Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар   2024/ШЦТ/160  

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,                                                                                                                   

улсын яллагч Б.Жамъяндорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

шүүгдэгч С.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Энх-Амгаланд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430001280117  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг “Баянхүрэг” гэх газар оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

регистрийн дугаар ЛМ85060713, Боржигин овогт Сүхээгийн Энх-Амгалан.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч С.Энх-Амгалан нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг “Сүүл хар” гэх газарт иргэн Түмэнжаргалын гэрт хохирогч П.Буяндэлгэртэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохих, мөн модон сандлаар толгой болон гар зэрэг лүү нь цохиж зодон эрүүл мэндэд нь “толгойн баруун хэсэг, зүүн гарын долоовор хуруунд шарх, зулай, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 03 сарын 08-ны өдөр машин явах боломжгүй болоод очиход “Талын хар” архи уугаад сууж байсан. Тэндээс Энхбатаагийнд очиж тавуулаа “муушиг” тоглосон. П.Буяндэлгэр болон бусад тоглоогүй хүмүүс “Соёрхол” архи ууж байсан. Тэндээс буцаж ирээд унтах гэтэл 2 хуруу хэмжээтэй дуусаагүй “Талын хар” архи гаргаж өгч П.Буяндэлгэр гэрээсээ нэг шил “Агар” архи гаргаж ирсэн. Түмэнжаргал унтчихсан. П.Буяндэлгэртэй үлдсэн архийг ууж байтал надад “чиний амьдралыг зогсооно, 3 хүүхдийг чинь хараана, та 2-оос хүүхэд гарвал чөтгөр шиг хүүхэд гарна” гэж хэлсэн. Түүнд нь би уурласан гэв.

 

Эрүүгийн 2430001280117 дугаартай хэргээс:    

 

- Яллагдагч С.Энх-Амгалангийн: .Манайхтай ойрхон саахалт нутагладаг Буяндэлгэр, Түмэнжаргал нарын хамт Түмэнжаргалын гэрт нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өглөөгүүр архи ууж байгаад Буяндэлгэр нь Түмэнжаргал болон эхнэрт нь хандаад "та хоёрын дундаас хүүхэд гарвал чөтгөр шиг хүүхэд гарна” гэхээр нь миний уур хүрээд Буяндэлгэртэй маргалдаад түүний толгой хэсэгт нь 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан үйлдэл хийсэн...(хх-ийн 31-32-р хуудас),

 

-  Хохирогч П.Буяндэлгэрийн: 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Энхбат гэх айлд Энх-Амгалан, Түмэнжаргал нарын хамт хөзөр тоглоод 09-ний өглөө 04 цагийн үед тарсан. Тухайн айлаас Түмэнжаргал, Энх-Амгалан, бид гурав гэртээ ирсэн. Түмэнжаргалын гэрт ороод би цагаан сарын бэлгийн архи гээд Агар нэртэй архи гаргаж өгөөд уг архийг бид гурав хувааж уусан. Өглөө 08 цагийн үед бид гурав сууж байгаад би Түмэнжаргал болон эхнэрт хандаад “та хоёроос хүүхэд гарвал чөтгөр шиг хүүхэд гарах байх” гэж хэлсэн чинь Энх-Амгалан нь уурлаад “чи хүнээс чөтгөр гаргалаа” гээд эхлээд миний зүүн нүд рүү гараараа цохиход нь би нүүрээ дараад суухад Энх-Амгалан сууж байсан модон сандлаар миний толгой руу цохихоор нь би гараараа толгойгоо дарахад, миний гар дээр болон толгой руу 2-3 удаа цохисон. Тэгэхэд Түмэнжаргал нь Энх-Амгаланг салгасан. Тухайн үед Энх-Амгалан нь агсраад “чи чаддаг юм бол цагдаа дууд, надад цагдаа үйлчлэхгүй” гээд байсан...Миний зүүн нүд хөхөрсөн, толгой язарсан, зүүн гарын долоовор хуруу язарч хоёр оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8-р хуудас)

 

- Гэрч В.Саранцэцэгийн: П.Энхбуян гэрээсээ нэг шил оруулж ирээд Энх-Амгалан, манай нөхөр Түмэнжаргал нар хувааж уусан. Тэгсэн П.Буяндэлгэр, Энх-Амгалан нар нь маргалдаж эхэлсэн. Энх-Амгалан нь П.Буяндэлгэрийг гараараа цохисон.Манай модон сандал эвдэрсэн байсан. Би тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй болохоор нь нөхрөө дуудаж сэрээгээд П.Буяндэлгэр, Энх-Амгалан нарыг салгасан.Тухайн үед П.Буяндэлгэрийн зүүн нүд нь хавдсан байсан. Мөн гараас нь цус гарсан байсан. Тухайн үед сандлаар цохих үед П.Буяндэлгэрийн зүүн гарынх нь хуруу язарсан байх шиг байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12-р хуудас)

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 122 дугаартай “1. П.Буяндэлгэрийн биед толгойн баруун хэсэг, зүүн гарын долоовор хуруунд шарх, зулай, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18-р хуудас),

 

- С.Энх-Амгалангийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33-р хуудас)

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 35-36-р хуудас)

 

- С.Энх-Амгалангийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлаагаа (хавтаст хэргийн 38-40-р хуудас)

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.05.01-ний өдрийн 21/86 дугаартай албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт (хавтаст хэргийн 43-44-р хуудас)

 

- Сэтгэц учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 45-р хуудас)  зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч С.Энх-Амгалан нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өглөөний 08 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг “Сүүл хар” гэх газар байх иргэн Түмэнжаргалын гэрт согтуурсан үедээ хохирогч П.Буяндэлгэртэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, мөн модон сандлаар толгой болон гар зэрэг лүү нь цохиж зодон эрүүл мэндэд нь “толгойн баруун хэсэг, зүүн гарын долоовор хуруунд шарх, зулай, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн Манайхтай ойрхон саахалт нутагладаг Буяндэлгэр, Түмэнжаргал нарын хамт Түмэнжаргалын гэрт нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өглөөгүүр архи ууж байгаад Буяндэлгэр нь Түмэнжаргал болон эхнэрт нь хандаад "та хоёрын дундаас хүүхэд гарвал чөтгөр шиг хүүхэд гарна” гэхээр нь миний уур хүрээд Буяндэлгэртэй маргалдаад түүний толгой хэсэгт нь 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан ” гэх,

хохирогч П.Буяндэлгэрийн “ 2024 оны 03 дугаар сарын 09-ны өглөө  Түмэнжаргал, Энх-Амгалан бид гурав гэртээ ирсэн. Түмэнжаргалын гэрт ороод би цагаан сарын бэлгийн архи гээд Агар нэртэй архи гаргаж өгөөд уг архийг бид гурав хувааж уусан. Өглөө 08 цагийн үед бид гурав сууж байхдаа би Түмэнжаргал болон эхнэрт хандаад “та хоёроос хүүхэд гарвал чөтгөр шиг хүүхэд гарах байх” гэж хэлсэн чинь Энх-Амгалан нь уурлаад “чи хүнээс чөтгөр гаргалаа” гээд эхлээд миний зүүн нүд рүү гараараа цохиход нь би нүүрээ дараад суухад Энх-Амгалан сууж байсан модон сандлаар миний толгой руу цохихоор нь би гараараа толгойгоо дарахад миний гар дээр болон толгой руу 2-3 удаа цохисон. Миний зүүн нүд хөхөрсөн, толгой язарсан, зүүн гарын долоовор хуруу язарч хоёр оёдол тавиулсан.” гэх,

гэрч В.Саранцэцэгийн “П.Энхбуян нь гэрээсээ нэг шил оруулж ирээд Энх-Амгалан, манай нөхөр Түмэнжаргал нар хувааж уусан. Тэгсэн П.Буяндэлгэр, Энх-Амгалан нар нь маргалдаж, Энх-Амгалан нь П.Буяндэлгэрийг гараараа цохисон.Манай модон сандал эвдэрсэн байсан. би тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй болохоор нь нөхрөө дуудаж сэрээгээд П.Буяндэлгэр Энх-Амгалан нарыг салгасан.Тухайн үед би П.Буяндэлгэрийн зүүн нүд нь хавдсан байсан. Мөн гараас нь цус гарсан байсан. Тухайн үед сандлаар цохих үед П.Буяндэлгэрийн зүүн гарынх нь хуруу язарсан байх шиг байсан” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 122 дугаартай “...1. П.Буяндэлгэрийн биед толгойн баруун хэсэг, зүүн гарын долоовор хуруунд шарх, зулай, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

2. Прокуророос шүүгдэгч С.Энх-Амгалангийн, хохирогч П.Буяндэлгэрийн нүүрэн тус газар гараар, мөн модон сандлаар толгой, гарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч С.Энх-Амгаланг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ” гэх дүгнэлт гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг, шүүгдэгч Н.Баяржаргалаас хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

4. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч П.Буяндэлгэрт учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 122 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч П.Буяндэлгэрийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч П.Буяндэлгэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч С.Энх-Амгалангийн түүнийг гараар, мөн модон сандлаар цохиж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

6. Шүүх шүүгдэгч С.Энх-Амгаланг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний нүүрэнд гараар цохих, мөн модон сандлаар цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа, хохирогчийн бусдыг зүй бус үг хэлээр хэлсэн асуудлаас шалтаглан хохирогчийг цохиж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

7. Прокуророос шүүгдэгч С.Энх-Амгалангийн, хохирогч П.Буяндэлгэрийн нүүрэн тус газар гараар, мөн модон сандлаар толгой болон гарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, прокуророос түүнд холбогдох дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас  түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

 

1.Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Шүүгдэгч С.Энх-Амгалангийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Буяндэлгэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр өөрт учирсан уг гэмтлийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын санд 94,000 төгрөгийг хохирол учирсан нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.05.01-ний өдрийн 21/86 дугаартай албан бичиг, эмчилгээний зардлын түүх /хавтаст хэргийн 43-44 дугаар хуудас/ зэргээр нотлогдоно.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан ба Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч С.Энх-Амгалангаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан нь уг хохирлын нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогджээ.

 

4. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай/ шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...гэж заажээ. 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ....” гэжээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд энэ хэрэгт мөрдөгчөөс дээрх журмыг үндэслэн хохирогч П.Буяндэлгэрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоож, танилцуулсан, хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дээрх хүснэгтийн “Хоёрдугаар зэрэглэлд”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 

Шүүх хохирогч П.Буяндэлгэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаагүй, тухайн бие махбодын гэмтлээс шалтгаалсан сөрөг үр дагавар үүссэн эсэх талаарх баримтгүй зэргийг харгалзан хохирогч П.Буяндэлгэрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон байна.

 

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Энх-Амгалангаас, хохирогч П.Буяндэлгэрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Харин шүүгдэгч С.Энх-Амгалангаас мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Буяндэлгэрийн эмчилгээнд зориулж сайн дураараа 400,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд түүний зүгээс хохирогч П.Буяндэлгэрт учруулсан гэмтлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өөр бусад хохирол, хор уршиг учирсан, үүний нотолгоотой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул түүний хохирогчид төлсөн 400,000 төгрөгийг хохирогч П.Буяндэлгэрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

Иймд хохирогч П.Буяндэлгэр нь түүнд учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч С.Энх-Амгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Энх-Амгалангийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Жамъяндоржоос Шүүгдэгч С.Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай” гэх,

харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “...С.Энх-Амгалангийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Тухайн гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа, нөхцөл байдал тогтоогдсон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч С.Энх-Амгалан нь гэм буруугийн талаар маргаагүй, тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл нь хохирогчийн бусдыг зохисгүй үг хэлээр хэлсэн зүй бус үйлдэлтэй холбоотой, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, гэм буруугаа ухамсарлаж хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, түүний өрх амьжиргааны түвшний 409.679 босго онооноос бага байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал,  С.Энх-Амгалан нь найз Түмэнжаргалын гэрт архи уух явцдаа хохиргогч П.Буяндэлгэрийнхээс тухайн айлын эзэн Түмэнжаргал, түүний эхнэр В.Саранцэцэг нарыг “ та хоёроос хүүхэд гарвал чөтгөр шиг хүүхэд гарах байх” гэж зүй бусаар хэлснээс шалтгаалан буюу тухайн үед үүссэн тохиолдлын нөхцөл байдлаас шалтгаалан уг гэмт хэргийг үлджээ.

 

Мөн хэрэг авагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тодорхойлолтоор “ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багт харьяатай Сүхээ овогтой Энх-Амгалангийн  өрх “ Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зүйлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн” буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409.679 босго онооноос бага ” болохыг  тодорхойлсон бөгөөд тэрээр дээрх үндэслэлээр Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч эрх, ашгаа хамгаалуулсан байгааг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

С.Энх-Амгалангийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч С.Энх-Амгалан энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Сүхээгийн Энх-Амгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энх-Амгаланг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч С.Энх-Амгалан дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энх-Амгалан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч С.Энх-Амгаланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энх-Амгалангаас хохирогч П.Буяндэлгэрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт оршин суух, хохирогч Бага тугтан овогт Пүрэвжавын Буяндэлгэр (РД:ОТ73062079)-т тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Буяндэлгэр нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас энэ тогтоолоор гаргуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч С.Энх-Амгалан энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг, түүний зүгээс хохирогчид сайн дураар төлсөн 400,000 төгрөгийг хохирогч П.Буяндэлгэрт сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд оруулан тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН