| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0169/э |
| Дугаар | 2024/ШЦТ/168 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001640184 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* 1609 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг хороолол 1609 тоотод буюу гэртээ хохирогч маргалдан улмаар гаран тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн шууны хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг хороолол 1609 тоотод буюу гэртээ хохирогч маргалдан улмаар гаран тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн шууны хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...мужаан цехийн түлхүүр аваад алга болов гэж хэлснээс болж ... дургүйцэж бид 2 ам хэлээрээ маргалдаж эхэлсэн. Түүнтэй маргалдсаны улмаас би уурлаж гэрийн шүүгээнд байсан хутга гаргаж ирээд түүнийг айлгах зорилгоор дайрсан. Гэтэл миний гартаа барьсан хутгыг надаас булааж аваад хол шидэхээр нь би уурлаж нөгөө гартаа барьж байсан жижиг хутгаар ын зүүн гарын бугуйн хэсэгт нэг удаа хутгалчихсан...” гэх мэдүүлэг, хохирогч Э.ын “...2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд миний бие гаднаас такси бариад ахтай утсаар ярьж байгаад түүний гэрт очихоор болсон. ... гэртээ ганцаараа архи уусан байдалтай байсан. Ингээд би түүнд хандаж мужаан цехийн түлхүүрээ авна гэсэн боловч надад дургүйлхэж шууд л гэрийнхээ шүүгээнээс нэг хутга гаргаж ирээд намайг хутгална гээд дайрсан бөгөөд би түүний гарыг нь хаагаад уг хутгыг түүнээс булаан авч холдуулсан. Гэтэл дахин нэг жижиг хутга гаргаж ирээд миний зүүн гарын бугуй хэсэгт нэг удаа дүрсэн. Ингээд би түүнийг өөрөөсөө түлхэж холдуулан цагдаагийн байгууллагад дуудлага өгнө гэж хэлээд утсаа гаргаж ирсэн чинь миний гар утсыг булааж аваад газарт шидээд дээрээс нь дэвссэн. ...дээрээс нь зориудаар гишгэсэн үйл явдлаас болж миний утасны дэлгэц болон арын хэсэг нь хагарсан байдалтай, дэлгэц нь мэдрэхгүй эвдэрсэн. ...Миний гар утасны төлбөр болох 200,000 төгрөгийг тухайн төлбөрөөс суутгаж бид 2 хоорондоо тохирч ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй болсон. ...Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хор уршиг гэж нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “...2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ...18 цаг 01 минутад гэх дугаараас залгаж таксины жолооч байна, танай нөхөр ******* сумын 4 дүгээр баг хороолол 1609 тоотын гадна хүнд хутгалуулсан байдалтай байна гэхээр нь би түүний дуудлагыг таслаад шууд л тухайн газарт яваад очсон. ...манай нөхөр ын зүүн гарын бугуй хэсгээс их хэмжээний цус гоожсон байдалтай байсан. ... хороолол 1609 тоот нь манай нөхөр ын хуурай ах болох гэх залуугийн гэр нь байгаа юм. Манай нөхөр надад хэлэхдээ гэгч нь түүний зүүн гарын бугуй хэсэгт хутгаар зүссэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 185 тоот “...Э.ын биед зүүн шууны хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, 200,000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 1 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА