| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0171/э |
| Дугаар | 2024/ШЦТ/166 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 28.5.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/166
2024 06 11 2024/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгч М.Мөнгөншагай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Маньбадарын Мөнгөншагайд холбогдох эрүүгийн 2421002130188 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хилийн цэргийн 0306 дугаар ангид гэрээт хилчнээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр баг Эрдэнэчандмань гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Маньбадарын Мөнгөншагай. /РД: СФ02301516/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Мөнгөншагай нь Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангид 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах гэрээний дагуу гэрээт хилчнээр томилогдон ажиллаж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхнэрийнх нь өвөө нас барсан гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зохих журмын дагуу 7 хоногийн чөлөө авч 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орох байсан боловч чөлөөний хугацаа дууссан байхад эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Мөнгөншагай шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч М.Мөнгөншагай нь Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангид 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс “Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах гэрээ”-ний дагуу гэрээт хилчнээр томилогдон ажиллаж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 26-ны зохих журмын дагуу 7 хоногийн чөлөө авч 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орох байсан боловч эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Мөнгөншагайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...цэргийн алба хааж байх үедээ 2022 оны 07 дугаар сард Хилийн цэргийн гэрээт цэргийн алба хаагч болох зорилгоор шалгалт өгч тэнцээд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээт хилчнээр томилогдож байсан бөгөөд Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангид 2 жилийн хугацаатай гэрээт цэргийн алба хаахаар болсон. Ингээд тухайн цагаасаа хойш уг цэргийн ангийн 4 дүгээр застав буюу Булан дэрс гэх 0321 дүгээр салбарт үүрэг гүйцэтгэж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ар гэрийн асуудлаар буюу эхнэр хүүхдээ Улаанбаатар хот руу хүргэж өгөх мөн манай эхнэрийн өвөө нас барсан шалтгаанаар чөлөө хүсэж ...2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс ангийн төвөөс чөлөө авч явсан. Ангийн төвөөс надад нийт 7 хоногийн чөлөө өгсөн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр чөлөө дуусаж ажилдаа орох байсан. ...Манай эхнэр Анужин нь Улаанбаатар хотод охин Үжингийн хамт орох орон байргүй байсны улмаас чөлөөний хугацаа дууссан хэдий ч цэргийн ангидаа буцаж ирж чадаагүй. Мөн миний хувьд сэтгэл зүйн байдлаасаа ч тэр цэргийн ангидаа буцаж очих бодолгүй байсан. ...Би гэрээт цэргийн алба хааж байх үедээ чөлөө авч, чөлөөний хугацаа дууссан хугацаанд эргэж ирээгүй олон сар болсон. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Амаржаргалын “...Хилийн цэргийн 0306 дугаар ангид 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээт хилчин Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр баг Баянчандмань гэх газарт оршин суух хаягтай М.Мөнгөншагай нь томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Тухайн цагаасаа хойш уг алба хаагч нь ямар нэгэн асуудалгүй ажиллаж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр М.Мөнгөншагай нь эхнэрийнх нь өвөө нас барсан гэх шалтгаанаар 7 хоногийн чөлөө зохих журмын дагуу холбогдох албан тушаалтнаас нь авч явсан. Түүний чөлөөний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусаж үүрэгт ажилдаа орох байсан. Гэтэл М.Мөнгөншагай нь одоог хүртэл ирээгүй түүнтэй холбогдож дуудахад “би очно” гэхээс тодорхой хариулт өгөхгүй өдийг хүрсэн. Одоо бол түүн рүү залгасан ч утсаа авахгүй байгаа бөгөөд ямар асуудлаар цэргийн ангидаа ирэхгүй байгааг миний хувьд мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч О.Нармандахын “...М.Мөнгөншагай нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны үеэр гэрээгээ цуцлах хүсэлт гаргаж байсан бөгөөд “манай эхнэрийн өвөө нас барсан” гэх шалтгаан хэлж байсан. ...2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр чөлөө авах тухай хүсэлтийг нь зөвшөөрч ангийн төв рүү явуулж түүнд чөлөө олгосон. ...түүнтэй олон удаа харилцаа холбооны хэрэгслээр холбогдох гэж оролдсон боловч надтай холбогдохгүй салбарын байрлалд буцаж ирээгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, М.Мөнгөншагайгийн чөлөөний хүсэлт, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагчийн тушаал, цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, тооцооны хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч М.Мөнгөншагай нь “Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах гэрээ”-г 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаагаар байгуулан, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б/273 тушаалаар Хилийн цэргийн 0306 дугаар ангид гэрээт хилчнээр томилогдон ажилласан байна. М.Мөнгөншагай нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны зохих журмын дагуу 7 хоногийн чөлөө авч 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирэх байсан боловч очилгүй цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагыг дур мэдэн орхин явсан үйл баримт тогтоогдож байна.
Цэргийн албаны тухай хуулийн 3.1.9-д “цэргийн гэрээт алба хаагч" гэж цэргийн байгууллагад сайн дураар гэрээгээр цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг, мөн хуулийн 8.1-д “Монгол Улсын иргэн сайн дураар цэргийн албыг гэрээгээр хааж болно”, мөн хуулийн 8.2-д “Хугацаат цэргийн алба хаасан иргэн цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах анхны хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид хоёр жилээр 31 нас хүртэл сунгаж болно” гэж, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д Цэргийн албан хаагч “Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зарлигаар баталсан “Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай” дүрмийн 8.17-д “...гэрээт цэргийн албаны байлдагч, түрүүч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ангийн байрлалыг дур мэдэн орхин явсан бол 12 цагийн дотор, амралт чөлөөг 72 цагаас хэтрүүлэн анги байрлалдаа ирээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч М.Мөнгөншагайгийн хувьд сайн дураар гэрээт цэргийн алба хаах гэрээ байгуулснаар Цэргийн алба хаагч болж, цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт, Цэргийн дотоод албаны дүрэмд захирагдах ёстой байсан бөгөөд уг хууль дүрмийн заалтыг зөрчиж анги байрлалаа дур мэдэн орхин явсан нь цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Шүүгдэгч М.Мөнгөншагай нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Мөнгөншагай Хилийн цэргийн 0306 дугаар ангиас нэхэмжилсэн цэргийн дүрэмт хувцасны төлбөр 414,600 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Боржгон овогт Маньбадарын Мөнгөншагайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч М.Мөнгөншагай нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Маньбадарын Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Маньбадарын Мөнгөншагайд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Мөнгөншагайд тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Мөнгөншагайд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА