| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/01818/И |
| Дугаар | 102/ШШ2021/02316 |
| Огноо | 2021-09-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2021/02316
| 2021 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2021/02316 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Новогт Г-ын У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И овогт С-ын Б-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 онд С.Б-тай танилцсан, хамт амьдарч байгаад 2020 оны 3-р сард гэрлэлтээ батлуулсан. Бид 4 сар хамт амьдарсан, энэ хугацаанд зан харьцаа таарамжгүй, архи уудаг, надад гар хүрдэг байнгын хэрүүлтэй байсан. Би өөрөө нэг хүүтэй бөгөөд хүүхдэд хандах хандлага нь хэцүү байсан. Энэ нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй тул 7 сараас тусдаа амьдарч байна. Би одоо өөр хүнтэй хамт амьдарч байна. Цаашид С.Б-тай амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.У нь С.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Г.У, С.Б нар нь 2019 онд танилцаж, улмаар хамт амьдарч байгаад 2020 оны 3-р сарын 10-нд гэрлэлтээ батлуулжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд нөхөр С.Б нь архи уудаг, хүчирхийлэл үйлддэг, зан харьцаа муутай зэрэг байдлын улмаас 2020 оны 7-р сараас тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүй, тэдний дундаас төрсөн хүүхэдгүй байна.
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08-р сарын 11-ний өдрийн 9463 тоот Хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамжаар хариуцагч С.Б-ыг шүүхэд албадан ирүүлсэн, нэхэмжлэлийг 2021 оны 8-р сарын 25-ны өдөр гардуулжээ.
Харин хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн 2021 оны 9-р сарын 9-ний өдрийн болон энэ өдрийн шүүх хуралдааны мэдэгдлийг нэхэмжлэлд дурдсан хаягаар хүргүүлсэн боловч 2 дахь удаагаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 131-р зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 , 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г-ын У, С-ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Б-наас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА.