| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/00027/Э |
| Дугаар | 00028 |
| Огноо | 2017-03-13 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Мэндбаяр
Улсын яллагч Э.Энхбат
Шүүгдэгч Г.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Г.Батхуягт холбогдох 201718020044 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, ОБЕГазрын харьяа Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь аврах, гал унтраах 40 дүгээр ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг 5-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хавчин овогт Ганбаатарын Батхуяг /РД: МБ:91071717/.
Прокуророос үйлдэж ирүүлсэн Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолоор:
Г.Батхуяг нь 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-ны шилжих шөнийн 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг Төмөр замын ажилчдын байрны гадна Б.Энхжинг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батхуяг мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед би өөрийн эзэмшлийн машин дотроо Ууганбаатар, Энхжин нарын хамт нэг шил архи хувааж уусан. Тухайн үед машин жолоодож яваагүй бөгөөд машин дотроо архиа хувааж уучихаад гэр гэрлүүгээ орох гэтэл Энхжин миний ууж байсан лаазтай ундааг машинаас гаргаад шидсэн. Тэгэхээр нь би.. чи миний машин дотроос миний ууж байсан ундааг гаргаад шиддэг хэн бэ гээд уурлаад Энхжин бид хоёрын хооронд үл ойлголцол гарсан. Тэр асуудлаас болж Энхжинд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Мөрдөн байцаалтанд Хохирогч Б.Энхжин мэдүүлэхдээ: …. Батхуяг ах над руу уурлаад чи яахаараа миний машинд байсан юмыг авч хаядаг юм энэ тэр гээд над руу уурлахаар нь би Батхуяг ахын өөдөөс за юун сүртэйн энэ тэр гээд өөдөөс нь хэрэлдтэл Батхуяг ах хүрч ирээд миний нүүр лүү баруун гараараа дэлсээд авсан юм. Тэгэхээр нь би уурлаад Батхуяг ахтай зууралдаад барьцалдаж аваад бид хоёр нэг нэгнээ харилцан цохилцоод нэг нэгнээ заамдаад байж байтал гэнэт Батхуяг ах намайг газар унагаад би доор нь ортол Батхуяг ах миний нүүр хамрын хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд манай найз Ууганбаатар Батхуяг ах бид хоёрыг салгаад нэлээн хэсэг хэрэлдээд байж байтал цагдаа ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтанд Гэрч Н.Ууганбаатар мэдүүлэхдээ: … Тэр архийг хувааж уусны дараа Энхжин, Батхуяг хоёр нэлээн согтсон байсан. Тэгээд гэр гэртээ харихаар болоод Энхжин машинаас буухдаа за манай байрны гадаа ирчихсэн үү гээд орилоод Батхуяг ахын ууж байсан ундааг машинаас гаргаад шидчихсэн. Тэгтэл Батхуяг Энхжин рүү уурлаад чи яахаараа миний машинд байсан юмыг авч хаядаг юм энэ тэр гэхэд нь Энхжин Батхуягийн өөдөөс за юун сүртэйн энэ тэр гээд хэрэлдтэл Батхуяг Энхжин рүү хүрч очоод Энхжингийн нүүр лүү баруун гараараа дэлсээд байж байтал гэнэт Батхуяг ах Энхжинг газар унагаад нүүр лүү нь хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгээд би салгаад Энхжинг босготол Энхжингийн хамарнаас цус гарчихсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад тэр хоёр хоорондоо нэлээн хэсэг хэрэлдээд байж байтал цагдаа ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №209 дугаартай Шинжээчийн дүгнэлт:
1. Б.Энхжингийн биед хамрын ясны битүү хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүд, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 11 дүгээр хуудас/
|
|
Мөрдөн байцаалтанд Г.Батхуяг мэдүүлэхдээ: … Энхжин миний өөдөөс зодолдоод намайг цохиод авахаар нь би зөрүүлээд хавсарсан чинь Энхжин газар унасан юм. Тэгэхээр нь би өшиглөсөн. Өшиглөж байхдаа нүүр лүү нь өшиглөж байна гэж бодоогүй тэгтэл бид хоёртой хамт байсан Ууганбаатар, Энхжин бид хоёрыг салгаад нэлээн хэсэг хэрэлдээд байж байтал цагдаа ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-20 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 22 дугаар хуудас/, Шүүгдэгч Г.Батхуягийн ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /23 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Батхуяг нь 2017 оны 02 дугаар сарын 06-наас 07-ны шилжих шөнийн 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг Төмөр замын ажилчдын байрны гадна Б.Энхжинг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтанд Хохирогч Б.Энхжингийн мэдүүлэгт: …. Батхуяг ах намайг газар унагаад би доор нь ортол Батхуяг ах миний нүүр хамрын хэсэг рүү өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтанд Гэрч Н.Ууганбаатар мэдүүлэхдээ: … Батхуяг ах, Энхжинг газар унагаад нүүр лүү нь хөлөөрөө өшиглөчихсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/,
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №209 дугаартай Шинжээчийн дүгнэлт:
1. Б.Энхжингийн биед хамрын ясны битүү хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүд, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 11 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Батхуяг нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Энхжинг нүүрэн тус газар нь өшиглөж түүний биед хамрын ясны битүү хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүд, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцралт, духны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэвч шүүгдэгч Г.Батхуягийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай баримт үйлдэж нотариатаар батлуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул Г.Батхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Батхуягт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавчин овогт Ганбаатарын Батхуягыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Батхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Батхуягыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Батхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.
4. Г.Батхуягт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.