Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 406

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Ж нарыг оролцуулан, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0504 дүгээр магадлалтай, Б.М-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын “намайг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Г-г томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах, 2015 оны 7 сараас 2017 оны 4 сарыг дуустал нийт 22 сарын 14.424,146 төгрөгийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0504 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д тус тус заасныг баримтлан Б.М-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Б.М-ыг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Г-г томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, уг орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах, 2015 оны 7 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийт 22 сарын 14.424,146 төгрөгийн цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр 0019 дүгээр шийдвэрт заасан үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлага зэргийг нэхэмжлэгчийн одоогийн маргаж буй нэхэмжлэлийн шаардлага хоёр адилхан байна гэж дүгнэж дахин гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн 0019 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу миний бие нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, тухайн захиргааны актыг хүчингүй болгуулан зохих захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон шаардлага тавьж шийдвэрлүүлж байсан бол харин энэ удаагийн нэхэмжлэлийн гол үндсэн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.3-т зааснаар тодорхойлон, Төрийн албаны баталгаагаар хангагдах хууль, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай шаардлага гаргасан болно. 0019 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсэгт хуулийн заалтуудыг тодорхой дурдаж удирдлага болгон тусгасан байна. Цаг хугацааны хувьд ч урьд шүүх намайг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилласнаар тооцож байсан бол энэхүү шаардлагад 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хойших баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байсан. Тийм учраас энэ хоёр шаардлага адилхан гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зориуд буруу ойлгомжгүй байдлаар тайлбарлаж хэрэглэсэн байна. Энэ заалтад “шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авсан бол долоо хоногийн дотор хэрэг үүсгэх захирамж гаргана” гэсэн атлаа магадлалын хянах хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй нь захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэх гол нөхцөл болохыг мөн хуулийн 55 дугаар зүйлд тодорхой заажээ” гэж хуульд заагдаагүй өгүүлбэрээр ойлгомжгүй бичсэн байжээ.

Өөрөөр хэлбэл тухайн үед анхан шатны шүүх нь 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл байхгүй учраас захиргааны хэрэг үүсгэсэн байсныг үгүйсгэх байдалтай дүгнэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь харамсалтай байна.

3. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх тухайн үед чирэгдэл гаргаж нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэлт гаргасан ба энэхүү шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудалд нэхэмжлэгчийг буруутгах нь үндэслэлгүй билээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг урьд нь 0019 дүгээр шийдвэр гаргасан шүүх, түүний дотор шүүх хуралдааныг даргалж орсон шүүгч хүлээн авч хэрэг үүсгэснийг бодвол нэхэмжлэгч намайг чирэгдүүлэн хохироох гэсэн сонирхолтой байсан байх гэж үзэхээс өөр араггүй юм. Нэгэнт шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч миний давж заалдах гомдолд дүгнэлт хийх нь зүйд нийцэх байлаа.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд бүтцийн өөрчлөлтөөр орон тоо нь хасагдахад сул орон тоонд мэргэжил харгалзахгүй шилжиж болоод байхад намайг мөн баталгаагаар хангаж ажиллуулах нь шударга зарчимд нийцнэ гэж бодож байна. 60 нас хүрч буй нэхэмжлэгч намайг урьдах Улсын Дээд шүүхийн 36 дугаар тогтоолын гайгаар одоо болтол хохирч байгааг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Нэхэмжлэгч Б.М нь “...шүүхийн шийдвэрээр миний цаашид Төрийн албаны тухай хуулийн дагуу баталгаагаар хангагдах эрхийг нээлттэй орхисон” гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдуулан “2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан баталгаагаар хангагдах эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр М.Г-г томилсон тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тушаалыг хүчингүй болгох, уг албан тушаалд өөрийг нь томилох шийдвэр гаргахыг даалгуулах, 2015 оны 7 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх нийт 22 сарын цалин хөлс, нөхөн олговорт 14 424 146 төгрөг гаргуулах”-аар ихэсгэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Б.М нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаад уг албан тушаалын орон тоо нь хасагдсаны улмаас тус хэлтсийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба “ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын сул орон тоонд шилжүүлэн ажиллуулах байсан гэж маргаж, анх 2014 онд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг дарга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга болон мөн аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, уг хэргийг хяналтын журмаар  хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан нэхэмжлэгч Б.М-ын хүсэлтийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор хангаж, 3 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд буцаажээ.

Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр буцаасны дараа маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн байх бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дугаар шийдвэрээр “Б.М-ын эрхэлж байсан хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний орон тоо хасагдах үед түүнийг ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний сул орон тоонд шилжүүлэн ажиллуулалгүй 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” баталгааг хангаагүй талаар дүгнэж, “шилжин ажиллах байсан” гэх албан тушаалын орон тоог хассан Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалын өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг /урьд авсан байсан мөнгийг хасч тооцсон/ хариуцагчаас гаргуулж, харин “ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо хасагдсанаар “өөр ажил, албан тушаалд шилжих баталгаа”-гаар хангагдах эрхтэй боловч Хөдөлмөрийн сайдын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан “хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул “шилжих эрхийг эдлэх боломжгүй” гэж дүгнэж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Эндээс үзвэл, шүүх нэхэмжлэгч Б.М-ыг “хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу “шилжин ажиллах” баталгаагаар хангагдах боломжгүй гэж уг албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор Б.М-ын Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллах хөдөлмөрийн  харилцааг  дуусгавар болгосон байхад 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн төрийн албан хаагчийн “баталгаа”-г эдлэх эрх зүйн харилцааг байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь ийм шаардлага гаргах үндэслэлд нийцэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “баталгаа”-гаар хангагдах эрх нь хөдөлмөрийн харилцаанд байсан төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрээр Б.М-ыг тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэст 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн “ажилласан, ажиллах байсан” гэх үйл баримтыг тогтоогоогүй учир уг шийдвэрээр “хуулийн дагуу баталгаагаар хангагдах эрхийг нээлттэй орхисон” гэх үндэслэлээр гаргасан “баталгаа”-гаар хангагдах эрх зүйн харилцаа байсныг тогтоолгох Б.М-ын нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллахаар болсонтой холбогдуулан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний газраас шилжиж ирсэн албан хаагчдыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалаар батлагдсан орон тооны дээд хязгаарт багтаан, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн  ажилтнуудыг үргэлжлүүлэн ажиллуулах томилгоо хийж, “хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн”-ий 1 орон тоонд гуравдагч этгээд М.Г-г томилсон хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.М-ын гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөв тогтоож чадаагүйгээс маргааны зүйлийг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрээр шийдвэрлэгдсэн хэргийн “маргааны үйл баримттай адил” гэж дүгнэсэн, мөн өөр хариуцагчид холбогдуулан гаргасан, урьд шийдвэрлэсэн хэрэгтэй холбоогүй нэхэмжлэлийн шаардлагыг нь М.Г-г томилсон 06 дугаар тушаалын талаар Б.М-ыг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзсэн нь үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...энэ хоёр шаардлага адилхан гэж үзэх үндэслэлгүй” гэх гомдлыг хангах үндэслэлтэй боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан “Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдахад сул орон тоонд мэргэжил харгалзахгүй шилжиж болоод байхад намайг мөн баталгаагаар хангаж ажиллуулах нь шударга ёсонд нийцнэ” гэх гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2017/0504 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ