нд эгч Х өвчний улмаас нас барсан. 2020 оны хавар АНУ-аас эгч Ал ирж Л-т ээжийнх нь хувь болох 1 өрөө байрыг авч өгнө, бусад ах дүүс болох Г.М, Г.Б нарт хувь хүртээнэ гэж орон сууцны гэрчилгээг авч явсан, энэ үед орон сууцны өмчлөл ганц эгч Г.Х-ийн нэр дээр байсныг мэдсэн. Үүнээс хойш Л орон сууцны гэрчилгээг үрэгдүүлсэн гэж хуурамчаар зарлуулж дахин гэрчилгээг авч Г.Б-г байрнаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн н.Ху, н.Б нар нэхэмжлэл гаргасан боловч хуулийн хугацаанд өв залгамжлах эрхийн хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр шүүхээс нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон.М-ийн хувьд 12 жилийн хорих ял эдэлж байсан учир ээжийгээ нас барсныг болон, өмчлөх эрхийн гэрчилгээг өвлүүлэхэд, татгалзал асуугаагүй. Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх журмын үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх, бусад өмчлөгч байгаа эсэхийг шалгана, гэх хуулинд заасан ажиллагаануудыг хийгээгүйгээс болж М-ийн эрх зөрчигдсөн. Иймд нотариатч Ч.Э-ын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр н.Б-ийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо Чингүүнжавынгудамжид байрлах 3 өрөө орон сууцны оногдох хэсгийг Г.Х-д дангаар өвлүүлж, өвлөх эрхийн 11 тоот гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02-р сарын 06-ны өдөр иргэн Г.Х-ийн хүсэлтийн дагуу Баянгол дүүрэг 8 дугаар хороо Чингүүнжавын гудамжид байрлах 3 өрөө орон сууцны өвлүүлэгч н.Б-д оногдох хэсгийг хуулийн хугацаанд хүлээн авсан төрсөн хүүхэд Г.Х-д өвлүүлж 11 тоот гэрчилгээг олгосон. Өвлөх эрхийн гэрчилгээг олгохын тулд Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өв хүлээн авах, татгалзах журмыг үндэслэн олгодог. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны хүүхдүүд хамт амьдарч байсан эсэхээс хамаарч тухайн эд хөрөнгийг хүлээн авсан, эсхүл хүлээн авах хүсэлтээ тодорхой гаргах идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Иргэний хуулийн 528.3 дугаар зүйлд заасны дагуу 1 жилийн дотор өвийг хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай өргөдлийг гаргаагүй бол өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үздэг. Бусад өв хүлээн авагчид өргөдөл гаргаагүй зөвхөн Г.Х нь тухайн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор хамт амьдарч байсан тул өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Өмнөх шүүхэд өгсөн тайлбарт 528.5 гэж андуурч бичсэнийг 528.3 болгож залруулж ойлгоно уу. Хавтаст хэрэгт цугларсан нотолгооны хувьд Г.Х нь н.Б-ийн төрсөн хүүхэд болох нь төрсний гэрчилгээний хуулбар, хамт амьдарч байсан нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа. Г.Х нь Иргэний хуулийн 528.1 дүгээр зүйлд зааснаар 3 сарын дотор татгалзаагүй тул тухайн өвлөгчийн өвийг хүлээн авсан гэж үзсэн. Нэхэмжлэгч М нь хорих ял эдэлж байгаа ч тухайн хорих ангийн даргаар дамжуулан хууль зүйн зөвлөмж авах боломжтой байсан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дугаар зүйлд хуулийг мэдэхгүй буюу, хуулийг буруу ойлгосон нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул харгалзан үзнэ үү. Ч.Э миний бие 2016 оны 11 тоот өмчлөх эрхийг иргэн Г.Х-д олгосон нь хууль зүйн үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нотариатч Ч.Э-т холбогдох нотариатын үйлдэл хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын бүртгэлийн Ү-26 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 8-р хороо, Чингүнжавын гудамжид байрлах тоот 53.6 м.кв талбай бүхий 3 өрөө сууцны өмчлөгчөөр Н.Б, Г.Х нар бүртгэгдэж, өмчлөх эрхийн 06 тоот гэрчилгээ олгогдсон /хх 67/ байжээ.
Өмчлөгч Н.Б нь 2013 оны 12-р сарын 12-ны өдөр нас барсан, улмаар түүний өвлөгдөх хэсгийг өмчлөгч Г.Х нь Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.Э-ын 2015 оны 02-р сарын 06-ны өдөр гэрчилснээр өвлөн авч, өвлөх эрхийн 11 тоот гэрчилгээ авсан /хх 64-66/ байна.
Нэхэмжлэгч Г.Б, Г.Х нар тухайн сууцыг Г.Х дангаар өвлөж авсан нь бусад өвлөгч нарын эрхийг зөрчсөн үндэслэлээр маргаж, нотариатын үйлдлийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/00057 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03-р сарын 17-ны өдрийн 502 дугаар магадлалаар нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг Г.Х-д олгосон нь хууль зөрчөөгүй болох нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр /хх 84, 52-59/ байна.
Нөгөө талаас, өвлөгч, өмчлөгч Г.Х нь 2019 оны 10-р сарын 09-ний өдөр нас барсан, улмаар түүний хүү Д.Л өвийг хүлээн авч өмчлөгч болсон нь дээрх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогджээ.
Нэхэмжлэгч Г.М нь Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1-т зааснаар өвлөгч бөгөөд эх Н.Б-г нас барах үед Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 5-р сарын 5-ны өдрийн 34 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 12 жилийн хорих ялаар шийтгүүлж ял эдэлж байжээ.
Г.М нь хэдийгээр өв нээгдэх үед ял эдэлж байсан ч ...Иргэний хуулийн 64-р зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар хорих байгууллагын даргаар гэрчлүүлж итгэмжлэл олгож, өв хүлээн авах хүсэлтээ гаргах боломжтой байсан гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар Г.М өвийг хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нотариатын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 02-р сарын 06-ны өдөр Г-ын Х-д 11 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.Э-ын үйлдлийг хүчингүй болгохыг хүссэн Г-ын М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА