| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/02482/И |
| Дугаар | 101/ШШ2021/02412 |
| Огноо | 2021-08-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2021/02412
2021 08 17 101/ШШ2021/02412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт оршин суух, РД:, Б овогт Б-н М-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг тоот хаягт оршин суух, РД:, А овогт Н-н А д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.566.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , хариуцагч Н.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А бид хоёр 2020 оны 01-р сард танилцсан, сүлжээний бизнес эрхэлдэг хамтарч ажиллах санал тавьж энэ бизнест хамтарч ажиллахаар болсон. Ийнхүү хамтран ажиллаж байхдаа А надаас хүүтэйгээр болон хүүгүйгээр мөнгө зээлж авдаг байсан бөгөөд 2020-08-26-ны өдөр цолоо ахиулж Алтан захирал цол хамгаалахад борлуулалтын цэг нээгээдхэе, шагналд нь 5.000.000 төгрөг ирдэг учир мөнгийг чинь хүүний хамт бүгдийг нь төлнө гэж 7-р сард 400.000 төгрөг бэлнээр авсан, 7 сарын 19-нд дансаар 750.000 төгрөг, 8 сарын 12-нд дансаар 500.000 төгрөг, 8 сарын 26-нд 2.350.00 төгрөг, дансаар хүлээн авч нийт 4.000.000 төгрөг болгож, сарын 7 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Ийнхүү явсаар 9 сард хүүний төлбөр 280.000 төгрөгөөс 200.000 төгрөг төлсөн ба 9 сарын 20-нд дансаар 1.000.000 төгрөгийн бараа захиалахад 600.000 төгрөгийн бараа надад ирсэн ба үлдэгдэл 400.000 төгрөг дээр хүүний дутуу төлбөр 80000 төгрөг, нийт 480.000 төгрөгийн өр үүссэн байсан дээрээ 10-р сарын 03-ны өдөр түрээсийн байранд амьдрахаа болиод өөрийн гэсэн гэр авах гэсэн юм гээд 520.000 төгрөгийг нэмж аваад 1.000.000 төгрөг болгон 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн төлбөрөө төлөөч гэхэд оны эцэс болоход найз залуугийн цалингийн зээл аваад төлчихнө гэсээр 2021 он гартал төлөөгүй. 2021 он гарсаар би хуулийн байгууллагад хандана, мөнгөө төлөөч ээ гэхэд Н.А одоо цагаан сараас эхлээд борлуулалт сайжирдаг учир зээлсэн мөнгөө хүүний хамт хэсэгчлэн төлнө гээд зээл, хүүний төлбөр дээр багийн гишүүнд зарж өгнө гээд авсан барааны төлбөр болох нийт 6.230.000 төгрөгийг цаашид хүүний хамт төлнө гэж баталгаа бичиж өгсөн. Үүнд 8 сарын 27-ны өдөр 4.000.000 болгон тооцсон мөнгөний 2021 оны 02 сарын 01 хүртэлх /9-р сараас эхэлсэн/ 3 сарын хүүгийн төлбөр 280.000х33=940.000 төгрөг, 10 сарын 01-ний өдөр авсан 1.000.000 төгрөгийн 4 сарын хүүд 400.000 төгрөг, өөр бусад фаберликийн бараанууд авсан гээд тооцоо нийлж 6.230.000 төгрөгөөр тохиролцсон. Ийнхүү Н.А нь 6.230.000 төгрөгийг 2021-02-01-ний өдрөөс хойш сарын 7.5 хувийн 67.250 хамт үндсэн төлбөрөө 6 сарын хугацаанд төлж барагдуулга гэдэг баталгаа бичиж өгсөн ч төлбөрөө төлөхгүй байгаа тул 6.230.000х7.5%=467.250х5 сар= 2.336.250, үндсэн төлбөр 6.230.000 төгрөг, нийт 8.566.250 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2021 оны 02 сарын 01-ний өдөр бүх өрөө нэгтгээд баталгаа бичсэн, хэрэв энэ хүн ингэж баталгаа бичиж өгөөгүй байсан бол би өвөл шүүхэд хандах байсан. Өөрөө 6 сарын хугацаанд төлнө гэсэн баталгаа бичиж өгчихөөд үүнийгээ биелүүлээгүй одоо хүү төлөхгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Эвлэрэн хэлцэлцэх санал хүсэлт байхгүй, би сүлжээний бараа зарж амьдралаа залгуулдаг гэв.
Хариуцагч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 09 сарын 20-ны өдөр дансаар 1.000.000 төгрөгийн бараа захиалаад 600,000 төгрөг бараа ирээд 400.000 төгрөгийн бараа ирээгүй гэж байна. Үүнийг би мэдэхгүй байна. Бид хоёр байнгын бараа захиалаад түүнийгээ аваад борлуулаад явж байсан. 07 сард бэлнээр 400,000 төгрөг өгсөн гэсэн байсан, би авсан мөнгөө бүгдийг нь дансаар авсан. Энэ зүйлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 02 сарын 01-ний өдөр ковидын улмаас надад төлөх боломж байхгүй байна, хүүгээ зогсоож өгөөч гэхэд байнга дарамталж машинаа өг, эсвэл гэрт чинь очиж хэвтэнэ, хамт ажилладаг хүмүүст чинь хэлж тэд нараас нэхнэ гэж дарамталж байсан учир би аргагүй эрхэнд гараар 6.230.000 төгрөгийг өгье гэж ямар ч нотариатын тамга тэмдэггүйгээр бичиж өгсөн. Одоо хүлээн зөвшөөрөхгүй байна, бид хоёр ямар ч хүү тооцоогүй. Миний тооцоогоор 3.600.000 төгрөг л авсан. 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс хойш хүүгээ зогсоочих тэгвэл ямар нэгэн байдлаар өгье гэхэд хүүгээ зогсоохгүй, зогсооно гэвэл чи мөнгөө бүтнээр нь аваад ир гэсэн. Бүтнээр нь авч очих ямар ч боломжгүй байна хүүгээ зогсоочихвол боломжоороо хувааж төлье гэж гуйсан боловч зогсоогоогүй. Одоо бол хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би сарын 200.000 төгрөгийн цалинтай, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Үндсэн төлбөрийг хуваагаад төлөхөд бэлэн байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н.А аас зээлийн гэрээний үүрэгт 8.566.250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.А 4.100.000 төгрөгийг зээлж авсан, барааны үнэ 130.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү тооцохоор тохироогүй учир 4.336.250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н.А д 2020 оны 07-р сард 400.000 төгрөг бэлнээр, 2020 оны 7 сарын 19-нд дансаар 750.000 төгрөг, 2020 оны 8 сарын 12-нд дансаар 500.000 төгрөг, 2020 оны 8 сарын 26-нд 2.350.00 төгрөг, дансаар хүлээн авч нийт 4.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр,
2020 оны 09-р сард захиалсан барааны үнэ 400.000 төгрөг, хүү 80000 төгрөг дээр нэмж 520.000 төгрөг зээлж, нийт 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, нийт 6.230.000 төгрөг зээлүүлсэн гэх тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н.А д 2020-07-19-ны өдөр 750.000 төгрөг, 2020-08-12-ны өдөр 500.000 төгрөг, 2020-08-26-ны өдөр 2.350.000 төгрөг, 2020-10-01-ний өдөр 500.000 төгрөг, нийт 4.100.000 төгрөгийг өгсөн болох нь түүний ХААН банкны дансны хуулгаар нотлогдож байна. Хариуцагч 4.100.000 төгрөгийг авсан дээр маргаагүй, мөн барааны үнэ 130.000 төгрөгийг бараа хэлбэрээр төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч 2020-09-20-ны өдөр 1.000.000 төгрөгт бараа захиалж, 600.000 төгрөгний барааг авсан гэсэн тайлбарыг гаргасан, хариуцагч барааг өгсөн гэсэн тайлбарыг гаргаж маргасан.
Иймд 2020-07-19-ний өдөр 750.000 төгрөг, 2020-08-12-ны өдөр 500.000 төгрөг, 2020-08-26-ны өдөр 2.350.000 төгрөг, 2020-10-01-ний өдөр 500.000 төгрөг, нийт 4.100.000 төгрөгийг хариуцагч Н.А ын 0 дансанд шилжүүлсэн нь дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.
Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар “.Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3. Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэжээ.
2021-02-01-ний өдөр тооцоо нийлж гаргасан 6.230.000 төгрөгний баримтыг зээлийн хүү тохиролцсон бичгээр хийсэн гэрээ гэж үзэхээргүй байна.
Иймд хариуцагч Н.А нь 4.100.000 төгрөгийг зээлсэн гэдэг дээр маргаагүй ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.А аас 4.100.000 төгрөг, мөн барааны үнэ 130.000 төгрөг, нийт 4.230.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож шийдвэрлэх.
Нэхэмжлэгч Б.М нь “2020-09-20-ны өдөр дансаар 1.000.000 төгрөгний бараа захиалж 600.000 төгрөгний барааг авсан, үлдэх төлбөр 400.000 төгрөг, хүү 80.000 төгрөг, нийт 480.000 төгрөг, 8 сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг болгон тооцсон, 2021 оны 02 сарын 01 хүртэлх /9-р сараас тооцон / 3 сарын хүүгийн төлбөр сарын 280.000 төгрөг, нийт 940.000 төгрөг, 10 сарын 01-ний өдөр авсан 1.000.000 төгрөгийн 4 сарын хүүд 400.000 төгрөг, өөр бусад фаберликийн бараанууд авсан гээд тооцоо нийлж 6.230.000 төгрөгөөр тохиролцож хүү төлөхөөр баталгаа бичиж өгсөн, 6.230.000 төгрөгийг 2021-02-01-ний өдрөөс хойш сарын 7.5 хувийн 67.250 хамт үндсэн төлбөрөө 6 сарын хугацаанд төлж барагдууна баталгаа бичиж өгсөн ч төлбөрөө төлөхгүй байгаа тул 6.230.000 төгрөгний 5 сарын хүү 2.336.250 төгрөг, үндсэн төлбөр 6.230.000 төгрөг, нийт 8.566.250 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3. Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 4.336.250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.А-аас 4.230.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.336.250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 152.010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-аас 82630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА