| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/00479/И |
| Дугаар | 101/ШШ2021/02250 |
| Огноо | 2021-07-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2021/02250
2021 07 29 101/ШШ2021/02250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, тоот хаягт оршин суух, РП:, О-ийн П гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот, РД:, Б ХХК,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт оршин суух, РД:, Б овогт Х-ийн О нарт холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.П шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 сард цагдаагийн байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу 1 метр квадратыг нь 800.000 төгрөгийн өртөгтэй “Х” хотхон барихаар захиалга авахад хүсэлтээ өгч, Б ХХК-тай 2015-11-10-ны өдөр BLLC2015/11/133 тоот орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар Баянзүрх дүүргийн 8-р хороо тоот хашаанд ЦЕГазрын захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын “Б” блок 2 дугаар орц, 7 давхарт 105 тоотод байрлах 2 өрөө, 60.93 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 800.000 төгрөгөөр тооцож 48.744.000 төгрөгөөр захиалсан.
Энэхүү цагдаагийн алба хаагчдын орон сууц нь хөнгөлөлттэй нөхцөлтэй баригдаж байгаа учир барилгын зургийн зардлыг захиалагч өөрөө төлөх шаардлагатай гэсний дагуу 2015-10-02-ны өдөр “Г” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансанд 1.080.000 төгрөг төлсөн.
2016-03-30-ны өдөр “Б ” ХХК-ийн 5084354105 тоот дансанд гэрээнд заасны дагуу байрны урьдчилгаа төлбөр 14.623.000 төгрөгийг тус тус шилжүүлж захиалсан байрны нийт 48.744.000 төгрөгийг шилжүүлсэн./хх-ийн 9 тал/
2020 оны 03-р сард тухайн компанийн захирал Х.О утсаар холбогдож, “Б ХХК-иас ярьж байна, гүйцэтгэж буй Б блокийн дотор заслын ажил хийхэд төсөв хөрөнгө шаардлагатай байгаа тул та үлдэгдэл төлбөрөө гүйцээж төлөх шаардлагатай байна. Б ХХК-ийн үндсэн данс шүүхийн шийдвэртэй битүүмжлэгдсэн тул та миний Төрийн банк 0 тоот дансанд шилжүүлнэ үү” гэсний дагуу үлдэгдэл төлбөр болох 34.121.000 төгрөгийг бүрэн барагдуулж, нийт 49.824.000 төгрөгийг шилжүүлсэн.
Хууль сахиулагч хотхоны барилгын ажилд чанарын хяналт тавих чиг үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг ЦЕГазрын даргын тушаалаар томилсон бөгөөд ажлын хэсгийн гишүүдтэй уулзахаар захирал Х.О ыг ирэхэд биечлэн уулзаад “...мөнгөө бүрэн шилжүүлсэн” талаар амаар мэдэгдэхэд “ ... Ойлголоо, таны мөнгө шилжсэн байна, хүлээн авсан, ямар нэгэн асуудалгүй” гэж тайлбарласан. Мөн ажлын хэсгийн ажилтнаас тодруулахад төлбөрөө бүрэн барагдуулсан байна гэрээ цуцалсан болон ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэж мэдэгдсэн.
Тус компани нь 2020-07-08-ны өдөр орон сууц ашиглалтанд орох дүгнэлт гаргуулахаар Улсын комисс ажиллуулахад тагтны хаалт, орчны тохижилт зэрэг 54 заалт бүхий ажлын даалгавар өгч, 14 хоногийн хугацаатай үүрэг өгсөн боловч “Б ” ХХК-ийн захирал Х.О нь санхүүгийн боломжгүй, хөрөнгө мөнгө олж тагтны хаалт хийнэ гэсэн тул захиалагчидтай харилцан тохиролцон орон сууцанд оруулахаар болсон. Тухайн үед байрандаа орох иргэдэд шинээр хавсралт гэрээ байгуулсан нөхцөлд оруулна гэх шаардлагыг “Б ” ХХК-иас шаардсан.
Уг хавсралт гэрээнд “... миний бие Б групп ХХК-д ямар нэгэн гомдолгүй бөгөөд гэрээ /нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй үнэ 1 метр квадрат талбайн үнэ 800.000 төгрөг/ шинэчлэн хийх, захиалсан орон сууцныхаа тагтны хаалтыг захиалагч өөрөө бүрэн хариуцан гүйцэтгэж ороход татгалзах зүйлгүй. Хэрэв захиалагч И баримт авах бол 1 метр квадрат талбайн үнэ 880.000 төгрөгөөр тооцон захиалсан орон сууцныхаа үнийг хэмжилтээр баталгаажсан талбайн хэмжээгээр тооцон төлбөрийг барагдуулна” гэж заасан байсан.
Энэ агуулга нь анх байгуулсан орон сууцны захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч байгууллага нь орон сууцны барилгыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан зураг, төсвийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгнө “ гэснийг зөрчсөн, орон сууцны татварын хөнгөлөлт 6.000.000 төгрөгт хамрагдах боломжгүй болж, эрх ашигт сөрөг нөлөөтэй байсан тул тухайн үед гэрээ байгуулаагүйн улмаас байрны түлхүүрээ авч чадаагүй.
Дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл Улсын комисс хүлээж аваагүй, ашиглалтад ороогүй байгаа. Гэхдээ бүрэн баригдаад дууссан байгаа. Гэтэл Б ХХК тухайн байранд өөр айлыг түр оруулсан учир уг орон сууцыг өмчлөх эрхийг минь зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас О.П намайг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, тоотод байрлах Б блокийн 0 дугаар орц 0 давхарт 0 тоот 2 өрөө 0 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч “Б ” ХХК-ийн захирал Х.О шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.П нь 2015-11-10-ны өдөр ЦЕГазрын Х-1 хотхонд Б блокийн 0 дугаар орц 0 давхарт 60.93 м.кв талбайтай орон сууц захиалсан бөгөөд 2016-03-30-ны өдөр нийт 48.744.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Тус гэрээнд барилгын ажил 70 хувьд хүрмэгц үлдэгдэл төлбөрөө бүрэн шилжүүлэх заалттай /2.1.2, 2.11/ гэрээ байгуулмагц 30 хувь төлөх заалттай боловч тус гэрээний үүргээ биелүүлэлгүй ХХК-ийн өгсөн албан тоотод хариу өгөлгүй 2018-2020 он хүрсэн. Тус барилга 2017 онд 70 хувьд хүрч дутуу барилгын гэрчилгээ гарсан бөгөөд одоо бид О.П гийн захиалгын гэрээг цуцалсан мэдэгдлийг хүргүүлсэн учир орон сууцны төлбөр 48.744.000 төгрөг буцаан төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.П нь хариуцагч “Б ” ХХК болон Х.О нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О.П нь хариуцагч “Б ” ХХК-тай 2015 оны 11 сарын 10-ны өдөр B тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу захиалагч О.П тус компанийн Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар барьж буй Баянзүрх дүүрэг, 8-р хороо, тоот хашаан дахь үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блокын 0 давхар, 0-р орц, 2 өрөө, 60.93 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 800.000 төгрөгөөр, нийт 48.744.000 төгрөгөөр захиалан бариулахаар, хариуцагч буюу гүйцэтгэгч “Б ” ХХК нь 2016 оны 4 дүгээр улиралд багтаан зураг, төсвийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохирсон нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо. /хх-ийн 5-8 тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар “ ... ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ...” гэжээ.
Тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон тохиолдолд энэ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх ба нэгэнт бий болсон орон сууц санал болгон тохирсон үнийг төлж буй нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үзнэ.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч О.П нь 2016 оны 3 сарын 30-ны өдөр “Б ” ХХК-ийн 0 тоот дансанд 14.623.000 төгрөг, 2020 оны 03 сарын 26-ны өдөр 34.121.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд орон сууц захиалгын гэрээ ёсоор нийт 48.744.000 төгрөгийг төлсөн нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9 тал/
Хариуцагч “Б ” ХХК-ийн захирал Х.О байрны төлбөрт 48.744.000 төгрөгийг О.П төлсөн талаар маргахгүй байгаа ба гагцхүү тэрээр түүнийг гэрээний 2.1.1, 2.1.2 дахь заалтуудыг зөрчсөн тул гэрээг цуцалсан гэж маргасан.
Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 2.1.1-т “Гэрээ байгуулах үед урьдчилгаа төлбөрийн 30 хувь буюу 14.623.200 төгрөгийг ажлын 5 хоногийн дотор”, 2.1.2-т “Барилгын ажил гүйцэтгэлийн графикт заагдсан төлөвлөгөөт хувьд хүрч дутуу барилгын гэрчилгээ гармагц үлдэгдэл санхүүжилт болох 70 хувийг төлнө”,2.2-т “Гүйцэтгэгчийн дансны мэдээлэл нь Хаан банкны 5021351313 тоот данс бөгөөд орон сууцны төлбөрийг тухайн дансанд тушаана” гэж тус тус заажээ.
Хариуцагч Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, тоотод байрлах Б блокийн 0 дугаар орц 0 давхарт 0 тоот 2 өрөө 60.93 м.кв талбайтай орон сууцыг өөр этгээд төлбөрт өгсөн гэсэн тайлбарыг гаргасан ч Б ХХК-нь Баянзүрх дүүргийн 8-р хороо хаягт байршилтай 9000 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар, Ү-220 гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 97 тал/
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй ба ийнхүү гэрээ цуцлах тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ.
Гэвч хариуцагч Б ХХК нь “О.П нь 2015-11-10-ны өдөр ЦЕГазрын Хууль сахиулагч-1 хотхонд Б блокийн 0 дугаар орц 0 давхарт 60.93 м.кв талбайтай орон сууц захиалсан бөгөөд 2016-03-30-ны өдөр 14.623.000 төгрөгний урьдчилгаа төлсөн хэдий ч үлдэгдэл төлбөр 34.121.000 төгрөгийг гэрээнд зааснаар барилгын ажил 70 хувьд хүрмэгц үлдэгдэл төлбөрөө бүрэн шилжүүлэх заалттай /2.1.2, 2.11/ гэрээ байгуулмагц 30 хувь төлөх заалттай боловч тус гэрээний үүргээ биелүүлээгүй Б ХХК-иас гэрээг цуцлах мэдэгдэлийг удаа дараа хүргүүлж, гэрээ цуцлагдсан” гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлаа нотлох, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг няцаах баримтыг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
Талуудын хооронд байгуулсан дээр дурдсан гэрээний 2.6-д “Тухайн байрны төлбөр 100 хувь хийгдэх хүртэл хуулийн дагуу тхуайн байрны хууль ёсны өмчлөгч “Б ” ХХК байна” гэж заасан бөгөөд О.П орон сууц захиалгын гэрээний дагуу төлөх 48.744.000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шаардах эрхтэй, ба мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу нэхэмжлэгч О.П нь орон сууц захиалгын гэрээний дагуу хэлэлцэн тохирсон хөлсөө төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Нэхэмжлэгч О.П нь хариуцагч “Б ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг уг хуулийн этгээдийн захирал ажилтай иргэнээс шаардаж буй нь үндэслэлгүй тул “Б ” ХХК-ийн захирал ажилтай, иргэн Х.О д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О-ийн П-г Баянзүрх дүүрэг, 8-р хороо, тоот хашаанд байрлах, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын “Б” блок, 0 байрны 0-р орц, 0давхрын 60.93 м.кв талбайтай 0 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.О д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О-ийн П-г Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 0 тоот хашаанд байрлах, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй 0 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын “Б” блок, 0 байрны 0-р орц, 0 давхрын 60.93 м.кв талбайтай 0 тоот 2 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.О-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.П-ээс төлсөн 401.670 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Б” ХХК-иас 401.670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.П-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА