| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0145/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/139 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/139
| 2024 05 28 | 2024/ШЦТ/139 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох 2430000000106 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүд, ач нарын хамт *******, "Сүлд" хорооллын 119-1-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*******,
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч ******* нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн орчим согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг +30 шөнийн цэнгээний газрын дотор ******* үл ялих зүйлээр шалтаглан хоолойг нь боох, нүүрэн тус газар нь 2 удаа цохих зэргээр мөн тус шөнийн цэнгээний газрын гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас ******* нүүрэн тус газар 1 удаа өшиглөн зодож үргэлжилсэн үйлдлээр ******* эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстад шарх, доод үүдэн баруун 1-р шүдний бүрэн булгарал, баруун доод 2, 3-р шүдний сулрал, цээж, баруун эрүү, баруун доод зовхи, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 1-р хуудас), хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11-р хуудас), гэрч Ц.Эрдэнэхөлөгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36-р хуудас), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21-р хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25-р хуудас), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 41-р хуудас), гэрч Л. Энхбаатарын мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34-р хуудас), Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 57-58-р хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-р хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82-р хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь: Бусдын бие махбодод хөнгөн гэмтэл учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан (хх 108) бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, хохирогч нь “*******т гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” (хх 109) гэх хүсэлтийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан байна.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Хэрэгт камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD диск хавсарган ирүүлснийг хэрэгт хавсаргаж хадгалах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD дискийг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ