Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 182/2023/05213/И |
Дугаар | 001/ХТ2024/00166 |
Огноо | 2024-06-27 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2024/00166
“М ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00844 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00... 0 дугаар магадлалтай
Д , Т нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,303,943.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэл,
газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагч Д , Т, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч Д , Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,303,943.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00844 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан хариуцагч Д , Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 6,468,777.11 төгрөг, зээлийн хүү 762,629.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,537.30 төгрөг, нийт 7,303,943.82 төгрөг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ... гудамж, ... тоотод байршилтай ... гэрчилгээний дугаартай, ... улсын дугаартай, 235 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан хариуцагч Д , Т нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Д ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 хороо, Сурагчийн ... гудамж, ... тоотод байршилтай ... гэрчилгээний дугаартай, ... улсын дугаартай, 235 м.кв талбайтай газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч “М ” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “М ” ХХК-ийн 198,200 төгрөг, хариуцагч нарын төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Д , Т нарт олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00... 0 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00844 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.22-ны өдрийн 210/МА2024/00... 0 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1.Нотлох баримтыг үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хянах үндэслэл болох тухайд. Магадлалын Хянах хэсгийн 4-т “... Талууд фидуцийн гэрээгээр тээврийн хэрэгслийн үнийг 12,000,000 төгрөгөөр тогтоож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч уг тээврийн хэрэгслийг бусдад 2023.06.14-ний өдөр 4,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь талуудын дээрх тохиролцоог үгүйсгэхгүй... Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үүрэгт тооцсоноор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж, үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 235.4 дэх хэсэгт заасанд нийцжээ” хэмээсэн нь үндэслэлгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс үүдэж дээрх алдаатай дүгнэлтийг хийсэн ба холбогдох гэрээний заалтыг, хуулийн зохицуулалтыг харилцан уялдаанд нь хамтад нь хэрэглээгүй байна. Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа зөвлөмжид дээрх заалтуудыг тайлбарласан. Тодруулбал, Зөвлөмжийн 1.2-т "... нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг юм. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй” хэмээн тайлбарласан байдаг. Манай тохиолдолд үүргийн гүйцэтгэлд хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд ... арлын дугаартай, ... улсын дугаартай Тоуоtа prius 20 маркийн цагаан өнгийн машиныг “М ” ХХК нь биет байдлаар шилжүүлэн авч худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах ба бүрэн хангагдаагүй тохиолдолд бусад хөрөнгөөс хангуулахаар тохирч гэрээний 6.1, 6.3-т тусгасан байдаг. Мөн уг гэрээгээр хариуцагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг дурдсан байдаг. Тодруулбал, 2.5.4-т “хөрөнгийг ердийн элэгдлээс муутгахгүй байх”, 3.6-д “Хөрөнгөд биет байдлын болон эрхийн доголдол илэрсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэх”, 2.5.2-т "... хөрөнгийн чанар үнэлгээг бууруулахгүйгээр шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэх”, 2.4.2-т “Хөрөнгийг зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хохирол, зардлаас ангид байлгана” гэх мэт. Ийнхүү фидуцийн гэрээгээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлд нарийвчлан тусгагдаагүй харилцааг зохицуулсан тэр дундаа зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох, үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүрэг хариуцлагын талаар ач холбогдол бүхий тохиролцоог хийсэн байхад уг гэрээний агуулга болоод заалтуудыг анхааран үзэж дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй гарах шалтгаан болсон байна.
4.2.Шүүхээс Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-ийг хэт явцуу хүрээнд тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлээр магадлалыг хянах үндэслэл болох тухайд. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.26-ны өдрийн 182/ШШ2024/00844 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ... улсын бүртгэлийн дугаартай, 235 м.кв талбайтай газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй” хэмээжээ. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс "... анхан шатны шүүх нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үүрэгт тооцсоноор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж, үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 235.4 дэх хэсэгт заасанд нийцжээ” хэмээн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-ийг бусад гэрээ болоод, хуулийн бусад заалттай уялдуулан тайлбарлахгүйгээр хэт явцуу хүрээнд хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлд фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан хөрөнгө нь муудсан, эвдрэл гэмтэл доголдол гарсан тохиолдолд хэрхэхийг зохицуулаагүй мөн үүрэг гүйцэтгэгчийн хариуцлагыг нарийн тусгаагүй байдаг учраас шүүхийн шийдвэрийн дагуу бол үүрэг гүйцэтгүүлэгч бүх хариуцлагыг өөртөө хүлээж, зээл төлөгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд хохироод үлдэж байна. Манай тохиолдолд нэхэмжлэгч 7,303,943.82 төгрөгийн алдагдал хүлээхээр болж байна. Иймээс ... дугаартай Үүргийн гүйцэтгэл хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ -гээр хөрөнгө шилжүүлэгчийн хариуцлага болоод уг хөрөнгө түүний анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд хэрхэхийг нарийвчлан тусгасан юм. Фидуцийн гэрээгээр хөрөнгийг “М ” ХХК нь шилжүүлэн авахад уг хөрөнгө 12,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан боловч хариуцагчийн үүргээ биелүүлээгүй үйлдэл болох машинаа ердийн элэгдлээс илүү муутгасан үйлдлийн улмаас машины зах зээлийн үнэ 4,500,000 төгрөг болтлоо буурсан байсан. “М ” ХХК нь Тоуоtа prius 20 маркийн машиныг биет байдлаар шилжүүлэн авах үедээ зургаар баталгаажуулсан ба уг зургаас харвал машин гадна талаасаа эвдрэл гэмтэл байгаа нь харагддаг. Улмаар уг машиныг худалдан борлуулах үедээ энэ талаар хариуцагчид мэдэгдэж хугацаа олгож байсан удаатай. Ийнхүү хөрөнгийг худалдан борлуулаад зээлийн гэрээний үүрэгт 7,303,943.82 төгрөгийн үлдэгдэлтэй буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад үүрэг дуусгавар болсон хэмээн дүгнэсэн байна. Шүүхээс Иргэний хуулийн 235.4-т заасныг Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасан үүрэг дуусгавар болгох зохицуулалт болон ... дугаартай Үүргийн гүйцэтгэл хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г харилцан уялдаа холбоонд авч үзэж тайлбарлах нь туйлын оновчтой байсан.
4.3.Магадлалаар Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсний улмаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардлага гаргах эрхийг хязгаарлаж байна. Үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 6.3-т “хөрөнгийн чанар муудах, зах зээлийн үнэлгээ буурах, хөрөнгийг худалдахад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангах өөр хөрөнгө шаардах, солих, нэмүүлэх, бусад хөрөнгөөс гаргуулна” хэмээн заасан. Мөн Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэл хангуулах хэд хэдэн аргыг ашиглаж болох бөгөөд Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй буюу 7,303,943.82 төгрөгийн үлдэгдэлтэй байхад бусад аргаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/00... 0 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.06.17-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00819 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Д , Т нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 6,468,777.11 төгрөг, зээлийн хүү 762,629.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,537.30 төгрөг, нийт 7,303,943.82 төгрөг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ... дугаар гудамж, ... тоотод байршилтай, ... гэрчилгээний дугаартай, ... улсын дугаартай, 235 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... “М ” ББСБ ХХК-аас 12,000,000 төгрөгийн зээлийг авч машин авсан. Зээлээс 10,960,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч байгууллага машиныг хураан авч зарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж, улмаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ... дугаар гудамж, ... тоотод байршилтай, ... гэрчилгээний дугаартай, ... улсын дугаартай, 235 м.кв талбайтай газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
7. Анхан шатын шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Шүүх “...хариуцагч нар үндсэн зээлээс 5,531,222 төгрөг, хүү 5,199,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 229,200 төгрөг, нийт 10,960,398 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна, зохигчид энэ талаар маргаагүй, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 12 сараас зээлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр өөрийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг бусдад 2023.06. 14-ний өдөр 4,500,000 төгрөгөөр зарж зээлийн төлбөрт шилжүүлэн авсан болох хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн.
Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа “...Д , Т нар нь “М” ХХК-тай 2021.09.29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдан авахад зориулж 12,000,000 төгрөгийн зээлийг авахдаа талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг байгуулсан, “М ” ББСБ ХХК нь зээлийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр өөрийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг бусдад зарж зээлийн төлбөрт шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т зааснаар эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ... дугаар гудамж, ... тоотод байршилтай, ... гэрчилгээний дугаартай, ... улсын дугаартай, 235 м.кв талбайтай газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй” гэж үзжээ.
8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь фидуцийн гэрээнд заасан тээврийн хэрэгслийг хураан авч 2023.06.14-ний өдөр 4,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, 4,350,000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлэн тооцжээ. Талууд фидуцийн гэрээгээр тээврийн хэрэгслийн үнийг 12,000,000 төгрөгөөр тогтоож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч уг тээврийн хэрэгслийг бусдад 4,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь талуудын дээрх тохиролцоог үгүйсгэхгүй, түүнчлэн тээврийн хэрэгслийн элэгдэл болон эвдрэл, гэмтлийг тооцож үнийг тогтоосон тухай нэхэмжлэгч талын тайлбарыг нотолсон талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үүрэгт тооцсоноор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж, үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасанд нийцсэн. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохоор заасан тул анхан шатны шүүх энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн байна.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
10. Хэргийн баримтаас үзэхэд Хариуцагч Д нь нэхэмжлэгч “М” ХХК-тай 2021.09.29-ний өдөр 20210929001276 тоот зээлийн гэрээ байгуулж, 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 12,000,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, хамтран зээлдэгчээр хариуцагч Т оролцож, зээл авсан байна. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ... дугаар гудамж, ... тоотод байршилтай, ... гэрчилгээний дугаартай, ... улсын дугаартай, 235 м.кв талбайтай газрыг барьцаалсан, мөн №... дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/”-гээр ... арлын дугаартай, ... улсын дугаартай, Тоyота Prius 20 маркийн автомашиныг “М” ХХК ийн өмчлөлд шилжүүлэх, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөлдөө шилжүүлэн авсан эд хөрөнгийг бодитоор үүрэг гүйцэтгэгчээс гаргуулан авахаар харилцан тохиролцсон байна.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д нийцсэн, түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаа болон фидуцийн гэрээг байгуулсан нь хуулийн шаардлага хангасан гэжээ.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан тул зээлдүүлэгч нь зээлдэгчийн эзэмшилд байсан фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг 2023.04.13-ны өдөр хураан авч, 2023.06.14-ний өдөр бусдад худалдан борлуулснаар хариуцагч нарын үүрэг дуусгавар болсон гэсэн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл нь зөв байна.
12. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хоёр шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн дүгнэлтийг тодруулах боломжтой байна.
Автомашин худалдан авах зорилгоор авсан зээлийн хэмжээ 12,000,000 төгрөг, зээлдэгч нар 11,500,000 төгрөгөөр ... улсын дугаартай, Тоyота Prius 20 маркийн автомашиныг худалдан авч, уг машиныг фидуцийн гэрээгээр нөгөө талдаа өмчлөх эрхийг шилжүүлж, улмаар өөрсдийн өмчлөлийн газраа барьцааны зүйл болгосныг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл дүн 7,303,943.82 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар нотолж чадаагүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг харилцан тохиролцож сонгох эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч тал болох зээлдүүлэгч нь фидуцийн гэрээний дагуу өөрийн өмчлөлдөө байгаа уг автомашиныг зээлдэгч нарын зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхтэй. Нэхэмжлэгч нь тухайн автомашиныг худалдахдаа “...автомашины чанар, үзэмж доройтсон, үнэлгээ буурсан” гэх тайлбар гаргасан боловч хэрэгт тухайн автомашины гэрэл зураг авагдсан боловч үнэлгээ тогтоосон баримт байхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас фидуцийн зүйл болох автомашиныг 2023.06.14-ний өдөр бусдад 4,500,000 төгрөгөөр худалдсан хэмжээг хасаж, зээлийн үлдэгдлийн тооцооллыг шүүхэд ирүүлсэн боловч хэрэгт уг зүйлийг бусдад худалдан борлуулсан гэх баримт авагдаагүй, 2023.06.14-ний өдөр “М” ХХК-ийн дансанд орсон 4,500,000 төгрөгийн гүйлгээний утга тодорхойгүй орлогыг тухайн автомашиныг худалдан борлуулсан эргэлзээгүй баримт гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцэхгүй.
Үүрэг гүйцэтгүүлэгч тал болох зээлдүүлэгч нь фидуцийн гэрээний дагуу өөрийн өмчлөлдөө байгаа уг автомашиныг зээлдэгч нарын зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхтэй. Нэхэмжлэгч нь “...автомашины чанар, үзэмж доройтсон, үнэлгээ буурсан” гэх тайлбар гаргасан боловч хэрэгт тухайн автомашины гэрэл зураг авагдсан байх бөгөөд харин үнэлгээ тогтоосон баримт байхгүй.
Дээр дурдсанаар нэхэмжлэгч талаас хариуцагч нарын зээлийн үлдэгдлийг баримтаар нотолж чадаагүй байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд талуудын байгуулсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д нийцсэн гэж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00844 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00... дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 202,013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД