| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0181/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/181 |
| Огноо | 2024-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/181
2024 07 09 2024/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
Шүүгдэгч Т.Түмэнээд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Түмэнээд холбогдох эрүүгийн 2430000000172 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Prius center авто засварын газар засварчин ажилтай, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Дэнжийн 12-29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ХМШЗ/05 дугаартай захирамжаар биелүүлээгүй үлдсэн 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 47 хоногийн хугацаагаар хорих ялаар солиулж, тус тус шийтгэгдсэн, (РД:ЛМ98070312), Хавхчин овогт Тэгшээгийн Түмэнээ.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч Т.Түмэнээ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “30+” баарны гадна хохирогч Б.Анхбаярыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Түмэнээд шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би сая 47 хоногийн хугацаанд хоригдож байхдаа маш их зүйл бодсон. Би цаашид зодоон, архинаас хол явж, ажил хийж, амьдралаа бодно” гэв.
Хохирогч Б.Анхбаярын “...Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны орой өөрийн эхнэр Б.Наашлах, гэр бүлийн найзууд болох Д.Пүрэвдорж, эхнэр Б.Саранзаяа, хуурай эгч нар болох Т.Чимэг, Т.Туяа нарын хамт 21 цаг өнгөрч байх үед бөөндөө аймгийн төвд үйл ажиллагаа явуулах +30 шөнийн цэнгээний газар руу орсон. Бид нар бөөндөө миний машинтай баарны гадаа ирсэн. Манай эхнэр тухайн үед өөрийнхөө машиныг жолоодож анх баарны гадаа ирсэн. Бааранд ороод 0.5 литрийн 5 лаазтай пиво захиалсан манай эхнэр Б.Наашлах огт архи, пиво уудаггүй юм. Тэгээд бид нар 5 пивоо уучхаад 0.5 литрийн хоёр шил архи захиалж ууцгаасан. Бааранд байхад манай найзууд болох Ү.Нүрзэд, н.Өнөболд хоёр сүүлд араас ирээд хамт сууцгаасан. Ү.Нүрзэд найз бид нартаа хамт архи, пиво ууцгаасан. Н.Өнөболд мөн огт архи, пиво уудаггүй юм. Тэгээд бид нар баар хаах хүртэл тэнд сууж үйлчлүүлсэн. Баар хаах цаг болоод бид нар 03 цаг 50 минутын орчим баарнаас гарсан. Баарнаас машин дээрээ очоод манай эхнэр машинаа бариад Т.Туяа, Т.Чимэг эгч нарыг мөн Н.Өнөболд, Н.Өнөболдын нэг таньдаг хуурай ах нарыг хүргэж өгөхөөр явсан. Намайг болон манай найз Д.Пүрэвдорж, түүний эхнэр Б.Саранзаяа бид гурав баарны гадаа үлдсэн. Манай эхнэр тэр хэдийг эхэлж гэр гэрт нь хүргэж өгөөд буцаад хүрээд ирье гэж хэлээд явсан байсан. Тэгээд бид гурав баарны үүдэнд зогсож байхад ертөнцийн зүгээр баарны урд талд олон хүмүүс шуугилдаад зодолдож муудаад байх шиг байсан тэгсэн манай найз Д.Пүрэвдорж тэр хүмүүсийг салгахаар явчихсан байсан. Тэгсэн хажуугаас Д.Пүрэвдоржийн эхнэр намайг найз чинь хүмүүстэй муудах гээд байна ш дээ гэхээр нь би Д.Пүрэвдоржийн араас очсон тэр хэдэн залуус Д.Пүрэвдоржийг тал талаас нь татаж чангаагаад муудалцах гээд байж байсан тэгээд би очоод Д.Пүрэвдоржийг аваад явъя гээд дагуулаад Б.Саранзаяа руу явж байсан чинь нэг танихгүй хүзүүн дээрээ шивээстэй шар залуу ирээд намайг нүүр рүү цохиж унагаасан. Би цохиулаад газар унаад босож амжихгүй хэвтэж байтал хажуугаас нөгөө залуу нүүр рүү дахиж нэг удаа өшиглөсөн. Миний уруулаас цус гоожоод тогтохгүй байсан. Тэгээд би босоод ирсэн чинь намайг цохисон залуу байхгүй зугтаачихсан байсан. Тэнд байсан баахан залуучууд намайг тойрчихсон яасан, юу болсон бэ гээд байсан. Тэгсэн манай найз Д.Пүрэвдорж тэр залууст танай найз чинь манай найзыг зодчихлоо ш дээ, яаж байгаа юм бэ гэсэн чинь нөгөө залуучууд юм хэлэлгүй байж байгаад нэг мэдсэн тэр залуучууд байхгүй явцгаачихсан байсан. Тэгээд байж байтал манай эхнэр ч ирээд юу болсон яасан талаар асуугаад байж байтал баарны гадаа цагдаагийн алаг машин ирсэн. Тэгээд би эхнэр болон найзуудтайгаа хамт цагдаагийн машин дээр очоод цагдаа нарт болсон зүйлийн талаар хэлсэн чинь намайг алаг машинд суулгаад тухайн залуучууд хаашаа явсан гэж асуугаад төвөөр явж байгаад 36 дугаар байрны ур талын орцонд хэдэн залуучууд байсан тэд нар дээр очоод уулзаад цагдаа нар энэ залуучууд дунд таныг цохисон хүн байна уу гэж асуусан тухайн залуучууд дунд намайг цохисон хүзүүн дээрээ шивээстэй залуу байхгүй байсан. Тэгсэн манай найз Б.Саранзаяа тэр хэдэн залуучуудыг загнаад та нар битгий нэгнийгээ нуугаад бай, гаргаад ир, манай найзыг цохиж зодсон хүзүүн дээрээ шивээстэй шар залуу байхгүй байна, та нар нуусан гэсэн чинь тэнд байсан цагдаа нар найзыгаа гаргаад ир гээд нөгөө хэдэн залуучуудад хэлээд нэг залууг нь дагуулаад 36-р байрны урд талын орц руу ороод нөгөө намайг цохисон хүзүүн дээрээ шивээстэй залууг дагуулаад гаргаад ирсэн. Тэгсэн цагдаа нар тухайн залууг таньж байсан. Түмнээ гэж дуудаад байсан. Тэгсэн тэр Түмнээ гэх залуу ахаа намайг уучлаарай, би таныг андуураад цохичихлоо гэж надад хэлсэн. Тэгээд цагдаа нар бид хоёрыг аваад цагдаагийн газар руу явсан. Цагдаагийн газар очоод Түмнээ гэх залуу намайг “чи чинь эрийн шинжгүй, хуйхгүй залуу байна ш дээ, ганц цохиж даахгүй, би удахгүй юмандаа явах гэж байгаа, гарч ирээд чамайг яах вэ, чамайг цааш нь харуулчхаад ялаа нэмээд явчихна шүү” гэх мэтээр намайг дарамталсан. Тэгсэн цагдаагийн алба хаагч намайг эмнэлгийн байгууллагад очиж үзүүлнэ гээд эмнэлгийн байгууллага руу авч явсан. Би эмнэлгийн байгууллагад үзүүлээд уруулынхаа дотор, гадна талд хоёр, хоёр оёдол тавиулсан. Дахиж би цагдаагийн газар руу очоогүй маргааш нь өөрийн биеэр очиж гомдол гаргана гэж хэлээд эмнэлгээсээ гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8-р хуудас),
Гэрч Б.Саранзаяагийн “...Баарнаас гараад Б.Анхбаярын эхнэр манай найз Наашлах машинаа бариад эхлээд нөгөө хоёр эгчийг болон Нүрзэд, Өнөболд 4-ийг эхлээд хүргэж өгчхөөд ирье гээд тэр 5 машиндаа суугаад хөдөлсөн. Манай нөхөр Д.Пүрэвдорж, Б.Анхбаяр бид гурав +30 баарны гадаа Наашлахыг ирэхийг хүлээгээд үлдсэн. Тэгсэн баарны урд талд буюу Хасу рестораны үүдэнд хүмүүс хоорондоо муудалцаад эмэгтэй хүн хашхираад зодолдоод эхэлсэн чинь манай нөхөр согтчихоод тэр хүмүүсийг салгана гээд тэр хүмүүс рүү явсан. Би нөхрөө дагаад араас нь явсан тэгсэн нэг халзан толгойтой залуу нэг залууг зодож байсныг манай нөхөр Д.Пүрэвдорж очоод салгаад нөгөө зодуулж байсан залууг замын хажууд байсан таксинд суулгаад явуулчихсан юм. Манай нөхөр нөгөө залууг таксинд суулгаж явуулчхаад эргэж хартал нөгөө халзан залуу манай нөхрийг нэг удаа цохисон. Тэгсэн манай нөхөр нөгөө халзан залуутай барьцалдаад “чи хүн андуураад байна” гээд зогсож байтал манай найз Б.Анхбаяр очоод манай нөхрийг салгах гээд байсан чинь цаанаас нь хүзүүн дээрээ шивээстэй цагаан царайтай согтуу залуу ирээд Б.Анхбаярыг татаад цаашаа аваад явчихсан. Тэр шивээстэй залуу халзан залуу хоёр хамт явж байсан юм шиг байсан. Манай нөхөр нөгөө халзан залуу хоёр зууралдаад байж байтал цаана нөгөө шивээстэй залуу Б.Анхбаярыг цохиж унагаагаад Б.Анхбаярыг цохиулаад газар уначихсан байхад дээрээс нь нэмж өшиглөөд цаашаа зугтаачихсан. Тэгсэн Б.Анхбаяр намайг зодчихлоо гэсэн чинь нөгөө халзан залуу манай нөхрийг тавиад салцгаасан. Манай нөхөр бид хоёр Б.Анхбаяр руу очоод Б.Анхбаярыг газраас босгосон чинь Б.Анхбаярыг хамар, амнаас нь цус гарчихсан зодуулчихсан байсан. Тэгээд байж байтал Б.Анхбаярын эхнэр ирээд цагдаа дуудаад бид нар нөгөө зугтаасан залуугийн араас нь яваад 36 дугаар байрны гадаа очоод орцонд байсан залуучууд руу очсон чинь нөгөө залуучууд мөн байсан. Тэгтэл цагдаа нар ирээд нөгөө залуучууд уулзаад Б.Анхбаярыг цохисон залууг асуусан чинь тэр залуучууд дунд байгаагүй. Тэгэхээр нь цагдаа нарын дэргэд та нартаа хамт явж байсан хүзүүн дээрээ шивээстэй цагаан царайтай залуу манай найзыг зодсон тэр найзыгаа гаргаад ир гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар 36 дугаар байрны орц руу ороод нөгөө хүзүүн дээрээ шивээстэй залууг гаргаад ирсэн. Тухайн залуу гарч ирээд цагдаа нарт манай найз Б.Анхбаярыг зодсон гэдгээ хэлээд хамт цагдаагийн газар руу явсан. Цагдаа нар тухайн хүзүүн дээрээ шивээстэй залууг таньж байсан Түмнээ гэж дуудаж байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13-р хуудас),
Гэрч Б.Наашлахын “...Манай нөхөр Б.Анхбаяр, манай найз Саранзаяа нөхөр Пүрэвдорж 3 намайг хүлээгээд баарны гадаа үлдсэн. Тэгээд би тэр 4-ийг гэр гэрт нь буулгаж өгөөд буцаад баарны гадаа ирсэн чинь манай нөхөр болон Пүрэвдорж 2 танихгүй хүмүүстэй муудалцсан гээд манай нөхөр Б.Анхбаяр хүнд зодуулчихсан хамар, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би ямар хүмүүстэй яагаад муудаад хэн нь манай нөхрийг зодсон талаар асуухад манай найз Саранзаяа хэлэхдээ “хүзүүн дээрээ шивээстэй танихгүй согтуу залуу Б.Анхбаярыг цохиж унагаагаад өшиглөж зодсон” талаар хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаа дуудсан. Тэгсэн манай нөхөр болон найзууд зодсон гэх залууг хамт явж байсан хүмүүстэйгээ баарнаас урагшаа зугтаасан гэхээр нь бид нар араас нь яваад 36 дугаар байрны орцонд залуучууд шуугилдаад байхаар нь яваад очтол нөгөө залуучууд мөн байна гэсэн. Тэгсэн цагдаа нар утсаар яриад бид нарыг хаана байгааг асуугаад 36 дугаар байрны гадаа ирсэн. Тэгээд цагдаа нар нөгөө залуучуудтай уулзаад манай нөхрийг зодсон гэх хүзүүн дээрээ шивээстэй цагаан царайтай залууг 36-р байрны орцноос гаргаад ирсэн. Тухайн залууг манай найз Саранзаяа хараад таньж байсан. Нэг найз нь нөгөө шивээстэй залууг 36-р байр руу гэртээ оруулаад нуучихсан байсныг цагдаа нар гаргаад ирсэн байсан. Тэр залууг Түмнээ гэдэг гэсэн цагдаа нар таньж байсан. Тэр залуу гарч ирээд манай нөхрөөс уучлалт гуйгаад “хүнтэй андуураад зодсон” талаараа хэлсэн. Тэгээд манай нөхөр гомдолтой, гомдлоо гаргана гэдгээ хэлээд эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд маргааш нь өөрийн биеэр цагдаагийн газар очиж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17-р хуудас),
Гэрч Д.Гэрэлсүрэнгийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө цагдаагийн газрын даргын баталсан томилгоогоор жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан юм. Тус цагдаагийн газрын 7051102 тусгай дугаартай 2024 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 03 цаг 40 минутын орчим иргэн Б.Наашлах гэх хүнээс “Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг +30 баарны гадаа манай нөхөр Б.Анхбаяр нь бусдад зодууллаа” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч дуудлагын дагуу түргэн шуурхай очиход дуудлага өгсөн хүн нь Баруун-Урт сумын 7 дугаар баг, 36 дугаар байрны гадаа зодсон хүмүүсийг нь олсон талаар хэлсний дагуу 36-р байрны гадаа очиж болсон асуудлыг тодруулахад Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Батхүү овогтой Анхбаяр нь +30 баарны гадаа бусдад зодуулсан гэх ба зодсон гэх хүнийг “хүзүүн дээрээ шивээстэй цагаан царайтай залуу байсан” талаар хэлж байсан. Тухайн залуус дунд тэр залуу нь байгаагүй, тэр залуучуудаас гомдол гаргасан Б.Анхбаяр гэх хүнийг зодсон залуугийн талаар тодруулахад Тэгшээ овогтой Түмнээ гэх залуу нь зодсон нь тогтоогдсон ба Т.Түмэнээ гэх залууг 36-р байрнаас найзаар нь дуудуулж гаргаж ирэн хохирогч Б.Анхбаяр болон түүнтэй хамт явж байсан хүмүүстэй нүүрэлдүүлж уулзуулахад Саранзаяа гэх эмэгтэй таньж байсан. Т.Түмэнээ нь өөрөө Б.Анхбаяр гэх залууг хүнтэй андуураад цохиж зодсон талаар тухайн үед хэлж хохирогчоос уучлалт гуйж байсан. Хохирогч Б.Анхбаярыг эмнэлгийн байгууллагад үзүүлж тусламж үйлчилгээ авах талаар хэлж Т.Түмнээг түр саатуулан цагдаагийн газар руу авч ирэн тухайн өдрийн мөрдөгчид хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21-р хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаартай “... 1. Б.Анхбаярын биед дээд доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5-р хуудас),
Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 26-р хуудас)
Шүүгдэгч Т.Түмэнээгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51-р хуудас),
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21/105 дугаартай албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 60-61-р хуудас),
Шүүгдэгч Т.Түмэнээгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл ( хх-ийн 56-57-р хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Т.Түмэнээ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “30+” баарны гадна хохирогч Б.Анхбаярыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Анхбаяр, гэрч Б.Саранзаяа, Б.Наашлах, Д.Гэрэлсүрэн, мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.Түмэнээ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...хохирогч Б.Анхбаярыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримт болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Түмэнээ нь бусдын эрх, хууль ёсны эрх чөлөөнд халдаж болохгүй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг хүний биед халдсан хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Анхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой, төгссөн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Т.Түмэнээ нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж, нүүрэн тус газар нь цохиж, хөлөөрөө өшиглөж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Б.Анхбаярын нүүрэн тус хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Т.Түмэнээ нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Түмэнээг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх саналтай байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй...” гэх саналыг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Түмэнээд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Түмэнээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч Т.Түмэнээ нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байсан түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Т.Түмэнээд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Хохирогч Б.Анхбаяр нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд 106,190 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21/105 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт (хх-ийн 60-61-р хуудас) зэргээр нотлогдох бөгөөд уг зардлын 106,194 төгрөгийг шүүгдэгч Т.Түмэнээ нь нөхөн төлсөн болох нь 2024.07.08-ны өдрийн Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно.
Хохирогч Б.Анхбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Хохирогч Б.Анхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч Т.Түмэнээ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч Т.Түмэнээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавхчин овогт Тэгшээгийн Түмэнээг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Т.Түмэнээ 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Түмэнээ түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Түмэнээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Анхбаяр нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Түмэнээ энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР