Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 58

 

Г.Ш, Г.Г, О.Д, Э.Г,

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Г.Ш-ын өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, Г.Оюунцэцэг, шүүгдэгч О.Д-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Баяраа, шүүгдэгч Э.Г-ын өмгөөлөгч Д.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 761 дүгээр магадлалтай, 201501000161 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, Г.Оюунцэцэг, шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэгт холбогдох үедээ ................................. ажиллаж байсан, Х овогт Г.Ш нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Онц их хэмжээний хээл хахуулийг давтан үйлдлээр авах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1962 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэгт холбогдох үедээ ................... ажиллаж байсан, С овогт Г.Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт

3.Монгол Улсын иргэн, 1959 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1999 оны 8 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэгт холбогдох үедээ “К” ХХК-ийн захирал ажилтай байсан, Б овогт О.Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй ял шийтгэлгүй, хэрэгт холбогдох үедээ “М” ХХК-ийн захирал ажилтай байсан, Г овогт Э.Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ш-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан үйлдлээр онц их хэмжээний хээл хахууль авсан, шүүгдэгч Г.Г-ийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр хээл хахууль авсан, шүүгдэгч О.Д, Э.Г нарыг урьдчилан үгсэн тохиролцож, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-д 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ял,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.-Дд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Э.Г-ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ш, О.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш 56 хоног, шүүгдэгч О.Д 61 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Г.Гийн цагдан хоригдсон 17 хоногийн нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 4.080.000 төгрөгийг хасах,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ын цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 900.000 төгрөгийг хасч,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Г нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г, Э.Г нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Г.Ш-ын хувьд ногдох хөрөнгө орлогоос 40.000 ам.доллар буюу 79.614.400 төгрөг, 1.000.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Г-ийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 5.000.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ш, Я.Цэвээнханд нараас хураан авсан 120.000 ам.доллар, 4.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.Ш-ас хураан авсан 2 ширхэг гар утас, О.Дгээс хураан авсан гар утас, Э.Г-ас хураан авсан гар утас, гэрч Э.Батхүүгээс хураан авсан тэмдэглэлийн дэвтэр зэргийг тус тус буцаан олгож,

 Я.Цэвээнхандын өрөөнөөс хураан авсан 7.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын “Барьцааны мөнгө хадгалах” Төрийн банкны 100900033401 дугаартай данснаас гаргуулж Я.Цэвээнхандад буцаан олгох, О.Д-гийн 5.300 ам.доллар, 10.000 ам.доллар, “М” ХХК-ийн 47.112.500 төгрөг, 110.100 ам.доллар зэргийг тэдэнд буцаан олгож,

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаартай 8 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж,

О.Д-гийн 0818 УБҮ дугаартай “Ланд круйзер 200” загварын автомашиныг, “Метронетворкс” ХХК-ийн хөрөнгийг, Г.Ш-ын хамтын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 49 дүгээр байр 27 тоот /шинэчилсэн хаягаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон 5-27 тоот/ орон сууцыг, Г.Г-ийн Худалдаа хөгжлийн банкны 404197905 дугаартай данснаас 12.000.000 төгрөгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг, Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 32 дугаартай мөрдөн байцаагчийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож,

шүүгдэгч Г.Ш, О.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Г.Г, Э.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Г.Ш хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсон бөгөөд тухайн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан. 2014 оны 12 дугаар сард хуучин яамыг бүтцийн өөрчлөлтөөр татан буулгаж Эрүүл мэнд, спортын яамыг байгуулсан учраас яамны Төрийн нарийн бичгийн дарга чөлөөлөгдсөн байсан юм. Г.Г-ийг Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилсон явдал нь Засгийн газрын шийдэх бүрэн эрхийн асуудал байсан. Энэ тухай гэрч С.Баярцогт, Ш.Солонго нар мэдүүлсэн бөгөөд энэ нь намайг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийгээгүйг нотлох болно. Тухайн үед дээрх үйл ажиллагаа зөвхөн Эрүүл мэнд, спортын яаманд төдийгүй бүтцийн өөрчлөлтөд орсон бусад яамдад ч мөн адил хийгдсэн. Би төрийн ажлыг цалгардуулахгүй, тасралтгүй үргэлжлүүлэх, үр дүнтэй, хариуцлагатай ажиллахын тулд аливаа шийдвэр, асуудлыг Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авдаг зарчмаас огт хазайлгүй, төрийн албаны ёс зүй, сахилга батыг зөрчөөгүй болно. Би 5 сая төгрөгийг хээл хахуулийн сонирхлын үүднээс авах ухамсар, аж амьдралын доройтолтой хүн биш бөгөөд ийм асуудалд холбогдсондоо үнэхээр их бухимдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг, нотлох баримтуудад Г.Г нь надад мөнгө өгч байгаа яриа болон бичлэг, мэдүүлэг байхгүй байхад хэт нэг талыг барьсан маягаар намайг гүтгэж байна.

Э.Г, О.Д нараас 160.000 ам.долларыг албан өрөөндөө авсан гэх хэргийн тухайд мөрдөн байцаалт болон шат шатны шүүхийн хэлэлцүүлэгт би зөвхөн үнэнийг хангалттай хэлж ярьсан. Хэрэв ийм их хэмжээний хээл хахууль авах байсан бол төрийн яамны албан өрөөндөө авах байсан гэж үү. Төслийн шалгаруулалтанд тэнцээгүй компани болон ямар нэгэн ажлын хариуцлага алдсаны улмаас ажлаасаа өөрчлөгдсөн хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай явуулгаас болж ийм асуудалд холбогдуулаад байгаад их гомдолтой байна. Яагаад төрд тангараг өргөсөн, удаа дараа төрийн сайдаар ажиллаж байсан Засгийн газрын гишүүн хүний үгийг үнэгүйдүүлж, ашиг хонжоо хайгч хүмүүсийн худал үгийг үнэд хүргэх болов. Үүнийг би хэн нэгэн хүний хувийн ашиг сонирхол, өс хонзон, өөрийн гэмт үйлдлээ нуун дарагдуулах гэсэн зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж байна. Үүгээр ч зогсохгүй миний нэрийг ашиглаж бусдад худлаа хэлж, төөрөгдөлд оруулан мөнгийг нь завшиж байгаа хүний болчимгүй үйл ажиллагаа мөн гэдэг нь харагдаж байна.

Миний гэм буруугүйг дараах баримтууд нотолно. Үүнд: “Хуавей технологи” ХХК-ийн Эрүүл мэнд, спортын яаманд явуулсан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/16 тоот албан бичиг /6-р хх-40/, миний гарын үсэгтэй тус компани руу явуулсан 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 1а/1307 тоот албан бичиг /6-р хх-40/, Хуавей технологи” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан хурлын тэмдэглэл /7-р хх-164/, О.Дгийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг дээр гүйцэтгэх ажиллагааны шугамаар хийсэн гэх утасны яриануудыг бичсэн CD бичлэгт хүртэл ямар нэгэн хээл хахуулийн тухай яриа байхгүй, харин ч өр зээлээ төлөх, авах, тооцоо нийлэх тухай, мөн намын удирдлагад санхүүжилт шахагдаж байгааг учирласан асуудал яригдсан байдаг. Мөн МАХН-ын гишүүд болох Шаравдорж, М.Тулга, Эрдэнэжамъян, Цогтбаатар нарын тухайн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох намайг санхүүжилтын асуудлыг хариуцан ажиллаж байсныг нотлох мэдүүлгүүд зэрэг болно.

Эцэст нь тэмдэглэхэд бодит үнэнийг олохгүй, зөвхөн намайг яллахын тулд хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж буруутгаж байгаад үнэхээр их гомдолтой байна. Миний бие Засгийн газрын гишүүн, салбарын сайдаар ажиллаж байх хугацаандаа өндөр хариуцлагатай, ажил гүйцэтгэхийн хувьд хуулийн хүрээнд ёс зүйтэй ажиллаж байсан нь үнэн болно. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч О.Д хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Би Г.Ш-ын аав Баянговь ХХК-ийн захирал Х.Ганхуягтай ойр дотны харьцаатай, байнга мөнгө зээлж, зээлүүлж байдаг байсан. Хамгийн сүүлд 2013 онд өөртөө машин авахаар 80.000 доллар зээлж аваад өгч чадалгүй удахад Ганхуяг ах байн байн мөнгөө нэхдэг байсан. Ингээд байж байтал Эрүүл мэнд спортын яам дээр зарлагдсан төслийн тендерт  өрсөлдөөд, шалгаруулалтын сүүлийн шатанд үлдсэн 2 компанийн нэг нь болох Метронетворк ХХК-ийн захирал Э.Г-тай уулзан сайд Г.Ш-тай ойр дотно, ажлыг нь бүтээж өгнө гэж итгүүлж 160.000 доллар авсан. Сайд Г.Ш-ын нэрийг барьж түүнд мөнгө өгнө гэж Э.Г-д худал хэлж мөнгийг нь авч зориуд Х.Ганхуягийг байхгүй үеийг сонгож Г.Ш-тай уулзаж аавынх нь өрийг өгч, мөн Г.Ш намын санхүүжилтэнд мөнгө хэрэгтэй байна гээд нэмж мөнгө зээлэхийг нь далимдуулж нэмж мөнгө зээлдүүлсэн юм. Ингээд өрөө төлөөд зогсохгүй харин ч авлагатай үлдэж байна гэж тооцоолсон маань өнөөдрийн ийм байдалд хүрч хүний амьдралаар тоглоход хүрлээ. Би өөрийн шунахай үйлдлээс болж ийм байдалд хүрсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, миний бусармаг үйлдэлд тохирох шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Ш-ын өмгөөлөгч Э.Туул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх нь “Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж...” хэмээн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг нэмэгдүүлсэн байх тул” гэж дүгнээд Эрүүгийн шинэчилсэн хуулийг хэрэглээгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн “төрийн албан тушаал эрхлэх” гэснийг “нийтийн албан тушаалд ажиллах” гэж өөрчилсөн. Энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “нэгээс таван жил хүртэл хугацаагаар” хязгаарлаж, эрх хасах ялыг хэрэглэж байсан. Нийтийн алба гэдэгт төрийн албыг бүхэлд нь хамааруулан ойлгоно. Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулсан ба энэ нь “эрүүгийн хариуцлагын төрөл, хугацааг нэмэгдүүлсэн” гэж үзэж, шинэ хуулийг хэрэглэхгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй байна.

Г.Ш-г шалгасан хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүх дүгнэлт хийхдээ “2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тушаалаар Г.Г-ийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай тушаал” гаргасан нь хээл хахууль өгөгчдөд давуу байдлыг бий болгосон хууль бус үйлдэл” гэж үзэж, яллах нотлох баримт болгосон.

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдад хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлж гаргасан дээрх тушаалуудыг яллах нотлох баримт гэж дүгнэсэн нь шүүгдэгчийг “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр” гэсэнтэй зөрчилдөж байна. “Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх” гэж албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг ойлгоно. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд хуулиар олгосон эрх үүргийн дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх тушаалуудыг гаргаж байгаа нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл бөгөөд ийм тушаалыг гаргах эрх бүхий албан тушаалтны үйлдэл байсан. Энэ тушаалуудыг гаргаагүй бол Засгийн газар төрийн нарийн бичгийн даргыг томилох хүртэл бүтэц өөрчлөгдсөн байсан Эрүүл мэнд, спортын яамны үйл ажиллагаа 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл “зогсох” байсан.

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай тушаал” гаргаагүй бол “Цахим эрүүл мэнд төсөл” нь захиалагч болон гүйцэтгэгч нар үндсэн болон нэмэлт гэрээг хэрэгжүүлэхэд цаг хугацаа өнгөрч тендерт шалгарч худалдан авах байсан компьютерийн үзүүлэлт өөрчлөгдсөн зэрэг зах зээлийн хурдаас хамаарсан өөрчлөлтүүдийг гэрээний талууд нэг мөр ойлголцож чадахгүйд хүрч, 2 улсын хоорондын гэрээг хэрэгжүүлэх ажилд салбарын сайд тушаал гаргасан. Салбарын сайд ажлын хэсэг байгуулах тушаал гаргахаас өөрөөр туслан гүйцэтгэгчийг сонгох, санал болгох, хэлэлцэхэд саналын эрхтэй оролцсон, эсхүл зөвшилцдөг үйлдлийг хэрэгжүүлээгүй. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байхдаа өөрийн эрх мэдлийн хүрээнд тушаал гаргасан үйлдлийг яллах нотлох баримтанд тооцсон атлаа түүнийг “...гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хахууль авсан” гэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон /тус намаас нэрийг нь дэвшүүлсэн/ Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар хамтран ажиллаж байсан Г.Ш нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40,000 ам.долларыг /79,614,400 төгрөг/ авсан гэх Эрүүгийн хуульд заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр “хатгагч”-аар хамтран оролцсон тухай шалгаж байсан үйлдлийг “яллагдагч Н.Энхбаяр нь гадаадад эмчлүүлэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр тусгаарласан. Ийнхүү тусгаарлах тогтоол үйлдэхээс өмнө Г.Шд ял өөрчлөн сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахв хэсгийг журамласан байсныг өөрчилж сонсгосон. Н.Энхбаярт холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тогтоол хэрэгт байхгүй атлаа гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог тусгаарласан уу, эсхүл хэрэгсэхгүй болгосон уу гэдэг нь тодорхойгүй, шийдэгдээгүй үлдсэн. Н.Энхбаяр нь 50.000 ам.долларыг хүлээж авсан тухай гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулгад орсон байдаг. Хээл хахууль өгөх гэмт хэрэгт иргэн О.Д, туслан гүйцэтгэгчээр шалгарсан “Метронетворкс” ХХК-ийн захирал Э.Г нар эрүүгийн хариуцлага хүлээсэн. Анхан шатны шүүх хурлын үеэр “Метронетворкс” ХХК-ийн захирал Э.Г “гэм буруугийн асуудал дээр маргахгүй, хөнгөн ял шийтгэлийг шүүхээс хүссэн”. “Цахим эрүүл мэнд төсөл”-д туслан гүйцэтгэгчээр шалгарахын төлөө хээл хахууль өгсөн “Метронетворкс” ХХК-ийн захирал Э.Г яагаад ингэж хүсэх болов.

“Метронетворкс” ХХК-ийн захирал Э.Г нь О.Д-д төслийн санхүүжилтийн 30 хувийг санал болгосон. Энэ төслийн 30 хувийг авахын тулд О.Д сайд Г.Ш-ын нэрийг барьж, түүний аавд өгөх өр ширээ дарах, ашиг хонжоо олохын тулд ам.долларыг өгсөн. Энэ 160.000 ам.доллар бол О.Дгийн олох ашгийн талд нь ч хүрэхгүй. Энэ ашгийн төлөө О.Д нь Г.Ш, Э.Г нарыг хооронд нь холбож байгаа дүр үзүүлэн, ашиг хонжоо хайсан. Г.Ш-г Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд болохоос өмнө БНХАУ болон Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулж, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын хуулийн этгээдийг ажиллуулах тухай нэмэлт гэрээ байгуулагдсан. Бодит байдал дээр үндсэн гүйцэтгэгч “Хуавей технологи” ХХК болон захиалагч ЭМЯ-ны мэргэжилтнүүд нь “Метронетворкс” ХХК-ийн хийсэн ажил, үйлчилгээ огт гологдоогүй байгаа тухай нотлох баримтууд хэрэгт байдаг. Компанийн гэрчилгээ худалдаж авсан гэдэг нь мэргэжлийн ажлаа гүйцэтгэх чадвартай мэргэжилтнүүдийг “туршлагагүй” гэж гэрчилгээ, хүн хоёрыг дүгнэх боломжгүй. “Хээл хахууль өгөгчийн ашиг сонирхол” нь О.Дгийн санаа зорилго, идэвхтэй үйлдэл байсан бөгөөд Г.Ш тушаал гаргасан, Э.Г мэргэжлийн ажлаа гүйцэтгэсний хооронд гэмт хэрэг үйлдэх шалгаант холбоо байгаа гэж үзсэн нь хэтэрхий өрөөсгөл, тулган яллалт бөгөөд хэргийн оролцогчдын санаа зорилго, үйлдэл, ашиг сонирхлын шалтгаант холбооны талаар зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үздэг.

Гүйцэтгэх ажил явуулах тухай прокурорын зөвшөөрлийг авсан үндэслэл, гүйцэтгэх ажиллагаа явуулсан үр дүнгийн танилцуулгыг хүлээн аваад тухайн цаг хугацаанд нь хуульд заасан ажиллагааг явуулаагүй дарсан байдаг. Хэрвээ энэ ажиллагаа хуульд зөвшөөрөгдсөн байдаг бол энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдөөгүй, хуулийн дагуу олж авсан баримтууд гэж үнэлэгдэнэ.

Бидний хэрэглэж байгаа хуулинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан үр дүн хуулийн ямар хугацаанд хүчинтэй байх тухай зохицуулалт ил тод байхгүйгээс энэ хэрэгт хийгдсэн гүйцэтгэх ажлууд тухайн хийгдсэн цаг хугацаанд нь биш олон сарын дараа нэгтгэж, том хэрэг болгон гаргаж ирсэн. Г.Г-т 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 27-ний өдөр хүртэл, Г.Ш-д 2015 оны 10 дугаар сарын 15, 2015 оны 11 дүгээр сарын 04-нд тус тус гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр явуулсан гүйцэтгэх ажиллагааны үр дүнг үндэслэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166 дугаар зүйлийн 166.1.5-д заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн.

2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 15-ны хооронд хийгдсэн гүйцэтгэх ажиллагаанд тухайн үед нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүргийг төрийн албан хаагч биелүүлээгүйгээс иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөж эрх зүйн байдал нь дордсон. Энэ талаарх нотлох баримтуудад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.

Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын ажилтнууд гүйцэтгэх ажиллагаа явуулаад тухайн цаг хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан бол Г.Ш 2015 оны 5 дугаар сарын 27-нд Г.Гээс 4.000.000 төгрөг, эсхүл 5.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан уу, уг мөнгийг Г.Г сайдад өгчихөөд хоосон гарч ирсэн үү гэдэг асуудал эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдох байсан. Гүйцэтгэх ажлын үр дүнг 2015 оны 11 дүгээр сарын 05-нд буюу хэрэг гарсан өдрөөс 6 сарын дараа эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байхад шүүх хууль зөрчөөгүй гэж яллаж байна.

Г.Ш нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа УИХ-аас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын яамны сайдаар томилогдож, дээрх албан тушаалыг давхар гүйцэтгэж байсан. Үүнийг АТГ-аас “албан тушаалтны хувьд ашиг сонирхлын зөрчилгүй" гэж дүгнэсэн байна. О.Д нь Г.Ш-г Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын яамны сайд болсон байдлыг ашиглан өөртөө ашиг хонжоо олох зорилгоор Э.Г-ын “Метронетворкс" ХХК-ийг “Цахим эрүүл мэнд” төслийн туслан гүйцэтгэгчээр шалгаруулсны төлөө 30 хувийг авахаар тохиролцсон гэсэн.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажил үүрэг нь намын санхүүжилтийг хариуцдаг бөгөөд өөрийн гэр бүлийн олон жилийн танил О.Дгээс 2015 оны 10 дугаар сарын 15-нд 40.000 ам.доллар аваад намын санхүүжилтэнд зориулж намын дарга Н.Энхбаярт өгсөн. Г.Ш нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажил үүргийг эрхэлдэггүй байсан бол 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр О.Дгээс ам.доллар аваад намын даргадаа өгөхгүй байсан. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ш-ын энэ үйлдэл улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг зөрчөөгүй. Г.Ш-д прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулаад өнөөдөр яллаж байгаа энэ үйлдлүүдийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх үүргийг Авлигтай тэмцэх газарт хуулиар олгосон. Энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь энэ хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлж байна. Г.Ш нь Засгийн газрын тогтоолоор Г.Г-ийг Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилуулсны төлөө Г.Гээс хээл хахууль авсан гэж үзэх хангалттай тогтоогдсон эргэлзээгүй баримт байхгүй. Гүйцэтгэх ажлын видео бичлэгт Г.Г 5.000.000 биш 4.000.000 төгрөг буюу 2 боодол 20,000-тын дэвсгэртийг аваад өрөөнөөсөө гарснаар бичлэг дууссан байхад “сайдад хахууль болгож өгсөн” гэж үзэх хангалттай үндэслэл болж чадахгүй.

Г.Ш нь туслан гүйцэтгэгчээ сонгох, Монгол Улсад хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд” төслийг өөрийн компанийн болон улсынхаа нэр төрийн өмнөөс эрсдэл хүлээж 18.000.000 ам.долларын төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан, олон улсад нэр хүндтэй “Хуавей технологи” ХХК-нд нөлөөлсөн гэх ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй. Энэ төсөлд туслан гүйцэтгэгчээр шалгарч, энэ хэрэг шалгах хугацаанд туслан гүйцэтгэгчийн ажил үйлчилгээгээ бүрэн хийж дуусгасан “Метронетворкс” ХХК-ийн шилдэг мэргэжилтнүүдийн хийсэн ажил төслийн үр дүнд ямар нэгэн байдлаар муугаар нөлөөлөөгүй. Энэ компанийн менежерээр ажиллахаар болсон О.Д нь хувь хүний хувьд ашиг олох, бусдад итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор өөрийн найзын хүү Г.Ш-ын сайд болсныг ашигласан тул О.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэсэн гомдлыг хянуулах шаардлагатай байна.

Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураан авах, улсын төсөвт оруулахаар заасан байхад МАХН-ын дарга Н.Энхбаярын авсан 40.000 ам.доллар нь энэ хэрэгт хамааралтай мөнгө байхад энэ мөнгийг Г.Ш-ас гаргуулахаар заасан нь хууль зөрчсөн шийдвэр болсон. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ш-ас авсан гэдгээ хүлээсэн 40.000 ам.долларыг МАХН-ын хүмүүс хувьдаа завших нь хууль зөрчсөн, шударга биш шийдвэр болно.

Г.Ш нь 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлахгүйгээр” гэмт хэрэг хийсэн гэж гэмт хэргийн бүрэлдэхүүнд таараагүй зүйл ангиар ял халдаасанд гомдолтой байна. Г.Ш-ын гаргасан тушаал нь хээл хахууль авахын тулд биш, тухайн цаг үеийн шаардлага, ажлын шаардлагатай холбоотой тушаал бөгөөд хахууль өгсөн гэх этгээдэд энэхүү тушаал нь бодит байдал дээр шууд дэмжлэг болсон гэх нотлох баримт болохгүй бөгөөд тэрээр Засгийн газрын гишүүдэд болон туслан гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах төрийн албан хаагчдад өөрийн биеэр ятгасан, гуйсан, тохиролцсон, дарамталсан гэх санаатай үйлдлийг огт гаргаагүй тухай гэрчүүдээс асуусан хариултаар нотлогдоно. Түүний гаргасан тушаал нь хээл хахууль авах үндэслэл гэж шууд дүгнэх нь эргэлзээтэй бөгөөд таамаглалын шинжтэй юм. Хэргийн бусад оролцогчдын үйлдлийг эцэслэн шалгаагүй тусгаарласнаар, үйлдэл холбогдлыг зөв зүйлчлээгүйгээс Г.Ш нь хамгийн хүнд гэмт хэргээр яллагдаад байна.

Г.Ш-г шалгасан эрүүгийн хэргийг тусгаарлахдаа хууль зөрчсөн, гүйцэтгэх ажиллагааг явуулаад тодорхой цаг хугацаанд үр дүн, танилцуулгыг дарсан хууль зөрчсөн нотлох баримтуудыг яллах баримт болгон ялласанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ 2002 оны Эрүүгийн хууль эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүндэрсэн гэж илт үндэслэлгүй тайлбарласан. 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулиудад “Хээл хахууль авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг ялгаатай заасан байхад “гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд” гэсэн хэргийн байдалтай нийцээгүй гэмт хэргийн шинжийг хангалттай нотлогдсон гэж үзэж ялласан гэв.

Шүүгдэгч Г.Ш-ын өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүх... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсгийн “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн “шүүх... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 14 дэх хэсгийн “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “шүүх... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг үл тоон хэргийн нөхцөл байдлыг үнэлснээрээ эцэстээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Тийм ч учраас давж заалдах шатны шүүх Г.Ш-г албан тушаалын эрх мэдэл, албаны эрх ашгийн буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, албан тушаалын эрх хэмжээнд хамаарахгүй эрх үүргийг дур мэдэн хэрэгжүүлэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар буюу холбогдох хууль, тогтоол, журмын заалтуудыг илт зөрчин тушаал, шийдвэр гарган бусдад эдийн болон эдийн бус давуу байдлыг бий болгон “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн”-ийхээ төлөө давтан үйлдлээр бусдаас онц их хэмжээний хээл хахууль авсан гэж үзлээ. Хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон үйл баримтууд төдийгүй шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтуудаар Г.Ш-д дээрх буруутгалыг өгөх хангалттай нотлох баримт нэгээхэн ч гарч ирэхгүй.

Г.Г-т Төрийн нарийн бичгийн даргын үүргийг орлон гүйцэтгүүлж байх үед өмнөх Эрүүл мэндийн яам гэх субъект байхгүй болж, Эрүүл мэнд, спортын яам гэсэн шинэ бүтэцтэй, шинэ эрх, үүрэгтэй яам шинээр зохион байгуулагдаж, хийх ажил, шинээр зохион байгуулах ажил дороосоо ундарч байсан онцлогийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзээгүй нь шийдвэр, магадлал учир дутагдалтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчимтай зөрчилдсөн шинжтэй болох үндэс нь болсон. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүл мэнд, спортын яамтай адил зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон бусад яамдын зохион байгуулалтыг шалгаж өгөхийг бидний зүгээс хүсэж байсан боловч энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүйгээрээ цагаатгах болон яллах талын нотлох баримтыг аль алиныг нь шалган тогтоох үүргээ мөрдөн байцаах болон хяналт тавьж байсан прокурорын байгууллага үл биелүүлснийг шүүх хуралдааны үед өмгөөлөгчийн хувьд тавьж байсныг анхан шатны шүүх ч тэр, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгалаа олсныг давж заалдах шатны шүүх ч тэр мөн адил үл ойшоож ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хэн нэгэн этгээдийг “Төрийн нарийн бичгийн дарга”-ын албан тушаалд хаанаас томилох эрхтэй вэ, хаанаас томилсон шийдвэр хавтаст хэрэгт байна вэ гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх анхаарлаа хандуулж чадаагүй. Хуулиар энэ эрх нь Засгийн газарт байдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар Г.Г-ийг Төрийн нарийн бичгийн даргаар Г.Ш томилоогүй, Засгийн газрын хуралдаанаар оруулж, Засгийн газрын шийдвэрээр томилсон нь харагдахаас гадна энэ талаар буюу тухайн үеийн нөхцөл байдлын талаар шийдвэр гаргасан С.Баярцогт, Ш.Солонго нар мэдүүлгээрээ тодорхойлж өгснөөс гадна, яам, Засгийн газар, Төрийн албаны төв зөвлөл гэсэн төрийн байгууллагуудын хоорондоо харилцаж байсан бичиг баримтууд хангалттай нотолж байхад “нэн онцгой нөхцөл байдал”, ажлын шаардлагаар Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэхийн тулд төрийн нарийн бичгийн даргын үүргийг өөр этгээдэд “хавсран” гүйцэтгүүлэхээр гаргасан түр зуурын шийдвэрийг “жинхэнэ албан тушаал”-д томилсон мэтээр ойлгож, дүгнэж байгаад гомдолтой байгаа юм.

Үүнийгээ гүйцэтгэх ажлын журам зөрчсөн байж болзошгүй ажиллагаагаар авагдсан, бүрэн гүйцэд биш, төгсгөл нь тодорхойгүй, бусад нотлох баримтуудтай зөрүүтэй байгаа баримттай холбож миний үйлчлүүлэгчийг буруутгаж Г.Г-ээс хээл, хахууль /5.000.000 төгрөг/ авсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан гүйцэтгэх ажиллагааны баримтаас харахад Г.Г нь өрөөнөөс авч гарсан мөнгөө Г.Ш-д өгсөн эсэх нь тодорхойгүй, тэрхүү авч гарч байгаа мөнгөний дүн шүүхийн шийдвэр магадлалд тусгалаа олсон, Г.Ш-г буруутгаж байгаа мөнгөний дүнтэй дүйцэхээргүй байгаа нь илт харагдаж байхад өмнөх хоёр шатны шүүх ийм дүгнэлт хийсэнд харамсаж байна. Дээрхийн нэгэн адил анхан болон давж заалдах шатны шүүх хэрэв Г.Ш-г Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, хүлээсэн үүргийнхээ хүрээнд өөрийн хариуцсан салбарынхаа ажлыг зохицуулахын тулд тушаал, шийдвэр гаргаж түүнийхээ биелэлтэд хяналт тавьж ажиллах ёстойг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв үнэлсэн бол Монгол хүний эрүүл мэндэд нэн түрүүнд хэрэгтэй байсан ч ямар шалтгаанаар нь тодорхойгүй хэдэн жилээр сунжраад байсан “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх гэж аль өмнө нь гарсан байсан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 140 тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор “Техникийн болон программ хангамжийн ажлын хэсэг” байгуулахаар гаргасан шийдвэрийг “хийх ёсгүй” үйлдэл гэж үзэхгүй байсан билээ.

Миний анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсанчлан Г.Ш-ын МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг улс төрийн албан тушаалаас гадна Засгийн газрын гишүүн, сайд гэсэн 2 өөр зорилготой, улс төрийн болон төрийн албан тушаалын үүргийг давхар хариуцаж байсныг шүүх, мөрдөн байцаах болон прокурорын байгууллагын нэгэн адил ялгаж, зааглаж дүгнэж чадаагүйд гомдолтой байна. Тийм ч учраас намын албан тушаалаар хүлээлгэсэн үүргийнхээ дагуу намын санхүүжилтэд зориулж бусдаас авч байгаа мөнгийг сайдын хувьд авч байгаа мэтээр дүгнэж, түүнийгээ зөвтгөхийн тулд сайдынхаа хувьд хуульд заасан үүргээ гүйцэтгэсэн үйлдлийг нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэж хүчлэн дүгнэсэнд үнэхээр харамсаж байна.

Хуульд заасан журмаар бол шүүх “бусдаас авч байгаа мөнгө”-ийг ямар зорилгоор авсан бэ, үүний гарал үүсэл нь юу вэ гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь хөдөлшгүй нотлох баримтаар баталж байж дүгнэх учиртай. Гэтэл хэн нэгнээс мөнгө авсан л юм чинь энэ нь албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлснийг харуулж л таараа, тэр нь авлигын хэрэг болж л таараа гэсэн ядмаг дүгнэлт хийхийг шүүхэд хууль зөвшөөрдөггүй. Энэ мөнгөний шалтгааны талаар, авлига биш, танил тал хүмүүсийн өр зээлийн асуудалтай холбоотой мөнгө байж болзошгүй талаар миний бие мөрдөн байцаах болон прокурорын байгууллагад учирлаж, түүний гарал үүсэл, зорилгын талаар тодруулж байж миний үйлчлүүлэгчийг буруутгах, эс буруутгахыг тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан нь хавтаст хэрэгт байдаг. Гэтэл энэ талаар нэг ч алхам хийхгүйгээр зөвхөн яллах тал руу хэт хэлбийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай харагдаж байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарал хандуулахыг хүссэнгүй гэж үзэж байна.

Хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар О.Д нь Г.Ш-д хахууль өгөх биш харин түүний албан тушаал болон түүнтэй танил байдлаа ашиглан бусдад өөр ойлголт төрүүлж, ашиг хүртэж түүгээрээ өөрийнхөө өр зээлийг хаах, улмаар их хуралд суудалтай намд нэр нүүр олох гэсэн давхар санаа агуулаад яваад байж гэдгийг харуулсаар байхад, мөн нотлох баримтууд байсаар байхад шүүх ийм өнгөц дүгнэлт хийж байгаад сэтгэл дундуур байна.

Эдгээр дүгнэлтүүдийг хуульд нийцүүлэн, хуулийн зүйл заалттай уялдуулан хийж чадаагүйгээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан Г.Ш-г 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, тэр тусмаа хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутай гэж үзэж ял шийтгэж байгаа нь намайг хяналтын журмаар гомдол гаргах нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хянан хэлэлцэж Г.Ш-ын Г.Г-тэй холбоотой үйлдлийг хангалттай нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, “Метронетворкс” ХХК-тай холбоотой үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Ш-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Нийслэлийн прокурорын газраас Г.Ш-г 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт буруутган бусдаас “онц их хэмжээ”-ний хээл хахуулийг “давтан үйлдэл”-ээр авсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэг хоёр хэсгээс бүрдэж байсан бөгөөд үүнд гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тусгасан байсан. Хээл хахууль авах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг тусгайлан заасан ба хясан боогдуулах, давтан, хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан шинжүүдээр буруутгаж байсан.

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг. Иймд Нийслэлийн прокурорын газраас Г.Ш нарын нэр бүхий 4 хүнд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ Г.Ш-г тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт буруутган эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Харин анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэх үед 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн. Мөн тухайн гэмт хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан гэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг гэмт хэрэгт тооцохгүй болсон.

Хоёр шатны шүүх Г.Ш-г буруутгаж буй хоёр хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцохгүй болсныг анхааран үзсэнгүй. Дээрх хүндрүүлэх нөхцөл байдлууд /давтан, онц их хэмжээ/ нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байгаа билээ.

Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулийн “Хахууль авах” зүйл хэсэгт заасан хүндрүүлэх шинжүүдийг Г.Ш-д хэрэглэх боломжгүй. Учир нь энэ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байдаг. Энэ бүхнээс үзвэл хэрэв шүүх Г.Ш-г “Хээл хахууль авах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах боломжтой байсан.

Үүнээс гадна давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх нь Г.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ангилалд дүйцсэн гэж үзэн, “...улс төрд нөлөө бүхий этгээд...” гэж хүндрүүлэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна” гэж дүгнэлт хийсэн атлаа Г.Ш-г буруутгаж буй хоёр үйлдлийн хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцохгүй болсныг үл харгалзан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж байгаад гомдолтой байна. Иймд дээрх үндэслэл, тайлбарыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье” гэв.

Шүүгдэгч О.Д-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: ...Анхан шатны шүүх хуралдаанаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцуулахаар прокурорын хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон өмгөөлөгчийн хэлэлцүүлж, мэтгэлцсэн цагаатгах талын нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд О.Д бусдад авлига, хээл хахууль өгсөн болох нь хангалттай тогтоогдоогүй, харин ч эргэлзээ бүхий нөхцөл байдал, үндэслэл олноор тогтоогдсоор байтал шүүх хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг барьж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх уг тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Үүнээс үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн зүйлийн 1.2-т “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол; хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасан үндэслэлүүд тогтоогдож байгаа юм.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

О.Д нь Г.Ш-ын аав “Баянговь” ХХК-ийн захирал Х.Ганхуяг гэгчээс 2013 онд зээлж авсан 80.000 ам долларыг “Худалдаа хөгжлийн банк”-ны 499214325 дугаартай америк долларын өөрийнхөө дансанд хийж, улмаар түүнийгээ шинэ автомашин худалдаж авахаар Канад улс руу шилжүүлсэн талаарх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дансны хуулга болон хадгаламжийн дэвтрийн хуулбар, гадаад улс руу мөнгө шилжүүлсэн гуйвуулгын баримт зэргийг анхаарч үзэлгүйгээр орхигдуулж, таамаглалаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн.

Түүнчлэн миний үйлчлүүлэгч дээрх мөнгөө өгч чадаагүй байж байгаад 2015 оноос өгөх боломжтой болж, тухайн үед Г.Ш-ын аав Х.Ганхуяг байхгүй байснаас Г.Ш-ар дамжуулж өгсөн гэдгээ О.Д шүүх хурал дээр тодорхой мэдүүлсэн. Г.Ш нь тэр үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын алба хашдаг байсан бөгөөд энэ үедээ намын санхүүжилтийн улмаас мөн 80,000 ам.долларыг үйлчлүүлэгчээс маань зээлж авахыг хүссэний дагуу зөвшөөрч өөрийн өглөг болох 80.000 ам.доллар, дээр нь 80,000 ам.доллар зээлдүүлэхээр болж, нийт 160.000 ам.доллар өгөх болж, эхний удаад 40,000 ам.доллар, дараагийн удаад 120.000 ам.доллар хувааж өгснийг хээл хахуулийн зорилгоор өгсөн гэж буруутгаж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

Э.Г-ын захирлаар нь ажилладаг “Метронетворкс” ХХК-д О.Д нь түүнтэй харилцан тохиролцсоны дагуу дотоод үйл ажиллагаа болон харилцах байгууллагуудтай холбоотой ажлыг 2014 оноос хариуцан ажиллаж ирсэн бөгөөд хавтаст хэрэгт О.Д нь Э.Г-тай хэн нэгэнд хээл хахууль өгөхөөр урьдчилан тохиролцож байсан тухай баримт байхгүй юм. Харин зарим гэрч нарын мэдүүлгийг үндэслэн буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. О.Д Э.Г-тай компанийн үйл ажиллагаанаас олох ашгийн өөрт ноогдох хувиас Г.Ш-д өгөх өр авлагын асуудал байгаа тухайгаа л дурьдсан байдаг.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Метронетворкс” компанийн санхүүг хариуцан ажиллаж байсан н.Батхүүгийн тэмдэглэлийн дэвтэрт 120.000 ам долларыг миний үйлчлүүлэгчид компаниас нь зээлдүүлэхдээ “Даваа ах, сан зээл” гэж бичилт хийж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл О.Д нь тус компаниас 120.000 ам долларыг зээлж авсан болохыг энэ эд мөрийн баримт эргэлзээгүйгээр нотолж байхад тус баримтыг анхаарч үзээгүй нь ойлгомжгүй юм.

“Метронетворкс” ХХК-ийн хувьд “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хэрэгжих төслийн туслан гүйцэтгэгчээр сонгогдсон явдал нь зөвхөн ерөнхий гүйцэтгэгч компани болох “Хуавей технологи” ХХК-ийн шийдвэр байсан бөгөөд энэ талаарх хамгийн гол бичгийн нотлох баримт болох “гэрээн дээр ерөнхий гүйцэтгэгч компани туслан гүйцэтгэгчээ өөрөө сонгоно” гэж зааснаар нотлогдож байна. “Метронетворкс” ХХК-иас гадна Монголын өөр 4-5 компани хүсэлт гаргаж, “Хуавей технологи” ХХК-д өгсөн. Ингээд сүүлийн шатанд “Геганет” ХХК, “Метронетворкс” ХХК үлдэж, дээрх 2 компанийн хийж гүйцэтгэх ажлын талаар Эрүүл мэнд, спортын яаманд танилцуулж, эцэст нь “Метронетворкс” ХХК-ийг сонгосон байдаг.

Ийнхүү сонгохдоо “Метронетворкс” ХХК-ийн ажлын туршлага болон бусад харгалзан үзэх нөхцөл байдлын талаар зөвхөн “Хуавей технологи” ХХК нь төвдөө дамжуулан зөвшилцөж, шийдсэн тухайгаа ч холбогдох албан тушаалтан нь тайлбарласан байдаг. Мөн Авлигатай тэмцэх газарт тус хэрэг шалгагдаж байх үед Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газраас ажлын хэсэг оруулж шалган, ажлын гүйцэтгэлийг хангалттай гэж үнэлсэн нь тухайн байгууллагууд дээр нотлох боломжтой. Мөн Эрүүл мэндийн яамнаас төрийн нарийн бичгийн даргаар нь ахлуулсан ажлын хэсэг гарч шалгаад хангалттай гэсэн үнэлэлт өгсөн байгаа. Энэ бүгд баримт нь “Метронетворкс” ХХК-ийн ажлын туршлагагүй байсан уу, үгүй юу гэдгийг нотлох баримт юм. Түүнчлэн дэлхийд алдартай “Хуавей технологи” ХХК нь өөрийн ажлын туслан гүйцэтгэгчээр шаардлага хангахгүй компани сонгохгүй бөгөөд өөрийн дотоод журмаараа ч ийм боломжгүй.

Эрүүл мэндийн яаман дээр байгуулагдсан ажлын хэсэгт тус яамны ажилтнууд болон хөндлөнгийн тусгай мэдлэг, мэргэжил бүхий Тагнуулын ерөнхий газар, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдлын газар зэрэг байгууллагуудын ажилтан хүртэл байсан. Энэ хүмүүс ямар ч сонгон шалгаруулалт хийгээгүй, зөвхөн захиалагчийн зүгээс “Хуавей технологи” ХХК-д тавигдах шаардлагаа танилцуулж, “Хуавей технологи” ХХК-иас туслан гүйцэтгүүлэхээр санал болгон оруулж ирж байгаа компаниудын давуу болон сул талыг гарган зөвлөмж, санал өгөх ажлыг гүйцэтгэсэн юм. Эцсийн сонголтоо “Хуавей технологи” ХХК өөрөө хийсэн.

Мөн “Метронетворкс” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр сонгох үйл ажиллагаа 2015 оны 4 дүгээр сар гэхэд шийдэгдсэн байсан, харин Г.Ш-ын авлага зээлийн тухай яриа 2015 оны 10 дугаар сараас яригдсан гэдгийг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, хэрэгт хяналт тавих, хэргийг шийдвэрлэхдээ “хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг барьж шийдвэрлэсэн” нь маш тодорхой харагдаж байна.

“Метронетворкс” ХХК ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан туршлагын тухайд, улсын хэмжээнд мэргэжлийн түвшинд дөхүүлж хийгдсэн ганцхан “e-hospital” гэдэг программ байдаг. Энэ программыг хийсэн, энэ чиглэлээрээ арваас дээш жил ажилласан баг бүрэлдэхүүнээрээ “Метронетворкс” ХХК-д нэгдэн оролцож, олон улсын эмнэлгүүдийн жишигт дөхүүлэх хамгийн гол үзүүлэлт болох “Пакс систем”-ийг өөрсдийн хүчээр хийсэн нь “Метронетворкс” ХХК хэр зэрэг туршлага, чадвартай боловсон хүчинтэйг харуулах баримт юм. Энэ бүхнээс дүгнэхэд “Метронетворкс” компанийн туршлага чадамжийг үнэлэн “Хуавей технологи” ХХК өөрсдөө сонгосон гэдэг нь улам бүр нотлогдож байгаа юм.

Энэ хэрэгт мөрдөн байцаах ажиллагааг зөвхөн яллах талыг барьж явуулсан, мөн зөвхөн яллах талын нотлох баримтад тулгуурлаж анхан шатны шүүх дүгнэлтээ гаргасныг эргэн харж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу миний үйлчлүүлэгч О.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Ганчимэгийн эхний мэдүүлэг их чухал байсан гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ганчимэгийг огт мөнгө өгөөгүй мэтээр тайлбарлаж байна. Ганчимэг 5 сая төгрөгийг Г.Ш-д өгсөн гэж мэдүүлсэн байгаа. Анх яллагдагчаар татагдаж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ 5 сая төгрөгөө өгсөн талаар хэлсэн мөн түүний дараа дахин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө би Г.Ш-д 5 сая төгрөг өгсөн гэж мэдүүлдэг. Үүнээс харахад шүүгдэгч Г.Ш-ын өмгөөлөгч нарын ярьж байгаа шиг шүүх хуралдааны шатанд өгсөн мэтээр тайлбарлан ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгч Э.Г-ын өмгөөлөгч Д.Цэндсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Ш, О.Д, Э.Г, Г.Г нарт холбогдох хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгаж тогтоосон, шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох үйл баримтыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоосон, шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй байна. Харин  анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Ш-ын хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хорих ялын хэмжээг багасгаж тогтоосон. Энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэл болж байна. Иймд Г.Ш-ын үйлдлийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Гийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй бөгөөд тэрээр хээл хахуульд авсан 5 сая төгрөгөө төлөөгүй байхад анхан шатны шүүхээс түүнд торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, Г.Оюунцэцэг, шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Ш, Г.Г, О.Д, Э.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Ш, Г.Г, О.Д, Э.Г нарын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсний дагуу нэр бүхий 4 шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ш нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан “ил тод байх зарчим”, 4.2.4-т заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчим”, 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан “Зөвлөл нь төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх”, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө”, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8-д заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө”, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг тус тус зөрчин, Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулаагүй, ямар нэгэн санал дүгнэлт гараагүй байхад хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр бусдад давуу байдал олгон, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тушаалаар Гомбосүрэнгийн Ганчимэгийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор уг албан тушаалд томилогдоход дэмжлэг үзүүлснийхээ төлөө 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэнд, спортын яамны албан өрөөндөө Г.Г-ээс 5.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан,

мөн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайдын албан тушаалын байдлаа ашиглаж, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавей технологи” ХХК-ийн “Программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааны явцад урьд өмнө гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагагүй “Метронетворкс” ХХК-д давуу байдал олгон, туслан гүйцэтгэгчээр шалгаруулахад дэмжлэг үзүүлснийхээ төлөө Э.Г, О.Д нараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40.000 ам.доллар буюу 79.614.400 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 17-20 тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 120.000 ам.доллар буюу 239.102.400 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэнд, спортын яамны албан өрөөндөө авч нийт 160.000 ам.доллар буюу 318.716.800 төгрөгийн онц их хэмжээний хээл хахууль авсан,

Шүүгдэгч Г.Г нь Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Ш-ын туслах Я.Цэвээнхандаар зуучлуулан “Сити Энержи” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ш.Адьшаагаас 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэнд, спортын яамны албан өрөөндөө хээл хахуульд авч, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын 1.6-д заасан “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч хоёр ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно” гэх шаардлагыг хангаагүй, “Сити Энержи” ХХК-ийн “Улаанбаатар Мед” эмнэлэгийг 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн 5 дугаар хурлаар хэлэлцэж, 1 жилийн хугацаатай магадлан итгэмжлэл олгоход дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч О.Д, Э.Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавей технологи” ХХК-ийн “Программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааны явцад “Метронетворкс” ХХК-нд давуу байдал олгон, тухайн компанийг туслан гүйцэтгэгчээр шалгаруулахад дэмжлэг үзүүлсний төлөө Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайд Г.Ш-д 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40.000 ам.доллар буюу 79.614.400 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 120.000 ам.доллар буюу 239.102.400 төгрөг, нийт 160.000 ам.доллар буюу 318.716.800 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Ш-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл хахууль авсан, шүүгдэгч Г.Г-ийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр хээл хахууль авсан, шүүгдэгч О.Д, Э.Г нарыг урьдчилан үгсэн тохиролцож, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус гэм буруутай талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хууль болон хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцүүлэн тайлбарлаж, шүүгдэгч нарын үйлдлийг зөв зүйлчилжээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Ш нарт холбогдох 201501000161 тоот эрүүгийн хэргээс Н.Энхбаярт холбогдох 201401000075 тоот хэргийг тусгаарласан нь /22хх-181/ нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүх талаас нь бүрэн бодитой тогтоож, шүүхээр хянан шийдвэрлэхэд саад учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Ш, Г.Г нарын хээл хахуульд авсан мөнгийг хурааж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн агуулгад нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ш-ын хяналтын журмаар гаргасан “Г.Г-ийг Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон ... Г.Г нь надад мөнгө өгч байгаа яриа болон бичлэг, мэдүүлэг байхгүй байхад... намайг гүтгэж байна. Э.Г, О.Д нараас 160.000 ам.долларыг албан өрөөндөө авсан гэх хэргийн тухайд... төслийн шалгаруулалтанд тэнцээгүй компани болон... хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай явуулгаас болж ийм асуудалд холбогдуулаад байгаад гомдолтой байна... Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх,

Шүүгдэгч Г.Ш-ын өмгөөлөгч Э.Туулын гаргасан “... Г.Ш Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байхдаа өөрийн эрх мэдлийн хүрээнд тушаал гаргасан үйлдлийг яллах нотлох баримтанд тооцсон атлаа түүнийг “...гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хахууль авсан” гэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн... МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажил үүрэг нь намын санхүүжилтийг хариуцдаг бөгөөд О.Дгээс... 40,000 ам.доллар аваад намын санхүүжилтэнд зориулж намын дарга Н.Энхбаярт өгсөн үйлдэл улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг зөрчөөгүй... МАХН-ын дарга Н.Энхбаярын авсан 40.000 ам.долларыг... Г.Ш-ас гаргуулахаар заасан нь хууль зөрчсөн шийдвэр болсон... Г.Ш нь Засгийн газрын тогтоолоор Г.Г-ийг Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилуулсны төлөө Г.Г-ээс хээл хахууль авсан гэж үзэх хангалттай тогтоогдсон эргэлзээгүй баримт байхгүй... Г.Ш-г шалгасан эрүүгийн хэргийг тусгаарлахдаа хууль зөрчсөн, гүйцэтгэх ажиллагааг явуулаад тодорхой цаг хугацаанд үр дүн, танилцуулгыг дарсан хууль зөрчсөн нотлох баримтуудыг яллах баримт болгон ялласанд гомдолтой байна” гэх,

Шүүгдэгч Г.Ш-ын өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан “...Г.Г нь өрөөнөөс авч гарсан мөнгөө Г.Ш-д өгсөн эсэх нь тодорхойгүй... Г.Ш МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг намын албан тушаалаар хүлээлгэсэн үүргийнхээ дагуу намын санхүүжилтэд зориулж бусдаас авч байгаа мөнгийг сайдын хувьд авч байгаа мэтээр дүгнэж, түүнийгээ зөвтгөхийн тулд сайдынхаа хувьд хуульд заасан үүргээ гүйцэтгэсэн үйлдлийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэж хүчлэн дүгнэсэнд харамсаж байна... Иймд Г.Ш-ын Г.Г-тэй холбоотой үйлдлийг хангалттай нотлогдоогүй, “Метронетворкс” ХХК-тай холбоотой үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэх,

Шүүгдэгч О.Д-гийн гаргасан “Би Г.Ш-ын аав Баянговь ХХК-ийн захирал Х.Ганхуягаас 2013 онд өөртөө машин авахаар 80.000 доллар зээлж авсан... Метронетворк ХХК-ийн захирал Э.Гтай уулзан сайд Г.Штай ойр дотно, ажлыг нь бүтээж өгнө гэж итгүүлж 160.000 доллар авсан... Г.Штай уулзаж аавынх нь өрийг өгч, мөн намын санхүүжилтэд нэмж мөнгө зээлдүүлсэн юм.... Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэх,

Шүүгдэгч О.Д-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан “...О.Д нь Г.Ш-д өөрийн өглөг болох 80.000 ам.доллар, дээр нь 80.000 ам.доллар зээлдүүлэхээр болж, эхний удаад 40.000 ам.доллар, дараагийн удаад 120.000 ам.доллар өгснийг хээл хахуулийн зорилгоор өгсөн гэж буруутгаж буй нь хууль зүйн үндэслэлгүй.... Эрүүл мэндийн яаман дээр байгуулагдсан ажлын хэсэг ямар ч сонгон шалгаруулалт хийгээгүй, зөвхөн захиалагчийн зүгээс “Хуавей технологи” ХХК-д тавигдах шаардлагаа танилцуулж, “Хуавей технологи” ХХК-иас туслан гүйцэтгэтгүүлэхээр санал болгон оруулж ирж байгаа компаниудын давуу болон сул талыг нь гарган зөвлөмж, санал өгөх ажлыг гүйцэтгэсэн. Эцсийн сонголтоо “Хуавей технологи” ХХК өөрөө хийсэн... Энэ хэрэгт мөрдөн байцаах ажиллагааг зөвхөн яллах талыг барьж явуулсан, мөн зөвхөн яллах талын нотлох баримтад тулгуурлаж анхан шатны шүүх дүгнэлтээ гаргасныг эргэн харж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу О.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон өгнө үү” гэх гомдлыг тус тус хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г, О.Д, Э.Г нарт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг зөв сонгож хэрэглэжээ.

Харин шүүгдэгч Г.Ш-д холбогдох гэмт хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх үндэслэлийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Шүүгдэгч Г.Ш-ын үйлдсэн “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл хахууль авсан” гэмт хэргийг прокуророос гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв боловч хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг шүүгдэгч Г.Ш-ын хувьд буцааж хэрэглэх үндэслэл бий болсон байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан бол уг үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилж, хорих ялын дээд ба доод хэмжээ багассанаас гадна “давтан хахууль авсан” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж хасагдсан байх тул шүүгдэгч Г.Ш-д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд нь "нийтийн албан тушаалтан"-д хамаарах ба шүүгдэгч Г.Ш нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тусгай субьектын шинжийг хангасан тул түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх талаар өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар Засгийн газрын гишүүнийг улс төрд нөлөө бүхий этгээдэд хамааруулан ойлгохоор хуульчилсан ба 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” гэх шинж нь 2002 оны Эрүүгийн хуульд байгаагүй, өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуульд анх удаа шинээр орсон ойлголт тул 2015 оны Эрүүгийн хуулийг хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш улс төрд нөлөө бүхий этгээдийн үйлдсэн хахууль авах гэмт хэргийг дээрх шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.           

Иймд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Г.Ш-д 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хяналтын шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Ш-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих хорих ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, Г.Оюунцэцэг, шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт шүүгдэгч Г.Ш-г 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял” гэснийг  

“2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Г.Ш-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж,

Г.Ш-д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар хорих хорих ял шийтгэсэгүй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2.Шүүгдэгч Г.Ш-д оногдуулсан эрх хасах ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

3.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, Г.Оюунцэцэг, шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                            Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧИД                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН