Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1821

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах , Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01888 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Э, Ц.Д. Т.Гнарт холбогдох

 

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн тэмдэглэл, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ж.Х,  Ц.Д. нарын хооронд байгуулагдсан, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.Д, Т.Г нарын хооронд байгуулагдсан Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морин 9 дүгээр гудамж 378б хаягт байрлах 441 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 71.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн газарт даалгах, хууль бус эзэмшлээс нэр бүхий эд хөрөнгө гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 22 054 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч С.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Баярбаясгалан

Хариуцагч: С.Э

Хариуцагч С.Эгийн өмгөөлөгч: Д.Жаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд “Энагурэ” ХХК-нд жаазны үйлдвэрт ажиллаж байхдаа С.Этай танилцсан. 2015 онд жаазны үйлдвэртэй болох бодолтой байгаагаа түүнд хэлсэн. С.Э дэмжиж надад мөнгө олж өгөхөөр болсон. Ингэхдээ бэлэн мөнгө өгөөгүй. Жаазны үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал авч өгөхөд тусласан. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бээжин хот руу явж 14 161 265 төгрөгний тоног төхөөрөмж авсан. Монголд ирээд 100 айлаас жаазны үйлдвэрт хэрэг болох 1 028 735 төгрөгний бараа материал, тоног төхөөрөмж авсан. Төлбөрийг С.Э төлсөн. Гэтэл С.Э тоног төхөөрөмж худалдаж авсан мөнгөө баримтжуулах үүднээс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн тэмдэглэл гэдэг зүйлийг хийгээд надад ойролцоогоор 20 000 000 төгрөгний тоног төхөөрөмж авч өгсөн гээд хашаа байшингийн гэрчилгээг эх хувиар нь авсан. Яагаад авч байгааг асуухад тоног төхөөрөмжийн мөнгө авсан барьцаанд авч байна гэж хэлсэн. Тоног төхөөрөмж авсан мөнгийг их бага хэмжээгээр төлж явсаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нийт 15 190 000 төгрөгийг төлж дуусгасан. Би жааз хийж зардаг байхдаа С.Эд 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 73 500 төгрөгний жааз, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил дээр 2 ширхэг жааз хийлгэсэн 331 200 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 ширхэг жааз   611 925 төгрөг, 2016 оны 03 дугаар сард өөрийн гэртээ 470 812 төгрөгний бурханы жааз, аавынхаа өрөөнд 408 485 төгрөгний хатгамлын жааз, өөрийн охиндоо 204 000 төгрөгний хайрцаг хийлгэж авсан. Бүх үнэ нь нийлээд 2 099 922 төгрөг болсон. Үүний төлбөрийг авъя гэхээр чи надаас мөнгө зээлсэн, тэрэнд чинь суутгана гэж хэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр С.Э нь манай гэрт ирж жаазны үйлдвэрт ашигладаг тасдагч хадагч машин, компрессор, цаасан хүрээ зүсэгч машин, дамартай тросс, Е-30 загварын буу, хар сумны буу, компрессорын шланк 2 ш, компрессорын шланк 10 м, аргелитний хөрөө, ком автирка, бахь, алх, хайч, сликон 2 уут, том жижиг өлгүүр, 3 уут шруф, хар сум 1 бүтэн, алтлаг мөнгөлөг өнгийн нуух 2 хайрцаг, бэлдэцүүд зэргийг авч явсан. Бид хоёр эдгээр тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн, авсан баримт байхгүй. Манай нөхөр очиж аргелитний хөрөө, Е-30 загварын буу, дриль 3-ыг авсан. Өөр эд зүйл аваагүй.     С.Э нь чамд тоног төхөөрөмж авч өгсөн мөнгө нэхэгдээд байна зээлийн барьцаанд байгаа хашаа байшингийн гэрчилгээг Ц.Д-ийннэр дээр шилжүүл. Ц.Д-ийнбайрыг барьцаалж хүнээс зээлсэн мөнгөнд 15 000 000 төгрөг өгчихлөө гээд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Би тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг худалдах ямар ч санаа зорилго байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар, байшингийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулахад  Ц.Д. хувийн сууц, газрыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Т.Гантулгын нэр дээр шилжүүлэх худалдах худалдан авах гэрээ хийж 1 000 000 төгрөгөөр худалдсан байна.  Ц.Д. шүүхэд хариу тайлбар гаргахдаа тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдахаа нэг ч төгрөг аваагүй С.Э нь Т.Гантулгын нэр дээр шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасан тул Ц.Долгорсүрэн, Т.Г нарын хооронд хуурамч худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Иймд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн тэмдэглэл гэх нэртэй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хууль бусаар авч явсан эд хөрөнгийг гаргуулж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морин 9 дүгээр гудамж 378б тоотод байрлах 441 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 71.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ц.Долгорсүрэнгээс Т.Гд 71.5 м.кв тайлбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 441 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, газар болон хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сард Ж.Х манай худалдагч Б.Түмэндэмбэрэлээр дамжуулж надаас хүүтэй мөнгө олж өгөөч, хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авч жаазны үйлдвэртэй болмоор байна гэж хэлүүлсэн. Жаазны үйлдвэр хариуцан ажиллуулж орлогоо танайд шууд өгч байя гэж хэлсэн байсан. Би түүнд мөнгийг хүүтэй олж өгнө шүү гэхэд хамаагүй болно гээд ББСБ-д хашаа байшинг тавих гэхээр 30 хувьд нь зээл олгоно гээд байхын гэхээр нь түүнд 20 000 000 төгрөг зээлж өгөхөөр болсон. Энэ мөнгийг хамт ажилладаг захирлаас зээлж өгсөн. Тоног төхөөрөмж авахаар урагшаа явахдаа Ж.Хг дагуулж явсан. Өөрийн эд зүйлийг авангаа түүнд 1 өдрийг зориулж жаазны үйлдвэрийн тоног төхөөрөмж авч өгсөн. Тээврийн зардалд тэр үеийн юанаар бодож 4 800 000 төгрөг шилжүүлсэн. Ж.Х бид хоёр Монголд ирээд авсан зүйлийнхээ үнийг тооцож 20 000 000 төгрөгний зээлийн гэрээ хийсэн. 2017 оны 07 дугаар сард Ж.Хтэй уулзахад “Транст капитал” ББСБ-д өртэй гэхээр нь түүний              2 721 440 төгрөгийг төлсөн, 3 000 000 төгрөг шилжүүлж бутархай мөнгийг өөрт нь үлдээж өрийг нь төлж өгсөн. Мөн түрээсийн байранд амьдарч түрээс 1 500 000 төгрөг төлнө,    дээр нь хийсвэр хагалгаанд орно гэж 500 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг зээлж авсан. 2 000 000 төгрөгнөөс 1 500 000 төгрөгийг шууд тэр газарт нь шилжүүлж, 500 000 төгрөгийг Б.Түмэндэмбэрэлийн дансаар шилжүүлж зээлж авсан. Иймд 2 721 440 төгрөг дээр            2 000 000 төгрөг нэмж 4 721 440 төгрөг нэхэмжилнэ. Хятад улсаас авчирсан бараа материалын үнэд 15 190 000 төгрөг төлсөн гэж тооцоо бодсон. Энэ мөнгийг би зөвшөөрч байна. Ж.Хгээс надад шилжүүлсэн дансны хуулгаас харахад зээлийн хүү, зээл гэж шилжүүлсэн байгаа. Ж.Х Баянгол их дэлгүүр дэх миний лангууг түрээслэж түрээс шилжүүлж төлдөг байсан. Энэ нь зээлийн шилжүүлсэн мөнгөнд ороогүй. Зээл авсан тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр. Бид тооцоо нийлж зөвшөөрсөн боловч одоо тооцоо нийлсэн тэмдэглэлийн дэвтрээ гаргаж өгөхгүй байгаа юм. Дээрх төлбөрөө дарахын тулд хашаа байшингаа надад барьцаалах саналыг өөрөө тавьсан. Тухайн үед би иргэний үнэмлэхгүй байсан тул найз Ц.Долгорсүрэнг дуудаж тэр бид хоёрын өр ширний талаар мэдэх тул түүний иргэний үнэмлэхээр Ж.Хтэй гэрээ хийсэн. Миний мөнгийг өгөөгүй тул түүний хашаа байшинг 15 000 000 төгрөгөөр Т.Гд зарсан. Ж.Х надаас зээлсэн мөнгөө өгчихвөл түүний хашаа байшин, газар, авсан тоног төхөөрмжийг ямар ч тохиолдолд буцаагаад шилжүүлээд өгнө. Би Ж.Хгийнд очиж том гэсэн эд зүйлийг нь авсан болохоос хайч бахь, шрүп гэсэн жижиг сажиг зүйл аваагүй. Том хэмжээний эд зүйлүүд тэр нь хэвээрээ байгаа. Нөхөр нь ирж аргелитний хөрөө, Е-30 загварын буу, дриль 3-ыг авсан. Бусад тасдагч хөрөө хадагч машин, компрессор, шланк, бэлдэцүүд нь хайрцагтай чигээрээ байгаа. Буцааж өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч  Ц.Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Найзыгаа Ж.Хгээс авлагатай гэдгийг мэдэх учраас С.Эгийн хэлснээр хашаа байшин, газрыг нь өөрийн нэр дээр шилжүүлж гэрээ хийсэн. Тухайн үед С.Э иргэний үнэмлэхгүй байна чи очоод нэр дээрээ шилжүүлээд авчих гэхээр нь гэрээ хийсэн. Энэ хоёрын дундах өр зээлийн асуудал одоо хүртэл дуусаагүй гэжээ.

Хариуцагч Т.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 10 дугаар сард С.Э эгч Хан-Уул дүүрэг Морингийн даваанд хашаа байшин зарах хэрэгтэй байна гэхээр нь дүүдээ авч өгөхөөр Ц.Д-ийнхамт очиж сонирхосон. Тэнд очиход Ж.Х түүний ээж, нөхөр байсан. Ж.Х 15 000 000 төгрөгөөр зарна гээд надад үзүүлсэн. Ж.Х С.Э эгчид өртэй учир зарж өрөө төлөх юм гэж ярьж байсан. Тиймээс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  Ц.Д. эгчтэй худалдах худалдан авах гэрээ хийж манай дүүгийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ авсан. С.Э эгчид урьдчилгаа гэж 4 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Ж.Х нь одоо хүртэл С.Э эгчид өрөө төлөөгүй юм байна. Ж.Х өрөө төлөөд би өгсөн мөнгөө олоод авчихвал энэ хашаа байшин, газрыг нь буцаагаад шилжүүлээд өгнө. Ж.Х төлбөр тооцоогоо хийгээд биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Хг дагуулж явж түүнд жаазны үйлдвэрийн тоног төхөөрөмж авч өгсөн. Ингэхдээ 5 хоногийн хугацаатай явж тэнд байсан хугацааны буудал, тээврийн зардал зэргийг С.Э төлсөн. С.Э өөрөө Ж.Хг дагуулж явж мөнгөө зөв зарцуулахад нь хяналт тавих зорилгоор бараа материалыг нь авч өгсөн. Бээжингээс авсан бараа материалын үнэ 14 161 265 төгрөгийг С.Э төлсөн. Монголд ирээд шаардлагатай бараа материалыг мөн С.Э авч өгч 1 028 735 төгрөг төлсөн. Эдгээр мөнгийг Ж.Х зөвшөөрч тухайн үед төлүүлсэн. Тоног төхөөрөмжийг Бээжингээс Улаанбаатарт авчирахад тээврийн зардал 4 810 000 төгрөг болсон. Өнгөрсөн хугацаанд Ж.Х 15 190 000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт төлбөрийг тооцож үзээд Ж.Хд хэлж 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн гэрээ нөхөж байгуулсан. Ж.Х зээлийн гэрээний дагуу 5 065 000 төгрөгийг хүүнд, үндсэн зээлд 1 800 000 төгрөг төлсөн. Ж.Хгээс үндсэн зээл     14 212 000 төгрөг хүү 2 842 400 төгрөг, гэрээгүй зээлсэн 5 000 000 төгрөг нийт 22 054 400 төгрөг нэхэмжилсэн. “Транст капитал” ББСБ-д төлсөн 2 721 440 төгрөгөөр тооцож              5 000 000 төгрөгийг 4 721 440 төгрөг болгон багасгаж нийт 21 775 840 төгрөгийг Ж.Хгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Х сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тоног төхөөрөмжийг 14 161 265 төгрөгөөр авхуулсан. Эмнэлэгт байхдаа 500 000 төгрөг зээлсэн. 1 500 000 төгрөгийг огт зээлээгүй. “Транст капитал” ББСБ-д төлөх 2 721 440 төгрөгийг С.Э эгчээр төлүүлж зээлсэн нь үнэн. Зээлээс 2 721 440 төгрөг, төрөхдөө зээлсэн 500 000 төгрөг нийт 3 221 440 төгрөгийг төлнө. Тээврийн зардлын баримт байхгүй гэсэн миний ачаа 2 портер болсон гэж байгаа бол 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн төлбөрийн баримтад бичигдсэн 12 600 юаныг 2 хувааж 6 300 юань буюу Монгол банкны ханш 312 юанаар бодож 1 965 600 төгрөг бүгд 5 187 040 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ж.Х,  Ц.Д. нарын хооронд хийгдсэн, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.Долгорсүрэн, Т.Г нарын хооронд хийгдсэн   Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо 9 дүгээр гудамж 378б тоот хаягт байрлах 441 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 71.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж.Х болохыг тогтоож, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Хг бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагч С.Эгаас жаазны үйлдвэрт ашигладаг тасдагч хөрөө, хадагч машин, компрессор, цаасан хүрээ зүсэгч машин, хар сум 1 бүтэн, алтлаг мөнгөлөг өнгийн нуух 2 хайрцаг, А-21, А-28, А-22, А-11, А-49, А-23, А-03, А-09, А-41, А-10, А-34, А-37, А-48, А-45, А-46 бэлдэцүүдийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Хд олгож, бусад дамартай тросс, ком автирка, бахь, алх, хайч, силикон уут, том жижиг өлгүүр, шруп гаргуулах болон 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Эгаас 267 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Хд олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Хгээс 5 187 040 төгрөг гаргуулж хариуцагч С.Эд олгож, үлдэх 16 588 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Хгээс 97 943 төгрөг гаргуулж хариуцагч С.Эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Э давж заалдах гомдолдоо: С.Э би шүүхэд Ж.Хгийн гараараа бичсэн зээлийн тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр өгсөн улмаар нэхэмжлэгчээс өөрийн гаргаж өгсөн гар бичмэл баримт /тэмдэглэлийн дэвтэр/-г нэхэмжлэгчээс гаргуулах гэсэн боловч нэхэмжлэгч дэвтэрээ алга болгосон, дэвтэр энэ хэрэгт хамааралгүй гэх зэргээр хариу тайлбар хийгээд хэрэгт нотлох баримтыг эх     хувиар нь гаргаж өгөөгүй. Тухайн үед миний бие шүүхэд хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлээ гаргахдаа өөрийн гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтан дээр үндэслээд мөн хууль мэдэхгүйгээс нэхэмжлэлээ буруу тодорхойлсон байна. Миний хувьд 2015 оны 11 дүгээр сарын 18 өдөр БНХАУ-н Бээжин хот руу Ж.Хгийн хамт явж ирээд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд бид хамт сууж байгаад авч ирсэн жаазны тоног төхөөрөмж /14.161.265 төгрөг/, Бээжин-Эрээн, Эрээн-Улаанбаатарын чиглэлд Ж.Хгийн авсан жаазны тоног төхөөрөмж материалыг нааш нь тээвэрлүүлсэн зардалд /3 931 200 төгрөг/, 100 айл захаас 1 028 735 төгрөгний бараа материал нийтдээ 19 121 200 төгрөг зарцуулсан үлдэх 878 800 төгрөгийг Бээжинд буудал, хоол, таксиний зардалд гэж тооцоолоод 20 000 000 төгрөг зээлдүүлсэн сарын хүү нь 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн барьцаа болгож Ж.Хгийн үл хөдлөх хөрөнгийг газрын хамт "барьцааллаа" гэж бичгээр гэрээг хийсэн. Нэхэмжлэгчтэй зөвхөн зээлийн гэрээний харилцаа байгаагүй бөгөөд бидний хооронд "Баянгол" Их дэлгүүрт жаазны тоног төхөөрөмж оруулж, дотор нь үйл ажиллагаагаа явуулхад нь зориулж 1 сарын 650 000 төгрөгний түрээсийн гэрээг С.Э би дэлгүүрийн захиргаатай байгуулж түрээсийн төлбөрийг надаар дамжуулж Ж.Х төлдөг байсан. Энэ түрээсийн төлбөр төлдөг талаар Б.Түмэндэмбэрэл гэрчээр асуугдахдаа нотолсон мөн нэхэмжлэгч өөрөө ч үгүйсгэдгүй юм. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын       01-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаанд Баянгол их дэлгүүрт сарын 650 000 түрээстэй талбайг Ж.Х түрээслэхдээ надаар дамжуулж миний хаан банкны 5029878704 тоот дансанд түрээсийн төлбөрийг хийдэг байсан. Үүнээс ганцхан удаа буюу сүүлийн 1 сарын түрээсийг гэрч Б.Түмэндэмбэрэлд бэлнээр өгч байсан. Үлдэх төлбөрүүд болох 6 сарын нийт төлбөр 3 900 000 төгрөгийг сар бүр цувуулан миний дансанд шилжүүлсэнийг би түрээсэнд өгдөг байсан. Энэ талаар Ж.Х өөрөө шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хаан банкны хуулгаас үзвэл надад 15 190 000 төгрөгийг Ж.Х төлсөн гэж шүүх дүгнэсэн. Гэхдээ миний хувьд 15 190 000 төгрөгнөөс түрээсийн төлбөр, зээлийн гэрээг бичгээр байгуулсан учир Ж.Хгээс хүүний мөнгө /2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд зааснаар сарын хүү 1 000 000 төгрөг 12 сарын хугацаатай 12 000 000 төгрөг/ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар 20 000 000 төгрөгний хүү авах эрхтэй гэж үзэж байгаа учир 12 000 000 төгрөг хасагдах ёстой гэж үзэж байна. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 44 удаагийн гүйлгээгээр           15 190 000 төгрөг болж байна. 15 190 000-12 000 000 /зээлийн хүү/ төгрөг-3 900 000/ түрээсийн төлбөр/ төгрөгийг мөн хасвал 710 000 төгрөг аваагүй байна. Иймд Ж.Хд зээлдүүлсэн зээлийн гэрээний үүрэгт 20 710 000 төгрөгийг гаргуулж      өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, эрх зүйн дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч С.Э, Ц.Д. Т.Гнарт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн тэмдэглэл, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ж.Х,  Ц.Д. нарын хооронд байгуулагдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 9 дүгээр гудамж, 378б тоотод байрлах, 441 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, 71.5 м.кв талбайтай хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ц.Долгорсүрэн, Т.Г нарын хооронд байгуулагдсан уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч С.Э нь нэхэмжлэгч Ж.Хгээс зээлийн төлбөрт 21 775 840 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэргийн 8 дугаар талд авагдсан Ж.Х, С.Э нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн “Зээлийн тэмдэглэл” гэх баримтад зээлдэгч нь зээлдүүлэгчээс 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн талаар тусгасан боловч хариуцагч С.Э нь Ж.Хд уг мөнгийг бодитойгоор шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгч Ж.Хгийн “...15 190 000 төгрөгийн бараа материал, тоног төхөөрөмж авсан. Үүний төлбөрийг С.Э төлсөн. Би С.Эгаас 20 000 000 төгрөгийг бэлнээр авч байгаагүй. Тоног төхөөрөмжийн үнийг 2015 оны 12 дугаар сарын 11-нээс 2017 оны 06 дугаар сарын 26-ний хооронд төлж дуусгасан” гэх шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, Ж.Хгийн Хаан банк дахь 5026188955 тоот дансны хуулга /хх 1, 2, 13-57, 98, 99/, хариуцагч С.Эгийн “...Ж.Х жаазны үйлдвэрлэл явуулахад зориулж 15 190 000 төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсан, барааны үнийг би төлсөн. Мөн Бээжингээс Улаанбаатар хүртэлх ачаа тээвэрлэлт, Бээжинд буусан буудал, онгоцны зардалд 4 810 000 төгрөг зарцуулсан гэж тооцож зээлийн гэрээг байгуулсан” гэх тайлбар, сөрөг нэхэмжлэл, машины түрээс болон өрөөний төлбөрийн баримт /хх 65-68, 78-80, 167, 168, 170, 171/ зэргээр тогтоогдож байна. 

Мөн хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтаар нэхэмжлэгч Ж.Хгийн хүсэлтээр Ж.Х, С.Э нар нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны үед БНХАУ-ын Бээжин хот руу явж жаазны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 14 161 265 төгрөгийн, Монгол улсад барилгын материалын дэлгүүрээс 1 028 735 төгрөгийн, нийт 15 190 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг худалдан авсан, уг бараа материалын үнэ, тээвэр, байрны зардлыг хариуцагч С.Э төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Иймд дээрх зээлийн тэмдэглэл гэх баримтаар хариуцагч С.Э нь 20 000 000 төгрөгийг Ж.Хд бодитойгоор шилжүүлээгүй байх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон С.Эгаас төлөгдсөн бараа материалын үнэ 15 190 000 төгрөг тээвэр, байрны зардал 1 965 600 төгрөг, нийт 17 155 600 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Х буцаан төлөх үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн гэж үзнэ.

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн тэмдэглэл” нэртэй гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүх С.Э, Ж.Х нарын хооронд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ хийгдээгүй, Ж.Х,  Ц.Д. нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, Ц.Долгорсүрэн, Т.Г нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бодитой хийгээгүй талаар зөв дүгнэлт өгч, уг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоон, тооцуулах, нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.Эгаас жаазны үйлдвэрт ашигладаг зарим бэлдцүүдийг гаргуулан нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч С.Э нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй зээл, зээлийн хүү 17 054 400 төгрөг, хүүгүй зээлүүлсэн 5 000 000 төгрөг, нийт 22 054 400 төгрөг гаргуулна гэж тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 21 775 840 төгрөг гаргуулна гэж шаарджээ.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй “Зээлийн тэмдэглэл” гэх гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Х 17 155 600 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн. Үүнээс Ж.Хгээс С.Эгийн Хаан банк дахь 5029878704 тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 45 удаагийн гүйлгээгээр тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 15 190 000 төгрөг, хариуцагч С.Эд бэлнээр буцаан төлсөн 1 135 000 төгрөг /С.Э авсан гэж зөвшөөрсөн хх 68/-ийг тус тус хасч, үлдэх 830 600 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Х нь төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Х нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүүгүй зээлсэн 5 000 000 төгрөгөөс “Транс капитал ББСБ” ХХК-д төлсөн 2 721 440 төгрөг, төрөхдөө 500 000 төгрөгийг тус тус авсан, бэлнээр 1 500 000 төгрөг, 278 500 төгрөгийг аваагүй /хх 226/ гэж маргадаг боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Түмэндэмбэрэлийн “...Ж.Х 2 000 000 төгрөг зээлсэн, 1 500 000 төгрөгөөр нэг юмны өрөө төлсөн, 500 000 төгрөгийг төрөхдөө хэрэглэнэ гэсэн” /хх 229/ гэх мэдүүлгээр хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл давхар нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 721 440 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01888 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...281 дүгээр зүйлийн 281.1” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1” гэж,

тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтыг нэгтгэж “3” гэж дугаарлаж, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525 700 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эгаас 239 069 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Хд олгож, нэхэмжлэгч Ж.Хгээс 103 783 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Эд олгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж дугаарлаж, “...282 дугаар зүйлийн 282.1” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1” гэж, “...5 187 040 төгрөг” гэснийг “5 552 040 төгрөг” гэж, “...16 588 800 төгрөг” гэснийг “16 223 800 төгрөг” гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “4” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.           

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Эгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН