Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1804

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01648 дугаар шийдвэртэй

 

НэхэмжлэгчТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч МТЗ /цаашид д холбогдох

 

3 658 772 ам.доллар 05 цент буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Төрийн банк” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгож, 721 227 ам.доллар 95 цент буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Баярсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б, Н.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.З, Д.Т

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК-ийн өмгөөлөгч: Б.Баатарсайхан

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банкийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гантөмөр

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

НэхэмжлэгчТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж ХХК-аас Улаанбаатар төмөр замд нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний талаар 2013 оны 02 дугаар сарын актаар тогтоогдсон төлбөрийн үүргийг төлбөр төлөгч Улаанбаатар төмөр замын өмнөөс “Хадгаламж банк” ХХК-иас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ж ХХК-д төлсөн төлбөр 4 000 000 ам.доллар, түүний хүүгийн төлбөр 380 000 ам.доллараас данснаас суутгасан 721 227 ам.доллар 95 центийг хасч, үлдэгдэл 3 058 772 ам.доллар 05 цент буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Улаанбаатар төмөр зам болон Ж ХХК-ийн хооронд 2013 оны 01 дүгээр сард нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн талаар 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж, акт үйлдсэн. Уг актаар МТЗ нь Ж ХХК-д 10 500 000 ам.доллар төлөх тооцоо гарсан. Энэ төлбөрийг барагдуулах зорилгоор Улаанбаатар төмөр замаас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүүтэй болон хүүгүй 4 000 000 ам.долларын вексель, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.долларын хүүгүй вексель, нийт 10 500 000 ам.долларын 3 вексель бичиж Ж ХХК-д олгосон. Эдгээрийг бичсэнээр Улаанбаатар төмөр зам нь Ж ХХК-ийн өмнө хүлээсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж дуусгавар болгосон. Учир нь Ж ХХК нь  2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичиж гардуулсан 2 векселийг “Хадгаламж банк” ХХК-д 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр худалдаж, вексельд дурдсан мөнгийг авсан. Ийнхүү “Хадгаламж банк” ХХК-нд худалдсан нь Ж ХХК 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материалын төлбөрийг векселиэр төлж барагдуулах саналыг зөвшөөрөн биелүүлж, Улаанбаатар Төмөр зам болон Ж ХХК-уудын хооронд нефтийн бүтээгдэхүүний өртэй холбоотой төлбөр тооцоог дуусгавар болгосон. Уг төлбөрийг бусдын хөрөнгөөр буюу “Хадгаламж банк” ХХК-иар гүйцэтгүүлж, векселийн төлбөрийг тодорхой хугацааны дагуу “Хадгаламж банк” ХХК-нд эргүүлэн төлөх чиг үүрэг үүсгэх замаар төлбөрийн хугацааг хойшлуулж Улаанбаатар Төмөр зам үр ашиг хүртсэн. Улаанбаатар Төмөр зам төлбөр тооцооны хэрэгсэл болох векселийг төлбөр авагч Ж ХХК-д нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн мөнгөө бүрэн төлж, үүргийг дуусгавар болгох харилцаа нь “Хадгаламж банк” ХХК уг вексельд заасан үнийн дүнгээр санхүүжилт Ж ХХК-д хийснээр Улаанбаатар Төмөр зам  бусдад төлөх төлбөрийн үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн. “Хадгаламж банк” ХХК ба Улаанбаатар Төмөр замын хооронд төлбөр төлөгч төлбөрийн үүргээ гуравдагч этгээд “Хадгаламж банк” ХХК-иар гүйцэтгүүлсэнээр Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Уг харилцааны үр дүнд үүссэн төлбөрийг төлж барагдуулахыг МТЗаас шаардах эрх нь “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгасантай холбоотой тус банкны зарим актив, пассив хөрөнгийгТ ХХК-д шилжүүлэх хүрээнд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хадгаламж банкны эрх хүлээн авч болонТ ХХК-ийн хооронд байгуулагдсан актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, тус гэрээний хавсралт богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээ, бусад актив, хөрөнгө шилжүүлэх гэрээгээр шилжиж ирсэн. Богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээгээр векселийн үндсэн төлбөр 4 000 000 ам.доллар шилжиж ирсэн, бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр тухайн вексель бичсэн өдрөөс хойш 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу 205 000 ам.долларын хүү шилжиж ирсэн.Т ХХК нь Улаанбаатар төмөр зам, Ж ХХК-ийн өмнөөс төлсөн “Хадгаламж банк” ХХК-ийн төлбөрийг буцаан шаардах эрх хэрэгжүүлэх эрх бүхий этгээд юм. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 155 дугаар тушаалыг үндэслэн “Хадгаламж банк” ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчийг шилжүүлэн авсан векселийн төлбөр, хүү шаардах эрх нь дээрх гэрээ болон Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.9 дэх хэсэгт зааснаарТ ХХК-д хадгалагдаж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр шилжиж ирсэн вексель болон түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгосон ч Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан гэрээний бус үүрэгт хамаарах журмын хүрээнд бусдын зардлаар өөрийн хөрөнгө хэмнэх аргаар хөрөнгөжсөн Улаанбаатар Төмөр замаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гаргуулах боломж ньТ ХХК-д нээгдсэн. Хариуцагч тал тухайн векселийн төлбөрийг 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар төлсөн гэдгээ хариу тайлбартаа дурдсан. 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар векселийн төлбөр бүрэн төлөгдсөн учраас төлбөрөө Ж ХХК-иас нэхэмжил гэдэг. Энэ нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар өр төлбөр барагдсан бол 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүүгүй векселийн төлбөрийг “Голомт” банкаар дамжуулан Улаанбаатар төмөр зам нь “Хадгаламж банк” ХХК-нд 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 ам.доллар, 05 дугаар сарын 28-ны өдөр мөн 2 000 000 ам.доллараар төлж барагдуулсан. Тухайн үед бичиж өгсөн хүүгүй 4 000 000 ам.долларын векселийн хугацаатай давхцаж, энэ векселээр хаасан. 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүүгүй 2 500 000 ам.долларын вексель төлөх байсан. Энэ хугацаанд “Голомт банк” ХХК-иар дамжуулж, “Хадгаламж банк” ХХК-д векселийн төлбөр төлсөн. Хэрвээ талууд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоорондоо шатах тослох материал нийлүүлж, ийм хэмжээний авлага Ж ХХК-д гарсан бол, тэр тооцоонд векселийн төлбөр төлөгдсөн бол, векселийн төлбөр оруулж тооцсон бол, энэ вексель төлөгдөх боломжгүй. Уг төлбөрийг төлснөөс харахад тухайн тооцоо нийлсэн актыг талууд байгуулсан. Гэхдээ энэ төлбөрт векселийн төлбөр ороогүй. 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар манай нэхэмжилсэн төлбөрийг төлсөн гэдэг. Энэ нь Улаанбаатар аудитын гаргасан 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн санхүүгийн тодорхойлолтод 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар энгийн векселийн төлбөр 4 380 000 ам.доллар, энэхүү векселийн төлбөр огноо, хүү, төлбөр төлөх хугацаа зэрэг нь манайхаас ирүүлсэн тодорхойлолттой таарч байна гэсэн тодорхойлолтыг Улаанбаатар төмөр замын Санхүү эрхэлсэн орлогч захирал гаргаж өгсөн. Мөн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 127952 дугаартай албан бичигт Ж ХХК-д бичиж өгсөн вексель “Хадгаламж банк” ХХК-д шилжсэн, уг векселийг өнөөдрийн байдлаар бид төлөөгүй, Ж ХХК руу шилжсэн гэх албан бичгийг манайд ирүүлсэн. 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл векселийн төлбөр төлөх үүрэгтэй гэдгээ Улаанбаатар төмөр зам мэдэж байсан. Вексель бичсэн асуудлаар Улаанбаатар Төмөр зам хохирогчоор тогтоогдож Авилгатай тэмцэх газар тухайн векселийг бичиж өгсөн Улаанбаатар төмөр замын дарга н.Сэрээнэндоржид эрүүгийн хэрэг үүсгэж, хохирогчоор Улаанбаатар төмөр замын удирдлагын асуудал хариуцсан орлогч захирал Л.Даваачил оролцсон. Хэрэгт Л.Даваачилийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлэгт 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүүтэй 380 000 ам.доллар, 4 000 000 ам.долларыг хууль зөрчиж гаргаснаас өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй,Т ХХК-д өртэй болчихоод байна. Ийм учраас Улаанбаатар төмөр замд учруулсан хохирлыг н.Сэрээнэндоржоос гаргуулж өгөөч гэх мэдүүлэг авагдсан. Дээрх нөхцөл байдлаас харахад векселийн төлбөр төлөх үүрэг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Улаанбаатар төмөр замд байсан. Үүнээс хойш талууд тооцоо нийлсэн акт гаргаж өгөөгүй, талууд энэ талаар тодорхой зүйл яриагүй. Талууд шатах тослох материалын төлбөрийг тооцоо нийлсэн актаар дүгнэсэн бол өнөөдрийг хүртэл хугацаанд вексель дамжуулж өгсөн этгээд Ж ХХК-иас төлбөр хариуцах ёстой гэсэн мэдэгдэл, мэдээлэл, албан бичгийгТ ХХК-д хүргүүлээгүй. Бидний нэхэмжилсэн төлбөр огт төлөгдөөгүй нь хэргийн баримтаар тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МТЗ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд вексель үйлдсэн талаар маргаангүй. Нэхэмжлэгч шаардах эрхтэй гэдгээ 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн актив, пассивын гэрээг үндэслэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 194, 496 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон. Талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн векселийг арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Векселийн тухай болон Иргэний хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй вексель нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр буст тооцогдсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Векселийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар вексель шаардлага хангахгүй нь тогтоогдсон учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй.

Ж ХХК-иас “Хадгаламж банк” ХХК-д шилжсэн вексель арилжааны хэлцэл хүчин төгөлдөр бус учраасТ ХХК шаардах эрхгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шаардах эрх шилжихгүй,Т ХХК, Ж ХХК, “Хадгаламж банк” ХХК-ийн хооронд төлбөр тооцооны асуудал байвал хариуцагч нь Ж ХХК байх ёстой. Улаанбаатар Төмөр зам вексель арилжааны хэлцлийг “Хадгаламж банк” ХХК-тай хийгээгүй учраас эрх шилжихгүй. Шилжсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учраас өөр этгээд андуурч буюу сайн дураараа төлсөн гэдэг үр дагавар шаардах эрх үүсээгүй. Хэрэгт авагдсан маргаан бүхий вексель нь Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4 дэх хэсэгт заасан бүрдүүлбэр дутуу, дамжуулах шилжүүлэгт вексель төлөгчийн нэр, хаяг байхгүй. Энэ баримтаар вексель хэнд шилжсэн нь нотлогдохгүй. Вексель шилжүүлсэн огноо, харилцах дансны дугаар, банкны нэр харилцах дансны дугаар зэрэг бичигдээгүй буюу хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй тул 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Векселийн тухай хуулийн 5, 17 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгосон. Векселийн тухай хуульд төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө Улаанбаатар Төмөр зам векселийн татгалзлыг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн. Векселийн тухай хуульд зааснаар Улаанбаатар Төмөр замын төлбөрийн татгалзлыг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй. Хэрвээ энэ татгалзал хуулийн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд шаардах эрх үүснэ. Үндэслэлгүйгээр татгалзсан гэвэл татгалзал нь үндэслэлгүй гэдгийг шүүхээр тогтоож, шүүх татгалзал үндэслэлгүй гэдгийг тогтоосны дараа тухайн шүүхийн шийдвэрт үндэслэж нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Нэгэнт шүүхээр хүчин төгөлдөр бус гэж тогтоогдсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан зарчим хэрэгжих ёстой. Ж ХХК-иас “Хадгаламж банк” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг бүгдийг нь хүчин төгөлдөр бусд тооцсон. Векселийг ч хүчин төгөлдөр бусд тооцсон, вексель шилжүүлсэн хэлцэл ч хүчин төгөлдөр бус. Вексель төлбөр тооцооны хэрэгсэл биш болсон. Үнэт цаас устгасан, гэмтээсэн, үнэт цаасыг устгасан этгээд өөрийн гэм буруугийн төлөө шүүхийн өмнө хариуцлага хүлээх болохоос биш Улаанбаатар Төмөр зам үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй. н.Сэрээнэндоржийн хэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр энэ нотолгоо үнэн гэж нотлогдоогүй, хэрэг Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсныг прокурор хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн мэдүүлэг хүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Анхны үйл баримт хүчин төгөлдөр байж, цаашид үр дагавар шаардах эрхтэй болохоос нэхэмжлэгч талын тайлбарласан шиг үүрэг үүсэхгүй. “Хадгаламж банк” ХХК, Ж ХХК-ийн хооронд үүссэн үүрэгт шүүхийн шийдвэрт байхгүй этгээдийг оролцуулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага болсон нотлох баримтууд хүчин төгөлдөр хуулийн дагуу байж, цаашид хууль зүйн үр дагавар шаардах болохоос нэхэмжлэгч талын тайлбарласан шиг ийм үүрэг үүсэхгүй. Векселийг 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд авсан өгснөө буцаахаар харилцан үүрэг хүлээнэ. Хэрэгт хамааралгүй, хөндлөнгийн этгээд Улаанбаатар Төмөр замыг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэдТ ХХК нэхэмжлэлээсээ татгалзсан. Анхан шатны шүүхэдТ ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсч дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг тогтоосон магадлал хуулийн хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэлээсээ татгалзсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банкийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Улаанбаатар Төмөр замаас Ж ХХК-д 10 500 000 ам.долларын үнийн дүн бүхий 3 вексель бичсэн талаар талууд маргадаггүй. Ж ХХК дээрх 3 векселийг Улаанбаатар Төмөр замаас бичсэн өдөр нь дамжуулах бичилт үйлдэж, “Хадгаламж банк” ХХК-нд худалдсан. “Хадгаламж банк” ХХК, Ж ХХК-ийн дансанд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.доллар 2 удаа, нийт 8 000 000 ам.доллар, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.доллар, нийт 10 500 000 ам.доллар шилжүүлсэн. 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүүгүй векселийн хугацаа 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Улаанбаатар Төмөр зам нийт 4 000 000 ам.доллар шилжүүлсэн. 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2 500 000 ам.долларын векселийн хугацаа 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан тул 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 ам.доллар, нийт 6 500 000 ам.долларыг төлсөн. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар “Хадгаламж банк”-нд банкны эрх хүлээн авагч томилж, мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Албадан татан буулгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж, банкны эрх хүлээн авагчид шилжүүлж, албадан татан буулгах ажиллагаа дуусгавар болоогүй. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйл, өөрчлөлт орсон хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, “Хадгаламж банк” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгө захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчид шилжихэд “Хадгаламж банк” ХХК-ийн хуучин гүйцэтгэх удирдлагаас “Хадгаламж банк” ХХК-ийн санхүүгийн тайлан гаргасан. 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар санхүүгийн тайлан гаргасан. Хэлцлийн үнэн зөв болохыг шалгаж, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр банкны эрх хүлээн авагчид хүлээлгэж өгсөн. Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар “Хадгаламж банк” ХХК-ийн нийт активыг өөрийн хяналтад авсан. Улаанбаатар Төмөр замаас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4 000 000 ам.долларыг жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй, нийт 4 382 000 ам.долларын үнэ бүхий энгийн вексель бүртгэгдсэн. 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрийн хугацаа дуусч тодорхой хугацааны дараа төлөгдөх нөхцөлтэй. “Хадгаламж банк” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тэнцлээр төлбөр хийгдээгүй. “Хадгаламж банк” ХХК үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх хугацаанд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар Төмөр зам төлбөрөөс татгалзах тухай ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй. Иймд банкны эрх хүлээн авагч гэрээнд авагдсан баримтын дагуу хуульд зааснаар энэхүү векселийгТ ХХК-д актив хөрөнгөөс шилжүүлсэн. Хариуцагч нь “Хадгаламж банк” ХХК-иас шилжүүлсэн векселийн төлбөрийг төлсөн, нэг бол сонгож гүйцэтгэсэн гэж янз бүрээр тайлбарладаг. Хүүгүй вексель төлөгдсөн, хүүгүй векселийн төлбөр төлөгдөөгүй гэдгийг гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК векселийн төлбөрийг “Хадгаламж банк” ХХК-иар мөнгөжүүлсэн, талууд мөнгө өгсөн, авсан талаар маргаагүй. Векселийн хэлцлийг шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул векселийн хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна. “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авч, векселийн төлбөр шаардах эрхТ ХХК-д шилжсэн гэдгийг Улаанбаатар Төмөр замд мэдэгдээгүй нь баримтаар тогтоогддог. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тушаал нь Захиргааны хэргийн шүүхэд маргаантай байгаа. Иймээс Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тушаалд үндэслэж хэргийг шийдэх нь учир дутагдалтай. 2013 оны 04 дүгээр сараас өмнө Ж ХХК нь Улаанбаатар Төмөр зам, “Эрдэнэс таван толгой” ХХК зэрэг компаниудтай харилцаа холбоо үүсгэсэн. НэгэнтТ ХХК, “Хадгаламж банк” ХХК-ийн векселийн төлбөр шаардах эрх авсан гэдгээ Улаанбаатар Төмөр замд мэдэгдээгүй тулТ ХХК-д шаардах эрх үүсэхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэр биелүүлэх тухай гаргасан шүүгчийн захирамжид маргааныг хянан шийдвэрлэх хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгасан. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг мэдсээр байж санаатай зөрчиж, Улаанбаатар Төмөр замын харилцах данснаас 721 227 ам.доллар 95 цент суутган авсан. 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11533 дугаартай Дүүргийн Иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээ авсан.Т ХХК уг захирамж гарсныг мэдсээр байж 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар Төмөр замын данснаас дээр дурдсан мөнгийг авсан.Т ХХК энэ үйлдлээрээ Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг зөрчиж дураараа мөнгө авсан хууль бус үйлдлийг тогтоолгох, Улаанбаатар Төмөр замаас уг мөнгийг БНСАУ руу шилжүүлэхээр төлбөр бичигдэж, тэмдэг дарагдсан ч уг мөнгө БНСАУ руу шилжээгүй. Монгол улсын Засгийн газар дэмжиж, ОХУ, БНХАУ-ын нефтийн хамаарлаас гарахын тулд 70 000 000 ам.долларын баталгаатай, батлан даагч нь БНСАУ, өөрийн нефть үйлдвэрлэдэг компаниудад Монгол улсад шатах тослох материал нийлүүлж, эрсдэл хариуцна гэсэн гэрээний шалгуурт Монгол улсаас Улаанбаатар Төмөр зам сонгогдсон. Улаанбаатар төмөр зам гэрээний дагуу БНСАУ руу мөнгөө шилжүүлсэн гэтэлТ ХХК замаас нь 429 075,99 ам долларыг шилжүүлэлгүй барьснаар Улаанбаатар Төмөр зам, БНСАУ-тай нефтийн гэрээ байгуулах боломжгүй болсон. Улаанбаатар Төмөр зам, Ж ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлбөр төлсөн гэсэн тооцоо нийлсэн акт хүчин төгөлдөр байхад мэдсээр байж Улаанбаатар Төмөр замын данснаас мөнгө суутгаж, харилцагчиддаа үйлчлэх үүргээ зөрчсөн. Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-д заасныг зөрчиж, ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй байхад “данснаас мөнгө шууд суутгасан нь Улаанбаатар Төмөр замын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан.Т ХХК, Улаанбаатар төмөр замын данснаас 721 227,95 ам доллар авсан. ИймдТ ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоож,Т ХХК-иас 721 227 ам.доллар 95 центийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, эрхгүйг тодруулах хэрэгтэй.Т ХХК, Улаанбаатар төмөр замын дансыг царцааж байхад вексель хүчин төгөлдөр байсан. Тухайн үед вескель хүчин төгөлдөр байсан учраасТ ХХК, Улаанбаатар Төмөр замаас векселийн төлбөрийг үл маргах журмаар авсан. Улаанбаатар Төмөр замын данс царцаахтай холбоотой маргаан тухайн үед Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдсэн. Хэрвээ шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байсан бол шүүх гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцах үүднээс энэ ажиллагааг хийх ёстой байсан.Т ХХК 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар Төмөр замын данснаас мөнгө авсан. Энэ талаар Солонгосын тал гомдол гаргасан гэж хариуцагч гаргасан нотлох баримтын огноог харвал 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байна. Жилийн өмнө ямар үйл явдал болохыг Солонгосын тал мэдэж Улаанбаатар Төмөр замд гомдол гаргах боломжгүй. Үүгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Солонгосын талтай гэрээ байгуулах ажиллагааг саатуулсан гэдэг нь нотлогдохгүй. Хэргийн 147 дугаар талд авагдсан нотлох баримтад хүлээж авсан ажилтан байхгүй, гарын үсэггүй, төлбөр хийх огноо, гүйлгээний дугаар нь ямар ч тэмдэглэгээ байхгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас нэгэнт хийгдсэн гэрээг дахин нэхэх эрхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг баримтлан хариуцагч МТЗаас 3 278 772 ам.доллар 05 цент буюу 6 664 235 343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчТ ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг баримтлан векселийн хүүнд 380 000 ам.доллар гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан  хариуцагчийнТ ХХК-иас  721 227 ам.доллар 95 цент гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 340 953 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 8 300 615 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33 479 126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, уншиж сонсгосноос өөрөөр бичсэн шийдвэрийг гардуулж өгсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримталсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл талуудын хоорондын харилцаа түүнээс үүссэн маргаан нь Иргэний хуулийн 47 дугаар бүлэгт тухайлан зохицуулсан үнэт цаасны эргэлтээс үүссэн харилцаа байхад шийдвэрт энэ бүлгийн ямар ч зүйл, заалтыг баримтлаагүй. Улаанбаатар төмөр зам нь үнэт цаас буюу вексель үйлдэж, "Жаст групп" ХХК нь векселийг Хадгаламж банкинд арилжсанаас үүдэн талуудын хооронд маргаан үүссэн байхад шүүх хуульд тухайлан зохицуулсан хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Шийдвэрийн үндэслэлд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримталсан бөгөөд Хадгаламж банк нь хэний ч өрийг төлөөгүй, харин вексель худалдан авах, вексель арилжааны SV2013/001 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Өөрөөр хэлбэл, ашиг олох зорилгоор хариу төлбөртэй гэрээ байгуулсан болохыг шүүх анхаараагүй. Хариу төлбөртэй гэрээний үүргээ биелүүлж буй үйлдлийг нь хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрииг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн гэж үзэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ийм үйл явдал болсон гэж дүгнэх үндэслэлгүй.

Улаанбаатар төмөр замын үйлдсэн хуулийн хүчин төгөлдөр зөвшөөрлийн үнэт цаасыг "Жаст групп" ХХК нь дамжуулах бичилтийг буруу хийж, хүчингүй үнэт цаас болгосон үйл баримтыг тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа.

Улаанбаатар төмөр зам болон Хадгаламж банкнаас зэрэг мөнгө аваад байгаа этгээд нь "Жаст групп" ХХК болохыг шүүх анхаарч дүгнэсэнгүй. Түүнчлэн "Жаст групп" ХХК болон Хадгаламж банкны хооронд хийгдсэн Вексель арилжааны хэлцлийн үр дагаварт Хадгаламж банк нь үнэт цаастай болж улмаар хариу төлбөрийн үүргээ биелүүлж "Жаст групп" ХХК-д төлбөрөө төлсөн үйл явц болсон бөгөөд энэ арилжаа нь шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцогдсон. “Жаст групп" ХХК болон Хадгаламж банкны хооронд хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас Хадгаламж банкинд векселийн төлбөрийг шаардах эрх үүссэн, шаардах эрхийг олж авсан гэж дүгнээд байгаа яг тэр хэлцлийг нь шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон болохыг шүүх анхаарч, дүгнээгүй. Мөн шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг баримталж, энэ заалтаар 380 000 ам.долларын хүүг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хадгаламж банк болон "Жаст групп ХХК-иас үнэт цаасыг хүчингүй болгосны үр дагаврыг Улаанбаатар төмөр зам хариуцах үндэслэлгүй. Үнэт цаас нь өөрийн гэсэн тусгай зохицуулалттай.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.7 дахь хэсэгт зааснаар "Жаст групп" ХХК-ийн алдаанаас тухайн үнэт цаас хүчин төгөлдөр бус болсоныг анхааран үзэж, Төрийн банкны хувьд хариуцагч нь Улаанбаатар төмөр зам биш, харин "Жаст групп"ХХК болохыг тогтоон дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр Улаанбаатар төмөр замын бичсэн 4 000 000 ам.долларын үнийн дүн бүхий, 380 000 ам.долларын хүүтэй векселийг шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцохдоо Улаанбаатар төмөр замын үйлдсэн векселийн бүрдүүлбэр дутуу гэж үзээгүй, харин "Жаст групп" ХХК болон "Хадгаламж банк" ХХК-ийн хооронд дамжуулах бичилт хийж шилжүүлэхдээ хууль зөрчсөн гэж үзэж, тогтоосон болохыг шүүх анхаараагүй. Энэ нөхцөлд үнэт цаас хүчингүй болсон тул Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хуулийн зохицуулалт үйлчилнэ. Энэ журмын дагуу үнэт цаасны эрхийг сэргээлгэх эрхийг зөвхөн "Жаст групп" ХХК эдэлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл шүүхэд үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийг хэн ч гаргаагүй болохыг шүүх анхаараагүй, вексель хэмээх үнэт цаасыг эдийн засгийн эргэлтэд оруулж хууль зөрчсөн. Шүүх сөрөг нэхэмжлэлийг дүгнэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д: "эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх" сөрөг нэхэмжлэл гаргасан болохыг анхаарч үзээгүй бөгөөд Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа дурдаад байгаа Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, мөн хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6 дахь заалтууд, маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд векселийг мөнгөжүүлэхгүй байхыг Төрийн банкинд даалгасан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11533/Б дугаартай шүүгчийн захирамжийг зөрчиж, суутган авсан талаарх тайлбар, баримтад ямар ч дүгнэлт хийгээгүй.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлон 2013 оны 5-7 дугаар сарын тооцоо нийлсэн акт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд векселийг мөнгөжүүлэхгүй байхыг Төрийн банкинд даалгасан шүүгчийн захирамжийг зөрчиж, 2015 оны0 6 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банк ХХК хууль зөрчин 721 227,95 ам.долларыг суутган авсан болохыг нотолсон депозит дансны хуулга зэрэг баримтыг хэрхэн дүгнэсэн талаар ямар ч дүгнэлт шийдвэрт байхгүй. Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, нотолгоог шүүх дүгнэхгүй орхисон. Мөн шүүх хуралд нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтыг хасуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэн манай эрхийг зөрчсөн.

Түүнчлэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд шүүх хурлын тэмдэглэл огт гараагүй байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг зөрчсөн.

Улаанбаатар төмөр зам нь Векселийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.1, 3, Иргэний хуулийн 469 зүйлийн 469.5 дахь хэсэгт заасны дагуу Улаанбаатар төмөр замаас Төрийн банкинд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн татгалзалд хэн ч гомдол гаргаагүйг шүүх анхаараагүй. Шүүхийн шийдвэр нь Улсын дээд шүүхээс хүчингүй болгосон 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1092 дугаар магадлалыг хуулбарласан байдалтай гаргасан нь шүүгчийн хэргийг өөрийн дотоод итгэлээр, хараат бусаар шийдвэрлэх зарчмыг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо "сөрөг нэхэмжлэлийн хувьд Төрийн банк нь векселийг мөнгөжүүлэхгүй байхыг даалгасан шүүгчийн захирамжийг зөрчсөн хууль бус үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдож байна" гэсэн боловч энэ талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт "Иймд "Хадгаламж банк" ХХК-ийн хүчин төгөлдөр бус векселийн дагуу төлбөр төлсний улмаас хариуцагч Монгол-Оросын хүвь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам өр төлбөрөөс чөлөөлөгдсөнтэй холбоотой Иргэний хүүлийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үүргийг шаардах "Хадгаламж банк" ХХК-ийн эрх, Иргэний хуулийн 123 дугаар зуйлийн 123.1, 123.9 дэх хэсэгт зааснаар "Төрийн банк" ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна" гэж дүгнэн, Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн “...харин "Хадгаламж банк" ХХК-д хуулийн дагуу үүссэн энэхүү шаардах эрх нь "Хадгаламж банк" ХХК-д Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар авагдсан эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хүрээнд мөн өдрийн А/157 дугаар тушаалаар "Хадгаламж банк" ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасан шийдвэр, мөн өдөр эрх хүлээн авагч болон “Төрийн банк" ХХК-ийн хооронд байгуулагдсан 002/2013/БЭХА/154 тоот актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний 1.6-д заасан шаардах эрх болон үүрэг шилжүүлэх гэрээгээр холбогдох материалыг шилжүүлэхдээ хүлээлцсэн талууд акт үйлдэх, энэ нь тухайн гэрээний салшгүй хэсэг байхаар заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 006/2013/БЭХА/163 тоот богино хугацааны хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээний хавсралтад Улаанбаатар төмөр замын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн 4 000 000 ам.долларын үнэ бүхий векселийг "Төрийн банк" ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна" гэж дүгнэж, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.9 дэх заалтыг баримталсан нь учир дутагдалтай бөгөөд хэдийгээр "Хадгаламж банк" ХХК-ийн хөрөнгө "Төрийн банк" ХХК-д шилжсэнээр шаардах эрхийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу "Хадгаламж банк" ХХК нь Улаанбаатар төмөр замд шаардах эрх шилжсэн тухай мэдэгдсэн үйл баримт хавтаст хэрэгт огт байхгүйгээс гадна бодит нөхцөл байдалд энэ талаар мэдэгдээгүй учраас Улаанбаатар төмөр зам нь анхны үүрэг гүйцэтгүүлэгч буюу "Жаст групп" ХХК-д нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсанаар гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл шүүх шаардах эрхээ шилжүүлсэн талаарх үйл баримт тогтоогдохгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримтуудыг хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зуйлийн 496.1 дэх хэсгийг үндэслэсэн бөгөөд энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад нотлох баримтыг буруу үнэлж, Улаанбаатар төмөр замыг хүүтэй векселийн өр төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөж хөрөнгөжсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00964 дүгээр тогтоолын хянавал хэсэгт "хэрэгт байгаа баримтаар вексель олгох үед "Жаст групп" ХХК, Улаанбаатар төмөр замаас авлагатай байсан боловч дараа нь өглөгтэй болсон нь Улаанбаатар төмөр зам нь хүүтэй энгийн вексельд заасан 4 000 000 ам.долларын төлбөрийг "Жаст групп" ХХК-д ямар хугацаанд хэрхэн барагдуулсан үйл баримт тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн.

Хариуцагчийн зүгээс шүүхэд дизель түлшний төлбөрт үйлдсэн 3 вексель болон дахин нийлүүлсэн түлшний төлбөрт нэмж, "Жаст групп" ХХК-ийн Хадгаламж банкны 10210000373 тоот дансанд 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 4 500 000 ам.доллар, мөн сарын 17-ны өдөр 1 004 000 ам доллар, 1 710 227 ам доллар, 04 дүгээр сарын 23-ны өдөр 4 070 500 ам.доллар мөн Хадгаламж банкны 10000000012 тоот дансанд 05 дугаар сарын 22-ны өдөр 247 дугаар төлбөрийн даалгавраар 2 000 000 ам.доллар, мөн сарын 28-ны өдөр 259 дугаар төлбөрийн даалгавраар 2 000 000 ам.доллар, 06 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 ам.долларыг тус тус төлж барагдуулсан баримтуудыг гаргаж өгсөн. Улаанбаатар төмөр зам нь "Жаст групп" ХХК-тай "газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ"-гээр нефтийн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлж, уг гэрээтэй холбогдох өглөг, авлагын төлбөр тооцоогоор 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 10 480 140 ам.долларын өглөгийн үлдэгдэлтэй болохыг талуудын тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.

Гэтэл шүүх хариуцагчаас нэмж гаргаж өгсөн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 4 398 000 ам.долларын гүйлгээний утга дизель түлшний төлбөр 2013 оны 1 сар гэсэн баримтыг хүүтэй векселийн төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн алдаатай дүгнэлтийг хийснээрээ Улаанбаатар төмөр зам нь "Жаст групп" ХХК-д бичиж өгсөн вексель нь чухамдаа 2013 оны 1 сарын дизель түлшний төлбөрийг гүйцэтгэх зорилготой байсныг огт анхаарсангүй.

Түүнчлэн шүүх Улаанбаатар төмөр замыг үүргээс чөлөөлөгдсөн гэж дүгнэхдээ Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дэх хэсэгт “төлбөр хариуцагч нь вексельд заасан төлбөрийг хугацаанд нь болон түүний дараагийн 2 өдрийн дотор багтаан хийж, энэ тухай вексельд тэмдэглэнэ" гэж заасан байхад энэ талаар тэмдэглэл хийгээгүй, мөн "Улаанбаатар аудит корпораци" ХХК-д хүргүүлж байсан албан тоот зэргийг нотлох баримтаар үнэлж, харин хариуцагчаас гаргаж өгсөн 2013 оны 07 дугаар сарын 09, 31-ний өдөр тус тус үйлдсэн тооцоо нийлсэн актаар 4 121 562 ам.доллар 93 центийг "Жаст групп" ХХК нь Улаанбаатар төмөр замд төлөх үүрэгтэй буюу өглөгөтэй болохыг нотолсон баримтыг огт үнэлээгүй.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт "хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно" гэж заасан бөгөөд бусдын өрийг өөрөө мэдэж төлсөн этгээд сайн дураараа, эсхүл андуурч төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсч, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн нь тухайн шаардах эрхийн үндэслэл болдог.

Гэтэл 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн "Жаст групп" ХХК болон "Хадгаламж банк" ХХК-ийн хооронд байгуулагдсан SV2013/01 тоот "вексель арилжааны хэлцэл"-ийн дагуу "Жаст групп" ХХК-д төлснөөс үүдэн Улаанбаатар төмөр замын хөрөнгө үндэслэлгүйгээр нэмэгдсэн, ашигтай байдал бий болсон гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа. Харин "Жаст групп" ХХК нь "Хадгаламж банк" ХХК-иас 4 000 000 ам.долларыг, Улаанбаатар төмөр замаас 4 000 000 ам.долларыг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хүлээн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

НэхэмжлэгчТ ХХК нь хариуцагч МТЗд холбогдуулан 3 658 772 ам.доллар 05 цент буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчТ ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгож, данснаас суутгасан 721 227 ам.доллар 95 центийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хариуцагч Монгол -Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /цаашид Улаанбаатар төмөр зам нийгэмлэг гэх/ нь Ж ХХК-тай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 10 480 150 ам.доллар 51 центийг төлөөгүй байсан ба уг үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлсэн, төлбөртөө 3 ширхэг энгийн вексель бичиж өгсөн, үүнээс 6 500 000 ам.долларын, хүүгүй векселийн талаар талууд маргаагүй. Маргаангүй 2 векселийг тодруулбал нэг нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн 4 000 000 ам.долларын, хүүгүй, 99 хоногийн хугацаатай, нөгөө нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн 2 500 000 ам.долларын үнэ бүхий 121 хоногийн хугацаатай, энгийн векселүүд байна.

 

Харин маргаан бүхий хүүтэй векселийг хариуцагч нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн, векселийн дүнг 4 000 000 ам.доллар,  хүүг жилийн 12 хувиар, хугацааг 285 хоногоор тодорхойлжээ.

 

Дээрхи 3 вексель Векселийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар энгийн вексельд хамаарах, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Вексель хүлээн авагч Ж ХХК нь дээрх 3 векселийг хүлээж авсан өдөртөө  “Хадгаламж банк” ХХК-тай арилжааны хэлцэл хийж, шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд “Хадгаламж банк” ХХК нь арилжааны хэлцлийн үнийг төлсөн байна. Улмаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь 4 000 000 ам.долларын хүүгүй векселийн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2 500 000 ам,долларын хүүгүй векселийн төлбөрийн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус тус “Хадгаламж банк” ХХК-д төлснийг анхан шатны шүүх хариуцагч талаас баримтаар гаргасан 6 ширхэг төлбөрийн даалгаврыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зөв тогтоосон байна. Иймд дээрх төлбөр төлөх хугацаанд  хүүтэй 4 000 000 ам.долларын векселийг “Хадгаламж банк” ХХК эзэмшиж байгаа, уг векселиэр тодорхойлогдсон төлбөр төлөгдөөгүй байгааг хариуцагч Улаанбаатар төмөр зам нийгэмлэг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж дүгнэхээргүй байна.

 

            Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаал, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн эрх хүлээн авагч болонТ ХХК-ийн хооронд байгуулагдсан 002/2013/БЭХА154 тоот “Актив, пассив хөрөнгө шилжүүлэ “ гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 006/2013/БЭХА/163 тоот “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх тухай” гэрээний хавсралт баримтуудаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үйлдсэн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4 000 000 ам.долларын хүүтэй векселийгТ ХХК-д шилжүүлсэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоож, улмаар векселийн төлбөрийг шаардах эрхТ ХХК-д хуулийн дагуу үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.9 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцжээ.

 

            Шаардах эрхийг хүлээж авсанТ ХХК нь хариуцагч Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг векселээр тодорхойлсон үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан, уг шаардлагад хариуцагч хариу албан бичиг илгээж байсан нь хэргийн 36, 39, 40-42, 44-47 дахь талд авагдсан МТЗаас “Улаанбаатар аудит Корпораци” ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хандан гаргасан албан бичиг, Төрийн банк ХХК болон МТЗ хоёрын хоорондын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12/962, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/1294, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/1433, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/1197, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/105 тоот баримтуудаар тогтоогдсоноор хариуцагч маргаан бүхий хүүтэй векселийгТ ХХК эзэмшиж байгааг мэдэж байсан нь давхар нотлогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр Ж ХХК болон Хадгаламж банкны хооронд хийгдсэн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4 000 000 ам.долларын хүүтэй вексель арилжааны хэлцлийг, уг векселийг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон, энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, хариуцагчаар Ж ХХК оролцсон ба хэлцлийн нэг тал болох Хадгаламж банк оролцоогүй байна. Хувийн эрх зүйн маргаан шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээд тухайн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхтэй, түүний хувьд уг шийдвэрээр тогтоогдсон үйл  баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлохгүй гэх зарчим үйлчлэхгүй учиртай.

 

Хэдий тийм боловч нэхэмжлэгч нь уг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гуравдагч этгээдийн өмнөөс төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхийн хүрээгээр тайлбарлажээ. Иймд анхан шатны шүүх энэ үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дах хэсэгт заасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд шийдвэрлэх зарчимтай нийцсэн байна.

 

Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл хариуцагч Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь 4 000 000 ам.долларын хүүтэй векселийг Ж ХХК 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр арилжааны хэлцлээр шилжүүлж мөнгөн хөрөнгийг шилжүүлж авснаар уг векселийн дагуу Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс Ж ХХК-д төлөгдөх төлбөрийг Хадгаламж банк төлсөн, Ж ХХК болон Хадгаламж банкны хооронд хийгдсэн векселийн арилжааны гэрээ хүчин төгөлдөр бус болсоноор Хадгаламж банк нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хүчин төгөлдөр бус векселийн төлбөрийг төлснөөр гуравдагч этгээдийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч Ж ХХК-д гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх тогтоосон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэхээр байна. Түүнчлэн энэхүү төлбөрийг төлснөөр Улаанбаатар төмөр зам өөрийн бичиж өгсөн векселийн үүргийг Хадгаламж банкаар төлүүлснээр үүргээс чөлөөлөгдсөн юм.

 

Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг төлсөн, ийнхүү өрийг төлснөөр  үүрэг бүхий этгээд үүргээс чөлөөлөгдсөн байх урьдчилсан нөхцөл хангагдсан тул нэхэмжлэгчТ ХХК нь векселийн үнээр тодорхойлогдох зардлаа Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс шаардах эрхтэй.

 

“Төрийн банк” ХХК нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн данснаас 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 721 227 ам.доллар 95 центийг суутган авсан үйл баримтын талаар маргаангүй байна. Ийнхүү суутгал хийх үед векселийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй байсан ба Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэр гараагүй байжээ. Нэхэмжлэгч нь векселийг хүчин төгөлдөр бус байх талаар маргаагүй тул хариуцагчийн данснаас суутгал хийснийг зөвтгөх үндэслэлгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг үйлдлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5-д заасан өөртөө туслах иргэний эрх зүйн хамгаалалтын арга хэрэглэсэн гэж зөвтгөн тайлбарласан нь буруу болжээ. Учир нь өөртөө туслах үйлдлийг хийх этгээдэд эрх бүхий байгууллагаас тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх ноцтой хүндрэл учирхаар байх нөхцөл бүрдээгүй болно.

 

Бусдын мөнгөн хөрөнгийг суутгаж авсан нь буруу боловч хариуцагч Улаанбаатар төмөр зам нийгэмлэг уг мөнгөн хөрөнгөөс илүү хэмжээгээр өөрийн төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр багасгаж нэхэмжлэл гаргасан, харилцан тооцох боломжтой нөхцөл байдлуудыг харгалзан үзэж сөрөг нэхэмжлэлээс мөнгөн хөрөнгө гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч МТЗаас төлсөн 41 779 741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН