| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00637/И |
| Дугаар | 155/ШШ2021/00733 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2021/00733
Хэргийн индекс 155/2021/00637/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дугаар багийн дугаар гудамжны тоотод оршин суух, регистрийн дугаар РЭ…........., Б овогт Д.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дугаар ангийн Цэцэрлэг сумын дүгээр салбарт ажилтай, регистрийн дугаар РФ….........., Ө овогт Ю.Ц-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б нь Ю.Ц-тэй 2016 онд танилцан үерхэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүү Ц.Сыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хилийн заставт хамт амьдардаг байсан. 2020 оноос хойш Ю.Цнь бидэн дээр ирэх нь бага болж одоо огт ирэхээ больсон.
Иймд Ю.Цэрэнгээс миний хүү Ц.Ст хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч Ю.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ю.Цнь тус шүүхэд Д.Б-ийн надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Хилийн цэргийн албан хаагч тул Д.Б болон хүү Ц.С нарт халамж анхаарал тавихгүй, удаан хугацаагаар ажилдаа явдаг байсан нь үнэн. Хүү Ц.Сын төрсөн эцэг гэдэгтэй маргах зүйл байхгүй. Иймд хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би хүүхэдтэйгээ уулзах гэхээр Д.Б уулзуулдаггүй.
Иймд цаашид хүүхдийн эцэг нь мөн учраас хүүтэйгээ уулзаж байх хүсэлтэй байна. Өмнө би таг чиг алга болж байгаагүй, холбоо барьж, боломжтой үедээ мөнгө дансаар шилжүүлж байсан.
Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлтэй маргах зүйл байхгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ю.Цэрэнд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Б 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүү Ц.Сыг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолтоор тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан хүү Ц.Сын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэргээр нэхэмжлэгч Д.Батчимэг, хариуцагч Ю.Цнар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй бөгөөд тэдний дундаас хүү Ц.С төрж, эцгээрээ овоглогдсон болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заасан байх тул 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, хүү Өндөр овогт Ц.С-т эцэг Ю.Цэрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хүүхэд ээжийнхээ асрамжид өсөн хүмүүжиж байгаатай талууд маргаагүй тул шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг,... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.)) гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Д.Батчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Цэрэнгээс 35.337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батчимэгт олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар ЕН17272816, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, хүү Өндөр овогт Цэрэнгийн Содбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ю.Цэрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Батчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Цэрэнгээс 35.337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батчимэгт олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА