Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/02443

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/02443

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ш овогт Б-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  У нийгэмлэгт холбогдох У-ын Замын-Үүд шилжүүлэх ачих ангийн даргын 2021 оны 02-р сарын 22-ны өдрийн Б-56 дугаар тушаал, 2021 оны 03-р сарын 18-ны өдрийн Б-77 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, цалингаас суутгасан цалин хөлс болон ажилгүй байсан хугацааны олговор 11436 300 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У нийгэмлэгийн Замын-Үүд дэх шилжүүлэн ачих анги гэх томоохон аж ахуй нэгж нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг. Б.Б нь тээврийн ачиж буулгах үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагад тооцооны оператораар ажиллаж байсан. Ачиж буулгах анги учир вагоноос ирсэн ачааг том оврын машинд ачих, ачилт хийх тээвэр ложистикийн гаалийн хяналтын бүс ажилладаг. Төлөөлүүлэгч нь 2003 онд Төмөр замын дээд сургуулийг төгсөөд уг байгууллагат томилогдож 18 жил тасралтгүй ажилласан, 2013 оны байгууллагын шилдэг ажилтан, урлаг спортын манлайлагч ажилтан зэрэг хамт олондоо нэр хүндтэй ажиллаж, амьдарч байсан, удам дамжсан төмөр замчин, өрх толгойлсон жирийн эмэгтэй. Ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил, шийтгэл өмнө нь хүлээж байгаагүй. 2017 онд тус байгууллагын даргаар Г.Ц томилогдсон, үүнээс хойш байгууллагын Замын-Үүд зангилаанд байдаг төмөр замын хэд хэдэн дарга удирдлагууд төмөр замын баярыг тэмдэглэсэн, баярын арга хэмжээнд Б.Б-г дуул гэсэн шаардлага тавьж, дуулах боломжгүй гэж татгалзсанаас үүдэн хувийн таарамжгүй харилцаа үүссэн. 2018 онд үндэслэлгүйгээр шагнал цалин хөлсийг хасах, хагалгаанд орсны дараа ажилдаа орсон, сувилалд эмчлүүлэх шаардлагатай болсон үед баашиллаа, би чамайг чаддаг зүйлээрээ бооно, чи чаддаг зүйлээрээ боосон гэх зэргээр ажлын байрны дарамт учруулсан. Г.Ц нь Замын-Үүд сумын иргэдийн хурлын төлөөлөгч, улс төрийн томилгоотой идэвхтэн хүн. Б.Б нь Үндсэн хуульд заасан хувийн аж ахуй эрхлэх эрхээ эдэлж дүүтэйгээ хамтарч караоке ажиллуулж, үр хүүхдээ тэжээхийн тулд бусдын адил хөдөлмөрлөдөг, гэтэл түүнийг ухаж мөшгөж, хаанаас зөвшөөрлийг авсан талаар дарамт шахалт үзүүлсэн. Иймд У нийгэмлэгийн ёс зүйн хороонд гомдол гаргаж, гомдлыг шийдвэрлэж Г.Ц-т 2 сарын хугацаатай сахилгын шийтгэл ногдуулж, удирдах ажилтны манлайлах сургалтад өөрийн зардлаар сурах шийдвэрийг гаргасан, энэ хариуг Б.Б-д ирүүлсэн. Эдгээрээс үзэхэд Г.Ц нь ажилтандаа ажлын байрны дарамт үзүүлж, үндэслэлгүйгээр Б.Б-д 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан тул гомдол гаргаж байна. Тус ангийн даргын 2021 оны 02-р сарын 22-ны өдрийн Б-56 тушаал хөдөлмөрийн дотоод журамд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс журмыг эрхэмлээгүй, тооцооны операторын ажлын байрны 1.3-т заасан заалтыг удаа дараа зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 4.1.3-т заасан заалтыг зөрчиж удаа дараа шаардсан боловч өгөөгүй учир 1 сарын сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргасан. Б.Б-д ямар үүрэг даалгавар өгсөн, яаж биелүүлээгүй талаарх баримт байхгүй. Төлбөр тооцооны талаар үнэн зөв тайлан мэдээллийг гаргана гэснийг зөрчсөн үндэслэлийг нэхэмжлэгч зөвшөөрөх боломжгүй. 2021 оны 1-р сарын 08-ны өдөр гаалийн талбай дахь том оврын машинаас эхний 3 хоногт 10 000 төгрөг, дараагийн хоногоос 15 000 төгрөгийн хураамж хураасан. Энэ асуудлыг авч хэлэлцэж том оврын машинаас 15000 төгрөг авах ёстой байсан 5000 төгрөг дутуу хурааж авсан гэх үндэслэлийг Г.Ц гаргадаг. Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан өдрөөс гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй мэдэж байвал зохих зааварчилгаа мэдээллээр хангана гэж ажил олгогчийн үүрэгт зааж өгсөн байдаг. Гэвч уг мэдээллээр хангаагүй, бүх ажилчид төөрөгдөлтэй байсан, тооцооны операторууд ахлахтайгаа ярилцаж 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зааварчилгааг баталсанг миний бие нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан. Хариуцагчийн өгч буй хариу тайлбарт уг сахилгын зөрчил 1 дүгээр сарын 8-ны өдөр гарч 1 дүгээр сарын 13 өдөр зааварчилгааг гаргаж бүх ажилчид харилцан ойлголцсон боловч 2 дугаар сарын 22-ны өдөр Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн. Б.Б-д тарифын асуудлаар зааварчилгаа өгөөгүй үйлдэлдээ сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу. Хөдөлмөрийн гэрээний 4.1.3 дугаар зүйлд заасан ажил олгогчийн шаардсанаар зөрчил болон эрхэлж буй ажилтай холбогдуулж тодорхойлолт гаргаж өгөх үүрэгтэй гэх заалт нь буруу. Ажил олгогч тодорхойлолт өгдөггүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа боловч төлөөлүүлэгч тодорхойлолтуудыг гаргаж өгдөг байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 14.3-т ажилтан тайлбар гаргахгүй байж болно, хууль эрх зүйн хувьд хүн буруутай үйлдэлд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэх хууль зүйн шинжлэх ухаан хүний амьдралд тогтсон ёс зүйн үйлдэл байдаг. Гэтэл Б.Б-г тодорхойлолт бичиж өгөөгүй гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй, Б-56 дугаар тушаал, хурлын тэмдэглэлд заасан зөрчил тогтоогддоггүй. 2021 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн Б-77 гэх тушаалаар ажлаас халсан, уг тушаалын үндэслэлийг авч үзэхэд маш олон үндэслэлийг хуулбарлаж тавьсан тушаал байдаг. Уг тушаалд 2021 оны 2 дугаар сарын 22-ний өдөр гаргасан зөрчлийг тавьж, бичиг хэвлэхэд принтер зажилдаг, ажил тасалсан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл нь хуульд заасан бодит үндэслэлд нийцсэн байх ёстой. Гэвч үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзсэн талаар тодорхойгүй, байгууллагын гадаа цэцэг тарих ёстой байсан, хар шороо олдохгүй байна гэж хэлснийг үүрэг биелүүлээгүй гэж үзэн шийтгэл оногдуулсан гэж таамаг дэвшүүлж байна. Удирдах ажилтантай ёс зүйтэй харьцаагүй ёс зүйн доголдолтой гэх асуудлын хувьд 2021 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн хурлын тэмдэглэлд Б.Б ажил хаяж явсан, тооцооны цехийн даргын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, батлагдсан ээлжийн хуваарийг дур мэдэн сольсон, төлбөр хураамжийг дутуу хураасан, бичиг баримт засварласан, цехийн дарга, ажилтнуудыг хагарган бутаргасан гэсэн 6 асуудлаар хурлаар хэлэлцсэн. Хурлын тэмдэглэлээс авч үзэхэд ажил тасалсан гэх асуудалд хамт ажилладаг О гэх ажилтан Б.Б руу ярьж ээлжийг хувийн ажилтайн улмаас тантай сольж болох уу гэж асуусан, цехийн ахлах зөвшөөрвөл болно гэж хэлсэн. Гэтэл цехийн даргад хэлээгүй гэж Б.Б-д шийтгэл ногдуулж, н.О-д 5%-иар хассан шийдвэр гарсан. Бичиг баримт хэвлэхэд давхардуулж хэвлэсэн асуудал нь принтер зажлах, давхар хэвлэх асуудал гардаг үүний талаар бүх операторууд хүлээн зөвшөөрдөг, ярилцаж шийддэг байсан. Гэтэл уг асуудлаар зөвхөн Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан, хурлын тэмдэглэлээс харвал ийм асуудал байдаг бол таслан зогсоох хэрэгтэй, ажиллах нөхцөлийг гаргаж өгөх ёстой гэж хурлын тэмдэглэлд тусгагдсан. Тооцооны операторууд хоорондоо тооцоо нийлэх талаар ярилцан ажилладаг, Б.Б болон бусад ажилтнууд хувийн сошиал Фэйсбүүк чатаар харилцан санал солилцдог, заримдаа үл ойлголцох асуудлууд байдаг, гэтэл байгууллагын удирдлага Б.Б-ийн хувийн чатыг тухайн хуралд уншсан, ажилтнаа дарамталж буй харилцан яриа нь тэмдэглэлд тусгагдсан байдаг. Хурлын явцад харилцан яриа байсан гэж ойлгосон боловч шийдвэр гаргахдаа Б.Б-д хариуцлага тооцсон нь үндэслэлгүй. Б.Б-г ажил тасалсан зөрчлийн хувьд 2021 оны 2 сарын 22-ний өдөр ээлжийн зөвлөгөөн хийж нийт ажилчдын өмнө Б-г ...чи 38 настай байж ингэж амьдарч байгаа чинь чиний асуудал...гэх мэтээр хувийн чанартай зүйл ярьж хүнд байдалд оруулсан. Үүнээс болж ажлын байранд ажиллах боломжгүй, стрессээс болж үйлдвэрлэлийн осол бүртгэгдэх хэмжээнд хүртэл сэтгэл санаагаар унасан, улмаар цехийн даргатаа ...ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл өгөөд явсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилтнаа ийм дарамт шахалтад оруулсан мөртлөө ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Б.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцвол 1 өдрийн цалин нь 87 300 төгрөг, суутгагдсан 1 сарын цалин 204 740 төгрөг, ажлаас халснаас хойших эдийн засгийн календарийг үзэхэд ажлын 131 өдөр ажилгүй байсны цалин 11 436 300 төгрөг болж байна. Иймд  У нийгэмлэгийн Замын-Үүд шилжүүлэх ачих ангийн даргын 2021 оны 02-р сарын 22-ны өдрийн Б-56 тушаал, У нийгэмлэгийн Замын-Үүд шилжүүлэх ачих ангийн даргын 2021 оны 03-р сарын 18-ны өдрийн Б-77 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож Б.Б-г тооцооны операторын ажилд эгүүлэн тогтоож, суутгагдсан цалин хөлс болон ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дурдсан ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхал нь нэлээдгүй байдаг талаар дурдаж байна, сахилгын шийтгэл ногдуулсан Б-56 тоот, ажлаас чөлөөлсөн Б-77 тоот тушаалууд нь зөвхөн уг үндэслэлээр гараагүй. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, ажил үүргээ гүйцэтгээгүй, хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр оногдуулсан. У-ын Замын-Үүд шилжүүлэх ачих анги 2019 оны 9-р сарын 20-ны өдөр тооцооны операторын ажлын байрны тодорхойлолтыг гаргасан. Нэхэмжлэгч Б.Б нь 2003 оноос ажилласан хойш 18 жил ажилласан хариуцлагатай ажилтан гэх боловч бодит байдалд тийм биш. Хөдөлмөрийн гэрээ нь ажлын байрны тодорхойлолтын, ажлын байрны тодорхойлолт нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг байдаг тул хөдөлмөрийн гэрээний адил эрх зүйн үйлчлэлтэй, үр дагавар үүсгэдэг. Тооцооны операторын үндсэн чиг үүрэг нь тээврийн бичиг баримтыг бүрдүүлэх, алдаагүй гаргах, төлбөр тооцоог хураан авах, ачаа тээврийг цахим системд баталгаажуулах, төлбөрийг шилжүүлэх үндсэн ажилтай. Ажлын байрны тодорхойлолтод бичиг баримтыг засваргүйгээр хийж гүйцэтгэнэ гэж нарийвчлан заасан. 18 жил ажилласан ажилтны хувьд чиг үүргээ хангалттай сайн мэдэж байх ёстой. Тушаалууд дээр зөрчлийг тодорхой заасан бөгөөд ажлаа дутуу хангалтгүй хийсэн, тээврийн гол бичиг баримтуудыг засварладаг асуудлыг хөндсөн. 2021 оны 02-р сарын 22-ны өдрийн Б-56 тоот тушаалаар 2 дугаар сарын 18-ний өдөр олон улсын тээврийн 525438584430 дугаартай бичиг баримтуудыг тооцооны үнийн дүнг гараар засварласан асуудал үүссэн. Нэхэмжлэгч тайлбарлахдаа техникийн байдлаас шалтгаалсан гэдэг, хэрэв техникийн асуудал үүссэн бол удирдах хариуцдаг газарт хэлж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах ёстой байсан, удаа дараа буюу нийт 7 удаагийн зөрчлийг гаргасан, харьяалах цехийн даргаас зөрчил байдаг эсэх талаар асуухад зөрчлийг арилгуулах талаар тайлбар өгдөггүй нь тогтоогддог. Олон удаагийн тээврийн бичиг баримтуудыг засварласан, стандарт шаардлага хангахгүй баримт бичиг үйлдүүлж байна гэх үндэслэлээр Б-56 тоот тушаалаар захиргааны шийтгэл ногдуулсан. Тушаалд заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйн хувьд хөдөлмөрийн гэрээний 4.1.11 дүгээр зүйлд зааснаар ажлыг байрны үүрэгт заагдаагүй боловч эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд гүйцэтгэх үүрэг даалгавар байдаг. Тооцооны операторын ажлын байрны шууд удирдах албан тушаалтан нь тооцооны цехийн дарга Б юм. Тухайн өдөр цехийн дарга Б нь байгууллагын дотоод үйл ажиллагааны хэмжээнд байгууллагын цэцэг солих үүрэг даалгавар өгсөн боловч хар шороо байхгүй, шаардлагатай нөхцөлөөр хангаагүй гээд хийгээгүй, үүнийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзсэн. Хар шороог өөрөө зохицуулах, шаардлагатай нөхцөлөөр хангуулахыг шаардах боломжтой байсан, нөхцөл байдлыг илэрхийлэлгүйгээр татгалзсан. 2021 оны 3-р сарын 18-ны өдрийн Б-77 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан. Үүнд өмнөх зөрчлүүдийг давтан гаргасан, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 3-р сарын 1-ний өдөр 425 дугаартай илгээлтийн ачааны байрны тоог 0 гэж гаргасан, тээврийн ачаа тээшийг замын хүснэгтээр баримтжуулж гаргадаг, уг хүснэгтэд 40 тонны контейнер ачсан ачаа тээврийн байрыг тээвэрлэлтэд яваагүй гэх агуулгыг илэрхийлсэн том алдаа гаргаж огт ачигдаагүй мэт агуулгаар гаргасан. Мөн цахим системд ачилт буулгалтын тооцоо хийхдээ 8192 дугаартай санамж хаасан цагийг зөрчилтэй хүлээн авч алдаатай ажилласан тул сахилгын зөрчил давтан гаргасан, Замын-Үүдийн гаалийн талбайд нэвтрэх ачаа, тээш талбайн хөлсийг н.Г даргын баталсан тарифын дагуу хураан авсан гэж тайлбарладаг боловч Улаанбаатар төмөр замын дарга н.Ж-ийн 2017 оны 2-р сарын 17-ны өдрийн А/390 тоот тарифаар мөрдөж авах ёстой байтал орлогч дарга н.Г-ын баталсан тарифын дагуу хураан авсан нь буруу гэж үзсэн. Байгууллагын 2 тарифын алиныг дагаж мөрдөх талаар алдаа гарсан, гэрч Т.Н-ын тайлбарт Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн тооцооны операторууд ажил үүргээ гүйцэтгэхдээ ямар тарифын дагуу төлбөр тооцоог бодож авах ёстой вэ гэх асуултад замын даргын баталсан тарифын дагуу үйлчилгээ явуулдаг гэх тайлбар өгсөн байдаг. Иймд замын дарга, хуулийн этгээдийн удирдах дарга бол дүрэмд зааснаар н.Ж гэх хүн байдаг, тооцооны операторууд замын даргын баталсан тарифыг мөрдөх ёстой байтал замын орлогч даргын баталсан тарифыг мөрдсөнд асуудал үүссэн. н.Г орлогч даргын журам нь замын даргын журам биш бөгөөд түүнийг мөрдөх үндэслэлгүй. Алдаатай тарифыг мөрдөж төлбөр тооцоог дутуу авсан үйлдэл юм. Ажил тасалсан тухайд 2021 оны 2-р сард ажлаас халагдах өргөдөл өгсөн гэж тайлбарладаг. Ажлаас халагдах өргөдлөө өгсөн ажилтан үүнээс хойш 1 сарын дараа ажлын байраа орхих эрхтэй гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Ажил олгогчийн албан ёсны тушаал шийдвэр гараагүй байхад ажлаа орхих эрх зүйн боломж байдаггүй. 2021 оны 2-р сарын 17-ны өдөр хуваарьт ажил, ээлжийн графикгүй өдөр ажилдаа ирсэн, ажлын хувиараа сольсон нь У-ын хөдөлмөрийн дотоод журмын чөлөө олгох хэсэгт хэрэв тооцооны оператор хүндэтгэн үзэх шалтгаантай, чөлөө авах хүсэлттэй бол цехийн даргадаа хандаж чөлөө авах ёстой. Үүний дагуу чөлөө авч орны хүнийг ажиллуулж байгууллагын хэвийн үйл ажиллагааг мөрдөх ёстой, гэтэл өөрсдөө тохирч ээлжийн хуваарийг зөрчсөн нь хөдөлмөрийн дотоод журмын чөлөө олгохтой холбоотой журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.Б-г ажилгүй байсан хугацааны Б-55 тоот тушаалд заасан ажлаас халагдахаас өмнөх 3 сар тооцогдох ёстой, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын хур системийн ажилтны хоол унааны зардал давхар тооцогддог, хоол унааны мөнгийг хасаж тооцогдох ёстой гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь У нийгэмлэгт холбогдох У-ын замын Замын-Үүд шилжүүлэх ачих ангийн даргын 2021 оны 02-р сарын 22-ны өдрийн Б-56 дугаар тушаал, 2021 оны 03-р сарын 18-ны өдрийн Б-77 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, цалингаас суутгасан цалин хөлс болон ажилгүй байсан хугацааны олговор 11 436 300 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

У нийгэмлэгийн Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн тооцооны оператор Б.Б-д тус ангийн даргын 2021 оны 2-р сарын 22-ны өдрийн Б-56 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл /хх 24/ ногдуулжээ.

 

Энэ өдөр Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн шуурхай хурал хуралдаж ...цехийн даргын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйн асуудал гаргасан тооцооны оператор нарын талаар хэлэлцэж тэмдэглэл үйлджээ /хх 55-64/.

 

Хуралд цехийн дарга Д.Б тооцооны оператор Б.Б-ийн гаргасан зөрчлийн талаар... 2020 оны 12-р сарын 20-ноос хойш ажлын тайланг шалгахад 7 удаагийн зөрчил гарсан, үүнээс 2 зөрчлийг арилгахаас татгалзаж өр төлбөр барагдуулаагүй, төлбөр үүсгэсэн, гаргасан зөрчлийн талаар тодорхойлолт бичиж өгөхийг шаардахад татгалзсан, мөн цехийн цэцгийн сав солих үүрэг даалгавар өгсөн боловч татгалсан зөрчлийг гаргасан талаар танилцуулсан байх ба Б.Б тайлбарлахдаа... 2021 оны 2-р сарын 1-ний өдөр МЧЗ Д.А дуудаад намайг тодорхойлолтоо бичиж өг, даргатайгаа хэрэлдсэн байна гэж шаардсан, ....2021 оны 1-р сард цехийн дарга М-ийн үед МЧ-3-р талбайд гарсан...1 элдэв хураамжаар талбайд 3 хоносны 35000 төгрөг, нөгөө элдэв хураамж нь 1 хоносны 10000 төгрөг хурааж авсан, Гаалийн хяналтын талбайд терминальд мөрдөгдөх журмын дагуу хураасан, А-390 журмыг мөрдөх ёстой байсан хоёр хуваагдсан журам хаана байна, би сүүлд гарсан журмаа баримталсан, өр үүсгээгүй, тодорхойлолт бичиж өгөх шаардлагагүй гэж үзсэн, ...цэцэгийн сав солиход хөрсийг нь заавал солино, хөрсөө солихын тулд бордоо хэрэглэнэ, эдгээрийг хаанаас авах юм бэ, аваад өгвөл солиод өгнө гэж хэлсэн, чадахгүй гэж хэрүүл хийгээгүй...гэсэн тайлбар хийжээ.

 

Хурлын тэмдэглэл, хуралд оролцсон бусад хүмүүсийн тайлбар, асуулт зэргээс дүгнэвэл ажил олгогч нь үнэ тарифын талаарх мөрдөх журмын талаар зааварчилгааг өгөөгүйгээс ажилтнууд өөр өөр тарифаар мөнгө хураасан, удирдах ажилтан нь ажилтныхаа хувийн байдал руу хэт ордог, хувь хүн рүү чиглэсэн харилцааг бий болгодог, өөрөөр хэлбэл, цехийн дарга, ажилтны хооронд хувийн зан харилцааны хувьд таарамжгүй байдал бий болсон нь тусгагдсан байна.

 

Гэрч Т.Н мэдүүлэхдээ ...тарифийн асуудлыг хариуцсан эдийн засагч хийдэг, зааварчилгааны буруу зөрүү ойлголт гардаг, 2 тарифыг мөрдөхөд Б.Б-ийн гаргасан алдаа гарах магадлалтай гэдгийг урьдчилж хараагүй байсан.. талаар /хх 163-166/ мэдүүлсэн гэрч М ...тооцооны оператор, уг асуудлыг мэдээгүй, 2 тушаал, журмын алийг хэрэглэх яаж хэрэглэх талаар удирдлагаас зааварчилгаа өгөөгүй...талаар /хх 157-160/ мэдүүлсэн мэдүүлгээр үнэ тарифын талаар зөрүүтэй ойлголт байсан гэж үзнэ.

 

Нөгөө талаас, Замын-Үүдийн гаалийн талбайд нэвтрэх ачаа, тээш талбайн хөлсийг У-ын дарга н.Ж-ийн баталсан 2017 оны 2-р сарын 17-ны өдрийн А/390 тоот тарифыг мөрдөнө, Замын-Үүд шилжүүлэх ангийн орлогч дарга н.Г-ын баталсан журам нь замын даргын журам биш, түүнийг мөрдөх үндэслэлгүй гэсэн хариуцагчийн тайлбараас дүгнэвэл ажил олгогчийн зүгээс ажилтнууддаа мөрдөх журам, түүний талаар зааварчилгаа өгөөгүйтэй шууд холбоотой буюу ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3-р зүйлийн 3.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, тухайн үед хэрэглэгдэж байсан үнэ тарифаар хураамж хураасан нь ажилтны буруу гэх үндэслэлгүй, Б.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагат хохирол учруулсан нь баримтаар тогтоогдоогүй /хх 145-150/ байна.

 

Түүнчлэн цэцгийн сав солих үүрэг өгсөн нь Б.Б-ийн гүйцэтгэх үндсэн үүрэгтэй нь холбоогүй боловч удирдлагаас өгсөн үүрэг байна. Гэвч ажил олгогч тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, хөрс бордоогоор хангаагүй, энэ талаар санал бодлоо цехийн даргатаа хэлсэн нь сахилгын зөрчил гаргасан гэж үзэж арга хэмжээ авах үндэслэл болохгүй.

 

Эдгээр үндэслэлээр Б.Б-д сахилгын арга хэмжээ авсан дээрх тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 204 740 төгрөгийг байгууллагаас гаргуулж олгох үндэслэлтэй.

 

Ажил олгогч нь ажилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т Ажил үүрэг болон гаргасан зөрчилтэй нь холбогдуулан ажилтнаар тодорхойлолт бичүүлж авна, 4.1.3-т заасан Ажилтан нь ажил олгогчийн шаардсанаар гаргасан зөрчил болон эрхэлж буй ажилтай нь холбоотой тодорхойлолт гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан нь талуудын эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан, зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрөхийг шаардсан, энэ тодорхойлолт нь ажилтанд арга хэмжээ авах үндэслэл болдог, өөрөөр хэлбэл, ажил олгогч давамгай байдал тогтоосныг дурьдах нь зүйтэй.

 

Тус ангийн даргын 2021 оны 3-р сарын 18-ны өдрийн Б-77 тоот Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан сахилгын шийтгэл /хх 9, 77/ ногдуулжээ.

 

Энэ өдрийн шуурхай хуралдаанаар Б.Б-тай холбоотой 6 асуудлыг хэлэлцсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан /хх 37-54/ байна.

 

Хэлэлцэх асуудлын 1-т Б.Б нь 2021 оны 2-р сарын 22-ны өдөр ажил тасалсан, хамт олныг хагалан бутаргадаг, ээлжийн ажлын хуваарийг дур мэдэн өөрчилдөг, цехийн даргыг ажил хийх боломжийг хангадаггүй зэрэг асуудал гаргадаг талаар ангийн дарга Г.Ц /МЧ/-ын асуултаар эхэлсэн байх ба энэ асуудлаар дарга болон ажилтан Б.Б нарын хооронд асуулт хариулт явагджээ. Тэмдэглэлд ангийн даргын хэт тулган шаардсан, давамгай байдлыг бий болгосон асуулт, ажилтныхаа хувийн байдал руу орсон, өөрөөр хэлбэл, хувийн таарамжгүй харьцаагаар хандсан байна. Б.Б нь энэ өдөр ажлын байрны дарамт, сэтгэл санааны байдлаас цаашид ажиллах боломжгүйгээ илэрхийлж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлтийг гаргажээ.

 

Харин ажилтан нь өөрийн хүсэлтээр өргөдлөө гаргасан, 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй байсан гэсэн хариуцагчийн тайлбар бодит байдалтай нийцээгүйгээс гадна ажилтны ийм өргөдөл гаргасан нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн агуулгыг илэрхийлээгүй байна.

 

Хэлэлцсэн асуудал-2-т: Б.Б нь тооцооны оператор Огторгуйтай 2021 оны 2-р сарын 17-ны өдөр ээлж сольж ажилласан талаар хэлэлцжээ. Тооцооны оператор О нь хувийн ажлын улмаас ээлжээ сольж ажиллахыг түүнээс хүссэн, ээлж солих талаар цехийн дарга Б.Б-д мэдэгдсэн, цехийн дарга болно гэж хэлсэн, цехийн дарга мэдэгдсэн боловч эргэж хариу хэлээгүй, тухайн өдөр ээлжээ сольж гарсан байсан тухай тэмдэглэгджээ.

 

Хэдийгээр ажилтнууд ээлжээ сольж ажилласан нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн боловч цехийн дарга энэ талаар мэдсэн атлаа шийдвэр гаргаагүй хэн аль нь буруутай.

 

Хэлэлцсэн асуудал-3. 2021 оны 2-р сарын 18-ны өдөр 13455254 дугаарын илгээлттэй олон улсын мастер ложистикийн зуучлалаар ирсэн ачааны тооцоог хийхдээ бичиг баримт дутуу үйлдэж засварласан, 13434430, 13433858 төлбөр тооцоо хэвлэх үед принтер зажилж урагдсан, скочдож наасан үнийн дүн хэвлэгдээгүй зөрчил гаргасан талаар хэлэлцжээ. Энэ асуудалд Б.Б хувь хүнээс шалтгаалсан алдаа гаргаснаа зөвшөөрсөн байх ба мөн олон улсын олголтын бичиг баримтыг үдээснээс салгахад ором гарах, принтерлэхэд гацдаг, урагддаг механик алдаа гардаг, энэ талаар цехийн дарга ...олон улсын олголтын бичиг баримт үдээсний машинаар үдсэн ирдэг, үдээсийг авахаар нүх үлдэж байгааг мэддэг, энэ талаар арга хэмжээ авч ажиллахыг түүнд анхааруулсан ...байна.

 

Үүнээс дүгнэвэл, ажил олгогч техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэхдээ алдаа гаргахгүй байх үүргээ хэн аль нь зөрчсөн гэж үзнэ.

 

Хэлэлцсэн асуудал-4, 5. Тооцооны цехийн ажилчдын хоорондоо ажил төрлийн холбоотой мэдээллээ солилцдог группт Б.Б-ийн бусад ажилтнуудтай хоорондоо харилцсан мэдээлэл, бусдыг турхирдаг, эсэргүүцдэг талаар хэлэлцсэн нь ангийн дарга Г.Ц болон ажилтан хооронд хувийн таарамжгүй харьцаатай байдал харагдахаас гадна хувь хүн рүү чиглэсэн гэж дүгнэлээ.

 

Эдгээр үндэслэлээр ангийн дарга нь Б.Б-г ажлаас халах санал гаргаснаар хурлыг дуусгасан байх ба хуралд оролцсон бусад албан тушаалтнууд Б.Б-г сахилгын зөрчил гаргасан эсэх, арга хэмжээ тооцох эсэх талаар санал гаргаагүй байна. Б.Б нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 5.3.1-т заасан Сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа давтан гаргасан гэх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь ангийн дарга Г.Ц-ын талаар У нийгэмлэгийн Ёс зүйн хороонд гомдол гаргаж, түүнийг Удирдах ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан, улмаар Удирдах ажилтны манлайлал, ёс зүйн хэм хэмжээ, өнөөгийн чиг хандлага сэдвээр сургалтад өөрийн зардлаар хамрагдах үүргийг өгсөн нь 2021 оны 04-р сарын 19-ний өдрийн 03 тоот албан бичгээр /хх 128/ тогтоогджээ.

 

Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн даргын Б-56, Б-77 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, түүнийг тооцооны операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох нь зүйтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын баталсан 2005 оны 5-р сарын 5-ны өдрийн Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар Б.Б-ийн дундаж цалин хөлсийг 2020 оны 12-р сар, 2021 оны 1, 2-р сарын дунджаар тооцвол нэг сарын дундаж цалин хөлс 1 989 953.30 төгрөг бөгөөд ажилгүй байсан 2021 оны 9-р сарын 29-ний өдрийг хүртэл тооцоход 11 939 719 төгрөг байна.

 

Харин нэхэмжлэгч 11 436 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 201 206 төгрөг гаргуулж улсын орлого болголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан У-ын Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн даргын 2021 оны 02-р сарын 22-ны өдрийн Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-56 дугаар тушаал, 2021 оны 03-р сарын 18-ны өдрийн Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-77 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Б-г тус ангийн тооцооны операторын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан У-ын Замын-Үүд шилжүүлэн ачих ангиас сахилгын шийтгэл ногдуулж цалингаас суутгасан 204 740 /хоёр зуун дөрвөн мянга долоон зун дөч/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 11 436 300 /арван нэгэн сая дөрвөн зуун гучин зургаан мянга гурван зуу/ төгрөг тус тус гаргуулж гаргуулж Б.Б-д олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичил хийхийг У-ын Замын Үүд шилжүүлэн ачих ангид даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У-ын Замын-Үүд шилжүүлэн ачих ангиас улсын тэмдэгтийн хураамжид 201 206 /хоёр зуун нэг мянга хоёр зуун зургаа/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА