Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/186

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000217 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод цэвэр ус ХХК-д жолооч, түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Нуурын 9-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мустанг баарны гадна хохирогч үл ялих зүйлээр маргалдаж түүний эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын цус хуралт болон зулгаралт, баруун өвдөгний зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

  Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” баарны гадна хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний эрүүл мэндэд “...зүүн хөмсөгний язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын цус хуралт болон зулгаралт, баруун өвдөгний зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ...Мустанг бааранд үйлчлүүлэхээр орой 23 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед би ажлын ах хамт явж байсан бөгөөд баар руу орохын өмнө нэг тамхи татах гэсэн боловч гал байхгүй байсан. Тэгээд баарны үүдэнд зогсож байсан таяг тулсан ах дээр очиж гал асуухад байхгүй гэж хэлсэн. Би түүнд яагаад гал байдаггүй юм бэ гэж хэлэхэд гал байхгүй, ах нь электрон тамхи татдаг гэж хэлэхээр нь миний эгдүүцэл хүрээд түүнийг хаана байдаг юм, чи яасан том юм гэх зэргээр хэлээд түүнтэй маргалдаж баарны үүднээс татаж холдуулан урагшаа чиглэн хэсэг алхаж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн чинь тэр ах газарт унасан. Энэ үед надтай хамт явж байсан ах намайг салгаад холдуулсан. Харин тухайн хүнтэй хамт явж байсан 2 найз нь бололтой залуу гарч ирээд манай найзыг цохилоо гэж хэлээд над руу дайрсан бөгөөд намайг заамдаж байгаад газарт унагааж нүүр хэсэгт цохисон. Тухайн үед миний хамраас цус гарч байхад цагдаа нар ирээд тараасан...” гэх мэдүүлэг, хохирогч “...Мустанг баарны гадаа тамхи татаад зогсож байхад нэг үл таних залуу ирээд надад хандаж чи электрон тамхи татлаа, ямар том юм бэ, хаана байдаг юм гэж асуухаар нь би түүнд хандаж Дорнод аймгийнх гэж хэлсэн чинь тэр залуу шууд миний нүүр хэсэгт мөргөсөн. Миний хувьд тухайн залууг зөрүүлэн цохих гэж оролдсон боловч цохисон эсэхээ мэдэхгүй ямартай ч нэг гараараа таяг тулж байсан учир олигтой хариу үйлдэл үзүүлж чадалгүй ойчсон. Намайг газарт унах үед тэр залуу миний дээрээс цохиод байсан. Миний хувьд түүнд цохиулаад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж чадахгүй байсан учраас нүүрээ дараад газарт хэвтсэн. ...гар утас байхгүй болсон учир ******* сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны урд талаас такси аваад эмнэлэгт очиж үзүүлээд, дараа нь цагдаагийн байгууллага руу очиж гомдол гаргасан. ...Би энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэрэг болсон орой алдсан Самсунг Эс-7 маркийн гар утас болон хиймэл 2 шүдээ хэрэг болсон өдрийн маргааш нь тухайн газраасаа олсон. Харин алдсан гэх 30,000 төгрөгийг намайг цохисон гэх залуу уучлалт гуйж буцаан өгсөн. Миний эмчилгээний зардалд ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Ер нь бол миний гар утас болон 30,000 төгрөгийг тухайн залуу хулгайлаагүй байсан. Газар унах үед л халааснаас унасан байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй учраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй бөгөөд үүнтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дүгээр сарын 14-ний өдрийн 276 тоот “... биед зүүн хөмсөгний язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын цус хуралт болон зулгаралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх зүүн хөмсөгний язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан болон бусад хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА