| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 131/2023/00954/И |
| Дугаар | 001/ХТ2024/00147 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2024/00147
С.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2024/00092 дугаар шийдвэртэй,
Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 213/МА2024/00002 дугаар магадлалтай,
С.Эд холбогдох
14,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч С.Мын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Маас хариуцагч С.Эд холбогдуулан 10 эр ямаа, 11 эм хонины үнэ, эдгээрээс 5 жилийн хугацаанд хүртэх байсан үр төл, ашиг шим болох ноолуурын төлбөрт 14,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дүгээр сарын 01-ны өдрийн 131/ШШ2024/00092 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Эгаас 3,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Мад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эгаас 73,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мад олгож шийдвэрлэжээ.
3. Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 213/МА2024/00002 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2024/00092 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гэм хор учруулсны хохирлын 14,900,000 төгрөгийг хариуцагч С.Эгаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч С.Мын 194,950 төгрөгийг төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Эгийн 73,350 төгрөгийг төсвийн данснаас гаргуулж, шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч С.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 213/МА2024/00002 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Энэ шүүх хурлыг даргалагч шүүгч Б.Б хариуцагч С.Эд удаа дараалан давуу байдлыг олгон хууль хэрэглээг зөрүүтэй ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Давж заалдах шатны хуралд доорх үндэслэлүүдээр хууль зөрчсөн гэж үзэж байна.
4.1. Хуулийн дагуу би итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нээс татгалзах хүсэлтээ бичгээр гаргаж өгөх зохицуулалттай. Гэтэл шүүх бүрэлдэхүүн буюу даргалагч надад татгалзлаа бичгээр гаргаж өгөх боломж олгоогүй бөгөөд тогтоолд тусгахаар шийдвэрлэсэн. Би одоо бичиж өгөх боломжтойгоо илэрхийлсэн.
4.2. Хуралдаан даргалагч Б.Б хавтаст хэргийг надад өгөхдөө та зөвхөн өөрийн өгсөн материалтай танилц гэж хэлсэн учир тус материалтай танилцаж байгаад хариуцагчийн зураг гарч ирсэн учир даргалагч шүүгчээс асуухад наадахтайгаа танилцах шаардлага байхгүй гэж хэлэхэд нарийн бичиг нь миний танилцаж байсан хэргийн материалыг авсан. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан өгсөн 2022.05.13-ны өдрийн гаргасан хяналтын прокурор Б.Бын гаргасан 96 дугаар тогтоол, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 201400060 дугаартай нотлох баримт хэрэгт байгаа гэж бодож байтал юу ч ирүүлээгүй, хурлын ажиллагаа цааш үргэлжилсэн. Хурлын явцад гэрчийн мэдүүлэг зэргийг тусгасан дээрх баримтуудыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс яагаад аваагүй болохыг мэдээгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан өгсөн баримтууд нэг нь ч байхгүй байсан.
4.3.Давж заалдах шатны шүүхэд гаргасан С.Эгийн гомдлыг надад танилцуулаагүй. С.Э өөрөө хуралд ирээгүй учир гомдлыг хэлэлцэхгүй гэж бодож байсан. Шүүхийн шийдвэр гарахад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хуралд ирээгүй хариуцагчийн гомдлыг хангасанд маш их гомдолтой байна. Даргалагч Болор-Эрдэнэ болон шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч ба хариуцагчийн аль алины гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн бол шүүгч нарт итгэх байсан.
4.4. Би даргалагч шүүгч Б.Бд хандан С.Эд холбогдох эрүүгийн хэргийн хоёр ч хурлыг даргалж, С.Эд давуу байдлыг олгодог гэж үзэн эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Жишээ нь хууль ёсны өмгөөлөгч Л.Быг давахын хуралд оруулаагүй, 2022.01.06-ны өдрийн хуралд шүүгчдэгч С.Эг өмгөөлөгчгүй оролцуулсан. С.Э хуралд ирээгүй, шүүхийг хүндэтгээгүй байхад түүний гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй талаар хэлэхэд шүүгч хариуцагчийн гомдлыг танилцуулах хуулийн зохицуулалт байхгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх гомдлын талаар мэдэгдсэн, С.Н гомдолтой танилцаж гарын үсэг зурсан гэж хэлсэн. Энэ нь худал бөгөөд хууль зөрчсөн үйлдэл болсон. Шүүхээс хариуцагч С.Эд утсаар мэдэгдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасныг дуулгасан байна. Харин ажилтай байсан тул ирж танилцаж гарын үсэг зураагүй байна.
4.5. Би 2018-2019 онд бог малаа тавихдаа үнэ хөлсний талаар ярилцаж тохирсон. Үнэ хөлсгүй хүнээр малаа харуулах, нөгөө тал үнэ хөлсгүй хариулах гэсэн ойлголт байхгүй. С.Э бог мал буюу тавиул малыг ашигласан, үхрийг минь хулгайлсан. Миний хоёр үхрийг хулгайлсан хэрэг шийдэгдсэн, 8 үхрийг хулгайлсан хэрэг одоо шүүхээр шийдэгдэх гэж байна. Харин энэ 21 бог малын хэргийн талаар хэрэг бүртгэлтийн тогтоол гарсан байгаа. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэстэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2024/00706 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Мын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч С.Мын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч С.М хариуцагч С.Эд холбогдуулан 10 эр ямаа, 11 эм хонины үнэ, тэдгээрээс 5 жилийн хугацаанд хүртэх байсан үр төл, ашиг шимийг тооцон 14,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Манайх 2018 онд төв рүү орж ирэхдээ С.Эгийн эхнэр манайд малаа нийлүүлчих гэж хэлсний үндсэн дээр малаа тоолж үлдээсэн. ... нийт 150 гаруй бог малаас 11 хонь, 10 ямаа дутсан. ... 10 эр ямаа 2,000,000 төгрөг /1 эр ямаа 200,000 төгрөг/, 10 эр ямааны 5 жилийн ноолуурын үнэ 3,000,000 төгрөг /30 кг, 1 кг-ын үнэ 100,000 төгрөг/, 11 эм хонь, түүний 5 жилийн үр төл 55 хонь, нийт 66 хонины үнэ 9,900,000 төгрөг” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч С.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... С.М 2018 онд намайг эзгүйд малаа нийлүүлж үлдээхдээ тоолж хүлээлгэж өгөөгүй. ... 2019 онд хонь, ямаа дутлаа гэсэн яриа гаргасан. Би 5 сар малыг нь маллаж онд оруулсан байхад ямар ч хөлс өгөөгүй байж 5 жил гүтгэн, гүжирдэж, доромжилж байна.” гэж маргасан.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3,650,000 төгрөгийг хангаж, 11,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт “... С.Мад бог малыг нь буцааж өгөөгүй хохирол учруулсан нь Прокурорын мэдэгдэх хуудсаар нотлогдсон тул хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч С.Э нь тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй. Прокурорын мэдэгдэх хуудас, зохигчийн тайлбарыг үндэслэн С.Эгаас 10 эр ямааны үнэ 2,000,000 төгрөг, 11 эм хонины үнэ 1,650,000 төгрөг, нийт 3,650,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийн малын үр төл, үр шим, ноолуур зэргийн үнэ 11,250,000 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлалд “... Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд шүүхийн шийдвэрээр гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хорыг арилгах үүрэгтэй, ... гэм буруутай болохыг шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй тохиолдолд өөрт учирсан хохирлын талаарх нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээнэ. ... шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Прокурорын мэдэгдэх хуудас нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болохгүй ...” гэж дүгнэсэн байна.
11. Нэхэмжлэгч С.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар дурдсан байх боловч тус хэргийг хяналтын журмаар хэлэлцүүлэх тухай тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг зааж, хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлын хүрээнд хэргийг хэлэлцэхээр тогтсон.
12. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг адил тогтоосон буюу 2018 оны 09, 10 сарын орчимд С.М нь тодорхой тооны бог малаа С.Эгийнд маллуулахаар үлдээж, 5 сарын дараа буцаан авсан байна. Ийнхүү бусдын эзэмшилд малаа сайн дураараа шилжүүлэн, эргүүлэн авсан үйлдэл нь эрүүгийн хэргийн шинжгүй, иргэний маргаан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Харин нэхэмжлэгч С.М бог малыг С.Эгийн эзэмшилд шилжүүлэхэд 150 гаруй толгой бог мал байсан ба үүнээс 10 эр ямаа, 11 эм хонь дутаасан гэж тайлбарласныг С.Э эс зөвшөөрч анх малаа үлдээхдээ тоолж орхиогүй тул ийм тооны мал дутаагүй гэж маргасан байна.
13. Хэрэгт авагдсан Улсын ерөнхий прокурорын газрын 2023.04.19-ний өдрийн 1/878 тоот гомдлын хариу мэдэгдэх хуудаст “... хэргийг хянахад, та 2018 оны намар С.Эд 150 гаруй тооны бог мал маллуулахаар хүлээлгэн өгч, 2019 оны 06 дугаар сард 120 гаруй бог мал буцааж авсан, хүлээн авсан талаар ямар нэг баримт үйлдээгүй, С.Э 10 ямаа, 11 эм хонь, нийт 21 тооны бог мал буцааж өгөөгүй нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд хэрэг бүртгэлийг хааж, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна” гэжээ. Анхан шатны шүүх тус баримтад суурилан 21 тооны бог малын хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болжээ.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч С.М хариуцагч С.Эд хэдэн тооны бог мал хүлээлгэн өгч, хэдийг буцаан авсан, мал дутаасан зөрүү үүсэж байгаа бол ийнхүү мал дутаахад хүргэсэн ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хариуцагч С.Э гаргасан, хэрэв ийм зөрчил байгаа бол түүнд хариуцагч гэм буруутай эсэхийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоосон нотлох баримт гэж үзэхгүй. Иймд холбогдох нөхцөл байдлууд объектив байдлаар тогтоогдсоныг дүгнэсэн, эсхүл гагцхүү гомдол гаргагчийн гомдлыг эш татан дурдсан аль нь болох нь ойлгомжгүй эргэлзээтэй агуулга бүхий Прокурорын мэдэгдэх хуудаст тулгуурлан нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцсэнгүй.
15. Нэхэмжлэгч С.М, хариуцагч С.Эгийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг тогтоож, гэм буруутайг нотлох баримт түүнд байсан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтыг шүүхэд өгөөгүй гэж тайлбарлан, баримтыг шаардан аваагүй нь шүүхийн буруутай үйл ажиллагаа болсон гэх гомдлыг хяналтын журмаар гаргасан байна.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчим буюу зохигч тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэн, нотлох баримтыг бүрдүүлэх, өөрсдөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн байж, хуульд тодорхой заасан үндэслэл бүрдсэнээс бусад тохиолдолд аль нэг талаас өөрийн санаачилгаар баримт шаардан авах ажиллагаа хийхгүй. Иймд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө шүүх рүү хүргүүлэхээр дамжуулан өгсөн баримт шүүхийн хавтаст хэрэгт авагдаагүй гэх нөхцөл байдалд шүүхийг буруутгах боломжгүй. Түүнчлэн дээрх байдлаар өөрийнх нь эрх ашгийг хангалттай хамгаалж чадаагүй гэж үзсэний улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзах эсэх нь нэхэмжлэгчийн сайн дурын асуудал бөгөөд энэ талаараа шүүх хуралдаан дээр илэрхийлж, өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг шүүх хүлээн авч хуралдааныг үргэлжлүүлсэнд шүүхийг буруутгахгүй. Төлөөлөгчийн үйлдлийн үр дагавар төлөөлүүлэгчид үүснэ.
17. Нөгөө талаас гэм хорын эрх зүйн маргааны явцад хариуцагч гэм буруугүйгээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадаагүй бол гэм буруутайд тооцох зарчим үйлчилдэг. Маргаан бүхий энэ хэргийн тохиолдолд С.М нь С.Эгийнд бог малаа хариулуулахаар сайн дураараа хүлээлгэн өгч, хариу төлбөр тохиолцоогүй буюу С.Эгийн эхнэр жирэмсэн байх хугацаанд С.Мын эхнэр гэрт нь хамт байж өөрийн болон С.Эгийн малыг хариулахад туслах байдлаар харилцаж ирсэн нь тогтоогдож байх тул малаа сайн дураараа хариуцагчийн эзэмшилд шилжүүлж хариулуулсан нөхцөл байдлыг гэм хорын зөрчил гэж үзэхгүй. Илүүтэй гэрээний бус үүрэг хэдий ч гэм хорын шинжгүй, итгэлцлээр нөхцөлдсөн туслалцааны харилцаа үүсжээ.
18. Туслалцааны шинжтэй аливаа харилцаа нь тэр бүр эрх зүйн харилцаа болохгүй бөгөөд энэ агуулгаар хангалттай тодорхой үүргийг үүсгээгүй бол хуулиар хамгаалагдах боломж тэр хэрээр буурна. Талууд хэдий тооны малыг хэзээг хүртэл хариулуулахаар тохирсон зэрэг үүрэг үүсгэх наад захын тохиролцоо байсан нь баримтаар тогтоогдоогүй тул тэдгээрийн хооронд энэ талаар хуулиар хамгаалагдах үүргийн харилцаа үүссэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан ерөнхий үүрэг, эсхүл 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу шаардах эрхтэйд тооцох боломжгүй байна.
19. Хариуцагч С.Э нэхэмжлэгч С.Мын бог малыг эзэмшилдээ хууль бусаар авсан, эсхүл бусдад үндэслэлгүй дамжуулан шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул зохигчийн хооронд гэм хорын эрх зүйн харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлбэл гэм хор учруулсанд тооцох үндэслэл болох хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нотлох баримтаар тогтоогдоогүй. Талууд хэдий хэмжээний мал хүлээн авч хэдийг хүлээлгэн өгөх байсан үүргийн нөхцөл тодорхойгүй, үүргийн зөрчилд талуудын хэн нь буруутай нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
20. Давж заалдах шатны шүүх магадлалын дүгнэлтэд “Харин нэхэмжлэгч С.М нь хохирлын талаарх нэхэмжлэлээ анхан шатны шүүхэд дахин гаргах эрх нь нээлттэй үлдэх болохыг дурдах нь зүйтэй.” гэсэн нь үндэслэлгүй байх ба хэрэв хохирол учрах үндэслэл болсон үүргийн зөрчил тогтоогдоогүй бол түүнээс бий болох хохирлыг жич нэхэмжлэх эрх үүсэхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дутсан хонь, ямааны үнийг шаардсанаас гадна тэдгээрийн үр шим, үр төлийг мөнгөн дүнгээр нэхэмжилснээс үзвэл хохирлыг шаардсан гэж үзэхээр байна. Нэгэнт хариуцагчийн буруутай үйлдлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр 11 эм хонь, 11 эм ямааны үнэ гаргуулахаар нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосон бол эдгээрээс бий болох хохирлын маргаан үргэлжлэх боломжгүй. Үүгээр давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан алдаатай дүгнэлтийг залруулна.
21. Эдгээр үндэслэлээр хариуцагч С.Эгаас 14,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 213/МА2024/00002 дугаартай магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Маас 2024.05.13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ ИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД