Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2021/02703

 

 

 

 

 

 

       2021          10            26                                               184/ШШ2021/02703

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Ж.У нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Б холбогдох

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.У, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ч.Бтай 2005 онд танилцаж улмаар 2007 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтийн 11111111111 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 9 сард хүү Х, 2011 оны 8 сард охин А нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 оны 5 сараас хойш охин Б.А нь миний асрамжинд өсч торнисон. Харин хүү У.Х нь аавынхаа асрамжинд байдаг. Бидний хэн аль нь хүүхдийн асрамж дээр маргаангүй болно. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн талаар маргаан байхгүй  гэв.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Бминий бие нь Ж.У2005 онд танилцаж, улмаар 2007 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2006 оны 9 дүгээр сарын 02-нд хүү Х төрж, 2011 оны 8 сард охин А төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2012 оны 5 дугаар сараас хоёр тийш болсон ба одоо бид тус тусын амьдралтай юм. Том хүү болох Х миний бие болох Бтай амьдарч, охин болох А нь ээж Ууганбаяртайгаа амьдарч байгаа. Бид хоёрын хооронд эд хөрөнгө, хүүхдийн асрамж, тэтгэлэг, тэтгэмжийн талаарх маргаан байхгүй. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү болох Х нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөдөө явсан тул шүүхэд авчран асуулгах боломжгүй байна. Бид хүүхдийн асрамж буюу Хын асрамжийн талаар маргаангүй бөгөөд Х нь 2016 оноос хойш миний асрамжинд байгаа гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.У нь хариуцагч Ч.Бт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: гэрлэгч Ж.У, Ч.Б нар нь 2007 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба 2006 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүү У.Х, 2011 оны 8 дугаар сарын 07-ны өдөр охин Б.А нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигч нарын тайлбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-6-11/

      

            Нэхэмжлэгч  Ж.У, хариуцагч  Ч.Б нар нь 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, эхнэр Ж.Уаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тул гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ./хх-13/

 

Түүнчлэн гэрлэгч нар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэн аль өөр хүнтэй хамт амьдарч, хүүхэд төрүүлсэн байгаа, гэрлэлт цуцлуулах шаардлагад хариуцагч маргаагүй, шүүхээс эвлэрүүлэх хугацаа авах хүсэлт гаргаагүй, цаашид эвлэрч амьдрах боломжгүй тул хуульд зааснаар дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар талууд хүү У.Хыг эцэг Ч.Бын асрамжинд, охин Б.Аг эх Ц.Уын асрамжид хэвээр үлдээхээр харилцан тохиролцсон тул хүүхдүүдийг эцэг, эхийн асрамжид  үлдээв.

          Хэдийгээр шүүхээс хүүхдүүдийн асрамжийг хэвээр үлдээж байгаа боловч  энэ нь Ж.У, Ч.Б нарын  эцэг, эх байх эрхийг хязгаарласан биш харин хүүхдүүд ээж, аавтайгаа  байнга оршин суух, амьдрах газрыг нь тодорхойлж байгаа бөгөөд хэн нь ч гэсэн хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах үүрэгтэй юм.       

        Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ уулзахад нь түүний ар гэр саад учруулахгүй байхыг даалгав.

  Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэд хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.

             Зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй ба эд хөрөнгийн талаар маргаагүй  болохыг дурдав.

             Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлэв.

            Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгч Ж.Уын гэрлэлт цуцлуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.У /регистрийн дугаар:11111/,Ч.Б/регистрийн дугаар: 111/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар  2006 оны 09 дүгээр сарын 02-нд төрсөн хүү У.Х /рд:111111/-ыг эцэг Ч.Бын асрамжинд, 2011 оны 08 дугаар сарын 07-нд төрсөн охин Б.А /рд:1111111/-г эх Ж.Уын асрамжид  тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3.Гэрлэгч нар хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй ба эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.  

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эх Ж.У, эцэг Ч.Б нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх болон хүүхдүүдтэйгээ уулзахад нь эцэг, эх, түүний ар гэр саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

           5.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Ж.Ут олгосугай. 

                          

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн Улсын   бүртгэлийн хэлтэст хүргүүлсүгэй.

 

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОЮУНЖАРГАЛ