Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 00017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                        Нарийн бичгийн дарга                    С.Баянжаргал

                        Улсын яллагч                                  Э.Энхбат

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                  М.Төмөрцэцэг

                        Хохирогч, иргэний нэхэмжлэгч      Д.Пүрэвдорж

  Хохирогчийн өмгөөлөгч                  Ц.Цогзолмаа

                        Шүүгдэгч                                               Т.Ганболд, З.Янсансүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Ганболд, З.Янсансүрэн нарт холбогдох 201518020362 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Их тамир суманд 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 6-141 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ “Авто стандарт” группийн захирал ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд.  /РД: ХМ:74052337/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1956 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн 3 дугаар байр 30 айлын ¹ 10 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржгин овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн. /РД: ЧЕ:56122370/

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Хонин нуга гэх газар иргэн Д.Пүрэвдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2015 оны 09 дүгээр сард Мөнхцог, Чулуунбаатар, Оргил, Мөнх-Эрдэнэ, Хаш-Эрдэнэ, Ану-Мэргэн, Оюу-Эрдэнэ, З.Янсансүрэн, Д.Пүрэвдорж гээд нийт 10 хүн рашаанд амрахаар хамт явсан. Рашаандаа очиж амарчихаад Хонин нуга дээр ирээд буцах болсон. Тэгээд Хонин нугын голын эрэг дээр нэг өдөр өнжиж амраад харъя гэсэн. Энд л болсон зүйл. Хоёр ах хоорондоо үл ойлголцон нэг нэгэндээ хатуу үг хэлсэн. Би энэ тухай Д.Пүрэвдорж ахад хэлэхэд Д.Пүрэвдорж уурлаж намайг загасны уургаар цохьсон. Би зодолдоогүй. Д.Пүрэвдорж намайг загасны уургаар хоёр удаа цохисон. Тэгэхэд бид хоёр ширээний наана цаана байсан. Намайг Чулуунбаатар салгасан. Тухайн газар чулуу мод байгаагүй гэдэг боловч Д.Пүрэвдорж чулуу барин хүрээд ирсэн. Тэр чулууг хаанаас авсан нь мэдэгддэггүй. Ихэнх нь бүрхэг мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтанд намайг заазуур барьсан, хашгирч цохьсон гэдэг. Би бол үнэндээ зодолдож оролцоогүй. Намайг энэ хэрэгт өшиглөснөөр оролцуулаад байгаа нь хэцүү байна. Үл ойлголцол гарсан. Энийг хамаатуулаад байгаа нь надад харамсалтай байна. Анхны шүүх хурал болон мөрдөн байцаалтаас эхлэн би ярьсан. Хийгээгүй хэргийг хүн хүлээх гэдэг эмгэнэлтэй юм гэдэг утгаараа. Өнөөдөр ч гэсэн дахин хэлье. Би Д.Пүрэвдорж ахад хүрээгүй. Тийм боломж ч байгаагүй. Тэр бол 10 секунд хүрэхгүй асуудал байсан. Иймэрхүү байдлаар намайг буруутгаж байгаа нь учир дутагдалтай байна. Өөр хэлэх зүйл алга гэв.

Шүүгдэгч З.Янсансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2015 оны 09 сарын 12-нд Хонин нуга гэх газар очсон. Очоод Т.Ганболдоос бусдыг нь танихгүй 8 хүн байсан. Хоёр эмэгтэй, 6 эрэгтэй. Тэнд би 5 хоносон. Эд нар наана халуун рашаанд үлдсэн. Т.Ганболд, Д.Пүрэвдорж, Мөнх-Эрдэнэ бид хэд Минжийн рашаанд очиж 3 хоноод ирсэн. Тэр өдрөө явах гээд яваагүй. Тэр үед Д.Пүрэвдорж жижиг данх барьсан карманаасаа ганц кофе гаргаж ирчихээд ах та энэ данханд айлаас ус гуйгаад ир гэхэд нь миний зэвүү хүрсэн. Түүнийгээ үнэн зөв хүлээж чадахгүй худлаа яриад байгаад нь би дургүй хүрч байгаа. Энэ хүн бол Т.Ганболдыг уургаараа хоёр цохьсон. Тэгэхээр нь би яасан их хүн зоддог юм. Намайг зод гээд гүйгээд очсон. Тэгэхэд намайг шууд боогоод бариад авсан. Тэгэхээр нь би хавирга руу нь хүчийг нь сулруулах гээд хоёр талаас нь цохьсон. Тэгтэл Пүрэвдорж ар тийшээ надтай хамт унасан. Тэгэхэд хавирга нь хугарсан байж магадгүй. Хурууг бол гарнаас нь чангаахад хугарсан байж магадгүй. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ намайг татаж босгосон. Тэр үед би машины донсолгоонд тэр хугарал нь нэмж гэмтсэн гэж үзэж байна. Хүн гүжирдээд хүн рүү хачин сонин юм яриад байдаг. Би Д.Пүрэвдоржтой нэг удаа уулзсан. Тэгэхэд таньтай уулзахгүй. Та мөнгө төгрөг ч байхгүй гэсэн. Үүний дараа анхны хэрэг шийдэгдээд 1600000 төгрөг хохирол гараад тогтоол ирэхээр нь би Д.Пүрэвдорж рүү утсаар ярьсан. 2-3 хоногийн дараа ах нь 05 сарын 01-нээс тэтгэврийн зээл авах боломжтой гэдгээ хэлсэн. Зээлээ аваад хохиролоо төлье гэсэн. Д.Пүрэвдорж хэлэхдээ би Замын-Үүдэд явж байна гэсэн. Ийм л зүйл болсон гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2015 оны 09 дүгээр сарын 25-нд бид нарын дунд үйл ойлголцол зодоон болсон. Бид Хонин нугын рашаанд сүүлийн 3-4 жил бөөнөөрөө явсан. Зодооны процессыг яръя. Олон удаа шүүх хуралд орж байна. Т.Ганболд намайг өшиглөөгүй. З.Янсансүрэн гуай хавсарч цохьсон гэж байна. Тийм зүйл байгаагүй. Тухайн үедээ би архи уугаад өөрийгөө мэдрэхээ байсан зүйл байхгүй. 2-рт би цэргийн нисгэгч байсан. Миний хараа сайн, сонсгол сайн. Хэн надад хүрсэн, хэн өшиглөсөн гэдгийг би мэднэ. З.Янсансүрэн гуай намайг цэргийн аргаар боосон гэж байна. З.Янсансүрэн гуай над руу ирэхэд миний гар цамцны энгэр рүү орсон нь үнэн. Энэ үед намайг дайрсан чигээрээ хойш нь унагасан. Би унахдаа хоолойноос нь зүүгдсэн чигээрээ унасан. Би зүүгдсэн чигээрээ чулуун дээр унасан бол миний хавирга хугарахгүй. З.Янсансүрэн гуай намайг дайраад унагах агшинд Т.Ганболд ирж өшиглөсөн. Тухайн үед Т.Ганболд цасны төмөртэй гуталтай байсан. Май чи гэж өшиглөсөн. Хөлөө солбиж байгаад. Энэ хүн өшиглөсөн, энэ хүн хуруу хугалсан гэж гүтгээд байх шаардлага алга. Яах аргагүй З.Янсансүрэн гуай миний гарыг хоолойноосоо авахуулах гээд сэгсэрхэд миний хуруу ян гээд сонин болсныг би мэдэрсэн. Т.Ганболд намайг өшглөхөд би амьсгаа авах тэнхэлгүй болсон. Маргааш нь  Т.Ганболд утсаа гарган ирж зураг авсан. Өнөөдөр өөрөө утас цэнэггүй байсан гэж байна. Би авсан зургийг нь хараагүй. Ямар ч байсан зураг авсан. Өнөөдөр энэ хоёр яагаа ч үгүй юм шиг л ярьдаг. Хэн өшиглөж байгааг би мэдэж байна. Анхны мэдүүлгэндээ ч хэлсэн. Та нар хуруу хугарсан гэдгийг л анхаараад үзээрэй. Яс нь хугархаараа хуруу унждаг юм байна лээ. Аймшигтай юм байна лээ. Нөгөөдхийг нь би тэгшлээд барьсан. Чулуунбаатар 2 ширхэг мод зороод, Хаш-Эрдэнэ давстай цай чанаад миний хурууг боож байхад би Т.Ганболд намайг өшиглөсөн гэж ярьсан.  Дараа нь эд нар загасанд явна гээд явсаны дараа миний хавирга өвдөөд байсан. Тэр үед миний хажууд Ану-Мэргэн, Оюу-Эрдэнэ хоёр байсан. Би арга ядаад Оюу-Эрдэнийг Оргилыг дууд гэсэн. Тэгээд тэд майханд орж ирээд Чулуунбаатар миний хавиргыг сөхөж үзээд халцарсан байна. Хугарсаныг мэдэхгүй ээ гэсэн. Гэтэл майхны гадаа Мөнх-Эрдэнэ, Чулуунбаатар, Оргил нар ярьсан. Одоо шөнөөр явахаар 1-рт бороо орж байна. 2-рт Хонин нугын даваагаар машин гарахгүй хэдүүлээ яах вэ гэж ярьсан. Тэгээд орж ирээд Пүүжээ ахаа өглөө явъя гэхэд нь би тэгье гэсэн. Тэгээд Оргил Мөнхцогийг машинаас эм аваад ир гээд би эм уусан. Энэ бол тухайн үед би хуруу, хавиргаа хугалуулсанаа ярьж байна. Гэрчүүд янз янзаар ярьж байна. 1-рт, жаахан бүрэнхий байсан. Оргил, Мөнх-Эрдэнэ архи уугаагүй юм. Чулуунбаатар огт архи амсдаггүй юм. Нэг ёсондоо энэ хоёр архи уусан. Би согтуу биш байсан. Т.Ганболд архинд халамцсандаа л над руу дайрсан байх. Энэ надаас 14-15 насаар дүү хүн. Би уургаараа ёворсон чинь л араас заазуураа бариад л ороод ирсэн. Тэгэхээр нь би уургаараа цохьсон нь үнэн. Гэтэл надтай зодолдоогүй гэж байна. Т.Ганболд бид 2 уургаар  цохиж авч байгаа үед барилцаж аваагүй гэдэг болохоос Т.Ганболд надад хүрээгүй гэж хэлээгүй. Уургаар цохиод авсаны дараа хажуугаар З.Янсансүрэн ах орж ирсэн. Энэ хавирга бол гутлаар цохихоор л хугарна уу гэхээс гараараа хавсарч цохьсоны төлөө хугардаггүй юм. Т.Ганболд намайг өшиглөсөн. Би амьсгаа авч чадахгүй байсан. Би анхнаасаа л хэлсэн. Т.Ганболд намайг өшиглөсөн. З.Янсансүрэн миний хурууг хугалсан. Маргааш нь өглөө босоод  хүмүүс ачаагаа ачаад эртхэн явъя гэхэд Т.Ганболд над дээр ирээд Пүүжээ ахаа өчигдөр юу болов оо гэсэн. Ганц архинаас болоод, уучлаарай гэсэн. Би тэгэхэд нь хавиргаа үзүүлсэн. Яалт ч үгүй улайсан байсан. Т.Ганболд гар утсаа гарган зургийг нь авч байх шиг байсан. Тухайн үедээ Пүүжээ ахаа уучлаарай, архинаас болоод юу болоод өнгөрөв өө гэж байсан хүн хотод ирээд 2-3 хоноод л өөр болсон. Хэрэв өшиглөөгүй байсан юм бол яахаараа миний хавирга хугарч байгаа юм. Өмнөх шүүх хурлаар Т.Ганболдыг цагаатгасан. Би эсэргүүцэж давсан. Чулуунбаатарын мэдүүлгийг худал мэдүүлэг байна гэсэн. Тэгсэн Хаш-Эрдэнийн мэдүүлэг болохоор Пүүжээ ахын хажууд Т.Ганболд зогсож байсан. Үүнийг давахын 3 шүүгч 3-лаа үзээд нотлоод анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүл гэсэн. Өнөөдөр хүнд хүрээгүй байхад гүтгэлээ гэх юм. Би тэр үед нэг чулуу ярсан. Би эр хүн байна даа. Босож ирээд гүйж очин өшиглөж авсан. Намайг хүмүүс бариад авсан. Би газраас нэг жижиг чулуу авсан. Тэр бол хүн унаад хавирга хугалхаар чулуу байгаагүй юм. Одоо ярихаараа чулуун дээр унасан гээд өөрөөсөө холдуулах бүх процессыг ашиглах юм. Би яалтай билээ. Би энэ хоёр хүнийг гүтгээд байгаа юм байна л даа. Энэ гэрчүүдээс хэн нэг нь Пүүжээ өөрөө морь унаж байгаад ойчоод хавиргаа хугалсан гэж хэлж байгаа хүн байхгүй. Өөр юмнаас болж хавиргаа хугалсан гэж хэлэхгүй байна. Тухайн үед энэ хоёр намайг бүлэглэн зодсон. Ингээд миний хуруу, хавирга хугарсан гэв.

Хохирогч Д.Пүрэвдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 22 цаг өнгөртөл загас барьж байгаад отог дээр ирэхэд Т.Ганболд молоко задалж байсан заазуураа чичлээд “Чи муу пизда миний ахыг дээрэлхэж усанд явуулдаг хэн юм бэ? тамхины хулгайч гэсэн гэлүү” гээд байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа талаар асуухад Т.Ганболд чи миний ахыг усанд явуулдаг хэн юм, аятайхан байгаарай гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи хүн рүү заазуур чиглүүлээд хэл амаар доромжлоод байдаг хэн юм бэ? гээд барьж байсан загасны уургаараа ёворсон чинь Т.Ганболд заазуураа бариад босоод ирсэн ба би Т.Ганболдыг загасны уургаараа толгой руу нь цохиод уургаа хугалсан. Энэ уед З.Янсансүрэн ах хажуунаас орж ирээд гараараа нүүр лүү цохиод бид хоёр давхралдаад газар унасан, З.Янсансүрэн миний дээрээс гараараа цохих гээд байхаар нь би гэдэс рүү нь хөлөөрөө тийрээд өөрөөсөө холдуулаад байсан чинь миний баруун гарыг татаад ядам хурууг хоёр хурууныхаа завсар хавчиж байгаад хугалсан, би З.Янсансүрэнг холдуулах санаатай өндийтөл Т.Ганболд миний цээж рүү суган доогуур хүчтэй нэг удаа өшиглөсөн би тэр үед амьсгаа авч чадахгүй байсан... Маргааш нь Улаанбаатар хот руу гарах гэхэд Т.Ганболд ирээд “Д.Пүрэвдорж ахаа уучлаарай” гэхээр нь би хариуд нь эрчүүдийн хооронд ийм юм байдаг юм, харин хавирга хугарсан байвал асуудал үүснэ шүү гэж хэлэхэд миний хавиргыг хувцас сөхөж хараад зургийг нь аваад байсан. Энэ үед Р.Хаш-Эрдэнэ, М.Мөнх- Эрдэнэ, Оюундарь, Анумэргэн нар байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-41, 71 -р хуудас/

            Гэрч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Пүрэвдорж, Хаш-Эрдэнэ хоёр голоос загас бариад ирсэн чинь Ганболд уг хоёр хүнийг хараад хоёр пизда яагаад намайг байхгүй хооронд ах дээрэлхээд байна гэсэн чинь Пүрэвдорж чи одоо заазуур бариад юу яриад байгаа юм бэ гээд загасны уургаар ёвроод авсан чинь Ганболд ална гээд босч ирээд Пүрэвдоржтой барилцаад авсан чинь Янсан хажуу талаас нь ороод Пүрэвдорж доор орчихсон Янсансүрэн дээр нь гарчихсан ноцолдож байхаар нь би очоод салгасан. Зодооны дараа Д.Пүрэвдоржийн ядам хуруу нь хугарч далийсан байсан ба Түнтүү /Чулуунбаатар/ чиг тавьж боож өгсөн. Тэгээд бид нарыг гол руу загас барьчихаад ирсэн чинь Д.Пүрэвдоржийн хавиргаар өвдөөд байна гэхээр нь харсан чинь хөхөрч зулгарсан байсан ба Оргил өвчин намдаах эм өгөөд унтаж амарсан. Дараа нь Улаанбаатар хотод ирсний дараа Д.Пүрэвдоржийн хавирга хугарсан талаар мэдсэн. Д.Пүрэвдоржийн биед З.Янсансүрэн, Т.Ганболд хоёр гэмтэл учруулсан байх. Өөр хүнтэй зодолдоогуй... Т.Ганболд заазуур бариад Д.Пурэвдоржтой заазууртай гараараа барьцалдаад авсан ба тэр үед хажуунаас З.Янсансүрэн орж ирээд Д.Пүрэвдоржийг унагаагаад дээр нь гарсан байхад салгаад холдуулсан. Тэр уед Т.Ганболд хажууд нь зогсож байсан... Маргааш нь Д.Пүрэвдорж... хавирга хугараагүй байвал би юм ярихгүй, хугарсан байвал гомдол гаргана” гэж байсан ба тэр үед Т.Ганболд ирээд “гайгүй юу” гээд хувцасыг нь сөхөөд гар утсаараа зургийг нь аваад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-44, 2-р ХХ-76-p хуудас /

            Гэрч Р.Хаш-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би Пүрэвдоржийн хамт голоос загас бариад ирсэн чинь Ганболд та муу хоёр пизда намайг байхгүйд яагаад ах дээрэлхээд байна авч өгсөн тамхи татаж чадахгүй буян даахгүй байна гэсэн чинь Пүрэвдорж ах чи заазуур барьчаад юу яриад байна гээд загасны уурганы үзүүрээр ёворсон чинь Ганболд босч ирээд Пүрэвдорж руу дайраад барилцаад авах шиг болсон. Т.Ганболд заазуураа бариад Д.Пүрэвдорж руу дайраад заазууртай гараараа 1-2 удаа хий цавчаад барьцалдаж авсан. Энэ үед З.Янсансүрэн хажуунаас нь орж ирээд Д.Пүрэвдоржийг дараад цаашаа унагасан Д.Пүрэвдоржийг унах үед Т.Ганболд хажуунаас нь 1-2 удаа өшиглөсөн, тэр үед Т.Ганболдыг Ж.Чулуунбаатар араас нь тэврээд холдуулсан... Дараа нь Д.Пүрэвдорж “Т.Ганболд хавирга өшиглөчихлөө, З.Янсансүрэн хуруу хугалчихлаа” гэж хэлж байсан... Би М.Мөнх-Эрдэнийн багын найз бусад хүмүүсийг танихгүй, Т.Ганболд, Д.Пүрэвдорж нартай рашаанд явахад л танилцсан, хэнийх нь талд орох шаардлага байхгүй. Голын эрэг дээр зүлэгтэй газар байсан, хүмүүсийн тулга хийж байсан ганц нэг чулуу байсан, хүн унаад хавирга хугалахаар овгор товгор чулуу байгаагүй...Т.Ганболд өглөө нь санаа зовсон байдалтай Д.Пүрэвдорж дээр ирээд хавиргыг нь хараад байсан, машинд явж байхад Д.Пүрэвдорж “ миний хавирга хугараагүй бол би юм ярихгүй, хугарсан бол гомдол гаргана” гэж байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-47-р хуудас, 2-р ХХ-75/

Гэрч С.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Д.Пүрэвдорж ах загасанд яваад ирж байтал Т.Ганболд ах, Д.Пүрэвдорж дээр очоод яагаад та нар манай ахыг дээрэлхсэн юм гэж хэлэхэд өөдөөс нь Пүрэвдорж ах чи буруу ойлгоод байгаа юм биш үү гэж хоорондоо хэсэгхэн зуур ярьж байснаа гэнэт зодолдоод эхэлсэн. Хоорондоо зодолдохоор нь ойрхон байсан хүмүүс салгасан. Яг хэн нь салгасанг анзаарч хараагүй. Тэгтэл Янсансүрэн Пүрэвдоржтой зууралцаад авсан. Удаа ч үгүй Пүрэвдорж ах газар унасан дээр нь Янсансүрэн ах байгаа харагдсан. Тэнд байсан хүмүүс салгаж болиулсан. Д.Пүрэвдорж хэлэхдээ Т.Ганболд миний хавирга руу өшиглөсөн гэж галын дэргэд сууж байхдаа 2-3 хүнд хандаж хэлсэн. Мөн хуруу далийчихсан байна гээд нэг гарынхаа ядам хурууг үзүүлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/

Гэрч Ч.Анумэргэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … Ганболд Пүрэвдоржийг загасанд яваад ирэхэд нь пизда минь чи миний ахыг яагаад янз бүрээр хэлээд байгаа юм бэ дээрэлхэх гээд байна уу гээд гартаа заазуур барьчихаад ширээн дээр нүдээд байсан юм. Тэгсэн чинь Пүрэвдорж ах уурлаад чи одоо юу яриад байгаа юм бэ наад заазуураар яах гээд байгаа юм бэ гээд загасны уурганы үзүүр хэсгээр Ганболдын бие рүү чиглүүлээд чичих шиг болсон чинь Янсан ах босч ирээд Пүрэвдоржийг гараараа цохиод унагасан. Тэгээд дээр нь гарч суугаад ноцолдоод хажуунаас нь Ганболд, Пүрэвдорж ахыг цохиод байх шиг байсан. Яг тэр үед жаахан бүрий болж байсан ч тухайн үйл явдал нь тодорхой харагдаж байсан. Гэхдээ тэр гурвын зууралдсан зодолдсон асуудал нь тэрхэн зуур болсон. Уг зодооныг Мөнх-Эрдэнэ салгасан. Тэгээд Пүрэвдорж ах босч ирээд ёооё баруун гарын ядам хуруу гэмтчихлээ гэж хэлэхээр нь харахад тухайн хуруу нь тахийчихсан юм шиг харагдаж байсан Түнтүү ах тэр хуруунд нь мод тавьж чиг барьж боож өгсөн…. Тэр асуудал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Тэрхэн зуур өшиглөсөн үү эсвэл цохисон уу яг яасныг ялгаж хэлж чадахгүй байна. Ямарч л байсан пид пад хийх чимээ гараад салцгаасан гэх мэдүүлэг /ХХ-н 62-63 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 232 ... Дүгнэлт

1. Пүрэвдоржийн биед хавирганы хугарал, баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, урууланд сорви, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /ХХ-н 66 дугаар хуудас/

Гэрч Ж.Чулуунбаатар, хохирогч Д.Пүрэвдорж нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2-р ХХ-ийн 79-80 дугаар хуудас/, Гэрч С.Оргил, хохирогч Д.Пүрэвдорж нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2-р ХХ-ийн 81 дүгээр хуудас/, Гэрч Ж.Чулуунбаатар , гэрч Р.Хаш-Эрдэнэ нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2-р ХХ-ийн 82-83 дугаар хуудас/

Шинжээч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:… Д.Пүрэвдоржийн биед хавирганы хугарал, баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, урууланд сорви, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдож хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж үзэн дүгнэлтийг гаргасан. Баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал нь мөн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Д.Пүрэвдоржийн биед учирсан хавирганы хугарал хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэл, баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал нь мушгих, гарын эсрэг зүгт нугалах зэргээс үүсгэгдэх боломжтой юм. Цаг хугацааны хувьд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /ХХ-н 71 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /ХХ-н 94 дүгээр хуудас/, Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 96, 97 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Хонин нуга гэх газар иргэн Д.Пүрэвдоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Пүрэвдоржийн мэдүүлэгт:...Би З.Янсансүрэнг холдуулах санаатай өндийтөл Т.Ганболд миний цээж рүү суган доогуур хүчтэй нэг удаа өшиглөсөн би тэр үед амьсгаа авч чадахгүй байсан... Маргааш нь Улаанбаатар хот руу гарах гэхэд Т.Ганболд ирээд “Д.Пүрэвдорж ахаа уучлаарай” гэхээр нь би хариуд нь эрчүүдийн хооронд ийм юм байдаг юм, харин хавирга хугарсан байвал асуудал үүснэ шүү гэж хэлэхэд миний хавиргыг хувцас сөхөж хараад зургийг нь аваад байсан. Энэ үед Р.Хаш-Эрдэнэ, М.Мөнх- Эрдэнэ, Оюундарь, Анумэргэн нар байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-41, 71 -р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч М.Мөнх-Эрдэний мэдүүлэгт: ...Ганболд ална гээд босч ирээд Пүрэвдоржтой барилцаад авсан чинь Янсан хажуу талаас нь ороод Пүрэвдорж доор нь орчихсон Янсансүрэн дээр нь гарчихсан ноцолдож байхаар нь би очоод салгасан. ... Д.Пүрэвдоржийн биед З.Янсансүрэн, Т.Ганболд хоёр гэмтэл учруулсан байх. Өөр хүнтэй зодолдоогүй... Маргааш нь Д.Пүрэвдорж хавирга хугараагүй байвал би юм ярихгүй, хугарсан байвал гомдол гаргана” гэж байсан ба тэр үед Т.Ганболд ирээд “гайгүй юу” гээд хувцасыг нь сөхөөд гар утсаараа зургийг нь аваад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-44, 2-р ХХ-76-p хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч Р.Хаш-Эрдэний мэдүүлэгт: ... Д.Пүрэвдоржийг унах үед Т.Ганболд хажуунаас нь 1-2 удаа өшиглөсөн, тэр үед Т.Ганболдыг Ж.Чулуунбаатар араас нь тэврээд холдуулсан... Дараа нь Д.Пүрэвдорж “Т.Ганболд хавирга өшиглөчихлөө, З.Янсансүрэн хуруу хугалчихлаа” гэж хэлж байсан... Т.Ганболд өглөө нь санаа зовсон байдалтай Д.Пүрэвдорж дээр ирээд хавиргыг нь хараад байсан, машинд явж байхад Д.Пүрэвдорж “ миний хавирга хугараагүй бол би юм ярихгүй, хугарсан бол гомдол гаргана” гэж байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-47-р хуудас, 2-р ХХ-75/,

Мөрдөн байцаалтанд Гэрч С.Оюун-Эрдэний мэдүүлэг: ... Д.Пүрэвдорж хэлэхдээ Т.Ганболд миний хавирга руу өшиглөсөн гэж галын дэргэд сууж байхдаа 2-3 хүнд хандаж хэлсэн. Мөн хуруу далийчихсан байна гээд нэг гарынхаа ядам хурууг үзүүлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 54-55 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч Ч.Анумэргэний мэдүүлэгт: ... Янсан ах босч ирээд Пүрэвдоржийг гараараа цохиод унагасан. Тэгээд дээр нь гарч суугаад ноцолдоод хажуунаас нь Ганболд, Пүрэвдорж ахыг цохиод байх шиг байсан. ... Тэрхэн зуур өшиглөсөн үү эсвэл цохисон уу яг яасныг ялгаж хэлж чадахгүй байна. Ямарч л байсан пид пад хийх чимээ гараад салцгаасан гэх мэдүүлэг /ХХ-н 62-63 дугаар хуудас/,

           Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 232 ... Дүгнэлт

1. Пүрэвдоржийн биед хавирганы хугарал, баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, урууланд сорви, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн

хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлтээр болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн тодорхой сэдэлттэй буюу “чи миний ахыг яагаад янз бүрээр хэлээд байгаа юм бэ дээрэлхэх гээд байна уу” гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан хохирогч Д.Пүрэвдоржийн биед хавирганы хугарал, баруун гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, урууланд сорви, баруун гарын ядам хуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “... мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн танхайрсан үйлдлийг шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй...Т.Ганболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах...” зэрэг болон бусад байдлыг нэмж шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасныг шүүх хүлээн авч энэ хэргийг өмнө нь нэг удаа мөрдөн байцаалтанд буцаасан ба мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд тухайн хэрэг болсон өдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Хонин нуга гэх газар Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь бүлэглэн Д.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас марган З.Янсансүрэн хохирогч Д.Пүрэвдоржтой цохих, зууралцах зэргээр ноцолдож баруун гарын ядам хурууг нь хугалж, З.Янсансүрэн хохирогч Д.Пүрэвдоржийн дээр нь гарч суугаад ноцолдож байх үед хажуунаас нь Т.Ганболд, хохирогч Д.Пүрэвдоржийг өшиглөж хавиргыг нь хугалан хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. 

Прокуророос шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар зүйлчлэн тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч З.Янсансүрэн нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ болон бусад зардалд нэхэмжилсэн 1700000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба хохирогч өнөөдрийн шүүх хуралдаан дээр буюу шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  шинээр: шүүх хуралд ирсэн буцсан замын зардал 101000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 450000 төгрөг, шинээр рентген зураг авахуурсаны төлбөрт 56000 төгрөг бүгд 607000 төгрөгний хохирол төлбөрийн баримт гаргасан бөгөөд хохирогчоос шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... энэ 607000 төгрөгний хохиролыг заавал өнөөдөр гаргуулахаар нэхэмжлэх шаардлага байхгүй, шүүгдэгч төлөхийг зөвшөөрч байгаа бол шүүх хуралдаанааны дараа авч болно... гэж, шүүгдэгч З.Янсансүрэн уг хохирлыг төлж барагдуулна гэж тус тус мэдүүлж байгаа, энэ нь гэм бурууг шийвэрлэхэд нөлөөлөхгүйг харгалзан 607000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Пүрэвдорж нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурьдах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзэв.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар З.Янсансүрэнгийн эзэмшлийн Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн 3-10 тоот хаягт байрлах 29 м2 орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон     

      

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд, Боржгин овогт Зундуйдовдонгийн Янсарсүрэн нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар  шүүгдэгч Т.Ганболдыг 03 /гурав/ жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, З.Янсансүрэнг 03 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Ганболд, З.Янсансүрэн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.

5. Хохирогч Д.Пүрэвдорж нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар З.Янсансүрэнгийн эзэмшлийн Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн 3-10 тоот хаягт байрлах 29 м2 орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Т.Ганболдод оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар, З.Янсансүрэнд оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Т.Ганболд, З.Янсансүрэн нарт хяналт тавихыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.                                

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ганболд, З.Янсансүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.