Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/197

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000172 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Багшийн коллежийн гудамжны 18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл:

-1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын /1961 он/ Эрүүгийн хуулийн тусгай aнгийн 109 дүгээр зүйлийн “Б”-д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлд заасныг журамлан биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийтгэснийг Сэлэнгэ аймгийн шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр магадлалаар эдлээгүй үлдсэн 1 сар 27 хоногийн ялыг тэнсэж сулласан,

-Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын /1961 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “А”-д зааснаар 3 жил хорих ял, 200 дугаар зүйлийн “А”-д зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийтгэснийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн өршөөл үзүүлэх комиссын 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж сулласан,

-Дорнод аймгийн шүүхийн 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын /1986 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Хэнтий аймгийн шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн магадлалаар эдлээгүй үлдсэн 03 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан,

-Дорнод аймаг Чойбалсан хот дахь сумын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 200 дугаар зүйлд тус тус зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байхдаа мөн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 157 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

-мөн Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2003 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 7 сарыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдаж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 25 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллагдаж байсан,

-Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД:ЖЯ64111713/.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Ивээл хороололд хохирогч маргалдан улмаар цээжин тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь цээжний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Ивээл хороололд хохирогч маргалдан улмаар цээжин тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь цээжний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ******* сумын 6 дугаар баг Ивээл хороололд хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээгүй байсан. Тухайн үед нь тэнд байсан хүмүүс рүү агсам тавиад улмаар надтай маргаж миний нүд рүү хуруугаа хийгээд байсан. Тэгэхээр нь уур хүрээд нэг удаа хутгалсан юм. Миний хувьд тай хэрэг болсноос хойш 2 удаа Шүр зах дээр уулзах үед “Улаанбаатар хот руу явлаа, гомдол тэмцэл байхгүй, хоёулаа тохиролцъё” гэсэн утгатай зүйл ярьж байсан боловч түүнээс хойш надтай уулзалгүй алга болчихсон...” гэх мэдүүлэг, хохирогч Т.ын “...Би ******* сумын 1 дүгээр баг 4-10 тоотод оршин суудаг. Миний хувьд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр найз хамт ******* сумын 6 дугаар баг Ногоон дэлгүүрийн гадаа найз төрсөн ах болон гэх хүний хамт согтуу байдалтай зогсож байсан. Тэгээд бид нар хамтдаа Ивээл хорооллын голоор алхаж байхад миний хувьд ийн төрсөн ахтай жаахан маргаж байтал хажуу талаас нь хутга гаргаж ирээд миний цээжний баруун хэсэгт нэг удаа хутгалсан. Улмаар цагдаа болон түргэн тусламжид мэдэгдсэн. Тухайн асуудлын улмаас миний цээжний баруун хэсэгт язарч 2-3 оёдол тавиулаад байна. Тухайн үед нь согтуу байгаагүй, бараг эрүүл шахуу байсан гэж бодож байна. Харин миний хувьд жоохон халамцуу байсан ч болсон асуудлын талаар сайн санаж байна. Миний хувьд өөрийн эмчилгээний зардалдаа ямар нэгэн төлбөр зарцуулаагүй, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргана...” гэх мэдүүлэг, гэрч Г.ийн “...Шүр захын ойролцоо явж байхад нь нэг танихгүй залуугийн хамт над руу ирээд манай үлдээсэн гагнуурын аппаратыг авъя гэж хэлсэн. Улмаар ******* сумын 6 дугаар баг Ивээл хороололд явж байхад нь замд таарч ыг ямар нэгэн шалтгаангүй шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тухайн асуудлын улмаас ын биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Гэтэл тухайн хүн уурлаад хаанаасаа ч юм нэг хутга гаргаж ирээд цээжнийх нь баруун хэсэгт нэг удаа зүсчихсэн байсан. Тэгээд нь яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 232 тоот “...Т.ын биед цээжний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “өөрийн эмчилгээнд ямар нэгэн төлбөр зарцуулаагүй, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* бүрэн бус дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  модон иштэй эвхэгддэг 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  модон иштэй, эвхэгддэг 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА