Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1008

 

 

 

 

 

 

   2020             8              13                                       2020/ДШМ/1008        

 

 

Н.С-т холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах  даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Энхболд,

шүүгдэгч Н.С-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1710005390417 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Намжилмаагийн Н.С-, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар гудамжны 168 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: МЮ89102779/;

2006 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2008 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил ял тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтааж нийт 3 жил хорих ялаар тогтоож, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 3 сар 23 хоногийг нэмж нэгтгэн нийт 12 жил 3 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан хуулийн тэгшитгэлд хамруулж сулласан.

Н.С- нь үргэлжилсэн үйлдлээр, 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөөний 1-17 тоотод оршин суух хохирогч И.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж их гарын чүнчигноров толгойтой хөөрөг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгө аяга 8 ширхэг, 30 см урттай шар өнгийн үйсэн иштэй хар өнгийн хуйтай мөнгөлсөн хутга, 16-20 см өндөртэй гуулин Баяннамсрай бурхан зэргийг хулгайлж, 4.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө хохирогч И.Б-ын гэрт дахин хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, гуулин бурхан 2 ширхэг, “Samsung S7” маркийн гар утас, “Samsung S3” маркийн гар утас, сувдан шигтгээтэй бөгж, архи, гар утас 3 ширхэг, бугуйвч, молор шигтгээтэй хослол, мөнгөн бугуйвч, ээмэг зүүлт зэрэг эд зүйлийг бэлэн 360.000 төгрөгийн хамт хулгайлж, 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 11 тоотод оршин суух хохирогч Д.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг тусгайлан бэлтгэсэн төмрөөр эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, шүрэн толгойтой алтан нуухтай дунд гарын манан хөөрөг, Бадмаанямбуу болон бодын нүд нэртэй 2 ширхэг эрх, “Samsung galaxy tab” зэрэг эд зүйлийг 300 ам.долларын хамт хулгайлж, 5.704.398 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 7 тоотод оршин суух хохирогч Б.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг тусгайлан бэлтгэсэн төмрөөр эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, “Iphone 5”, “Iphone 7” маркийн гар утсууд, “Lexus 570” маркийн автомашин зэргийг хулгайлж, 121.936.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх 4 удаагийн үйлдлээр бусдад 132.872.398 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.С-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 4 дэх заалтад зааснаар Н.С-ыг 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.С-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-ын цагдан хоригдсон нийт 53 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Н.С-аас 12.872.398 төгрөгийг гаргуулж, хохирогч И.Б-д 5.240.000 төгрөг, хохирогч Д.Г-ад 5.704.398 төгрөг, хохирогч Б.Т-д 1.936.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.С- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Хохирогч И.Б-, Б.Т-ын гэмт хэргийг биечлэн үйлдсэн, мөн эд зүйлс зарж борлуулсан бусад байдлаар дэмжлэг үзүүлсэн болох Отгонбаатар, Тамир нар нь байдаг болно.

2. 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд үйлдэгдсэн хэрэг, мөн 2017 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үйлдэгдсэн хэргийг миний бие үйлдээгүй. Тухайн хэрэгт хамааралттай, уг хэргийг үйлдсэн хүнийг мөрдөн шалгах ажиллагаанд дурдаагүй байсан, мөрдөгч нар нь “хэрэг хам татаад хэрэггүй, батлан даалтад гаргаж өгнө” гэх зэргээр итгэл төрүүлж байсан төдийгүй, тухайн хоёр үйлдлийг Мөнхзаяа, Отгонбаатар, Бат-Энх нар нь үйлдсэн. Энэ хүмүүсээс зарим хүмүүстээ хамт хориход ял эдэлж байсан болон Мөнхзаяа гэгч нь мөрдөн байцаалтаас зугтаж яваа, олон удаагийн хэрэгтэй гээд намайг дагуулж явах үед тухайн хэрэгт би оролцоогүй болно. Харин хэрэг үйлдсэн талаараа надад хэлж байсныг мэдэж байсан болохоор цагдаагийн байгууллагын ажилтнуудын нөлөөнд автан хэрэг хүлээсэн асуудалдаа гүнээ харамсаж байна.

   3. Мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны хүрээнд гүйцэлдүүлж гэм буруутай этгээдүүдэд шударга ёсны зарчмын хүрээнд холбогдох хариуцлагыг тооцуулах хүсэлттэйгээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хуулийн мэдлэг дутмаг учраас нөхцөл байдлыг бүрэн гүйцэт ойлгож чадаагүй, хэрэг хууль ёсны хүрээнд шалгагдаж чадаагүй. Үйлдэл оролцооны нөхцөл байдлыг хууль эрх зүйн хүрээнд шинжлэн судалж өгнө үү.

Бодит хохирлыг тооцуулан хамтран оролцооны асуудлыг нэг бүрчлэн шалгуулах хүсэлтэй байна. Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж байсан асуудлыг авч үзнэ үү.

Гэм буруутай асуудалд бүрэн хамааралтай болох, гэмт этгээд бүрийг шалгагдах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө үү. Мөнхзаяаг Бат-Эрдэнэ нь дагаж явж байсан болохоор мөрдөн байцаалтад Бат-Эрдэнийг оролцуулж, түүгээр Мөнхзаяаг гэрчлүүлэн олуулах хүсэлтэй нэрийг нь дурдаж байсан болно. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү. ... “ гэв.

Шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.С-ын гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.С-т хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “... байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол 5-аас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн бол 2-оос 8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, оногдуулсан ял шийтгэл хоёр хоорондоо тохирч байх ёстой. Шүүгдэгч Н.С-т оногдуулсан ял шийтгэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. Шүүгдэгч Н.С- нь тунгалагын булчирхайн хорт хавдартай. Иймд эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.С-ын бусдын орон байранд хууль  бусаар нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон. Шүүгдэгч Н.С-ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.С- нь үргэлжилсэн үйлдлээр, 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөөний 1-17 тоотод оршин суух хохирогч И.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж их гарын чүнчигноров толгойтой хөөрөг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгө аяга 8 ширхэг, 30 см урттай шар өнгийн үйсэн иштэй хар өнгийн хуйтай мөнгөлсөн хутга, 16-20 см өндөртэй гуулин Баяннамсрай бурхан зэргийг хулгайлж, 4.120.000 төгрөгийн хохирол учруулаад, дахин 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө мөн хохирогч И.Б-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, гуулин бурхан 2 ширхэг, “Samsung S7” маркийн гар утас, “Samsung S3” маркийн гар утас, сувдан шигтгээтэй бөгж, архи, гар утас 3 ширхэг, бугуйвч, молор шигтгээтэй хослол, мөнгөн бугуйвч, ээмэг зүүлт зэрэг эд зүйлийг бэлэн 360.000 төгрөгийн хамт хулгайлж, 1.120.000 төгрөгийн хохирол учруулж, хохирогч И.Б-д 5.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 226-232, 2 хх 38-52/, хохирогч И.Б-ын “...2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр би гэртээ унтаж байгаад ... өглөө босоод 1 давхарт том өрөөнд ороход ширээн дээр байсан хөөрөгний уут байсан, мөн сервантны бүх хаалга онгорхой, дотор нь байсан их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарынх 2 ширхэг, Н.Алтанхуяг гэсэн бичиглэлтэй 10 ширхэг мөнгөн аяга, их гарын бор өнгийн чүнчигноров толгойтой нуухгүй, төмөр халбагатай, мөргүй бөөрөнхий чүнчигноров хөөрөг, хуучны 30 см урт шар өнгийн үйсэн хуйтай мөнгөлсөн хутга хулгайд алдагдсан байсан” /1 хх 240/, “...2017 оны 9 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед унтсан. Өглөө сэрэхэд гэрийн эд зүйл эмх цэгцгүй болсон байсан. Манай гэрээс гуулин жижиг 2 ширхэг бурхан, самсунг галакси эс7, эс3 маркын гар утас, эхнэрийн сувдан бөгж, барьцаанд тавьсан байсан хүний 3 ширхэг гар утас, охины цуглуулга чулуунууд, бэлэн 360.000 төгрөг алдагдсан байсан” /2 хх 61/, гэрч Ц.Дэнсмаагийн “...шөнө унтаж байхад 1 давхарт юм түжигнээд байх шиг болсон ба нөхөр босоод ус ууж байгаа юм байхдаа гэж бодоод буцаад унтсан. ...Өглөө 07 цаг 40 минутын үед нөхөр Батжаргал босоод миний хөөрөг байхгүй байна, даалин нь ширээн дээр байна гэхээр нь би босоод харахад мөнгөн аяга болон бусад эд зүйлс алдагдсан байсан” /1 хх 243/, “...23 цагийн орчим байшингийнхаа 2 давхарт гарч унтсан. Ингээд өглөө нөхөр Батжаргал босоод гэрт хулгай орсон байна гэсэн. Ингээд юмнуудаа шалгахад ...алдагдсан байсан /2 хх 63-65/, хохирогч И.Б-ын эхний алдагдсан эд зүйлсийг 4.120.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 4 дүгээр сарын ХУ1-20-199 дугаар дүгнэлт /2 хх 10-12/, дараа нь алдагдсан эд зүйлсийг 502.000 төгрөгөөр үнэлсэн 2020 оны 1 дүгээр сарын ХУ1-20-048 дугаартай дүгнэлт /2 хх 81-82/, бусад эд зүйлсийг 250.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Х-221 дүгээр дүгнэлт /2 хх 84-87/ болон дээрх хоёр хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн Н.С-ын яллагдагчийн мэдүүлэг /2 хх 95-97/ зэргээр;

2017 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 11 тоотод оршин суух хохирогч Д.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг тусгайлан бэлтгэсэн төмрөөр эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, шүрэн толгойтой алтан нуухтай дунд гарын манан хөөрөг, Бадмаанямбуу болон бодын нүд нэртэй 2 ширхэг эрх, “Samsung galaxy tab” зэрэг эд зүйлийг 300 ам.долларын хамт хулгайлж, 5.704.398 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 152-159/, хохирогч Д.Г-ын “...гэртээ шөнө ирээд унтахдаа цүнхээ 1 давхарт ил тавиад унтсан. Өглөө 9 цагийн үед сэрээд үзэхэд цүнх онгорхой дотрыг нь уудалсан, дотор нь байсан эд зүйлийг аваад цонхоор гараад явсан байсан. Камерыг шүүж үзэхэд үл таних хүн зүүн талын ариун цэврийн өрөөний цонхоор орж ирээд цүнхтэй эд зүйлээс доторхыг нь аваад орж ирсэн газраасаа гараад явсан байсан. Дунд гарын манан хөөрөг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг, ... 2 ширхэг эрхи, ...бэлэн 300 ам.доллар, “Samsung galaxy tab” зэргийг алдсан” /1 хх 167-168/ гэсэн мэдүүлэг, түүний алдагдсан эд зүйл болон ам.долларыг оруулж, нийт 5.704.398 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 4 дүгээр сарын ХУ1-20-197 дугаартай тайлан /1 хх 193-194/ болон тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн яллагдагч Н.С-ын мэдүүлэг /2 хх 96-97/ зэргээр;    

2017 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 7 тоотод оршин суух хохирогч Б.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг тусгайлан бэлтгэсэн төмрөөр эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, “Iphone 5”, “Iphone 7” маркийн гар утаснууд, “Lexus 570” маркийн автомашин зэргийг хулгайлж, 121.936.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх 4 удаагийн үйлдлээр бусдад 132.872.398 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 20-27, 28-34, 36-40/, хохирогч Б.Т-ын “...цонхон доор байрлуулсан автомашин асахаар нь манай нөхөр өглөө эрт хаашаа явах гэж байгаа юм бол гэж бодоод цонхоор харахад хар өнгийн цамцтай манай нөхөртэй ойролцоо царайтай залуу байсан ба машин ухрахдаа эвгүй хөдлөөд байхаар нь нөхрийнхөө унтаж байсан өрөөнд ороход нөхөр унтаж байхаар нь сэрээгээд машиныг чинь хүн унаад хөдөлгөөд байна гэхэд итгэхгүй босч цонхоор харахаар нь гараач гэхэд нөхөр дотуур хувцастайгаа гүйгээд гарахад машин хөдлөөд явчихаар нь цагдаа дуудсан. Манай гэрээс Iphone-5, 7 маркийн гар утаснууд, машины түлхүүр зэргийг алдсан байсан” /1 хх 55-56/ гэсэн мэдүүлэг, гэрч Г.Нэргүйгийн “би Дархан-Уул аймгийн Дархан суманд амьдардаг юм. ...өнөөдөр хашаанаас гарахад 9911 УБГ улсын дугаартай саарал өнгийн Lexus 570 маркийн автомашин зогсож байсан. ...Гэртээ ороод фейсбүүк ороход Улаанбаатар хотоос 9911 дугаартай машин алдагдсан гэсэн зар олж уншаад цагдаад дуудлага өгсөн” /1 хх 57-58/ гэсэн мэдүүлэг, мөн машиныг харсан гэх гэрч Ц.Мөнхчулуун /1 хх 59/, “Н.С- хотоос 57 гэсэн бичигтэй хар саарал өнгийн жийп машинтай ирсэн” тухай гэрчилсэн гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлэг /1 хх 60-61/, “Автомашины хүрднээс бэхжүүлэн авсан хурууны хээ Н.С-ынхтай тохирч байгааг тогтоосон Криминалистикийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 05/581 дугаартай дүгнэлт /1 хх 72-78/, хохирогчийн алдагдсан автомашин болон гар утсуудыг нийт 121.936.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 4 дүгээр сарын ХУ1-20-183 дугаартай дүгнэлт /1 хх 90-93/ болон тухайн үйлдлээ хүлээн мэдүүлсэн Н.С-ын гэрчийн мэдүүлэг /1 хх 64-67/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.С- нь дээрх нэр бүхий хохирогч нарын байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэхдээ учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн төмрийг ашигласан, гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол бусдад учирсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн гэж зүйлчлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан ялын хэмжээний дотор 6 жил хорих ялаар шийтгэсэн нь тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.С- нь “2017 оны 9 дүгээр сарын 11, 13-ны өдрүүдийн хулгайн хэргүүдийг үйлдээгүй тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.С-ыг тухайн хулгайн гэмт хэргүүдийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.С-ын яллагдагчаар /2 хх 95-99/ болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргүүдээ хэрхэн яаж үйлдсэн талаар мэдүүлж, “хулгай хийсэн үйлдлүүдээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байна” гэснийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, түүнийг хулгайн гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ гэж давж заалдах шатны шүүх үзээд шүүгдэгч Н.С-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.  

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ баримталсан хуулийн зүйл хэсэг заалтыг техникийн шинжтэй алдаа гаргаж буруу бичсэнийг зөвтгөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 4 дэх заалтад зааснаар ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ