Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1009

 

 

 

 

 

 

    2020             8              13                                       2020/ДШМ/1009

 

 

    

          Я.Б-, Д.О- нарт холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Я.Б-, Д.О-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганбат,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/411 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Б-, Д.О- нарын өмгөөлөгч Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Я.Б-, Д.О- нарт холбогдох эрүүгийн 1802001960021 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр  хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Я.Б, 19.... оны 3 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, “С-” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл .............. хамт ............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, РД: /....................../;

2. Сартуул овгийн Д.О, 19.. оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү бизнесийн удирдлага мэргэжилтэй, “........” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, РД: /............./;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2008 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 1 давхарт бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг “С-” ХХК-ийн /тухайн үеийн нэршлээр “Серж интернэйшнл” ХХК/ удирдах албан тушаалтан, захирал Я.Б- нь нягтлан бодогч Д.О-тэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1.994.643.171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199.543.513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн,

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 26 дугаар байрны 1 давхарт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг “С-” ХХК-ийн /тухайн үеийн нэршлээр “Серж интернэйшнл” ХХК/ нягтлан бодогч Д.О- нь тус компанийн захирал Я.Б-тэй бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1.994.643.171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199.543.513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Я.Б-, Д.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Я.Б-, Д.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үргэлжилсэн үйлдлээр татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Я.Б-, Д.О- нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Я.Б-, Д.О- нараас нийт 199.634.513.8 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Б-, Д.О- нарын өмгөөлөгч Б.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан бичгийн баримтууд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр илэрсэн “Азиа” ресторан буюу Ү-2204006066 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 440.000.000 төгрөгөөр зарж борлуулсан орлогод НӨАТ ногдуулаагүй гэх зөрчил нь өөрөө татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш юм.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулаад “С-” ХХК нь ААНОАТатварын тайландаа нэг ч төгрөг хасалгүйгээр 440.000.000 төгрөг гэж үнэн зөв мэдүүлсэн байдаг тул НӨАТ-ын тайландаа дээрх 440.000.000 төгрөгийг давхар тусгаагүй нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхгүй, харин зөрчил юм. Хэрэв “С-” ХХК нь 440.000.000 төгрөгийг нэг ч тайланд огт тусгаагүй, эсвэл худалдан борлуулсан үнийн дүнгээ тайландаа хасаж тусгасан байсан бол энэ нь өөрөө санаатайгаар татвар ногдох орлогоо нуун дарагдуулсан үйлдэл болох байсан атал нэг тайландаа үнэн зөвөөр тусгаад нөгөө тайландаа тусгаагүй үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр хэрэв “С-” ХХК нь татвар ногдох орлого болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогыг нуун дарагдуулах байсан бол ААНОАТатварын тайланд 440.000.000 төгрөгөөр тусгахгүй байх байсан. Түүнчлэн Шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нар санхүүгийн нарийн мэдлэг шаардахгүй энгийн хараад ойлгохоор алдаа гаргасан буюу шинжээчийн дүгнэлтэд “Азиа ресторан”-ыг НӨАТ орсон дүнгээс нь дахин НӨАТ тооцсон дүгнэлт гаргасан, уул нь 440.000.000 төгрөгөөс бус 400.000.000 төгрөгөөс НӨАТ тооцох ёстой байсан, энэ нь өөрөө хохирол буруу гарах үндэслэл болсон.

Хоёрдугаарт. Шинжээчийн дүгнэлтэд “Хөрөнгө оруулалтын зориулалттай хөргөлтийн агуулах барьж байгуулахад зарцуулсан зээлийн хүүгийн зардлыг зардалд тооцож татвар ногдох орлогыг бууруулсан” гэсэн нь үндэслэлтэй хэдий ч нөгөө талаасаа зээлийн хүүгийн хэмжээгээр хөрөнгийн үнэлгээг өсгөж ирээдүйд төлөх элэгдлийн зардлыг нэмэгдүүлснээр татвараас хасагдах зардалд тооцогдож ирээдүйд төлөх татварын зардлыг бууруулдаг буюу “С-” ХХК-ийн хувьд зээлийн хүүгийн 486.186.624.48 төгрөгийн хүүгийн зардлыг татварын байгууллагаас нуугаагүй, ил тод дансны хуулгаас харагдаж байдаг, ялангуяа дансны хуулгаар татварын байгууллагад тодорхой харагдаж байгаа гүйлгээг санаатайгаар татвар ногдох орлогоос нуун дарагдуулсан гэж үзэх боломжгүй, татварын хуульд алдагдлыг бууруулж болох заалт байдаг, мөн зардлыг бууруулж тооцохгүй байж болох ч заалт байдаг буюу хуульд аль нэг төрлийг нь сонгоод явах боломжтой гэхдээ энэ талаараа тайландаа тусгахаар хуульчилагдсан байдгийг санхүүч нар тухайн жилийнхээ зардлаас хамаараад тайландаа тусгаж явдаг. Гэтэл шинжээч нар зардлыг бууруулан тооцох хуулийн заалт огт байдаггүй мэт ганц л заалт байдаг мэт зөрчилд тооцсон нь үндэслэлгүй болсон байдаг, мөн татварын шинэ хуулийн 15.1 дахь хэсэгт мөн зардлыг бууруулж тооцож болох талаар хуульчилагдсан байдаг хэрэгжсээр ирсэн заалтыг шинжээч буруутгасан нь ойлгомжгүй байна.

Зориуд бууруулан мэдээлэх гэж: нягтлан бодох, данс бүртгэл, тайлангаараа татвар ногдох орлого, эд хөрөнгө, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнийхээ тоо хэмжээг санаатайгаар дутуу тусгасан байхыг хэлдэг. Харин “С-” ХХК-ийн хувьд санаатайгаар дутуу эсвэл огт тусгаагүй зүйл байхгүй, харин татварын алба дээрх мөнгөн дүнг зардалд тооцсон нь буруу байгаа талаар дүгнэсэн нь өөрөө зөрчил юм.

Татвар төлөхөөс зайлсхийх үйлдэл нь өөрөө санаатайгаар нуух гэсэн үйлдэл агуулж байдаг өөрөөр хэлбэл нуух гэдэг нь татвар ногдох орлого, эд хөрөнгө ажил үйлчилгээнээс олсон орлогоо данс бүртгэл, татварын мэдээ, тайландаа тусгахгүй байхыг ойлгохоор хуульчилсан байдаг.

Гуравдугаарт. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн, мөн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтүүдэд тусгагдсан “Монгол Тамхи Со” ХХК-иас НӨАТ-тай худалдан авалт хийсэн гэж хуурамч падаан ашиглаж төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулсан” гэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал: “Монгол Тамхи Со” ХХК нь НӨАТ төлөгч тул падааныг нь хуурамч гэж үзэж болохгүй, иргэн Л.Энхтуяа нь “Монгол Тамхи Со" ХХК-ийн гэрээт борлуулагч бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ XX 182-184 “...би 2018 оны дунд үеэс эхлэн НӨАТ төлөгч болсон, ...”С-” ХХК нь НӨАТ-ын баримт нэхдэг байсан, НӨАТ төлөгч биш болохоор баримтыг нь өгч чаддаггүй байсан, нэг удаа баримт нэхээд байхаар нь эгчийнхээ гэрээт борлуулагч хийдэг “Монгол Тамхи Со” ХХК-иас баримт авч “С-” ХХК дээр шивүүлж байсан” гэх мэдүүлэг хэрэгт байдаг буюу манай компани гэрээнийхээ дагуу НӨАТ-ын баримтаа Л.Энхтуяагаас шаардсан харин “С-” ХХК-ийн хувьд хуурамчаар өөрсдөө хуурамч падаан хэн нэгэн иргэнээс санаатайгаар худалдан авсан үйлдэл байхгүй болох нь тодорхой харагддаг, манай байгууллага мэдэх боломжгүй үйлдэл юм.

Түүнчлэн иргэн Л.Энхтуяа нь НӨАТ-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ гэсэн гэрээтэй байдаг, 2018 оны 05 дугаар сард Татварын албанаас хяналт шалгалт ороход бараа ажил үйлчилгээг дамжуулахгүйгээр шууд борлуулагчаас НӨАТ падаан авч хасалт хийнэ гэсэн шаардлагыг үндэслэн иргэн Л.Энхтуяа нь хувиараа татварын албанд НӨАТ төлөгчөөр бүртгүүлж “С-” ХХК-д шууд НӨАТ-ын падаанаа шивж залруулж эхэлсэн байдаг. Иймд хуурамч падаан гэж огт байхгүй, шалтгаан нь гэрчээр Л.Энхтуяагийн өгсөн мэдүүлэгт тодорхой байдаг, энэ бол гэмт хэргийн шинж байтугай зөрчлийн шинжтэй ч үйлдэл биш, дээрх үйлдэлд хариуцлага тооцох бол “С-” ХХК-тай бус иргэн Л.Энхтуяа болон түүний эгч нартай л хариуцлага яригдах асуудал, хуурамч падаан гэх асуудал огт үндэслэлгүй байна.

Хэрэв Л.Энхтуяаг хуурамч падаан бичиж өгсөн гэж үзэж байгаа юм бол падааныг хуурамчаар үйлдвэрлэсэн үү, бусдаас худалдан авсан эсэх зэргийг тогтоох ёстой, энэ хэргийг яллах гэж байгаа бол тэр хүмүүст бас хариуцлага хүлээлгэх ёстой, түүнчлэн 2018 оны 05 дугаар сард Татварын албанаас шалгалт ороход бараа ажил үйлчилгээг дамжуулахгүйгээр шууд борлуулагчаас НӨАТ падаан авч хасалт хийнэ гэсэн шаардлагыг үндэслэн иргэн Л.Энхтуяа хувиараа татварын албанд НӨАТ төлөгчөөр бүртгүүлж “С-” ХХК-д шууд НӨАТ ийн падаанаа шивж залруулж эхэлсэн байдаг. Иймд шинжээчийн энэ дүгнэлтэд хэдий ингэж тусгасан ч иргэн Л.Энхтуяагийн мэдүүлгийн дагуу төрсөн эгч нь “Монгол Тамхи Со” ХХК-ийн гэрээт борлуулагч мөн эсэх, түүнчлэн эгчээс нь мэдүүлэг авч эгч нь үнэхээр НӨАТ-ын падаан дүүдээ өгсөн эсэхийг, мөн иргэн Л.Энхтуяа нь “С-” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу НӨАТ-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ гэсэн гэрээнийхээ дагуу, мөн татварын шалгалтаас үүдэлтэй хэдэн төгрөгийн НӨАТ-ын падаанаа шивж залруулга хийсэн, цаашлаад шинжээч нэгэнт шууд хуурамч падаан байна гэж байгаа бол хуурамч падаан үйлдсэн хүнийг олж тогтоон хэргийг шүүхээр хамт шийдвэрлүүлэх ёстой байсан,

Дөрөвдүгээрт. “Түрээсийн төлбөрийг ОХУ руу шилжүүлэхдээ оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн орлогоос НӨАТ суутган тооцоогүй” гэсэн нь гэмт хэргийн шинжгүй үйлдэл байна. Учир нь ААНОАТатварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод 20%-ийн татвар ногдуулна гэсэн заалтын дагуу “С-” ХХК нь ОХУ руу түрээсийн төлбөр шилжүүлсэн төлбөртөө 20%-ийн татвар ногдуулан тайлагнасан байдаг. Мөн ОХУ болон Монгол Улсын засгийн газар хоорондын “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж оногдуулахгүй байх тухай Монгол Улсын засгийн газар, ОХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...дивиденд төлж буй компани байнга оршдог хэлэлцэн тохирогч улс тухайн дивидендэд өөрийн хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулж болох боловч дивиденд авагч этгээд нь түүний жинхэнэ эзэмшигч мөн бол ногдуулах татварын хэмжээ нь дивидендийн нийт дүнгийн 10 хувиас хэтрэх ёсгүй” гэсэн заалтын дагуу татварын төрлөө салгаагүй боловч нийтдээ 20%-ийн татварыг тайлагнасан нь огт тайлагнаагүй үйлдэл биш юм, иймэрхүү ойлгомжтой зүйлсийг хүртэл нэг бүрчлэн бичсэнийг хяналт тавьж байгаа прокурорын санхүүгийн мэдлэгээс болж зөрчил, үйлдэл, эс үйлдэхүй зэргийг огт ялгаж салгахгүй татварын шинжээчийн дүгнэлтээр илэрсэн зөрчил бүрийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа нь буруу байна.

Тавдугаарт. “Үндсэн хөрөнгө бий болгоход хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан НӨАТ-ыг төсөвт төлөх НӨАТ-аас хасаж тооцсон. ААНОАТ-ийн тайлан НӨАТ-ын тайлан нь зэрэгцэж явдаг, “С-” ХХК-ийн г хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан НӨАТ-ыг ААНОАТ-ын тайландаа тайлагнасан, харин НӨАТ-аас хасаж тооцсон нь буруу боловч “С-” ХХК-ийн хувьд дээрх худалдан авалтыг нуун дарагдуулаагүй буюу 2 тайлангийн нэгэнд нь тайлагнаагүй алдаа гарсан үйлдэл нь өөрөө зөрчил юм.

Зургаадугаарт. Энэ хэрэгт Д.Отгонжаргал нь хэргийн оролцогч бус этгээд атал хэргийн оролцогч бус этгээдийн гомдлыг хүлээн авч, хэргийн оролцогч бус этгээдийн гомдлоор хэргийг сэргээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна.

Долоодугаарт. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаа дараа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна.

Наймдугаарт. “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 /нэг/ жил буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.10-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хэрэгт ажиллагаа хийсэн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр яллаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гарсан шинжээчийн дүгнэлт нь өөрөө нотлох баримтын чанараа алдана, дээрх дүгнэлтүүд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гарсан дүгнэлт байна гэсэн гомдлыг Улсын Ерөнхий прокурорын газарт гаргахаар дараа оных нь татварын тайланд дахин шинжээч томилж үргэлжилсэн үйлдэлтэй болгож харуулаад хэргийг шүүх рүү шилжүүлсэн, хэт нэг талыг барьсан.

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч сэргээн шалгах талаар тусгасан байдаг буюу ЭХТА-ийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 22 дугаар бүлэг байдаггүй, мөн хэргийн оролцогч биш хүний гомдлоор хуулийг ноцтой зөрчиж, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг хуулийг ноцтой зөрчиж сэргээн шинжээчийн дүгнэлт хууль зөрчиж гаргуулж, дээрх хууль зөрчиж гаргуулсан дүгнэлтээрээ гэмт буруутайд тооцох гол бичгийн баримтаа болгож байгаад гомдолтой байна, иймд хууль зөрчиж цуглуулсан бичгийн баримтаар хүнийг яллах баримтаа болгож болохгүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018, 2019 онуудад Татварын хяналт шалгалт орсон. Уг шалгалтаар гарсан төлбөрийн зөрчлийн актууд дээр гарсан зөрчлүүд маань энэ эрүүгийн хэрэг дотор давхацаад яваад байдаг. Тэр зөрчлийн актаар тогтоогдоод бид төлбөрөө төлсөн. 5 төрлийн зөрчил үүсгээд төлбөр гараад байгаа зөрчлүүд маань 2018, 2019 онд Татварын хяналт шалгалтаар орсон актуудтай давхцаж байгаа. Нөгөө талаар энэ эрүүгийн хэрэг дотор хуурамч падан, НӨАТ-ийн асуудал яригддаг. Манай компанид “Монгол тамхи Со” компанийн гэрээт борлуулагч хүн бараа нийлүүлдэг байсан. НӨАТ-ийн баримтаа бид тэндээс шаардаж авдаг байсан. Борлуулагч гэх хүн гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэгэхээр хуурамч гэдэг асуудлаар манай компани дээр асуудал үүсгээд байгаа нь үндэслэлгүй юм. Өмнөх Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтаар байцаагч нар нь давхар татварын гэрээг үндэслээд Оросын Холбооны улсад шилжүүлсэн НӨАТ-ийн асуудлыг хоёр улсын давхар татварын гэрээнд зааснаар зөрчил биш гээд татварын тайландаа оруулаад тусгасан. Давхар татварын гэрээгээр тооцогдсон гэсэн үг юм. Гэтэл давхар татварын гэрээг ашиглалгүй зөрчил болгож эрүүгийн хэрэг дээр оруулж ирсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн зээлийн хүүгийн зардал яригддаг. Энэ нь мөн зөрчил дээр давхар тусгагдсан байдаг. Иймд прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ буруутай гэж үзэх юм бол компанийн татварын асуудлыг иргэнээс гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсад төлөх ёстой татварыг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2013-2017 оныг шалгаад 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 351830114 дугаартай, 2019 оны 5 дуаар сард гарсан 0295052 дугаартай 2 шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байгаа. Энэ нь эрүүгийн хэргийн үйл баримтад орсон. Гэхдээ шинжээч дахин томилогдоод татварын улсын байцаагчийн илрүүлээгүй зөрчил байна гэдгийг давхцуулахгүйгээр илрүүлээд нийт 2 тэрбум буюу 199.000 000 төгрөгийн татвар төлөхөөр байна гэх шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурор Алтантүлхүүр нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрхи хоёр татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, энэ нь эрүүгийн хариуцлагатай давхцаж байна гэх дүгнэлт бичээд өгсөн. Одоогийн байдлаар энэ эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж дуусах хүртэл Захиргааны шүүх дээрх дүгнэлтийг шийдвэрлэлгүй түдгэлзүүлсэн байгаа. Иймд шүүгдэгч Д.О-, Я.Б- нарын өмгөөлөгчөөс гаргасан гомдолд дурдсанаар давхацсан зүйл байхгүй. Улсад төлөх ёстой татварыг төлөх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анх гомдол гаргаж өгсөн хүний гаргасан гомдлын дагуу хэргийг сэргээсэн. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байхгүй. Прокурорын зүгээс 2019 оны 5 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж үзсэн боловч анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын зүгээс дээрх шийдвэрт эсэргүүцэл бичээгүй байх тул үндэслэлтэй гэж үзэж байна. Нийт 199 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн хүлээн авсан боловч тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос “С-” ХХК-ийн захирал шүүгдэгч Я.Б-, ерөнхий нягтлан бодогч Д.О- нарын 1.994.643.171.46 төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199.543.513.8 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нараас 199.634.513,8 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”-ыг дүгнээгүй байна.

Тухайлбал, прокурорын яллах дүгнэлт болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар нь “С-” компанийнхаа ашиг орлогын үүднээс татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд холбогдсон болох нь тодорхой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийг этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заажээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналт, шүүхийн шатанд иргэний хариуцагчаар тухайн хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэж, иргэний хариуцагчаар “С-” ХХК-ийг татан оролцуулж, хэргийн материал танилцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнтэй холбоотой нэхэмжлэлтэй холбоотой асуудалд хуульд заасан эрх, үүргийг нь эдлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн, тухайн хэрэгт Зөрчлийн хуулиар “С-” ХХК-д Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0295052 дугаар шийтгэлийн хуудас /3 хх 117/, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 351830114 дугаар шийтгэлийн хуудас /1 хх 30-34/-аар тус тус хариуцлага хүлээлгэсэн зөрчлийн хэргийг “эрүүгийн хэрэгт шалгаж байгаа” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШЗ2020/3027 дугаар шүүгчийн захирамж /5 хх 121-123/-аар “эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа” үндэслэлээр түдгэлзүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх зөрчлийн хэргийн хохирол, энэ гэмт хэргийн хохирол давхцаж аль аль нь шийдвэрлэх боломжгүй болж байгаа эсэхэд дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүх яллах дүгнэлтэд дурьдсан нийт хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчимтай харшилж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтуудыг шалгаж, тухайн зөрчлийн хэргийн шийтгэлийн хуудсаар нэгэнт хариуцлага хүлээсэн асуудлыг энэ эрүүгийн гэмт хэргийн хамт давхардуулан шийдвэрлэлгүйгээр хохирлын хэмжээнээс хасах эсэхийг шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан байж болох хохирлыг зөв тодорхойлох хэрэгтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Я.Б-, Д.О- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийг дээрх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/411 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Я.Б-, Д.О- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ